| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/0011/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/112 |
| Огноо | 2026-05-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/112
2026/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж,
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Б.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Бгийн Чд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн И сумын Х баг, ........ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Бгийн Ч /ИБД:........./
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Архангай аймгийн И сумын Х багийн Б гэх газраас зөвшөөрөлгүйгээр 35 ширхэг шинэс төрлийн босоо модыг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэгт хуваан 9,5024 м3 мод ойд бэлтгэж, мөн газраас А аймгийн И сумын Х багийн Г гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн ........ УБМ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,839,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд .......... дугаартай эрүүгийн хэргээс:
Сэжигтэн Б.Чгийн “... Би 2025 оны 09 дүгээр сарын 09-нд байгаль хамгаалагч Эаас аваад 2025 оны 09 дүгээр сарын 10-13-ны өдөр хүртэл 4 өдөр Архангай аймгийн И сумын Х багийн Бага бургаст гэх газар малын хашаа барих зорилгоор 4 метр орчим урттай хэрэглээний мод бэлтгэсэн. Тухайн шинэс төрлийн модыг бэлтгэхдээ 18-20 метр орчим урттай, 35 ширхэг босоо мод тайрч, ойролцоогоор 4 метрийн урт хуваахад 1 модноос 3-4 ширхэг мод гарч байсан. Би дээрх модыг бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн хар өнгийн хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөгөөр ганцаараа тайрч, бэлтгэсэн юм. Би дээр модыг бэлтгэж тээвэрлэхдээ Бонго-3 маркийн ........ УБМ дугаартай тээврийн хэрэгслээр Архангай аймгийн И сумын Х багийн Бага бургаст гэх газраас Х багийн Г гэх газар луу тээвэрлэсэн. Би 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн АРА М2518782, АРА М2518783 дугаартай эрхийн бичиг авсан байсан. Дээрх модыг малын хашаа барих зорилгоор бэлтгэж, тээвэрлэсэн юм. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр Х багийн Ш гэх газраас бэлтгэх гэсэн байсан. Миний бэлтгэсэн газар Бага бургаст гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй байх. Шар чарга гэх газраас манайх хүртэл 8 км орчим, харин Бага бургаст хүртэл 3 км орчим зайтай. Тухайн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг би Л.Улам-Оргих гэх хүнээс 2025 оны хавар 04 дүгээр сарын 20-дын үеэр худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм. Бонго-3 маркийн ........ УБМ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/,
Сэжигтэн Б.Чгийн дахин өгсөн “... Байгаль хамгаалагч П.Эын бичиж өгсөн эрхийн бичигт заагдсан Шар чарга гэх газраас бэлтгээгүй ойролцоох Бага бургаст гэх газраас 35 ширхэг босоо мод бэлтгэж тээвэрлэсэн. Би тухайн модыг 2025 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрийн хооронд хоёр хоног тайрч бэлтгээд, 2025 оны 09 дүгээр сарын 12-14-ний өдрийн хооронд Бага бургас гэх газраас өөрийн малын өвөлжөө болох Ганц гэх газар луу тээвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ан “... Байгаль орчинд учирсан 1,839,250 төгрөгийн хохирлыг хуульд заасан орон нутгийн ....... тоот дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/,
Гэрч П.Эын “... Б.Ч 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Архангай аймгийн И сумын Э багийн Ш гэх газар Б.Ч нь ........ УБМ гэсэн тээврийн хэрэгсэл хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Архангай аймгийн И сумын Х багийн Б гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/,
Гэрч Л.Уын “... Би дээрх бонго-3 маркийн ........ УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Б.Ч гэх хүнтэй үнэ тохиролцож 8,000,000 төгрөгөөр зарж байсан. Б.Ч нь хөдөө байдаг болохоор нэр дээр нь шилжүүлж чадаагүй байгаа мөнгө төгрөгийн өр авлага байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/,
Яллагдагч Б.Чгийн “... Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АРХ 0325/347 дугаар “1. Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 2 гэж дугаарласан дээжний чийг 8,9%, 5 дугаартай дээжний чийг 13,5%, 19 дугаартай дээжний чийг 8,4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Шинжлэгдэж буй модны шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Хэргийн газрын үзлэг шинжилгээ хийхэд уг хэсэгчилж тайрсан моднууд нь босоо модноос бэлдсэн байна. 4. Шинжлэгдэж буй модны 1-156 гэж дугаарласан 156 ширхэг мод нь 9,5024 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 1,839,250 төгрөг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-81 хуу/,
2025 оны 10 дугаар сарын байдлаар Киа бонго-3 маркийн KNCSC914PS658864 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,000,000 төгрөгөөр тогтов гэсэн Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-89 хуу/,
2025 оны 10 дугаар сарын байдлаар шинэс төрлийн 4 метр урттай 9,0683 метр куб мод 725,464 төгрөг, шинэс төрлийн 1,50 метр урттай 0,4341 метр куб мод 17,364 төгрөг, цахилгаан хөрөө 70,000 төгрөг, нийт 812,828 төгрөгөөр үнэлэв гэсэн Хас үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2924 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-93 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-15 хуу/
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-32 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 хуу/,
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 хуу/
Мод бэлтгэх АРА М2518782, АРА М2518783 сери дугаартай сумын нэр Ихтамир, газрын нэр Шарга чарга, мод бэлтгэгчийн нэр Б.Ч, АЯ02300215, ........ УБМ, ... бэлтгэх хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09-ний өдөр хүртэл, тээвэрлэх хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл гэсэн эрхийн бичиг /хх-ийн 48, 49 хуу/,
2025 онд И сумын Х багийн Бага бургаст гэх газрын ойн санд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн Архангай аймгийн И сум дахь сум дундын ойн ангийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот албан бичиг /хх-ийн 51х/,
Архангай аймгийн И сумын Х багийн N 47о27’ 36’’, E 101o 6’ 4’’ солбицлын цэгтэй Бага бургаст гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно гэсэн Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 144 тоот албан бичиг /хх-ийн 53 хуу/,
Архангай аймгийн И сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/320 тоот албан бичиг, хавсралт баримтууд /хх-ийн 55-58 хуу/,
Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143 тоот албан бичиг /хх-ийн 60 хуу/,
Киа бонго-3 маркийн KNCSE21458K307818 арлын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 61 хуу/
Шүүгдэгч Б.Чгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 64-67, 69-71 хуу/,
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Б.Чгийн эрүүл мэндтэй холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Ч нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хугацаанд Архангай аймгийн И сумын Х багийн .... гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 35 ширхэгийг цахилгаан хөрөөгөөр огтолж, 156 ширхэгт хуваан 9,5024 м3 мод ойд бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн И сумын Х багийн Г гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн ........ УБМ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 1,839,250 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг байна.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Ч үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-15 хуу/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-32 хуу/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35 хуу/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 хуу/, АРА М2518782, АРА М2518783 сери дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 48-49 хуу/, Архангай аймгийн И сумын Х багийн N 47о27’ 36’’, E 101o 6’ 4’’ солбицлын цэгтэй Бага бургаст гэх газар нь улсын тусгай хамгаалттай газарт орохгүй болно гэсэн Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 144 тоот албан бичиг /хх-ийн 53 хуу/, Архангай аймгийн И сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/320 тоот албан бичиг, хавсралт баримтууд /хх-ийн 55-58 хуу/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АРХ 0325/347 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-81 хуу/, гэрч П.Эын мэдүүлэг /хх-ийн 108-109 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй бөгөөд Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагааг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ойлгох ба Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Шүүгдэгч Б.Ч нь Архангай аймгийн И сумын Х багийн Шарга чарга гэх газраас мод бэлтгэн, тээвэрлэх АРА М2518782, АРА М2518783 дугаартай эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт заагдаагүй Архангай аймгийн Ихтамир сумын Бага бургаст гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.
Б.Ч нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Чг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Гэмт хэргийн улмаас ойн санд 1,839,250 төгрөгийн хохирол учирсан болохыг Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АРХ 0325/.... дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ...” гэж заасан ба шүүгдэгч Б.Чгээс экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 1,839,250*3=5,517,750 /таван сая таван зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч Б.Ч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж … гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” зэргийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.
Шүүгдэгч Б.Чгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ........ УБМ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар Л.Улам-Оргихын эзэмшилд бүртгэлтэй боловч Б.Чгийн эзэмшлийнх болох нь гэрч Л.Улам-Оргихын “Би ........ УБМ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Б.Ч гэх хүнтэй үнэ тохиролцож 8,000,000 төгрөгөөр зарж байсан. Б.Ч нь хөдөө байдаг болохоор нэр дээр нь шилжүүлж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/, Б.Чгийн сэжигтнээр өгсөн “Бонго-3 маркийн ........ УБМ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/ зэргээр тогтоогддог.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Чгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ........ УБМ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашин, 156 ширхэг 9,5024 м3 шинэс төрлийн хуурай мод, эд мөрийн баримтаар хураагдсан 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан 5,517,750 /таван сая таван зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Бийн Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь шүүхээс оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чгээс 5,517,750 /таван сая таван зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ........ УБМ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн автомашин, 725,464 төгрөгийн болон 17,364 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан авч Байгаль орчин, уур амьсгалын санд учирсан 5,517,750 /таван сая таван зуун арван долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ