Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/01278

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/01278 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б

Хариуцагч: Х

Жоншны төлбөрт шилжүүлсэн 53 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.

хариуцагчийн төлөөлөгч Н.

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч **********ьд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Жоншны төлбөрт шилжүүлсэн 60 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 53 000 000 төгрөг гаргуулах болгож багасгаж, шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Манай зүгээс 60 000 000 төгрөгийг жонш авах зорилгоор урьдчилгаа болгож 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, Монгол улсад оршин суудаг, **********ийн эзэмшдэг хаан банкны******* тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш, худалдан авах ёстой жоншийг хариуцагчид огт өгөөгүй. Учир нь хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаанаас үүдээд энэ маргаан үүссэн. Гэтэл өнөөдрийг хүртэл манай тал Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн жуучлалд хандсан. Тооцоо нийлье, тооцоо нийлсэн акт гаргая, 2 талаасаа ярилцъя гэж удаа дараа шийдсэн боловч **********ь нь ямар нэгэн байдлаар хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Өмнө нь 60 000 000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцье гэдэг асуудлыг гаргаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл явахгүй байгаад байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг талаараа удаашруулж байна гэж үзэж байна. Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 53 000 000 төгрөгийг хариуцагч **********иэс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 60 000 000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга гаргаж ирсэн. Дараа нь 53 000 000 төгрөг болгож буулгахдаа 13 000 000 төгрөгийн асуудал ярьж гаргаж ирж байна. Ингэхдээ дансны хуулга болон нэхэмжилж үнийн дүнг, мөн гүйлгээний утгатай баримтыг гаргаж өгөөгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа ******* нь ********** компаниас 3-4 удаа жонш худалдаж авсан гэж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Хятад улсын иргэн **********ь нь ********** компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, төлбөр тооцооны асуудлыг хариуцан ажилладаг. ********** компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг,******* аймгийн******* сум дахь******* жоншны уурхайг хамтран ашиглахаар******* эрдэнэс ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу ********** ХХК нь уурхайг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, төлбөр тооцооны асуудлыг хариуцах,******* эрдэнэс ХХК нь жонш олборлох, тухайн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тохиролцсон байдаг. Харин зарим тохиолдолд жонш олборлож, худалдан борлуулсан төлбөр тооцоог хамтран ажиллаж байсан******* эрдэнэс ХХК-ийн захирал*******ын данс руу тодорхой дүнгээр шилжүүлдэг, авч зарцуулдаг байсан. Иргэн ******* нь 4 удаа жонш худалдаж авч байсан. Энэ нь дансны гүйлгээгээр нотлогддог. Бид энэ дээр маргадаггүй. Тус жоншийг худалдаж авахдаа уурхайн амнаас жонш хүдэртэй шороог ачуулж, уурхайн бичсэн зарлагын падааны дагуу төлбөр тооцоо хийгддэг. Нөгөө талаар жонш авахаар урьдчилгаа төлбөрөө хийгээд, захиалах байдлаар өгдөг байсан. ******* нь хамгийн анх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр уурхайн нэгдүгээр амнаас 144 тонн жонш ачуулж, 1 тонныг 500 000 төгрөгөөр тооцож, нийт 72 000 000 төгрөгийн жонш авсан. Энэхүү жоншны төлбөр тооцоог ******* нь н.Одончимэг гэх хүний Хаан банкны тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр 43 000 000 төгрөгийг **********ийн Хаан банк дахь 5003582413 тоот данс руу ******* жоншны үнэ гэсэн утгатай гүйлгээ хийж төлсөн. Энэ дансны хуулга болон падааныг бид гаргаж өгсөн. Ингээд 72 000 000 төгрөгийн төлбөрөөс 29 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж байгаад, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* нь өөрийн Хаан банкны дугаарын данснаас **********ийн Хаан банкны данс руу 60 000 000 төгрөгийг *******гээс жоншны урьдчилгаа гэсэн утгатайгаар хийж байршуулсан. Энэ хугацаанд 72 000 000 төгрөгийн жоншны 43 000 000 төгрөгийг өгөөд үлдсэн 29 000 000 төгрөг төлөгдөөгүй байсан гэсэн үг. Уг 60 000 000 төгрөгөөс **********ь болон энэ компанийн зүгээс 72 000 000 төгрөгийн жоншны төлбөрийн үлдэгдэл 29 000 000 төгрөгийг хасаж, ******* жонш авбал 31 000 000 төгрөгийн жонш өгөхөөр тооцоо нийлээд, ийм тооцооны үлдэгдэлтэй болсон байсан. Ингээд 31 000 000 төгрөгийн үлдэгдэл жонш гарахад 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* нь уурхайн нэгдүгээр амнаас 115 тонн жоншийг 1 тонныг 500 000 төгрөгөөр, 130.5 тоннын шороог, 1 тонныг нь 130 000 төгрөгөөр тооцож, нийт 18 270 000 төгрөгөөр ачуулж авсан падан байдаг. Ингээд 75 770 000 төгрөгийн жонш, хүдэртэй шороог ачуулж авсан. Энэ жонш шорооны борлуулсан төлбөр тооцоонд *******гийн жоншны урьдчилгаанд байршуулсан мөнгөний үлдэгдэл 31 000 000 төгрөгийг тооцон суутгасны дараа ******* нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг ******* өөрийнхөө дансаар гэсэн гүйлгээний утгатайгаар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 50 077 000 төгрөгийг мөн өөрийнхөө данснаас жоншны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар **********ийн данс руу нийт 55 077 000 төгрөгийг шилжүүлсэн. Эндээс бид тооцоо нийлээд, жонш, хүдэртэй шороо худалдан авсан төлбөр бүрэн төлөгдсөн. Өмнөх өр төлбөрийн үлдэгдэлгүй. Харин манай компаниас жонш хүдэртэй шороо авахад урьдчилгаа төлбөр болгож, 10 300 000 төгрөг нь *******гийн төлсөн мөнгөнөөс үлдсэн гэж тооцоо нийлсэн. Энэ нь дараа дараагийн жонш, хүдэртэй шороо авахад төлбөр тооцоонд дээрхийн адил суутгагдан авсан нөхцөл байдлаар тогтоогдоно. Сүүлд *******гийн гаргаж ирж байгаа 13 000 000 төгрөгийн асуудал энэ юм. Нэгдүгээр ам, гуравдугаар амнаас авсан жонш, хүдэртэй шорооны мөнгө нийт 152 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн мөнгөний 60 хувь нь гуравдугаар ам дээр ирээд, нэгдүгээр ам нь бидний хооронд маргаан үүсэн байдаг. 60 000 000 төгрөгтэй холбоотой төлбөр тооцоог суутгаж аваад, жоншийг өгсөн учраас манай компани ямар нэгэн байдлаар 60 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч ******* нь жоншийг хариуцагч **********иэс худалдаж аваагүй бөгөөд хариуцагч **********ь нарын хооронд жонш худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй. ******* нь ********** компаниас 3-4 удаа жонш худалдаж авсан байдаг бөгөөд тус компанийн санхүүг нь **********ь хариуцаж, түүний дансаар мөнгө нь шилждэг. Тиймээс хариуцагч биш гэдгийг хэлмээр байна гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.3.12-ны өдрийн Н.Одончимэгийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг ирүүлсэн./хх-ийн 3-4 /

4. Хариуцагчаас *********** Хаан банкны дансны хуулга, ********** ХХК-ийн 2021.2.23, 2021.01.15-ны өдрийн зарлагын баримтууд ирүүлсэн. /хх-ийн /

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай зүгээс 60 000 000 төгрөгийг жонш авах зорилгоор урьдчилгаа болгож 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр **********ийн эзэмшдэг хаан банкны******* тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш, худалдан авах ёстой жоншийг хариуцагчид огт өгөөгүй. Тооцоо нийлье, тооцоо нийлсэн акт гаргая, 2 талаасаа ярилцъя гэж удаа дараа шийдсэн боловч **********ь нь ямар нэгэн байдлаар хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн. ...нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 53 000 000 төгрөгийг хариуцагч **********иэс гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч ******* нь жоншийг хариуцагч **********иэс худалдаж аваагүй бөгөөд хариуцагч **********ь нарын хооронд жонш худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй. ******* нь ********** компаниас 3-4 удаа жонш худалдаж авсан байдаг бөгөөд тус компанийн санхүүг нь **********ь хариуцаж, түүний дансаар мөнгө нь шилждэг. Тиймээс хариуцагч биш. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь жонш худалдан авахаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч **********д 60 000 000 төгрөгийг, түүний Хаан банкны******* тоот данс руу шилжүүлж өгсөн бөгөөд жоншийг өгөөгүй тул мөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, мөнгө шилжүүлсэн дансны хуулга бүхий 1 хуудас баримтыг ирүүлсэн байна.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч *******гээс жонш худалдаж авсан төлбөрийг өөрийн хувийн дансаар авч байсан талаар маргаагүй хэдий ч талуудын хооронд үүссэн жонш худалдах, худалдан авах гэрээний харилцаа өөр этгээдүүдийн хооронд үүссэн үйл баримтын тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаас өөрөөр тайлбарлаж байна.

5.1 Хариуцагч Хятад улсын иргэн **********ь нь ********** компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, төлбөр тооцооны асуудлыг хариуцан ажилладаг. ********** компани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг,******* аймгийн******* сум дахь******* жоншны уурхайг хамтран ашиглахаар******* эрдэнэс ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу ********** ХХК нь уурхайг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, төлбөр тооцооны асуудлыг хариуцах,******* эрдэнэс ХХК нь жонш олборлох, тухайн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тохиролцсон байдаг.

5.2 Энэхүү гэрээ хэрэгжих явцад иргэн ******* нь ********** компаниас 3-4 удаа жонш худалдаж авсан байдаг бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан, үүнийг бид хүлээн зөвшөөрч байгаа, харин зарим тохиолдолд жонш олборлож, худалдан борлуулсан төлбөр тооцоог хамтран ажиллаж байсан******* эрдэнэс ХХК-ийн захирал*******ын данс руу тодорхой дүнгээр шилжүүлдэг, авч зарцуулдаг байсан гэж тайлбарласан байна.

5.3 Нэхэмжлэгч нь хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын тухайд маргаагүй хэдий ч ********** ХХК-ийн шаардлага хангахгүй баримтыг үндэслэж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

5.4 Хариуцагч нь ******* нь уурхайн 1-р амнаас жонш болон хүдэртэй шороо авдаг байсан бөгөөд манай талаасгэдэг хүн борлуулалтаа хийж хяналт тавьдаг, жонш ачаад гарч байгаа машиныг пүүлээд зарлагын баримт үйлдээд түүний дагуу худалдан авагч нь үнийг төлдөг байсныг нотолсон баримт гэж тайлбарлаж, мөн дансны хуулгаар эдгээр үнийн дүн нь давхар нотлогдоно гэж тайлбарлав.

6. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд жонш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар болон дээрх төлбөрийг хариуцагч **********ь хариуцах ёстой талаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, жонш худалдах, худалдан авах гэрээний харилцаа *******, ********** ХХК,******* эрдэнэс ХХК нарын хооронд үүссэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагч Хятад улсын иргэн **********ь холбогдуулан гаргасан шаардлага үндэслэлгүй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********ь-аас жоншны үнэд шилжүүлсэн 53 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч **********нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ