Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2023/0031

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Х” ХХК /захирал С.Ц/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Х

Хариуцагч: “Э” ТӨҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х, М.Т

Гуравдагч этгээд: “Г” ХХК /захирал Б.Г/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага:“Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755,  2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, М.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГазарт “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” гэж өөрчилсөн.

2. “Э” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 тоот мэдэгдлээр “Х” ХХК-д хүргүүлсэн.  

Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам “Х” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзээд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4910 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Захиалагч “Э” ТӨҮГазар нь ЭҮТӨҮГ/202301209 дугаартай Давтмал ган нийлүүлэх тендерт хамгийн сайн тендерээр шалгарсан “Г” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2/367-23 дугаартай “Худалдах худалдан авах” гэрээг байгуулсан.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г” ХХК нь “Э”ТӨҮГ-аас зарласан “Ган туйван II” тендерт оролцохдоо үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуурамчаар үйлдсэн болох нь Орхон аймгийн нотариатч Д.Э болон Монголын нотариатчдын танхимын албан бичгээр нотлогдсон тул 2023 оны 06-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд хуурамч бичиг баримт ашигласан тул эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж өгөхийг хүссэн гомдлыг гаргасан. Захиалагчийн ТШЗ 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: “Шаардана” Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ (албан бичиг, мэдэгдэл,зөвшөөрөх бичиг г.м байж болно). Хэрэв гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэж шаардсан. “Г” ХХК “Давтмал ган” нийлүүлэх тендерт оролцохдоо үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулж ирүүлэхдээ 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн нотариатч Д.Эын тамга, гарын үсгийг дахин хуурамчаар ашигласан байна. Иймд “Г” ХХК-ийг уг тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох боломжгүй юм.”

“Э” ТӨҮГ-ын 2023 оны 06 сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын 202301209 дугаартай “Давтмал Ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгаж өгнө үү.

Тендерт оролцогч нар “Э” ТӨҮГ-тай хамтарч ажиллаж байгаа. Ажиллагааг саадгүй хангах үүднээс бараа, материал нийлүүлээд явж байдаг. “Г” ХХК 2 удаа дараалан орж байгаа нь бусад компанийн эрхийг хөндөөд байна. Бид нар хичнээн үнэнч шударгаар оролцох гээд материал өгсөн ч нэмэргүй болж байгаа юм. Манайх хохироод байна гэсэн. Тэгвэл танайх хуурамч материал битгий бүрдүүлж өгөөч ээ л гэж хэлмээр байна” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГ 2023 оны 03 сарын 31-ний өдөр 202301209 дугаартай “Давтмал ган” тендерийг зарлаж, “Х” ХХК материалаа илгээсэн. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ГЁ12/3756 дугаартай мэдэгдлээр манай компанийг шалгараагүй, “Г” ХХК шалгарсан тухай мэдэгдсэн. Ингээд энэ шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан. Эхлээд “А” ХХК шалгарсан байсан. Гэтэл энэ хоёр компани аль, аль нь хуурамч материал бүрдүүлэн өгсөн учраас гомдол гаргасан. Үйлдвэрлэгчийн баталгааг хуурамчаар хийж түүнийгээ батлуулахдаа нотариатын хуурамч тамга, тэмдгийг ашигласан. Тендерийн тухай хуульд зааснаар тендерийн баримтыг бүрдүүлэн өгөхдөө хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Захиалагчийн зүгээс шаардлагад нийцсэн тендерийг шалгаруулах ёстой. Шаардлагад нийцсэн тендерийг хянаж нягтлах үүрэг нь Үнэлгээний хороонд байсан. Шаардлагад нийцээгүй компани болох “Г” ХХК, “А” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 112-12/3756 дугаартай мэдэгдэл, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 12/3755 дугаартай гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлүүдийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж Үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгуулж өгнө үү.

Үнэлгээний хороо нь тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй компанийг шалгаруулсан. Яагаад хуурамчаар тамга, тэмдэг ашиглаж үйлдвэрлэгчийн баталгааг хуурамчаар хийгээд байхад шалгаруулсныг зөвшөөрөхгүй байна. Шударга ёсны зарчим гэж байх ёстой. Хэрэгт авагдсан нотариатын гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байхад Үнэлгээний хороо гэж байгуулж, тендер зарлах ямар хэрэгтэй юм бэ. Хуурамчаар шалгаруулдаг юм бол тендерт энэ олон компани оролцох ямар хэрэгтэй юм бэ. Хуурамч баримт бичигтэй компанийг шалгаруулж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Үндсэн шалгуур үнэ байхаар тогтоосон боловч хамгийн бага үнийг санал болгож байгаа компани шаардлагад нийцсэн баримтыг гаргаж өгөх ёстой. Жишиг баримт бичгээр тухайн аж ахуйн нэгж хариуцлагаа хүлээх ёстой гэдэг боловч нягтлан тогтоох ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, М.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо байгуулагдсан. Цахим худалдан авах ажиллагааны системд тус тендер шалгаруулалтын урилгыг байршуулан нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тендерийн нээлт хийсэн. Тус тендерийн урилгын дагуу “Давтмал ган” нийлүүлэх тендер шалгаруулалтад “Х”ХХК, “Г” ХХК, “А” ХХК-иуд тендер ирүүлсэн. Тус компаниудын тендерийн санал болгосон бага үнийн дүнгээр эрэмбэлэхэд “Х” ХХК тендерт оролцогчдын жагсаалтад 3-т жагссан. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасныг үндэслэн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгараагүй гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүлийн 46.1.3-т “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж захиалагчийн эрх, үүргийг хуульчилсан ба тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 03/4074 тоот албан бичгийг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тендерийг хянан үзэж, үнэлгээг хийсний үндсэн дээр “Г” ХХК-ийг шалгаруулж, захиалагч Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тендерт оролцогчдод мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд захиалагч Үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн тендерт шалгараагүй үндэслэлийг заасан мэдэгдлийг “Х” ХХК-д хүргүүлсэн нь хуульд нийцсэн, Үнэлгээний хороо хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн тул захиалагчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 144 дүгээр тушаалын хавсралтаар “Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг”-ийг баталсан ба тус жишиг баримтын дагуу тендер оролцогч тендерийг Үнэлгээний хороонд ирүүлдэг. Тус жишиг баримтын санамжид тендер шалгаруулалтын зааварчилгааг зохицуулсан нэгдүгээр бүлгийг өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэхээр заасан. Иймд ямар ч тендерт оролцогч нь өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг. Харин илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 521.2.1-д заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоож тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн улсын бүртгэлд хамруулах тухай саналыг гаргадаг. Тиймээс үнэлгээний хороо, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг болохоос тендер шалгаруулалтын явцад хуулийн этгээдээс илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэхийг тогтоохгүй юм.

Иймд үнэлгээний хороо хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн, захиалагч үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн “Х” ХХК, “Г” ХХК-д ГЁ-112-12/3755, ГЁ-112-12/3756 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хүргүүлсэн, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэхийг эрх бүхий улсын байцаагч тогтоогоогүй байсан тул дээрх мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

2. “Э” ТӨҮГ-ын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах шаардлагын тухайд, ...Үйлдвэрийн газар нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д тус тус заасны дагуу эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Тиймээс тендер шалгаруулалт явагдаад гэрээ байгуулсан, мөн тендерийн хүчинтэй хугацаа дууссаны дараа “Х” ХХК-тай гэрээ байгуулах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд шаардлагад нийцсэн тендер гэж юуг хэлдэг вэ гэхээр захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага гэж байдаг. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлагыг хангасан эсэхийг Үнэлгээний хороо хийнэ. Захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн бусад нөхцөл шаардлага гэсэн эдгээр шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзнэ. Үүний дараа хамгийн бага үнийн саналтайг хамгийн сайн тендер гэж үздэг. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагааны тухай хуулийг биелүүлээгүй, эсхүл алдаа гаргасан энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий улсын байцаагч эдгээрийг тогтоодог. Хуульд заасан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Хуульд заасан чиг үүргээс халиад хуурамч зүйл хийсэн зүйл байхгүй. Сангийн яамны баталсан жишиг баримтад зааснаар тендерт оролцогч нь  үнэн зөвөөр хариуцлагатай оролцохоо илэрхийлж материалынхаа үнэн зөвийг хариуцдаг. Эрхээ хязгаарлуулсан хуулийн этгээдийн жагсаалтад орсон тохиолдолд дараа нь тендерт оролцох боломжгүй учраас компаниуд үүнийгээ ч гэсэн мэддэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэв.  

 

6. Гуравдагч этгээд Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дээр тогтоогдоогүй асуудлыг тогтоосон мэтээр яриад байна. Энэ бол зөвхөн нэг талаас гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээн дэх зүйл байгаа. “Г” ХХК-ийн гаргаж өгсөн баримт хуурамч гэдгийг шүүхийн байгууллагаас тогтоогоогүй. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэдгийг цагдаа, прокуророос ирсэн хариунаас мэдсэн. Цагдаагаас нэг удаа дуудаж байцаалт аваагүй, прокуророос дуудаагүй. Гэрээ хэвийн явагдаж байгаа. 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжийг 09 сард буюу бараа материал татаад мөнгө шилжүүлж байх үед гуравдагч этгээдээр татагдсан. Буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад зөвхөн нэг талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслээд буруутайд тооцоод тендерийг хүчингүй болгоод яваад байгаа нэхэмжлэгч компанид гомдолтой байна. “Х” ХХК-ийн гаргасан гомдолтой холбоотой тэр гэрээ худлаа болж үйл ажиллагаа зогссон. “Давтмал ган” тендер дээр Үнэлгээний хорооны ажилтнуудын буруу биш. Илтэд хуурамч баталгаа байна гэдгийг тендерийн хорооны гишүүд хараад мэдэхгүй. 6 хоногийн хугацаанд хуурамч гэдгийг шалгах боломжгүй. Шалгах эрх бүхий этгээд нь биш. Энэ олон компаниудын тендерийн материалтай танилцаад “А” ХХК-ийг шалгаруулсан байсан. Гэвч бичиг баримтын зөрчилтэй байсан учраас үнийн саналаар “Г” ХХК бага үнийн саналтай байсан учраас гэрээ байгуулсан. Уг гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэрээний дагуу ажил хийхгүй гэсэн мэдэгдэл одоог хүртэл ирээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан. Үүний дагуу “Г” ХХК шалгараад гэрээгээ байгуулаад шүүхэд гаргаж өгсөн гэрээний дагуу нэмэлт гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлсэн. Одоо бараа нь ирж байгаа. Эийн агуулахад буух л үлдсэн. Тэгэхээр ямар нэг буруутай үйлдэл харагдахгүй байна. Бараа материалын шилжүүлсэн үнэ, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ яах болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тендерийн хугацаа гэж байгаа. Энэ тендерийг шалгаруулаад яаралтай бараа материал олон цехүүдэд өгөх байгаа. Нийлүүлэлтээ хийхгүй бол “Э” ТӨҮГ үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Өнөөдөр Оюу толгой компани хэд дахин том уурхай мөртлөө Э ТӨҮГазраас үр өгөөжөөрөө бага байдаг. Гэтэл Э” ТӨҮГ манай улсын төсвийг бүрдүүлж ирсэн. Тиймээс хэвийн үйл ажиллагааг тасалвал олон сая долларын алдагдалд орно. Тендерийн хугацаатай холбоотой асуудлыг шүүх анхаарч үзэх хэрэгтэй байх. Орхон аймгийн болон “Э” ТӨҮГазраас зарласан тендерүүдэд оролцож үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ямар нэг байдлаар хуурамч материал өгсөн мэт нотлогдоогүй байхад тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас ирүүлсэн албан бичигт гомдлыг хянасан байдаг. Гомдлууд ямар нэг үндэслэлгүй байна гэсэн албан хариуг өгсөн. Хэрэгт нотлох баримтаар өгсөн нотариаттай холбоотой баримтууд нь хуулбар хувь байсан. Нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Гэрээг ямар нэг байдлаар зогсоосон албан бичиг байхгүй. Гэрээнийхээ дагуу ажлаа хийгээд явж байгаа. Манай эрх ашиг хөндөгдөж байна. Банкнаас валют худалдаж аваад бараа материалын үнийг тушаасан. Эрээн хотод агуулахад ирчихсэн “Э” ТӨҮГ-руу өгөхөд бэлэн болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар гуравдагч этгээдийн эрх улам дордоно. Гуравдагч этгээд үүргээ гүйцэтгээд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГазарт “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755,  2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” гэж өөрчилсөн бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. “Э” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаартай тушаалаар “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг Үнэлгээний хороо нь “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Э” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар “Э” ТӨҮГ-ыг татан оролцуулсан болно.

4. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа нь үргэлжилсэн шинжтэй, маргааны зүйл нь нэг байх бөгөөд уг тендер сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд анх шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Шүүх ““Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаар мэдэгдэл,  2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            5.1. “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, 01 дугаартай хуралдааны тэмдэглэлээр тендерийн баримт бичгийг хэлэлцэн баталж, уг тендерийн баримт бичгийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан байх бөгөөд эхний тендер сонгон шалгаруулалтаар “А” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулсан боловч тендерт оролцогчдын гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/4074 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 12-13, 70-86 дахь тал/

            5.2. Монгол Улсын Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин хуралдаж, 03 дугаартай үнэлгээний хорооны шийдвэрээр “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 84-86 дахь тал/

5.3. Захиалагчаас тендерт шалгарсан “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “Г” ХХК-д хүргүүлж, тендерт оролцогч “Х” ХХК-д тендерт шалгараагүй тухай 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна. /Хавтаст хэргийн 87-90 дэх тал/

5.4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэсэн үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/4910 дугаартай албан бичгээр гомдлыг буцаажээ. /Хавтаст хэргийн 14-16 дахь тал/

5.5. “Э” ТӨҮГ, “Г” ХХК-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Гэрээний дагуу өнөөдөр бараа нийлүүлээгүй байгаа, нэгэнт гэрээ байгуулсан учраас гэрээний дагуу барааг авна”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Барааг нийлүүлэхэд бэлэн болсон, Хятадын компанид төлбөрөө шилжүүлээд бараагаа Эрээн хотод татан авсан. Энэ нь мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа” гэж тус тус тайлбарлав. /Хавтаст хэргийн 91-96 дахь тал/

5.6. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ““Г” ХХК-ийн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээрх нотариатч Д.Э-ын гарын үсэг, тайлал зөрүүтэй, уг баримтыг хуурамчаар үйлдсэн” гэх үндэслэлээр маргасан.

5.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж заасан шаардлагын дагуу тендерийг хянан үзэхээр хуульд заасан.

5.8. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно: ...16.1.7.барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл”, 16.2-д “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зааснаар нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төрөл, техникийн үзүүлэлт, тухайн барааны гарал үүслийг тодорхойлох, хаанаас, ямар төрлийн бараа худалдан авч нийлүүлэх гэж байгааг тогтоох зорилго бүхий үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг ирүүлэхийг захиалагч тендерийн баримт бичигт тодорхойлжээ.

5.9. Тодруулбал, “Давтмал ган” нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТШЗ/-ны 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл...нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ...” гэж заасан. /Хавтаст хэргийн 72 дахь тал/

5.10. Тендерт шалгарсан “Г” ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээ үүсгэж байгаа нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул захиргаа дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5.11. Учир нь нотариатч Д.Э-ын шүүхэд ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан нотлох баримтуудаас дүгнэхэд “Г” ХХК нь тус нотариатчаар үйлчлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг захиалагч дахин хянан үзэж, дахин шинэ акт гаргах үндэслэл болж байна. /Хавтаст хэргийн 99-103 дахь тал/

5.12. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан худалдан авах ажиллагааны зарчимд нийцнэ.

5.13. Тодруулбал, тендерт оролцогчид нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахын тулд батлагдсан шаардлагын дагуу тендерийн баримтаа бүрдүүлэх, шударгаар тэгш өрсөлдөх, өөрийн тендерийн үнэн зөвийг хариуцах, хариуцлагатай байх, захиалагч, тендерийн үнэлгээний хорооны зүгээс тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан тендерт оролцогчийг шалгаруулах, гэрээ байгуулах зэргээр худалдан авах ажиллагааны үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг хангах нь зүйн хэрэг юм.

5.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж зааснаар хуулийн 27 дугаар зүйлийг зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарахаар заасан байх тул тендерийг хянан үзэх ажиллагааг дээрх үндэслэлээр дахин хийх нь зүйтэй бөгөөд бараа бүтээгдэхүүний хувьд “үйлдвэрлэгчийн итгэмжлэл” нь хууль, тендерийн баримт бичигт тусгагдсан нөхцөл шаардлагуудын нэг юм.

Иймд тухайн барааг хаанаас, хэнээс, ямар гарал үүсэлтэй бараа авч нийлүүлэх нь тодорхой, хууль болон тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг эргэлзээгүй хангасан байх шаардлагатай тул тендерийг дахин хянан үзэж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

5.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерт үнэлгээ хийхээр зохицуулсан байх тул тендерийг хянах, тендер үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг тендерийн тодорхой шат дараалсан ажиллагаанууд хийгдээгүй байхад шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            5.16. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн барааны химийн үзүүлэлт тодорхойлох хүснэгт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн “Бараа худалдан авах нэмэлт гэрээ” гэх баримтууд нь монгол хэл дээр орчуулагдаагүй байх тул нотлох баримтаас хасаж, нотлох баримтын шаардлага хангаагүй хавтаст хэргийн 23-32 дугаар хуудаст авагдсан нотариатчын үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг баримтлан “Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаар мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүдийг дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, ““Э” ТӨҮГазрын 202301209 дугаартай “Давтмал ган” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Х” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол “Э” ТӨҮГазрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3755 дугаар мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГЁ-112-12/3756 дугаар мэдэгдлүүд хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ