Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/99

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

                хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1304 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Д-д холбогдох эрүүгийн 2106 00000 1641 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Д, 1973 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо*** тоотод оршин суух.

Г.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод Г.С-ийн хүзүүний доод хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар урьд цагдан хоригдсон 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 8.8 см, бариул хэсэг 10 см урт, ажлын хэсгийн дундаж өргөн 19 мм хэмжээтэй, нийт 18.8 см урттай, ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон металл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Д гаргасан давж заалдах гомдолдоо “...хийсэн хэрэгтээ гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй болсон. Миний бие эрүүл мэндийн хувьд олгой дотроо хагарч, хүйснээс давсаг хүртэл 15 см урттай мэс ажилбарт орж, хэвтрийн дэглэм барьж байгаа ба уналт өгдөг. Эдгээрийг харгалзсан хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Тэрээр цагдан хоригдох хугацаанд хүнд мэс ажилбарт орсон. Иймээс шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй, хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - амь хохирогч Г.С, шүүгдэгч Г.Д нарын хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С-ийн “...С надтай хамт амьдардаг байсан. 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн өдөр “Төрсөн өдрөө тэмдэглэнэ” гэж гараад хэд хоног гадуур явсан. Архи уух гэж надаас зугтааж яваад ийм хэрэг гарсан байна. Нэгийг нь шороонд булаад, нөгөөг нь шоронд явуулах надад хэцүү байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /2хх 25/,

            - гэрч Ц.Б-ий: “...тэгээд бид дөрөв доошоо Д ахын гэр лүү алхаж яваад гэрийнх нь наана байдаг буланг эргээд гараад иртэл Д ах гэрийнхээ гадаа газарт суучихсан нэг хүнд хиймэл амьсгал хийгээд байгаа бололтой байхаар нь бид нар гүйгээд очтол Д ахын төрсөн ах С нь дээш хараад хэвтчихсэн, толгойн доогуур нь эсгий хийчихсэн, хувцас болон газарт цус болчихсон, ялаа шавчихсан байхаар нь Хишигжаргал эгч очоод нүдийг нь нээж үзээд “Нас барчихсан байна” гэж хэлсэн. ...” /1хх 49-50/,

- гэрч С.Т-ын: “...буцаад ирэхэд С ах гэрийн гадаа шороон дээр дээшээ харчихсан Д ах түүний цээжин хэсэгт хиймэл амьсгал гэмээр зүйл хийж байсан ба талийгаачийн хөлийн ойролцоо газарт цус болсон байсан. ... Тэр хоёр хоорондоо муудалцсан зүйл ажиглагдаагүй. ...”/1хх 55-56/,

- гэрч Х.Х-ын: “...гудамжаар эргээд ортол гэрийн гадаа үүд хэсэгт С ах газарт хэвтчихсэн, дээгүүрээ хар өнгийн фудволк, өмдтэй, хөл нүцгэн байсан ба манай нөхөр Д цээжин дээр нь дарчихсан, хиймэл амьсгал хийгээд байх шиг байсан. Д-ийн цагаан өнгийн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би гүйж очоод С ахын нүдийг нээгээд үзтэл нас барчихсан юм шиг байсан. Мөн Д цээжийг нь угаасан бололтой 2-3 ширхэг усны сав тавьчихсан, талийгаачийн доор газар хэсэг нь норчихсон байсан болохоор нь арын хашааны айл руу гүйж очоод утсаар нь түргэн тусламж дуудсан. ...” /1хх 62-64/,

- гэрч Ч.У-ын: “...архи хэрэглэж байх хугацаандаа С дүү Д хоёр түнжин муутай байсан ба согтууруулах ундаа хэрэглэхээрээ хоорондоо муудалцах гээд байсан юм. ... Тэгээд бид дөрөв Д-ийн гэрийн гадаа очтол С дээшээ харсан байдалтай хажууд нь Д сууж байсан. Д-ийн фудволк нь цус болсон хажууд нь 5 литрийн савтай ус байсан ба талийгаач С-ийн цусыг цэвэрлэж байсан юм. Мөн хажууд нь үзүүртэй төмөр алх газар байсан. Энэ үйл явдлыг би болон Д-ийн эхнэр Х,Б,Т бид нар харсан. Тэгсэн чинь Б, эхнэр Т-тай цуг “Хүн алсан байна” гээд зугтаачихсан. Би болон Д-ийн эхнэр Х бид хоёр түргэн тусламж дуудсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. ... Д бид хоёрт хандан “Гэрт ирэхдээ иймэрхүү байдалтай ирсэн” гэж хэлж байсан. Миний харснаар алчуураар арчиж байсан ба сандарсан байсан. ...” /1хх 72-74/,

            - тухайн өдөр амь хохирогч Г.С-тэй маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Г.Д-ийн өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед, төрсөн ах С, эхнэр Х, танил ах У нар манай гэрээс хуванцар сав түүхээр гарч, миний бие өвдөөд байсан учраас би гэртээ ганцаараа үлдээд, “Та нарыг ирэхэд чинь би хоол хийчихсэн байж байя” гэж хэлсэн. ... 13 цаг өнгөрч байхад С ах буцаж ирсэн ба ирэхдээ согтуу байсан. Мөн 1 ширхэг хуванцар савтай “Мөнхжин” нэртэй архи авч ирсэн. Тэгээд ах бид хоёр архиа уучихаад байж байтал над руу агсраад манай эхнэр Х болон төрсөн эгч С-г “Гичий, янхан” гэж хэлээд байхаар нь би “Чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл С ах “Чамайг би яавал ч яана” гээд агсраад байхаар нь би босоод иртэл миний хоолойноос багалзуурдаад авсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан жижиг хар өнгийн бариултай хутгыг аваад С ахыг цааш нь түлхтэл гэрийн хаалгаар гарчихаар нь би хутгаа барьсан чигтээ гартал С ах “Чи муу яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би С ахын баруун мөр хэсэгт нь хутгаар хатгах гэж байгаад шанаа, хүзүү хэсэг рүү нь хатгачих шиг болсон. Тэгтэл С ахын хүзүү хэсгээс нь гэнэт цус урсаад эхлэхээр нь би шууд цамцаараа цусыг нь арчаад, газарт хэвтүүлээд толгой доор нь гэрийн дулаалганы эсгийг дэрлүүлсэн. Тэгээд би буцаж гэр лүү ороод 5 литрийн савтай ус гаргаж ирж байгаад С ахын хүзүү хэсгийг нь усаар угаатал цус нь гайгүй болсон. Тэгээд цаанаас манай эхнэр Х ирж байхаар нь би “Чи очоод түргэн дуудчих” гэж хэлтэл Х хойд айл руу гүйгээд түргэн тусламж дуудсан ба түргэн тусламж, цагдаа ирсэн. ... Би хутгаар хүзүү хавьцаа нь 1 удаа хатгасан. Бид хоёр өөр ямар нэгэн байдлаар зодолдсон зүйл байхгүй. ...” /1хх 182-183/ гэсэн мэдүүлгүүд,

- хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-21, 22-25, 26-30/, хэргийн газрын үзлэгийн явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хутгыг эд мөрийн баримтаар тооцож, криминалистикийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2285 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 118-119/,

- тухайн цаг хугацаанд хамт архидан согтуурсан байж болзошгүй этгээдүүдийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 40-43, 50-53, 57-60, 65-68, 75-78/,

- амь хохирогч Г.С-ийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1637 дугаартай “...хүзүүний баруун урд доод хэсгээр эгмэн доорх тараагуур судас /artery subclavia dextra/ бүрэн бус тасалж, баруун уушгины дээд дэлбэн зүсэж, мөгөөрсөн хоолой хатгасан хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цочмог цус алдалт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр, зүүн хацрын төвгөрийн зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүүний баруун урд хэсгийн баруун доод хэсгээр эгмэн доорх тараагуур судас /artery subclavia dextra/ бүрэн бус тасалсан шархны улмаас цус алдаж нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...” /1хх 167-172/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Г.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ногоочны задгай тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн ах Г.С-ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Эхнэр, эгч хоёрыг маань доромжиллоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний хүзүүний доод хэсэгт нэг удаа хутгалсны улмаас “хүзүүний баруун урд доод хэсгээр эгмэн доорх тараагуур судас /artery subclavia dextra/ бүрэн бус тасалж, баруун уушгины дээд дэлбэн зүсэж, мөгөөрсөн хоолой хатгасан хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны цочмог цус алдалт” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ амь хохирогч Г.С нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна, шүүгдэгч Г.Д-ийн үйлдэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй байна.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

            Харин прокурор яллах дүгнэлтдээ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга буюу хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгахдаа “Г.Д нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод Г.С-ийн хүзүүний доод хэсэгт хутгалж алсан” гэж хэт ерөнхий байдлаар тодорхой бус бичсэнийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ хуулж, ийм байдлаар гэм буруугийн талаарх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын шаардлагуудад нийцэхгүй байгааг буруутган тэмдэглэж байна.

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нар давж заалдсан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, мөн хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг бууруулж өгөхийг...” хүссэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон эрүүл мэндийн шалтгаан нөхцөлүүдийг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

            Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын “хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг бууруулах тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Д-ийн 2021 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 160 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнчлэн, шүүгдэгч Г.Д-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1304 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ийн 2021 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 160 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН