Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 77

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Уранчимэгт холбогдох эрүүгийн 1704000700020 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                                        Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                   Б.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ж.Цэцэгээ нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 101 тоот байранд оршин суух, /Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамж, 6 тоот/ гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овгийн Болдын Уранчимэг /РД:ГА83070160/.

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Б.Уранчимэг нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны оройн 18 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны зүүн хойд үзүүрт /хөдөө хэсэгт/ иргэн Б.Оюунцэцэгтэй эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед нөхөр Шинэхүүгийн ажил дээр очиход манай нөхөр ажил дээрээ байгаагүй. Тэгээд би такси аваад Сургалтын задгайн 6 дугаар гудамжны дэргэд явж байхад манай нөхөр Шинэхүү өөрийнхөө машинтай явж байхад нь таарсан. Би араас нь такситайгаа дагахад 4 дүгээр хорооны хойно зогсоод машиндаа 1 цаг орчим утсаар ярьсан. Би энэ үед нөхрийгөө хараад таксиндаа сууж байсан. Тэгсэн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч ажилтай Оюунцэцэг гэх эмэгтэй гарч ирээд өөрийнхөө машиныг унаад явахад нь манай нөхөр Оюунцэцэгийн машины араас дагаж яваад Рашаантын 8 дугаар гудамжаар орж буцаж төв замаар явж Тогос-Уулын 4 дүгээр гудамжинд орж Оюунцэцэг хаалгагүй хашаанд орж машинаа тавьчихаад буцаад гараад ирсэн. Тэр үед нь манай нөхөр Шинэхүү Тогос-Уулын 2 дугаар гудамжны дутуу баригдсан блокон хашааны дэргэд машинтайгаа зогсож байсан. Тэгсэн Оюунцэцэг явган ирж манай машины хойд хаалгаар орсон. Тэгээд араас нь явж дивизийн ВАЙ гэх газар холоос нөхрийнхөө машиныг хараад суусан. Тэгээд 18 цаг өнгөртөл нөхрөө холоос хараад суугаад байсан. Тэгэхэд таксины жолооч ах 19 цагаас хүнтэй загсанд явах болсон гэхээр нь би манай нөхрийн машин дээр очьё гээд очоод машиныхаа хаалгыг онгойлгоод чи машинаа өг, чи явдаг замаараа яв гэхэд манай нөхөр Шинэхүү машинаа асааж унаад зугтаасан. Тэгэхэд Оюунцэцэг машинаас буугаад үлдэхээр нь чи хүний нөхөртэй юу хийж яваа юм бэ? чи энд өчнөөн цаг боллоо шүү дээ гэхэд Оюунцэцэг би саяхан ирсэн гээд байхаар нь 1 удаа хацар руу нь алгадаж хөл рүү нь өшиглөсөн. Аль хөл рүү нь өшиглөснөө санахгүй байна. Тэгээд Оюунцэцэг бид хоёр заамдалцаад зогсож байхад манай нөхөр Шинэхүү ирсэн, бид хоёр заамдалцахаа болиод би машинаас нөхөр Шинэхүүг татаж буулгаад машинаа асаагаад хөдлөх гэхэд манай нөхөр Шинэхүү миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд Шинэхүү машинаа унаад зугтаасан. Тэгэхээр нь би Оюунцэцэгийн өмсөж байсан жинсэн якнаас нь чирээд таксинд суулгаад чи гэр бүл үймүүлсэн тэр цагдаа дээрээ очиж учраа хэл гэж хэлээд дүүргийн тамгын газрын зүүн талын автомашины зогсоол руу явж байхад Оюунцэцэг миний буруу би гомдол гаргахгүй цагдаа орохгүй гээд байсан. Тэгээд би Оюунцэцэгийг тамгын газрын зүүн талын зогсоол дээр буулгасан. Би таксинд суухдаа Оюунцэцэгийн гар утсыг нь авсан байснаа буухад нь буцааж өгөхдөө шидсэн. Гар утас нь газар унасан. Оюунцэцэгийн гар утас хар саарал өнгийн, том хавтгай, мэдрэгчтэй утас байсан. Би Оюунцэцэгийн утасны марк болон содон шинж тэмдгийг нь мэдэхгүй... Би Оюунцэцэгт 325.000 төгрөгийн хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 28, 30 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед манай хорооны жижүүр Шинэхүү миний утас руу залгаад “юу хийж байна, гарах уу завтай байна уу?” гэхээр нь ажилтай, завгүй байгаа талаараа хэлсэн. Ингээд би ажлын байрнаасаа түр оршин суугчийн судалгаа гаргах гээд 17 цаг өнгөрч байхад Тогос-Уул хэсэг рүү нөхөр Даваанямаар хүргүүлээд Тогос-Уулын 5-15 тоотын гадна буусан. Манай нөхөр намайг буулгачихаад машинаа жолоодоод яваад өгсөн. Тэгтэл Шинэхүү миний араас 39-80 БРА улсын дугаартай машинаа жолоодоод нэг залуугийн хамт ирсэн. Ингээд Шинэхүү надад хоёулаа гол руу явах уу гэхээр нь би ажилтай завгүй байна гэж хэлсэн. Тэгсэн Шинэхүү намайг машинд суучих гэж хэлсэн, би машинд ороод суутал Шинэхүү 2 литрийн савтай пиво ууж дуусаад би машинаас буухад Шинэхүү миний машинд суу гээд шалаад байхаар нь би завгүй гэдгээ хэлээд гар утсаараа яриад байж байтал Шинэхүүгийн эхнэр Уранчимэг гэх эмэгтэй 1 эмэгтэйн хамт ирсэн. Шинэхүүгийн эхнэр машинаасаа буугаад намайг “чи муу янхан, банзал” гэх мэт үгээр доромжлоод надруу дайрч миний гар утсыг булааж аваад газар савж эвдсэн. Тэр үед ухаан балартаад юу болсноо санахгүй байна. Нэг мэдэхэд би газар уначихсан Уранчимэг дээрээс толгой руу гараараа удаа дараа цохиж, гэдэс рүү өшиглөж улмаар намайг босгож ирээд блокон хашааг толгойгоор мөргүүлсэн. Уранчимэг улмаар миний барьж явсан цүнхийг булааж аваад цүнхээр нь мөн толгой руу чинь цохиж цүнхний оосрыг тасдаж, цүнхэн дотор байсан миний ажлын судалгааг урж дахиж судалгаагаа өөрөө хийгээрэй гэж хэлсэн. Ингээд Уранчимэг нөхөр Шинэхүү рүү дайрч нөхрөө газар унагаад зодож эхэлсэн. Тэгээд Уранчимэг миний үснээс зулгааж ирсэн машиндаа чирч суулгаад нүүр, хамар, элэг гэх мэт газар руу удаа дараа цохисон. Тэгээд тамгын газрын хажуугийн авто зогсоол дээр буулгаж хаячихаад явсан. Одоо миний дух, хацар, уруул хавдаж, 2 нүд хөхөрч хэвлий хэсгээр өвдөж байна... Би Уранчимэгээс мөнгө нэхэмжлэхгүй, шүүхээс оногдуулах ялаа аваад явах байлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5, 17 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Б.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уранчимэг бол миний эхнэр, тиймээс би эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2017оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09шэ/211 дугаартай “...Б.Оюунцэцэгийн биед тархины доргилт, духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, баруун гуя, баруун болон зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой, мөн дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжинд манай эгч Оюунцэцэгийг Уранчимэг гэдэг эмэгтэй хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойг нь блокон хашаа мөргүүлж биед нь гэмтэл учруулсан, гар утсыг нь эвдсэн...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Уранчимэгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 38, 46 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: “…Б.Уранчимэг нь ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…”  /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Шүүгдэгч Б.Уранчимэг нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны оройн 18 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 4 дүгээр гудамжны зүүн хойд үзүүрт /хөдөө хэсэгт/ Б.Оюунцэцэгтэй нөхрөө хардсаны улмаас маргалдаж түүнийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “...Хохирогч Б.Оюунцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Уранчимэг дээрээс толгой руу гараараа удаа дараа цохиж, гэдэс рүү өшиглөж улмаар намайг босгож ирээд блокон хашааг толгойгоор мөргүүлсэн…” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/211 дугаартай “...Б.Отгонцэцэгийн биед зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, духны баруун хэсэгт 2х0.2см зулгаралт, баруун өвдөгний гадна хэсэгт 5х4см, баруун гуяны дотор дээд хэсэгт 6х5см, зүүн өвдөгний өмнөд доод хэсэгт 6х4см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчтой маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Уранчимэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Б.Уранчимэгийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Б.Уранчимэгийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 45 дугаар хуудас/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “…нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн шүүгдэгчийн “…хохирогчид 325.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Уранчимэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан “…одоогоор бага орлоготой тул торгох ялыг 1 жилийн хугацаанд хувааж төлж чадна…” гэсэн хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Гөрөөчин овгийн Болдын Уранчимэгийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гөрөөчин овгийн Болдын Уранчимэгийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Уранчимэгт тус тус мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уранчимэг нь гэм хорын хохиролд 325.000 төгрөгийг хохирогч Б.Оюунцэцэгт төлсөн болохыг дурьдсугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уранчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Б.Уранчимэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ