Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 60

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

                        Улсын яллагч Б.Догмиддорж

                        Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

                        Хохирогч *******

                        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

                        Гэрч ******* байлцуулан

 

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201711000123 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1968 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ажилчин”-ны 4 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Барилгын цэргийн тусгай шүхийн 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112-р зүйлийн 2-т зааснаар 3 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 08 сарын 02-ны өдрийн...дугаар магадлалаар  2 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” зах дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас *******ийн нүүрэн тус газар цохиж, улмаар доод эрүүний ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлт бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 сарын 19-ний өдөр намайг “Оюу” дэлгүүрийн ойролцоо явж байгаад Хүдэрзүрхтэй тааралдаад “чи миний гар утсыг өмнө нь хулгайлж авсан биз дээ, одоо төлж өг” гэж хэлээд маргалдаж байгаад Хүдэрзүрхийг “чи тэгвэл өөрийнхөө гар утсыг надад өг” гээд утсыг нь авах гээд заамдаад авахад Хүдэрзүрх “өгөхгүй” гэж хэлээд миний хамар руу мөргөөд цус гаргасан. Бид хоёр хоорондоо барьцалдаад “Шүр” захын хойд буланд ноцолдоод бие биенийгээ газар унагаад цохилцсон. Би Хүдэрзүрхийн нүүр рүү гараараа цохисон, эрүүний ясыг нь хугалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Тэр үед Хүдэрзүрх бид хоёр хоёулаа архи уусан байсан ба утаснаас болж маргалдсан. Хүдэрзүрх нь өмнө нь 7 сарын үед миний гар утсыг хулгайлж авсан байсан юм. Би хохирогчид 2017 оны 05 сарын 03-ны өдөр 1000000 төгрөг хүлээлгэн өгсөн. Сая шүүх хуралдаан түр завсарлахад 1773420 төгрөг төлж хохиролгүй болгосон гэв.

           

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 19-ний өдөр “Шүр” зах орж үсээ засуулчихаад явж байгаад 14 цагийн үед “Оюу” дэлгүүрийн тэнд *******, ******* нартай тааралдсан. ******* надад хандаж “чи миний гар утсыг өмнө нь аваад зарж байсан биз дээ, чи одоо төлж өг эсвэл өөрийнхөө утсыг өг өө” гэж хэлэхэд, бид хоёр маргалдаж байгаад ******* намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаад зүүн тийш явж байгаад би *******ын гарыг тавиулаад зугтаах гэтэл ******* намайг барьж аваад “Шүр” захын зүүн хойд буланд газар унагасан. Тэгээд надтай ноцолдоод миний шанаа орчим цохисон, эрүү рүү өшиглөсөн. Мөн гутал тайлна гээд хөөж байгаад гутлыг минь тайлж авсан. Би тэр даруй эхнэртээ очиж хэлээд, эхнэр цагдаад хэлсэн.

Энэ үед миний эрүүний яс хугарсан байсан. Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд нэлээд мөнгө гарсан, яг хэдэн төгрөг гарсныг би сайн мэдэхгүй, манай эхнэр сайн мэдэж байгаа. Одоо эрүү хөдлөх нь хязгаартай, хоолонд нугаш, нухсан зөөлөн хүнс л хэрэглэдэг.

*******оос эмчилгээний зардалд өмнө нь 1000000 төгрөг, сая шүүх хуралдааны завсарлагаагаар 1773420 төгрөг авсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн баримттай хохирлыг бүрэн төлсөн. Гэвч миний биед цаашид эрүүний хадаасаа авахуулахаас эхлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Цаашид хийлгэх эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарахыг хэлж мэдэхгүй. Энэ зардлыг нэхэж байна. Мөн сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилж байна. Би *******ын гар утсыг авсан нь үнэн юм гэв.

           

            Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эд нарын зодолдсон үйлдлийг хараагүй. 2017 оны 03 сарын 19-ний өдөр намайг “Шүр” захын лангуун дээрээ сууж байхад манай нөхөр Хүдэрзүрх нүүр ам нь хавдаж, уруулаас нь цус гарсан байдалтай “******* гэх хүнд зодуулчихлаа” гэж ирсэн. Тэгэхээр нь би ******* руу утсаар байгаа байдлыг хэлэхэд “өгдөг газраа өг” гэсэн учир цагдаагийн байгууллагад хандсан юм. 

            Дорнодын эмнэлгээс Улаанбаатар хот руу яв гэсний дагуу би Хүдэрзүрхийг авч явж эмчилгээ хийлгэж, хагалгаанд оруулсан. Хагалгаанд ороход цусан төрлийнх нь хүн хэрэгтэй гэсэн учир төрсөн эгч нь нөхөртэйгээ очсон. Эдгээр хүмүүсийн замын зардал, хэрэглэсэн эм тариа, тусгай хоол иддэг байсан тул түүний баримтуудыг мөрдөн байцаалтанд өгсөн. Нийт 2 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг ******* бүрэн төлсөн. Гэхдээ дараа дараагийн эмчилгээний зардал гэж гарах байх. Энэ хүнийг бидний зүгээс заавал яланд явуулъя гэж бодохгүй байна, харин ажил хийвэл цаашдын эмчилгээний зардлыг төлөх боломжтой болох байх гэж бодож байна гэв.

           

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 161 тоот дүгнэлтэд: “1.*******ийн биед доод эрүүний ясны хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон доод эрүүний ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 27/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 165 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 31/

 

Хохирогч ******* /хх 16-19/, Гэрч Л.******* /хх 20/, /хх 21/, /хх 22/, /хх 23/, /хх 24/, /хх 25/,  Шүүгдэгч ******* /хх 36-39/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас /хх 28/, Өвчтний картын хуулбар /хх 41-43/, Хохирлын баримтууд /хх 45-49, 52-55, 57-67, 69-90, 92-97, задгай 28 хуудас/, Хохирол төлсөн талаарх баримт /задгай 2 хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 7-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10/, хохирогч *******ээс рентген зураг 2 ш-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 11-12/, Рентген зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх105/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2017 оны 03 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Шүр” захын хойд талд хохирогч *******тэй “өмнө нь алдагдсан гар утас”-наас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж “доод эрүүний ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Хүдэрзүрхийн нүүр рүү гараараа цохисон, эрүүний ясыг нь хугалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 36-39, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, хохирогч *******ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд надтай ноцолдоод миний шанаа орчим цохисон, эрүү рүү өшиглөсөн...Энэ үед миний эрүүний яс хугарсан байсан. Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн...” /хх 16-19, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүдийг;

Гэмт хэргийн сэдэлт, үйл баримтын талаар нүдээр харсан гэрч Л.*******ы “...******* Хүдэрзүрхийг чи миний гар утсыг өмнө нь хулгайлж байсан биз дээ, одоо төлж өг гэж хэлээд маргалдаад бие биенээ заамдаад...хоорондоо зодолдоод газар унаад ноцолдоод бие биенийгээ цохиж байхаар нь би салгасан...хоёулангийх нь хамраас нь цус гарсан байсан...” /хх 20/ гэх, гэрч “...Би тэр хэд рүү очиход ******* надад хандаж, энэ Хүдэрзүрх миний гар утсыг хулгай хийсэн юм аа. Тэгээд надтай маргалдаж байгаад миний хамраас цус гаргасан гэж хэлж байсан...Тэр хоёрыг ноцолдоод газраас босч байхад нь ******* очоод салгаж байсан...” /хх 21/ гэх, гэрч *******ийн “...Хүдэрзүрх ******* гэх хүнд зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдаж, уруулаас нь цус гарсан байдалтай ирсэн...” /хх 22/гэх мэдүүлгүүд, мөн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *******ийн биед “доод эрүүний ясны хугарал” бүхий гэмтэл учирсан байж болох талаар дүгнэсэн шинжээчийн 161 тоот дүгнэлт /хх 27/, Дорнод аймгийн БОЭТ-ийн их эмч гэрч ын “...Рентген зураг авахуулахад зүүн доод эрүү булан хэсгээрээ хугарсан байсан...” /хх 23/ гэх мэдүүлэг, Яаралтай тусламжийн хуудас /хх 28/, Өвчтний картын хуулбар /хх 41-43/, Хохирлын баримтууд /хх 45-49, 52-55, 57-67, 69-90, 92-97, задгай 28 хуудас/, Хохирол төлсөн талаарх баримт /задгай 2 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч *******ээс рентген зураг 2 ш-ийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 11-12/, Рентген зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/ зэрэг хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар  давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй “хохирогчийн урьд өмнө авсан гар утсыг нэхсэн”-нээс үүдэн маргалдаж, түүний эрүүн тус газарт гараараа цохиж “доод эрүүний ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг хувийн сэдэлтээр  үйлдэгдсэн гэж үзэж зүйлчлэн ирүүлсэн нь үндэстэй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн бие махбодид учирсан биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан “Эрүүний хугарал” гэмтэл нь түүний эрүүн тус газарт гараар цохисон шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлт нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106/ /, Хохирол төлсөн талаарх баримтууд / задгай 2 хуудас /, хохиролд 2773420 төгрөг хүлээн авсан талаарх хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийг анх удаа үйлдсэн /өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан боловч ялтай байх үр дагавар дууссан/ , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

     Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эмчилгээний зардалд 2773420 төгрөг авсан...Одоо сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг, цаашдын эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.

     Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл,          хохирогч ******* нь “...Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид гэм хорын  хохиролд 2773420 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт”-ын 26 дугаар гудамжны 07 тоотод байршилтай 350м2 газар /нэг хүнд ногдох хэсэг/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олговол зохино.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид гэм хорын  хохиролд 2773420 /хоёр сая долоон зуун далан гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөг төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч *******ийн рентген зураг 2 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хохирогч нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогч *******эд мэдэгдэж, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10000000 /арван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгоусугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт”-ын 26 дугаар гудамжны 07 тоотод байршилтай 350м2 газар /нэг хүнд ногдох хэсэг/  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

9. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Ү.ОДГЭРЭЛ