| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2105000001113 |
| Дугаар | 2022/ДШМ/112 |
| Огноо | 2022-01-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/112
Э.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.А-од холбогдох эрүүгийн 2105 00000 1113 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.А, 1981 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт оршин суух,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоосон ба 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 20 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан гэх,
- Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан, уг ялыг эдэлсэнд тооцсон,
Э.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2021 оны 8 дугаар сарын 8-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн *** тоотод Ч.Э-тай маргалдан, түүний цээжин тус газар нь хайчны нэг талын хэсгийг ашиглан зоож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Э.А-оос гэм хорын хохиролд 8.459.599 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь онгоцны тийзтэй холбоотой зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-ын 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хайчны 1 ширхэг гуяыг устгаж, Э.А-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Миний бие хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд маш их сандарч өөрөө түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ам бүл 2, эцгийн хамт амьдардаг. Эцэг маань 65 настай, тэтгэвэрт байдаг ба ходоод гэдэсний хүнд өвчний улмаас 2-3 удаа хагалгаанд орсон. Эцэгтэйгээ хамт байх хугацаа өдрөөс өдөрт богиносож байна. Би гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө тогтсон ажилгүй, улирлын чанартай барилгын ажил хийдэг байсан тул одоогоор гэм хорын хохирлыг төлж барагдуулах боломжгүй, цаашид нөхөн төлөх болно. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг бууруулж өгөхийг хүссэн. Одоо хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гуйхаасаа ичиж байна. Харин хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсье. Гэм хорын хохирлыг барагдуулах чин хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. Ажил хөдөлмөр эрхэлж заавал барагдуулна гэдгээ амь хохирогчийн талд амлаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч өөрөө амь хохирогчид эмнэлгийн тусламж дуудсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Эдгээр нь гэрч А.М, С.М нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн хохирогчтой маргалдсан, түүний амь насыг хүсэж хохироогоогүй, шүүгдэгчийн гэмшил, харамсал зэрэг нь илэрхийлэгдсэн байдаг тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...алуурчин огт гэмшилгүйгээр, хавтаст хэрэгт байсан гэрчүүдийн мэдүүлгээс хол зөрүүтэйгээр, анх өгсөн мэдүүлгээсээ буцан “...талийгаач их хорон үгтэй намайг ёжлоод байсан. ... талийгаач намайг хойш түлхэж боосон. Тэгэхэд нь би гараа сунгаж, гарт баригдсан зүйлээрээ цохих шиг болсон. Тэгтэл талийгаач сөхрөөд унахад миний гарт хайчны гуя байсан. Би сандраад гарт байсан юмаа гал тогооны цонхоор шидчихээд ... гарсан...” гэдэг. Харин гэрч Э “... хэргийн газар байсан 5 хүний хооронд огт зодоон болоогүй, Э ах лимбэ тоглодог тухайгаа яриад, А шоронгийн тухай яриад байсан. ... Миний ам цангаад босоод ариун цэврийн өрөө орж крантнаас ус уучихаад буцаад ороод ирэхэд Л босоод А-ын баруун гарыг барьж байсан. А баруун гартаа хутга шиг хайч барьсан байхаар нь би хайчийг булааж аваад үүд рүү шидсэн...”, гэрч М “... юу болов гэж асуусан чинь “би хүн хутгалчихлаа, пязданууд оролдоод, зүрхнийх нь хажууд ганц л хатгасан” тэгээд утсаараа 102, 103 дугаарын утас руу залгаад ... пизда амьд л байгаасай...” хэмээн тус тус мэдүүлэг өгсөн байдаг. Ах минь хөгжмийн өндөр боловсролтой хүн байсан. Лимбэчний хувьд энэ мэт хүнтэй маргах ямар ч боломжгүй. 10 жилийн сургуулийн 7 дугаар ангийн сурагч байхдаа л “Симфони оркестр”-т гоцлол тоглож байсныг дурдахад хангалттай байх. Үнэндээ тэр чадвар нь энэ сэтгэл зүрхгүй, мунхаг алуурчны уур уцаар, хар хорыг хөдөлгөж дээ хэмээн дүгнэхэд хүргэсэн. Э.А- хийсэн үйлдлээ маш тодорхойгоор “зүрхнийх нь хажууд ганц л хатгасан...” хэмээгээд хийсэн үйлдлээ юунд хүргэж болохыг мэдэж байгаагаа илэрхийлэн “пизда амьд л байгаасай...” хэмээн ярьсан байдаг. Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр аминд хүрсэн мэс “... хөхнөөс дээш 6 см зайд, зүүн доороос баруун дээш чиглэлтэй...” цээжинд нэвтэрсэн болохыг тодорхойлсон нь “...талийгаач намайг хойш түлхэж боосон. Тэгэхэд нь би гараа сунгаж, гарт баригдсан зүйлээрээ цохих шиг болсон. Тэгтэл талийгаач сөхрөөд унахад миний гарт хайчны гуя байсан...” хэмээн мэдүүлсэнтэй хол зөрүүтэй байдаг. Боолгосон хүн, боосон хоёр гарыг давуулан зүүн доороос баруун дээш чиглэлтэй дүрэх /өөрийнх нь үгээр цохих шиг болох/ боломжгүй. Энэ бүгдээс харахад алуурчин эхнээсээ эцсээ хүртэл хэрхэн хөнгөн ял авах тухай арга мэх сэдсээр, бодсоор яваа нь тодорхой. Уй гашуу, хагацал тээж яваа хүний хувьд алуурчинд огт гэмшил төрөхгүй байгааг хараад маш их харамсаж, сэтгэл зовниж байна. Алуурчны үг үйлдэл олон зүйл дээр зөрж, өөрийгөө гэм буруугүй, санаандгүй л хийчихсэн мэтээр ярих нь гачлантай. Өөрийгөө хаацайлан, элдэв арга мэх сэдэж яваа нь гэмт үйлдлийнх нь хор уршиг огт арилаагүй байгааг харуулж байна. Хэрэв хүний алтан амийг хөнөөсөн алуурчин олон удаа шоронд орсон туршлагадаа дулдуйдан ийм хялбар хөнгөн байдлаар ял завшиж чаддаг бол жирийн иргэд бид юунд найдаж явах вэ. Үхсэн хүн үг хэлэхгүй боловч үнэн гэдэг ямагт чин сэтгэлээр илэрч байдгийг энэ хүн ухаарах тэнхэлгүй ажээ. Талийгаач ахынхаа ажил явдлын үеэр Э.А-ын зүгээс ямар нэг хүн чанартай үйлдэл хийгдэх байх хэмээн бид найдаж байсан. Гэвч Э.А болон түүний гэр бүлээс одоог хүртэл ямар ч үйлдэл хийгдээгүй хэрнээ давж заалдах гомдол гаргахдаа өвчтэй эцгийнхээ нэрийг барьж байгааг ойлгохгүй байна. Тэр тусмаа ойр ойрхон уулзаж байх тухай бичжээ. Гэвч хавдрын өвчтэй хүн хол газар байнга л эргэж тойроод байх нь үнэмшилгүй. Тэгээд ч хаалттай хорих байгууллагад ч гэр бүлтэйгээ уулзах боломжтой. Э.А миний ахыг хөнөөж байхдаа миний ээжийг, өөрийнхөө аавыг аль хэдийн хөнөөчихсөн гэдгээ ч ухаарахгүй байгаа нь туйлаас харамсалтай байна. Мөн бидэнд учирсан хохирлыг барагдуулахын тулд ялаа хөнгөрүүлэхийг хүсэж байгаа гэжээ. Үнэндээ хүнийхээ алтан амиараа хохирсон бидний хувьд эд материалаас илүү хүн чанар, шударга ёс үнэ цэнэтэй байх болно. Хүнийг алсан үйлдлийн гэм бурууг давж гардаг оршуулгын зардал төлөх үйлдэл гэж хаана ч байх ёсгүй. “Шударга хүн гэмт хэргийнхээ ичгүүрээс айдаг байхад худалч хүн гэмт хэргийнхээ шийтгэлээс айдаг” хэмээсэн нь үнэхээр үнэн ажээ. Хийсэн хэрэгтээ тохирсон ялаас айж эмээн өршөөл эрэх атлаа хийсэн хэргийнхээ ичгүүрээс эмээхгүй байгаа Э.А-д гагцхүү шударга шийтгэл л хүн чанар, хүний ёсыг ухаарах ухаарал авч ирнэ гэдэгт бат итгэж байна. Э.А-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
- амь хохирогч Ч.Э-ын хувийн байдал, тухайн өдөр болсон үйл явдал болон түүний дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-ын “...миний бие талийгаач Э-ын төрсөн дүү юм. Э-ыг нас барсанг 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 06 цагийн үед төрсөн эгчээсээ мэдсэн. Э нь сүүлийн 2 жил Өмнөговь аймагт харуул хамгаалалтын чиглэлээр ажил хийдэг байсан. Эхнэр, хүүхэдтэй байсан бөгөөд олон жилийн өмнө салчихсан. Одоо хүүхэд нь 23-25 орчим насны эрэгтэй байдаг. ...” /1хх 24/ гэх,
- гэрч А.М-ийн “...намайг дуудлагын дагуу тухайн айлд ирэхэд зочны өрөөнд ухаангүй байдалтай 48 орчим насны эрэгтэй хүн орох хэсгийн хаалганы урд матрасны хажууд хэвтэж байсан бөгөөд түүний баруун талын матрас дээр хоёр согтуу залуу сууж байсан. Хаалга нээж өгсөн залуутай нийлээд гурван эрэгтэй байсан ба тухайн залуучуудаас хутгалсан хүн нь хэн болох, мөн хэзээ хутгалсан талаар асуухад тэд нар “Хутгалсан хүн нь гараад явсан, 30 орчим минутын өмнө хутгалсан” гэж ярьж байсан. ...” /1хх 27-28/,
- гэрч С.М-ын “...А “Танай орцны чинь гадаа байна, чи гараад ирээч ярих юм байна” гээд дуудахаар нь очиж уулзсан. Тэрээр тухайн үед орцны довжоон дээр “Монгол стандарт” нэртэй архи барьсан, хажуудаа цүнхтэй зүйл тавьчихсан сууж байсан. Ингээд би А-д хандаж “Чи архи уугаад л байна уу, хэдэн сар архи ууж байна” гэх мэтээр зандрангуй байдлаар хэлээд “Юу болов” гэж асуусан чинь “Хүн хутгалчихлаа, пизданууд оролдоод, зүрхнийх нь хажууд ганц л хатгасан” гэж хэлээд утсаараа 102, 103 дугаарын утас руу залгаад “Хутгалуулсан хүн 60 айлын 59 тоотод байгаа, пизда амьд л байгаасай” гэх мэтээр хэлж дуудлага өгч чадахгүй байсан бөгөөд дуудлагыг нь хүлээж авахгүй, хүн ойлгохоор ярихгүй байсан. ...” /1хх 30-31/,
- гэрч Ц.Э-ийн “...миний ам цангаад ариун цэврийн өрөө орж ус уучхаад буцаад ороод ирэхэд Л босоод ирчихсэн А-ын баруун гарыг барьчихсан, А баруун гартаа хутга шиг хайчтай байхаар нь би хайчийг нь булааж аваад үүд рүү шидсэн. Э ах орон дээр, харин М газар сууж байсан. Тэгэхэд А гүйгээд хаалгаар гараад явсан. Би нойлын өрөө орж бие засаад гараад ирэхэд Энхжаргал газар шалан дээр уначихсан, цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би “ Э ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд Л, М-рүү уурлаад “Чиний дагуулж ирсэн хүн чинь дандаа гай болж байх юм” гээд маргалдаад байсан. Тэгээд би Э ахын куртикны энгэрийг яраад, цамц, футболкийг нь ураад, нүүр гарын алчуурыг усаар норгож байгаад цээжин дээр нь тавьсан. Тэгээд удалгүй гаднаас түргэн орж ирээд Э ахад тариа, дусал хийгээд өргөөд гаргасан. ...” /1хх 33-34/,
- гэрч Б.Л-ийн “...Э, А нар нь хоорондоо маргалдаад гэнэт А нь хаанаас ч юм хар өнгийн иштэй хайч гаргаж ирээд Э-ын зүрхэн талд нь дүрсэн. Тэгээд А гэрээс гараад зугтаасан. Тэр хооронд Э-ын цээжнээс их цус гараад түүнийг нь тогтоох гээд байж байхад түргэн тусламж орж ирсэн. ...” /1хх 38-39/,
- гэрч Б.М-ийн “...А, Э хоёр хоорондоо маргалдаад байсан. Би газар гудсан дээр хэвтэж байсан учраас ширээний цаанаас юу болоод байгаа нь харагдаагүй “Больцгоо” гэж хэлээд хэвтэж байсан. Тэгсэн чинь нөгөө хэд чинь хүүе хаая болоод явчихсан. Гэтэл Энхжаргалын царай нь сонин болоод, царай нь хүрэнтээд ам нь ангайсан газар сууж байсан ба цээжний дээд хэсэгт А ширээн дээр байсан хайч шиг зүйлээр хатгачихсан байсан. Тэгээд “Юу болж байна аа” гэхэд А юу юугүй жижиг өрөөнөөс цүнхтэй хувцсаа аваад гараад гүйчихсэн. ...” /1хх 43/,
- тухайн өдөр амь хохирогч Ч.Э-тай маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Э.А-ын өгсөн “...энэ үед би баруун орон дээр сууж байсан бөгөөд зүүн хананы цонхны тавцан дээр хайчны гуя харагдахаар нь босч очиж баруун гартаа бариад автал Э нь надад хандаж “Чи муу хэн юм бэ” гээд өөдөөс тулж ирэхээр нь шууд зүрхний орчимд 1 удаа хатгачихаад гадагш гараад явсан. Гарахдаа хатгасан хайчийг гал тогооны өрөөний цонхоор гадагш шидсэн юм. ...” /1хх 209/ гэсэн мэдүүлгүүд,
- хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-10, 57-58/, хэргийн газрын үзлэгийн явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар цэнхэр өнгийн бариултай хайчны гуяыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцон, түүн дээр илэрсэн ул мөрийг тогтоох зорилгоор биологийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 3616 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 77-79/,
- тухайн цаг хугацаанд өмсөж байсан амь хохирогчийн хувцсанд үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох зорилгоор криминалистикийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2205 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 143-145/,
- амь хохирогч Ч.Э-ын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1599 дугаартай “...талийгаачийн цогцост цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680 мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг авсан даруйд богино хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой ба цагийг нарийвчлан тогтоохгүй. Талийгаач нь дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, судас гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаач нь В бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.5 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” /1хх 64-65/ гэх дүгнэлт,
- шүүгдэгч Э.А-ын сэтгэцийн байдлыг тогтоосон Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаартай “...Э.А нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, хараат байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол эмгэг байна. Э.А нь хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Өмнө нь архины шалтгаант дэмийрэл бүхий үгүйлэх хам шинжээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд 9 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх өвчний түүх байна. Харин тус төвд хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Э.А- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1хх 174/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Э.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 8 дугаар сарын 8-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн *** тоотод Ч.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хайчны нэг талын хэсгийг ашиглан дүрсэний улмаас “цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680 мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Энэхүү үйл баримтаас өмнө болоод нас барах хүртлээ амь хохирогч Ч.Э нь бусадтай маргалдсан, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А -ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Э.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар давж заалдсан гомдолдоо: “...хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх байгууллагын дэглэмийг бууруулж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж дуудсан болон ар гэрийн шалтгаан нөхцөлүүдийг иш татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд 12 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.
Түүнчлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-ын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд, хамаарал бүхий байдлаар тооцон, урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.
Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.А-оос гаргуулвал зохих хохирлын хэмжээг “8.443.099 төгрөг” гэж тогтоох хэсэгт тусгаснаас зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагад нийцээгүйг буруутган тэмдэглэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын “хорих ялыг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг бууруулах тухай” гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.А-ын 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 101 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 70 хоног, нийтдээ 171 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Э.А-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 733 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ын 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 101 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 18-наас 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 70 хоног, нийтдээ 171 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН