Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/113

 

Б.Ө-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-ын өмгөөлөгч Д.Ганбаатар,

иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын төлөөлөгч Ц.Б,

шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/619 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө-д холбогдох эрүүгийн 2003 00537 0051 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б.Ө, 1967 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух.

            - Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            Б.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 06 цаг 45 минутын үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын хашаан дотор зогсож байсан “Daewoo BS106” загварын  ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн доор засвар, үйлчилгээ хийж байсан А.Ц-ыг дайрч, түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ө-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 6 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 66.813 төгрөгийг “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х нь тэжээгчээ алдсаны цалин тэтгэмжийн зөрүү болон гэм хор учруулсны төлбөртэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэрэг гарах болсон бодит шалтгаан нөхцөл, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, гэрч нараас өгсөн тайлбар, мэдүүлэгт огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Шинжээч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг ойлгохоор заасан хэмээн зөвхөн нэг заалтыг дурдан “Автобус 1 дүгээр бааз”-ыг тус хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.9, 4.1.9-д зааснаас үзвэл засварчин А.Ц, жолооч А.Г нар нь тухайн өдөр ажлын байран дээрээ хуулиар тодорхойлогдсон тус тусын ажил үүргээ гүйцэтгэж, хөдөлмөрийн харилцаанд орж байсан нь эргэлзээгүй тогтоогдож байхад шинжээч “...засварчин А.Ц тухайн өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасны дагуу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаанд орсон, харин жолооч А.Г-тай аман тохироо хийж иргэд хоорондын харилцаа үүсгэж автобусыг нь бамбардсан. Мөн ажил олгогч нь тухайн байгууллага дээрээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг тогтоосон хэм хэмжээний актыг тогтоох ёстой. Уг актыг тэнд ажиллаж байгаа ажилтан биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ байгууллагын тогтоосон хэм хэмжээний актыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна...” гэсэн нь нэг цаг хугацаа, орон зайд болсон үйл баримтыг өөр өөр цаг хугацаа, орон зайд болсон юм шиг, хуулиар тодорхойлогдсон ажлын байран дээрээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байсан ажилтнуудыг иргэд хоорондын харилцаа үүсгэж байгууллагын хашаанд байгууллагын эзэмшлийн автобусыг хувиараа тохирч засварлаж байсан мэтээр ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хэрэг гарахад нөлөөлсөн бодит шалтгаан нөхцөл, шалтгаант холбоог илтэд гуйвуулан үгүйсгэж өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хууль тайлбарлаж, дүгнэлт гаргасанд шүүх дүгнэлт хийсэнгүй. “Автобус 1 дүгээр бааз” нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг,  35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн бөгөөд тус бааз, түүний нэр бүхий ажилчид мөн хууль болон байгууллагын даргаас баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл /эс үйлдлүүд/ нь хүний амь нас хохирсон гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой байхад шүүх зөвхөн тухайн автобусыг хөдөлгөсөн Б.Ө-ыг холбогдуулан хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын төлөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдсан гомдолдоо хохирлын талаар маргаагүй учир үүнд хэлэх тайлбар байхгүй. Харин “Автобус 1 дүгээр бааз” Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэх асуудал дээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас түүний тайлбар, мэдүүлгийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач Ц-ын ажлын байрны тодорхойлолтод “засварын инженерээс хуваарилан өгсөн ажил үүргийг гүйцэтгэх” талаар заасан байдаг. Мөн осол гарсан 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр талийгаачид өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогддог. Гэтэл жолооч Г, талийгаач Ц нар нь аман тохиролцоо хийж Ц автобусыг засаж байсан. Шүүгдэгч Ө  нь автобусыг хөдөлгөх буюу хөдөлгөөн эхлэх үедээ зам орчны байдлыг биеэр шалгалгүй хөдөлгөөнийг эхэлснээс уг осол гарч хүний амь нас хохирсон. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын зэргэлдээх нутаг дэвсгэрт тухайн баазын хашаа хамаарч байгаа учраас уг дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ө-ын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д зааснаар “хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг ойлгохоор заасан. Жолооч Ө-ын автобусыг хөдөлгөсөн үйлдэл нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчөөгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Ө-ыг “2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 06 цаг 45 минутын үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ”-ын 1 дүгээр баазын хашаан дотор зогсож байсан “Daewoo BS106” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн доор засвар, үйлчилгээ хийж байсан А.Ц-ыг дайрч, түүний амь нас хохирсон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Ө-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 06 цаг 45 минутын үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ”-ын 1 дүгээр баазын хашаан дотор асаалттай орхисон жолооч А.Г-ийн “Daewoo BS106” загварын, *** улсын дугаартай автобусыг жолооч Б.Ө нь “гаражийн үүдийг чөлөөлөх” зорилгоор хөдөлгөхдөө уг автобусны доор засвар, үйлчилгээ хийж байсан засварчин А.Ц-ыг дайрсны улмаас А.Ц нь хавсарсан хүнд гэмтлүүд авч газар дээрээ нас баржээ.

Тухайн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.Б  /1хх 98/, Н.Ц  /1хх 100-101, 102-103, 2хх 125/, Д.Ч  /1хх 111-112/, А.Г  /1хх 114/, яллагдагч Б.Ө /2хх 118-119/ нарын мэдүүлгүүд, тус байгууллага доторх хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажил үүргийн хуваарийн талаар мэдүүлсэн гэрч Х.Буяндэлгэр /1хх 179/, Б.Б /1хх 191/, Д.Б  /2хх 4-5/, П.Ц  /2хх 7/ нарын мэдүүлгүүд, холбогдох дотоод журам, ажлын байрны тодорхойлолтууд /1хх 228-238, 2хх 15, 44-50, 54-58/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2021/02 дугаартай дүгнэлт /2хх 60-61/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 29 дугаартай магадлагаа /2хх 68-69/ зэргээс үзвэл засварчин А.Ц  нь инженерийн зөвшөөрөлгүйгээр буюу хуваарилж өгсөн үүрэгт ажлаас гадуурх ажлыг хийж гүйцэтгэж байсан, жолооч А.Г  нь өөрийн жолоодон явсан автобусанд засвар үйлчилгээ хийлгэхдээ инженерийн зөвшөөрлийг авалгүйгээр засварчинтай шууд харилцаж үйлчилгээ авсан ба жолоодон явсан автобусаа асаалттай орхиж бууснаас өөр бусад хүнд хөдөлгөх нөхцөл бололцоог бүрдүүлсэн, улмаар жолооч Б.Ө нь асаалттай орхисон түүний автобусыг дур мэдэн жолоодож хөдөлгөөнийг эхлүүлэхдээ зам орчны нөхцөл байдлыг биеэр шалгаагүй, аюул осол үүсгэхгүй байх нөхцөл боломжийг хангаагүй, хайхрамжгүй хандсан нь эцэстээ осол гарах шалтгаан болсон гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг /Ажил олгогч дараах үүрэгтэй байна/-ийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж,

Монгол Улсын Олон Улсын гэрээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц”-ийн IV дэх хэсэг /Байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ/-ийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хяналтад нь буй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана.” гэж тодорхой заасан.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөхөөр тогтоосон.

Гэвч энэхүү нутаг дэвсгэр дотор гарсан зам тээврийн осол бүрийг дан ганц Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнд хамаатуулах нь өрөөсгөл юм.    

Осол гарсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ”-ын 1 дүгээр баазын хашаа нь ажлын талбар болохынхоо хувьд зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэн нэгэн дур мэдэн нэвтрэх, дамжин өнгөрөхөд зориулагдаагүйн гадна, тус хашаанд засварчин А.Ц, жолооч А.Г  нар холбогдох албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр автобусанд гарсан гэмтлийг засварлахаар тохиролцсон харилцаанд Замын хөдөлгөөний дүрмийн заалт үйлчлэхгүй, харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад актуудад заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага мөрдөгдөх учиртай.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, ажил олгогч “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын зүгээс хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн ажлын байранд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлээгүй нь хүний амь нас хохирсон үр дагавартай шалтгаант холбоотой эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн иргэний хариуцагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь учир дутагдалтай байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нэрлэж заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц нөхцөл байдлын хүрээг зөв тодорхойлох шаардлагатай тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Б.Ө-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Б.Ө-ын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/619 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ө-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Б.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН