Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/01508

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/01508

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ба

Хариуцагч: Х

Мобикомын үүрэн телефоны ******* дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

хариуцагчийн төлөөлөгч Э

нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.********* хариуцагч Ц.*********д холбогдуулан Мобикомын үүрэн телефоны ******* дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахыг шаарджээ.


Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ушүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.********* нь Мобиком үүрэн телефоны үйлчилгээний анхны хэрэглэгчдийн нэг болно. Анхны гэж тодотгож буй шалтгаан нь мобикомын анхны сери дугаар болох ******* дугаарыг хууль ёсоор тасралтгүй 20 жил эзэмшиж, ашиглаж байгаа болно. Миний бие 2003 онд хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд бизнесийн хамтрагч, дотны найз болох******* нь ********* гэх утасны дугаартай байсан юм. Иймд бид өөрсдийн бизнесийн зар сурталчилгаа, маркетингийг хийх зорилгоор ойролцоо цифрүүдээс бүтсэн, хос дугаар тавьцгаая гэж тохироод миний бие ******* дугаар луу залгаж, дугаараа зарах уу гэх саналыг тавьсан байдаг. Улмаар ******* дугаарын эзэмшигч ********* гэх хүнтэй уулзаж, 150 000 төгрөгийг бэлнээр шилжүүлээд сим картыг дугаарын хамт авсан байдаг. Тухайн үед нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй сим картаа авсан бол болчлоо гэж ойлголттой байсан. ********* нь ********* гэх хүнээс гэрээн дээрх эзэмших эрхийн нэрийг өөр дээрээ шилжүүлж авах тухай хэлэхэд би Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа, гэрээгээр шилжүүлэх боломжгүй гэх хариу хэлсэн байдаг. Нэхэмжлэгч тухайн утасны дугаарыг сүүлийн 20 жил бизнес, ажил хэргийн үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж, түүний хэрээр зах зээлийн үнэ цэнийг нь өсгөж байсан. 2008 оны үүсгэн байгуулсан******* ХХК, 2011 онд байгуулсан******* ХХК, 2021 онд байгуулсан******* зам ХХК-ийн албан ёсны утасны дугаар ******* гэж тус тус бүртгэгдсэн байдаг. Тухайн дугаарыг ашиглаж байхдаа банкны болон төрийн үйлчилгээ авахад энэ дугаар бүртгэлтэй байдаг. Мөн банкны мэдээлэл болон чухал мэдээллүүд энэ дугаар дээр очиж байгаа учир хувь хүний нууцын мэдээлэлтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Тус хугацаанд маргаан бүхий эзэмшлийн дугаартай холбоотой асуудлаар нэг ч маргаан гарч байгаагүй. ********* нь Ж.*********т энэ дугаарыг эзэмшилд шилжүүлсэн нь аль аль нь ухамсарласан байдаг. ********* Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу 20 жил тасралтгүй ашигласан учир шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд Ж.*********ыг ******* дугаарын эзэмших эрхтэйг тогтоолгож, хариуцагч Ц.*********гийн эзэмшилд байгаа дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ж.********* болон хариуцагч Ц.*********гийн хооронд эрх зүйн харилцаа байхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Дугаарын эзэмших эрхтэй болохыг тогтоолгох гэсэн нь хариуцагч Ц.********* нь субъект нь биш, дугаарын эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах гэсэн байна. Хэрэв буцаан шилжүүлэх асуудлын хувьд бид нар н.*********ээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан ба өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. ********* буюу ********* гэх хүний нэр дээр байсан. ********* гэх хүний банк бус байгууллагаас барьцааг чөлөөлж, худалдаж авсан. Үүнтэй холбоотой баримтууд ирсэн байгаа. 2023 оноос эхлэн тухайн дугаарыг ашиглах боломжгүй болсон гэж ярьж байна. Мобиком корпораци ХХК-иас ирсэн баримтыг харахад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *********оос хууль ёсны эрх залгамжлагч ньын ********* гэх хүн. Нэткапитал ББСБайгууллагаас дугаараа барьцаалж, зээл авсан. ********* нь ********* гэх хүнтэй яриад барьцааг чөлөөлж, бэлнээр 85 сая төгрөг шилжүүлж энэ дугаарыг авсан байдаг. Шилжүүлэх явцад Мобиком корпораци ХХК нь ямар нэгэн хүний нэр дээр байгаагүй, шууд шилжүүлж авсан. Шударга ёсны эзэмшигч нь тодорхой хэрэг дээр байгаа шударга эзэмшигч Иргэний хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу хууран мэхлэх, хүч хэрэглэн олж авсан эд хөрөнгийг шинэ эзэмшигч нь өмнөх эзэмшигчээс иргэний хуульд заасан журам үйлчлэхгүй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол төсөөтэй хэрэглэх юм бол Мобиком корпораци ХХК-ийн бүртгэлийн дагуу авсан. ********* нь хууран мэхлэх, хүч хэрэглэн нэхэмжлэгчээс аваагүй. Н.********* гэх иргэнээс хуульд заасны дагуу гэрээ байгуулан мөнгө төгрөг өгч авч тохиролцож авсан учир шударга эзэмшигч гэж үзнэ. Мөн нэхэмжлэлд дурдсанаар Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй. Ц.********* нь шударга эзэмшигч буюу нэхэмжлэгчийн ямар нэгэн байдлаар хуурч мэхлэх, н.*********тэй хуйвалдаж авсан асуудал байхгүй. ******* дугаарыг ашиглаж байсан нь байсныг мэдэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010.10.19-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, орчуулын хамт нэмэгдсэн өртийн албан татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар,******* ХХК-ийн 2011 оны жилийн санхүүгийн тайлан, нэрийн хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт, сервис ХХК болон Ж.********* нарын хооронд байгуулагдсан 2020.12.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2022.05.13-ны өдрийн Ж.*********, Ж.********* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар,******* ХХК-ийн дүрэм, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021.06.08-ны өдрийн дугаар гэрээ, Долоон болдог ХХК, Ж.********* нарын хооронд байгуулагдсан 2021.01.18-ны өдрийн ****** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний шилжүүлэгийн баримт зэрэг баримтыг ирүүлсэн. /хх-ийн 3-29, 90-125, 135-186, 234-239/

4. Хариуцагчаас 2023.05.11-ний өдрийн дугаар шилжүүлэх гэрээ, дугаар хэрэглэгчийн хувийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.07.08-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга, Мобиком корпораци ХХК-ийн 2023.09.14-ний өдрийн дугаар тодорхойлолт, Нэткапитал ББСБ ХХК-ийн 2023.04.17-ны өдрийн NT-********* дугаар албан бичиг, салбарын гэрчилгээний хуулбар, Ч.*********ийн гараар бичсэн өргөдөл, мөнгөн шилжүүлэгийн баримт, 2023.04.17-ны өдрийн гэрээ шижлүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн /хх-ийн-50, 69-72, 58, 196-200/

5. Шүүх талуудын хүсэлтээр Мобиком корпораци ХХК-ийн 2023.09.19-ний өдрийн дүгээр албан бичиг, ******* дугаарын 2003.01.01-нээс 2023.02.01-ний өдрийн хоорондох хугацааны төлбөр төлөлтийн мэдээлэл, Мобиком корпораци ХХК-ийн 2023.10.25-ны өдрийн дугаар албан бичиг, 2022.10.31-ний өдрийн дугаар гэрээ шилжүүлэх тухай гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, Ц.*********ийн гэрчийн мэдүүлэг, Үндэсний дата төвийн 2023.10.30-ны өдрийн дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Мобиком корпораци ХХК-ийн 2023.12.26-ны өдрийн дугаар албан бичиг, ******* утасны дугаарын төлбөр төлөлтийн мэдээлэл, Нэткапитал ББСБ ХХК-ийн 2023.01.25-ны өдрийн дугаар дугаар барьцаалсан зээлийн гэрээ, Нэткаптал ББСБ ХХК-ийн 2023.04.17-ны өдрийн NT-********* дугаар Мобиком корпораци ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2023.01.25-ны өдрийн гэрээ шилжүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024.03.11-ний өдрийн дугаар албан бичиг, Э.Мөнх-Од, Д.Отгонбаатар, Э.Өлзийбаяр нарын гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 59-61, 86-88, 128-129, 131, 207-220,222-226, 232/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Ж.********* нь ******* дугаарыг хууль ёсоор тасралтгүй 20 жил эзэмшиж, ашиглаж байгаа болно. 2003 онд хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд бизнесийн хамтрагч, дотны найз болох******* нь ********* гэх утасны дугаартай байсан юм. Иймд бид өөрсдийн бизнесийн зар сурталчилгаа, маркетингийг хийх зорилгоор ойролцоо цифрүүдээс бүтсэн, хос дугаар тавьцгаая гэж тохироод миний бие ******* дугаар луу залгаж, дугаараа зарах уу гэх саналыг тавьсан байдаг. Улмаар ******* дугаарын эзэмшигч ********* гэх хүнтэй уулзаж, 150 000 төгрөгийг бэлнээр шилжүүлээд сим картыг дугаарын хамт авсан байдаг. 2008 оны үүсгэн байгуулсан******* ХХК, 2011 онд байгуулсан******* ХХК, 2021 онд байгуулсан******* зам ХХК-ийн албан ёсны утасны дугаар ******* гэж тус тус бүртгэгдсэн байдаг. ********* Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу 20 жил тасралтгүй ашигласан учир шударга эзэмшигч гэж үзэж байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч ...Нэхэмжлэгч Ж.********* болон хариуцагч Ц.********* нарын хооронд эрх зүйн ямар нэг харилцаа үүсээгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Хэрэв буцаан шилжүүлэх асуудлын хувьд бид нар н.*********ээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан ба өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. ********* буюу ********* гэх хүний нэр дээр байсан. ********* гэх хүний банк бус байгууллагаас барьцааг чөлөөлж, 85 000 000 төгрөгийг өгч худалдаж авсан. Мобиком корпораци ХХК-иас ирсэн баримтыг харахад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *********оос хууль ёсны эрх залгамжлагч ньын ********* гэх хүн. Шилжүүлэх явцад Мобиком корпораци ХХК нь ямар нэгэн хүний нэр дээр байгаагүй, шууд шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.********* нь анх 2003 онд Мобикомын ******* дугаарыг М.********* гэх хүнээс 150 000 төгрөгөөр худалдан авч, сим картыг шилжүүлэн авсан боловч энэ хүн нь гадаадад олон жил амьдарч байснаас нэр шилжүүлэх боломжгүй болж, түүнээс хойш уг дугаарыг 20 гаруй жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд эдгээр нь хэрэглээний төлбөрийг төлж байсан баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь дээрх асуудлаар маргаагүй боловч маргаан бүхий Мобикомын ******* дугаарын утсыг худалдах, худалдан авах гэрээний дагуу А.*********ээс худалдаж авсан тул ******* дугаарын эзэмших эрхийг шударгаар олж авсан шударга өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж холбогдох баримтыг ирүүлжээ.

5. Мобикомын ******* дугаарыг Базарсад овогтойийн ********* эзэмшиж байсан ба улмаар М.********* нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан байх тулын ********* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар гэрээ шилжүүлэх гэрээгээр мобикомын ******* дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж эзэмшигч нь болсон байна. /хх-ийн 87-88/

Ч.********* нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нэткапитал авто ХХК-тай дугаартай Дугаар барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг зээлийг авсан ба улмаар А.********* нь мобикомын ******* дугаарыг худалдан авахаар Ч.*********тэй харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулж, мобикомын ******* дугаарыг Нэткапитал авто ХХК-ийн 2023.04.17-ны өдрийн NT-********* дугаартай Мобиком корпароци ХХК-д хүргүүлсэн албан бичгийн дагуу өөрийн эзэмшилдээ авсан байна.

Үүний дараа Ц.********* нь зарын дагуу А.*********ээс маргаан бүхий мобикомын ******* дугаарыг худалдан авч 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ********* дүгээр гэрээ шилжүүлэх гэрээг байгуулсан ба тус гэрээнд тоот гэрээний дугаартай ********* Алтанцэцэг-н хүсэлтээр иргэний үнэмлэхийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дараах үйлчилгээг тоот гэрээний дугаартай *********д барьцаатайгаар шилжүүлэв. Утасны дугаар ******* ... гэсэн байх ба шилжүүлж буй хэрэглэгчийг төлөөлж А.*********, шилжүүлэн авч буй хэрэглэгчийг төлөөлж Ц.********* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх гэрээний дагуу Ц.********* нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр А.*********ийн Хаан банкнытоот дансанд 20 000 000 төгрөгийг 4 удаа, 5 000 000 төгрөгийг, нийт 85 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-ийн 50/

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Ц.********* нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мобикомын ******* дугаарын өмчлөгч болж, талуудын хооронд байгуулагдсан 2023.05.11-ний өдрийн гэрээ бүрэн хэрэгжиж, биелэгдэж, дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авсан болох нь тогтоогдож байна.

6. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.********* нь маргаан бүхий ******* дугаарыг тасралтгүй 20 жил эзэмшиж, ашиглаж байгаа, түүнчлэн 2008 оны үүсгэн байгуулсан******* ХХК, 2011 онд байгуулсан******* ХХК, 2021 онд байгуулсан******* зам ХХК-ийн албан ёсны утасны дугаар ******* гэж тус тус бүртгэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн аваагүйгээс дээрх маргаан бүхий нөхцөл үүссэн гэж үзэхээр байна.

7. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т Шударга эзэмшигч өөрийн өмчлөлөөс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй. гэж заасан хэдий ч энэ шаардах эрхийг хариуцагч Ц.*********д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, тухайн дугаар нь хариуцагч Ц.*********гийн өмчлөлд очихдоо хэд хэдэн удаа нэр шилжсэн байх бөгөөд тухайн дугаарыг шилжүүлсэн буруутай этгээдийг хариуцагч Ц.*********г гэж дүгнэх боломжгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

8. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*********д холбогдуулан Мобикомын үүрэн телефоны ******* дугаарыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч Ж.*********ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                  

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХЖАРГАЛ