Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/114

 

А.Б-т холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ны өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа,

шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1226 дугаартай шийтгэх тогтоолтой эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ны өмгөөлөгч Н.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-т холбогдох эрүүгийн 2108 00151 0146 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Б, 1977 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн оршин суух,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

          А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 112Б тоотод “Чи манай гэрт хоносонгүй, явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдан Ж.Б-ы нүүр, баруун нүд орчимд цохиж, зодсоны улмаас гавал тархины гэмтэл учруулж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жилээр тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг флаш, найман ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-с нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, өмгөөлөгчийн зардал, тэтгэврийн зөрүүтэй холбоотой 21.816.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ы өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-с нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, өмгөөллийн зардал, тэтгэврийн зөрүүтэй холбоотой 21.816.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг нээлттэй үлдээж, иргэний журмаар мэтгэлцэх боломжоор хангаж шийдвэрлэх байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

            Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Энэ нь тухайн хүний хуулиар олгогдсон боломж учраас өмгөөллийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцдоггүй хууль зүйн зохицуулалттай. Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Б нь шийтгэх тогтоолд заасан төлбөрийг нөхөн төлсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зээл, өмгөөлөгчийн хөлс,  хүүхдийн тэтгэмж, талийгаачийн буяны зан үйлтэй холбоотой зардлуудыг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад 2.149.000 төгрөг, нийтдээ 11.695.000 төгрөг хохиролд төлөгдсөн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн зээл, өмгөөлөгчийн хөлстэй холбоотой зардлыг хэрэгсэхгүй болгосон. Харин хүүхдийн тэтгэмжтэй холбоотой зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Энэ нь үндэслэл бүхий болсон. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос А.Б-ыг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 112Б тоотод “Чи манай гэрт хоносонгүй, явах гэлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдан Ж.Б-ы нүүр, баруун нүд орчимд цохиж, зодсоны улмаас гавал тархины гэмтэл учруулж хүнийг алсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэний үр дүнд, “...амь хохирогч Ж.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсны улмаас эмнэлэгт 11 хоног эмчилгээ хийлгээд нас барсан болох нь өвчний түүх, шинжээчийн 760, 1314 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчлөх тухай дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ...” хэмээн дүгнээд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний хүрээнд хорих ялыг оногдуулж, эдэлбэл зохих ялын хэмжээ, ял эдлэх дэглэм, нөхцөл болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

            Гэвч ийнхүү хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ огт тусгалгүйгээр яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг хуулбарлан бичсэнийхээ эцэст дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтуудын шаардлагад нийцээгүй байна.

            Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

            Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхээр заасан ба уг зарчим нь “шударга шүүхээр шүүлгэх” хүний эрхээс үүдэлтэй. Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх нь тэгш эрх, шударга ёсыг үндсэн зарчмаа болгосон, аливаа хэрэг маргааныг хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт, мэтгэлцээний үр дүнд тулгуурлан дүн шинжилгээ хийж шийдвэрлэх чадвартай байна.

1985 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд” хэмээх баримт бичигт “Шүүхийн байгууллага нь өөрт шилжүүлсэн хэргийг алагчлалгүйгээр хэний ч нөлөөнд авталгүй, баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн ямар нэг хязгаарлал, хууль бус нөлөөлөл, сэтгэлийн хөдлөл, дарамт шахалт сүрдүүлэггүйгээр, хэний ч талаас ямар ч шалтгаантай байсан шууд ба шууд бус хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэнэ.” гэж тусгасныг тэмдэглэх нь зүйтэй.

            Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож А.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч А.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хохирлын талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ы өмгөөлөгч Н.Эрдэнэтуяагийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1226 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл А.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН