| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/00325/И |
| Дугаар | 183/ШШ2024/01401 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/01401
| 2024 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2024/01401 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: Х
Түрээсийн төлбөр болон зардлын 20 288 449 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Р
нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.
/нэхэмжлэгч*******, хариуцагч******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт болон тайлбарийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК,******* нар нь хариуцагч*******ад холбогдуулан Түрээсийн үлдэгдэл төлбөрт 12 500 000 төгрөг, алданги 6 750 000 төгрөг, төлөгдөөгүй СӨХ-ны болон конторын ашиглалтын төлбөрт 1 038 449 төгрөг, нийт 20 288 449 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ******* ХК нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь иргэн*******тай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх нийт 1 жилийн хугацаатай ******* ХК-ийн өмчлөлийн тус компанийн худалдааны төлөөлөгч албан тушаалыг эрхэлдэг*******ын нэр дээрх гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо,******* ам, наадамчдын гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 1 сарын төлбөр 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан. Иргэн******* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байрандаа нүүж орсон бөгөөд бид 1 сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох нийт 7 500 000 төгрөгийг төлсөн ба харин үлдэгдэл 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 12 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа ба түрээсийн байрандаа нүүж орсноос хойшхи буюу 2023 оны 4-9 дүгээр сарын СӨХ-ны төлбөрт 617 266 төгрөг , мөн 04-11 дүгээр сарын орон сууц ашиглалтын төлбөрт 421,183 төгрөгийг тус тус төлөөгүй байсан ба уг орон сууц ашиглалтын төлбөрийг ******* ХК-нь төлсөн билээ. Манай компанийн зүгээс хөлслөгч*******ад дээрх төлбөрүүдийг төлөхийг гэрээ хийсэн цагаас хойш сануулж, шаардаж байсан боловч түрээсийн төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлж зарим хэсгийг төлж үлдэгдэл 12 500 000 төгрөгийг төлөөгүй ба өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд, тодорхой үр дүнд хүрээгүй байна. Иймд орон сууц хөлслөгч иргэн******* нь орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.3 дахь хэсэгт заасан орон сууцны төлбөрийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байгаа тул ******* ХК болон тус орон сууцны эзэмшигч******* нар нь хамтарч хариуцагч*******ад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Нэг. Монгол Улсын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасан шаардах эрхийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хугацаанаас өмнө цуцалж, орон сууц хөлсөлсөн түрээсийн үлдэгдэл төлбөр болох 12 500 000 төгрөг, Хоёр. Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний-ний 3.2-т зааснаар хөлслөгч нь түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон, мөн гэрээний 1.6 дахь хэсэгт заасан хугацаа болох 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 12 500 000 төгрөгийн хоногийн алдангид 6 750 000 төгрөг, Гурав. Хариуцагч******* түрээсийн байранд орсноос хойшхи буюу 2023 оны 4-9 дүгээр сарын СӨХ-ны төлбөрт 617 266 төгрөг , мөн 04-11 дүгээр сарын орон сууц ашиглалтын төлбөрт 421 183 төгрөг нийт 1 038 449 төгрөг, нийт 20 288 449 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тэмдэгтийн хураамжийг төлсөн болно гэв.
2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс 2023.03.29-ний өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.08.22-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэл, 2023.04.01-нээс 2024.12.01-ний өдрүүдийн төлбөрийн нэхэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт,******* ХХК-ийн нягтлан бодогч*******ийн тодорхойлолт,*******СӨХ-ны төлбөрийн түүх зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 7-29/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: иргэн*******тай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх нийт 1 жилийн хугацаатай ******* ХК-ийн өмчлөлийн тус компанийн худалдааны төлөөлөгч албан тушаалыг эрхэлдэг*******ын нэр дээрх гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо,******* ам, наадамчдын гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг 1 сарын төлбөр 2 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, 2023 оны 11 сарын 29-ний өдөр орон сууцыг суллаж авсан.
Одоо түрээсийн төлөгдөөгүй төлбөр 12 500 000 төгрөг, алданги 6 750 000 төгрөг, 2023 оны 4-9 дүгээр сарын СӨХ-ны төлбөрт 617 266 төгрөг , мөн 04-11 дүгээр сарын орон сууц ашиглалтын төлбөрт 421,183 төгрөгийг тус тус төлөөгүй байсан ба уг орон сууц ашиглалтын төлбөрийг ******* ХК-нь төлсөн. гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ХК,******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо,******* ам, Наадамчдын зам гудамж,******* байр,******* тоот хаягт байрлах, орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаагаар түрээслүүлж, гэрээ хийх үед 3 сарын төлбөр нэмэх нь 1 сарын барьцаа төлбөр төлөх бөгөөд нийт 8 000 000 төгрөг, 1 сарын төлбөр 2 000 000 төгрөгийг сар бүрийн 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-9/
Дээрх гэрээг байгуулагдсан асуудал болон хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй байх боловч хариуцагч******* түрээсийн төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, улмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, орон сууцыг 2023 оны 11 сарын 29-ний өдөр суллаж өгсөн болох нь тогтоогдож байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлсөх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Харин гэрээний дагуу хариуцагч******* нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарсан, гэрээний төлбөрт 2023 оны 8 дугаар сарын 14-ний хооронд 7 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрт 12 500 000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Мөн хариуцагч******* нь дээрх хугацааны СӨХ-ны төлбөр болон ашиглалтын зардлыг төлөөгүй байх ба уг төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх төлөгдсөн зардлуудыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. нийцнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчихгүй тул алдангийг тооцож олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн 207 хоногт тооцож, алдангид 2 750 000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэв.
5. Дээрхийг нэгтгээд хариуцагч*******аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 12 500 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 617 266 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 421 183 төгрөг, алданги 2 070 000 төгрөг, нийт 15 608 449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, илүү нэхэмжилсэн 4 680 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас түрээсийн гэрээний үүрэгт 15 608 449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК,******* нарт олгож, илүү нэхэмжилсэн 4 680 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 393 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 235 992 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ