Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2024/00166

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      129/ШШ2024/00166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ааймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Т сумын М баг, ... гэх газар оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, Х овогт Ж.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын ...............тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, Б овогт Д.Н /иргэний бүртгэлийн дугаар: .../-д холбогдох

4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Н-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ж.Б нь А аймгийн Т сумын М багийн ...гэдэг газар өөрийн өмчлөлийн болон дүү Ө.Л-ын өмчлөлийн малыг маллаж амьдардаг. Ж.Б-н дүү болох Ө.Л нь 2023 оны намар хүн амьтнаас нутаглаж өвөлжих газар, хашаа, өвөлжөө сураглаж явсаар хариуцагч Д.Н гэх хүнтэй холбогдож А аймгийн И сумын Хан-өндөр багийн Улаан халзан гэх газар байрлах Д.Н-н хашаанд 7,000,000 төгрөг өгөн 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус хашаан дээр нь малаа авчирч маллахаар уулзаж ярилцаж тохиролцсон. Д.Н нь анх уулзаж ярилцаад хэлэхдээ тухайн хашаа болон хашааны газрын ойролцоо газраа өвстэй сайхан газар гэж Ж.Б-д хэлж итгүүлсэн байдаг. Түүнийг нь нэхэмжлэгч зөвшөөрч адилхан мал идээтэй хүмүүс худлаа ярихгүй байх гэж итгэн 2023 оны 12 сарын 17-ны өдөр А аймгийн Т сумын М багт байх өөрийн гэрээс 420 гаруй тооны үхрийг том машинаар ачиж авчран А аймгийн И сумын төвийн ойролцоо Тээгийн шил гэдэг газрын цаана буулган цааш хөлөөр нь 4 хүнээр туулгаж хариуцагч Д.Н-н хашааны ойролцоох бэлчээрт үхрээ бэлчээрлүүлсэн. Тухайн үед анх очиход нь тус газарт цас орж мал идээшлэх өвсгүй, малаа хашаанд нь хаших гэхээр хашаанд нь багтахгүй байсан тул өөр айлын хашаанд малаа хашиж байгаад өөр өвс сайтай газар сураглан тэндээс 10 хоногийн дараа үхрээ туугаад А аймгийн И сумын Х багийн С гэдэг нэртэй газар өөр хүний өвөлжөөн дээр очиж нутаглан одоог хүртэл тэнд малаа маллаж байна. Дээрх нөхцөл байдлаа тайлбарлаж хашаан дээр нь малаа маллахаа больж байгаа талаараа хэлж өгсөн мөнгө төгрөгөө ярилцан тохиролцож буцаан авах талаар Д.Н-н 00000 дугаарын утсанд 2024 оны 01 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б өөрийн утаснаас залгаж хэлэхэд тийм юм байхгүй гэж хэлээд утсаа салгасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Д.Н нь нэхэмжлэгчид анх хэлэхдээ манай хашаа байдаг газар нь өвс тэжээл сайтай, хажуу хавиргандаа айлууд нь хэл ам байхгүй, хаа сайгүй өвстэй, гэр барьж өгнө, юу хэрэгтэй тэр бүгдийг нь өгнө гэж хэлсэн бөгөөд адилхан мал идээтэй хүмүүс худлаа хэлэхгүй байх гэж итгэн мөнгө шилжүүлсэн байдаг.Гэтэл тэр газар нь жилийн 4 улиралд мал идээшилж нутагладаг газар байсан бөгөөд хавар зун намартай өвсийг нь идчихсэн, өвс муутай газар байсан тул нэхэмжлэгч тухайн газартаа малаа маллах боломжгүй болж өөр газарт нүүсэн. Хариуцагч Д.Н нь анхнаасаа худал хэлж нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэгчийн хашаан дээр мал нь очоогүй байхад одоо өгөхгүй бол өөр айл буулгана гэж хэлсээр байгаад мөнгө дансаар шилжүүлж авсан байна. Нэхэмжлэгч Ж.Б нь 10 хоног тухайн газар байхад өвс тэжээл муутай, цас их орсон, мал тогтохгүй, өвс муутайн улмаас үхэр нь тасарч алга болоод байсан учраас тухайн газраас өөр газар луу аргагүйн эрхэнд нүүх болсон. Иймд Д.Н-н хашаанд өвөлжөөгүй, малаа тэнд маллаагүй бөгөөд адилхан малчин хүмүүс учраас ойролцоо газар нь 10 хоног малаа бэлчээрлэсний төлбөрт 1 000 000 төгрөгийг өгнө гэж байгаа бөгөөд үлдсэн 4,000,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.Үүнийг хариуцагч Д.Н-гээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож өгнө үү” гэжээ.

 

1.2. Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2023 он 12 сарын 06-ны өдөр Ө.Л нь надтай утсаар холбогдож үхэртэй очоод өвөлжчихөөр малын байр бэлчээртэй газар өөрт чинь байгаа гэж сонслоо, очиж үзэж болох уу, хаана вэ гэхээр нь би үзэж болно, И сумын төв дээр хүрээд ирээд залгаарай, би хамт явж үзүүлье гэж хэлсний маргааш өдөр нь Ж.Б, Ө.Л хоёр хамт ирээд би болон манай найз Б.З бид дөрөв А аймгийн И сумын Х багийн Улаалзайн ам гэх газарт байрлах миний малын байранд очсон. Тухайн үед тэр хавийн газар нэлэнхийдээ бараандуу, цас бага унасан байсан. Тэгээд Ө.Л, Ж.Б хоёр малын бэлчээрийн байр, бэлчээрийн газрыг өөрсдийн нүдээр хараад сайхан газар байна, малаа авч ирээд бууя гэж хэлсэн. Тухайн үед нь би танайх хэдэн тооны мал авч ирэх юм бэ гэж асуухад 300 толгой үхэртэй ирнэ гэсэн. Тэгээд бид хэд үнэ хөлсөө ярилцаад 7 сая төгрөгөөр тохиролцоод салсан. Түүнээс хойш 2023 оны 12 сарын 16-ны өдөр над руу Ө.Л утсаар холбогдож би үхрээ наад руу чинь ачуулчихсан. Та тосоод аваач гэхээр нь би аймгийн төвөөс И сумын Таван тээг гэх газарт өөрийн унаагаар очиход 200 гаруй толгой үхэртэй Ж.Б нь ирчихсэн хамт байж байгаад үлдсэн үхрээ авч ирэхээр буцаад явсан. Би тухайн өдрөө тэдэнтэй хамт явсан нэг залуутай үхрийг нь хоргоож хээр хоносон. Маргааш өглөө нь Ж.Б, Ө.Л хоёр үлдсэн үхрээ ачаад ирсэн. Тэгээд надад хандаж дүү нарын үхэр нэмэгдээд 420 гаруй толгой үхэр болчихлоо, энэ хоёрыг дагуулж яваад буух газраа үзүүлье гэхэд би зөвшөөрч бид тав дахиж Улаалзайн аманд байх манай малын байранд очиход нөгөө дөрөв хоорондоо морины аргамжаа сайтай, харз ус нь ойрхон сайхан газар байна гэж ярилцаад бууя гэсэн. Тэр үед би танайх анх хэлсэн үхрээсээ тоо толгой нэмэгдсэн байна. 2 сая төгрөг нэмье гэхэд бид нар үхрээ холоос ачиж ирлээ, анх тохирсондоо буучихъя гэж Ж.Б гуайг гуйхаар нь зөвшөөрсөн. Тэгээд бид хэд гэрээ ачиж авчирч чадсангүй, түр бариулчих гэр байна уу гэхээр нь би маргааш нь буюу 12 сарын 18-ны өдөр зуслан дээрээ хураачихсан байсан гэрээ нутгийн машиныг хөлсөлж ачиж авч ирж өвөлжөөн дээрээ барьж өгөөд гэр дотроо зуух, яндан, 2 ширхэг модон ор, ширээ, 2 ширхэг сандал, нарны дэлгэц, аккумуляторы, ганжин, гампанз, сүх гээд хэрэгтэй бүгдийг нь өгсөн. Тэгээд тэр өдрөө гэрийг нь барьж өгч тохинуулчхаад байж байхад үхрүүд нь ирсэн. Тэр үедээ Ж.Б нь би олон тооны үхэртэй ирсэн учраас бэлчээр нь хурдан талхлагдаж магадгүй, тэр үед нутгийн хүн байна, чамд буурь сэлгэчих газар байгаа биз дээ гэхээр нь би тэр болно, та  тухайн үедээ хэлээрэй гэсэн боловч энэ талаараа юм хэлээгүй. Манай малын байр байрлах газар Ж.Б-н нэхэмжлэлд дурдсан шиг зун намар мал бэлчиж идээшилдэг газар биш, буухаасаа өмнө 2 ч удаа өөрсдийн биеэр ирж үзэж хараад зөвшөөрч буусан. Манайхтай ойр  орчим ийм олон тооны малтай айл байхгүй, малын бэлчээр өргөнтэй газар. Нэхэмжлэгч нь өөрийнхөө болон ах дүү, хамаатан садныхаа 420 гаруй толгой ижил буруу үхрээ идээшилж дасаагүй газарт авч ирсэн учраас тогтохгүй байх нь аргагүй биз. Иймд надаас шалтгаалаагүй үйл явдлаас болж Ж.Б санаачилгаараа буурь сэлгэж өөр газарт буусан тул  миний бие түүнд 4 сая төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Миний түүнд барьж өгсөн гэр доторх эд хогшлыг одоог хүртэл надад хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл 2 сая төгрөгөө төлөөгүй учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэх болно” гэжээ.

 

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б нь өөрөө А аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хуурай гэх газар мал маллаж амьдардаг. Дүү Ө.Л төрсөн хүү болох Б.И нарын болон өөрийн өмчлөлийн малыг маллаж амьдардаг. Тухайн үед Ө.Л-аар дамжуулан Д.Н гэдэг хүнтэй утсаар холбогдоод 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Д.Н гэдэг хүний өвөлжөөн дээр буухаар, ойролцоо газар өвөлжихөөр тодорхой хугацаатай харилцан тохиролцсон байдаг. 2023 оны 12 сарын 18-ны өдөр тухайн газар очсон. Ингэхдээ нийт 400 гаруй тооны үхэртэй очсон. Тухайн газар нь анх Нэргүйтэй ярьсан шиг өвс ус сайтай байсан гэдэг. Хариуцагч Д.Н манай өвөлжөөний газар өвс ус сайтай, ойр хавийн айлууд нь хэл ам хийхгүй гэж тайлбарлаж байсан. Яг малаа аваад очсоны дараагаар тухайн газарт нь цас орж, мал идээшлэх боломжгүй, өвөлжих хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мал нь тогтохгүй, идээшлэхгүй байсан учраас 10 хоногийн дараа тухайн газраас аргагүйн эрхэнд нүүсэн байдаг. Ингээд 10 хоногийн дараа нүүх болсноо Д.Н-д утсаар мэдэгдсэн. Д.Н нь тийм юм байхгүй гэсэн хариу өгөөд утсаа салгасан гэж нэхэмжлэгч маань нэхэмжлэлдээ дурдаж тайлбарласан. Д.Н-н хашаанд байгаагүй, өөр айлын хашаанд малаа хашиж байгаад 10 хоногийн дараа буюу 2023 оны 12 сарын 28-ны өдөр нүүсэн. Мөн анх тохиролцохдоо 7,000,000 төгрөг гэж тохироод 5,000,000 төгрөгийг хийсэн. 2023 оны 12 сарын 18-ны өдөр Д.Н гэдэг хүн өөрийн дансанд авъя гэсэн байдаг. Ж.Б тухайн үедээ өөрөө данснаасаа шилжүүлэх боломжгүй байсан бөгөөд өөрийнхөө төрсөн эгчийнх нь хүүхэд гэж ярьдаг Баасандорж гэдэг хүний эхнэр болох Т.Булгантамир гэдэг хүний данснаас Д.Н-н данс руу 5,000,000 сая төгрөг шилжүүлсэн байдаг. 10 хоног тухайн газар нутагласан төлбөртөө 1,000,000 төгрөгийг нь үлдээгээд үлдсэн 4,000,000 төгрөгөө тухайн газар дээр байгаагүй, мал маллаагүй, нутаглаагүй тул буцааж авъя гэдэг. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч би дэмжиж байна” гэжээ.

2.3 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б Ө.Л нар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс арваад хоногийн өмнө ирсэн. Ирээд газраа үзүүлэхэд сайхан газар байна, бууя гээд тохироод явсан. Үүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад гэнэт утсаар залгаад ах аа таны өвөлжөөн дээр чинь очихоор боллоо шүү, та тосоод аваадхаач гэсэн. Тухайн үед нь би та хэд ярихгүй яасан юм бэ гэж хэлээд очсон. Тэр шөнө нь үхрээ авчирч буулгасан. Би хамт үхрийг нь манаж хоносон. Маргааш нь ахиад Ж.Б, Ө.Л нэг тарган ах дахиад манай өвөлжөөн дээр очиж үзсэн. Боломжийн байна гээд буухаар болсон. Тэгээд тэндээсээ буцах замд нь би анх хэлсэн хэмжээнээсээ хэтэрсэн үхэр ирсэн байна гэхэд 420 үхэр байгаа гэж хэлсэн.  Тэгэхээр нь би их үхэр байна, тоолчихъё гэсэн чинь юуг нь тоолох вэ ярьсандаа л буучихъя гэсэн. Ярилцаж тохиролцоод мөнгөө шийдсэн. Нэхэмжлэгч гэр орон гаргаад өгчхөөч гэхэд нь голохгүй гэвэл миний отрын гэр байгаа гэхэд тэгье гэж хэлж байсан. Би найздаа 60,000 төгрөгөөр түлш хийгээд гэрээ аваачиж өгсөн. Ярилцаж тохиролцчихоод ийм асуудал гаргаад байгааг нь ойлгохгүй байна” гэжээ.

 

          3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Т.Б- ийн данснаас 2023 оны 12 сарын 18-ны өдөр өвөлжөө гэсэн гүйлгээний утгаар ..... данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

 

            4.Хариуцагчаас нотлох баримт шүүхэд өгөөгүй. Гэрч Б.З-с мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ шүүх хуралдааны шатанд татгалзсан.

           

            5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж гэрч Ө.Л, Б.И нараас авсан мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б-н хариуцагч Д.Н-д холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

  1. Нэхэмжлэгч Ж.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А аймгийн И сумын Хан-өндөр багийн Улаан халзан гэх газар байрлах Д.Н-н хашаанд 7,000,000 төгрөг өгөн 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус хашаан  дээр нь малаа авчирч маллахаар уулзаж ярилцаж тохиролцсон. ...Очиход нь тус газарт цас орж мал идээшлэх өвсгүй, малаа хашаанд нь хаших гэхээр хашаанд нь багтахгүй байсан тул өөр айлын хашаанд малаа хашиж байгаад өөр өвс сайтай газар сураглан тэндээс 10 хоногийн дараа үхрээ туугаад А аймгийн И сумын Х багийн ......гэдэг нэртэй газар өөр хүний өвөлжөөн дээр очиж нутаглан одоог хүртэл тэнд малаа маллаж байна. Дээрх нөхцөл байдлаа тайлбарлаж хашаан дээр нь малаа маллахаа больж байгаа талаараа хэлж өгсөн мөнгө төгрөгөө ярилцан тохиролцож буцаан авах талаар Д.Н-н .... дугаарын утсанд 2024 оны 01 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б өөрийн утаснаас залгаж хэлэхэд тийм юм байхгүй гэж хэлээд утсаа салгасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг. ... Нэхэмжлэгч Ж.Б нь 10 хоног тухайн газар байхад өвс тэжээл муутай, цас их орсон, мал тогтохгүй, өвс муутайн улмаас үхэр нь тасарч алга болоод байсан учраас тухайн газраас өөр газар луу аргагүйн эрхэнд нүүх болсон. Иймд Д.Н-н хашаанд өвөлжөөгүй, малаа тэнд маллаагүй бөгөөд адилхан малчин хүмүүс учраас ойролцоо газар нь 10 хоног малаа бэлчээрлэсний төлбөрт 1,000,000 төгрөгийг өгнө гэж байгаа бөгөөд үлдсэн 4,000,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнийг хариуцагч Д.Н-гээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн. Үүнд: 2023 он 12 сарын 06-ны өдөр Ө.Л нь надтай утсаар холбогдож үхэртэй очоод өвөлжчихөөр малын байр бэлчээртэй газар өөрт чинь байгаа гэж сонслоо, очиж үзэж болох уу, хаана вэ гэхээр нь би үзэж болно, И сумын төв дээр хүрээд ирээд залгаарай, би хамт явж үзүүлье гэж хэлсний маргааш өдөр нь Ж.Б, Ө.Л хоёр хамт ирээд би болон манай найз Б.З бид дөрөв А аймгийн И сумын Х багийн У гэх газарт байрлах миний малын байранд очсон. Тухайн үед тэр хавийн газар нэлэнхийдээ бараандуу, цас бага унасан байсан. Тэгээд Ө.Л, Ж.Б хоёр малын бэлчээрийн байр, бэлчээрийн газрыг өөрсдийн нүдээр хараад сайхан газар байна, малаа авч ирээд бууя гэж хэлсэн. Тухайн үед нь би танайх хэдэн тооны мал авч ирэх юм бэ гэж асуухад 300 толгой үхэртэй ирнэ гэсэн. Тэгээд бид хэд үнэ хөлсөө ярилцаад 7 сая төгрөгөөр тохиролцоод салсан. ...Манай малын байр байрлах газар Ж.Б-н нэхэмжлэлд дурдсан шиг зун намар мал бэлчиж идээшилдэг газар биш, буухаасаа өмнө 2 ч удаа өөрсдийн биеэр ирж үзэж хараад зөвшөөрч буусан. Манайхтай ойр орчим ийм олон тооны малтай айл байхгүй, малын бэлчээр өргөнтэй газар. Нэхэмжлэгч нь өөрийнхөө болон ах дүү, хамаатан садныхаа 420 гаруй толгой ижил буруу үхрээ идээшилж дасаагүй газарт авч ирсэн учраас тогтохгүй байх нь аргагүй биз. Иймд надаас шалтгаалаагүй үйл явдлаас болж Ж.Б санаачилгаараа буурь сэлгэж өөр газарт буусан тул  миний бие түүнд 4 сая төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй. Миний түүнд барьж өгсөн гэр доторх эд хогшлыг одоог хүртэл надад хүлээлгэж өгөөгүй, үлдэгдэл 2 сая төгрөгөө төлөөгүй учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэх болно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Н-тэй А аймгийн И сумын Х багийн У ам гэх газар байрлах хариуцагчийн өмчлөлийн өвөлжөөнд өөрийн болон төрлийн хүмүүсийн үхрийг аваачиж 2023 оны 12 сарын 18-наас 2024 оны 03 сар гартал нутаглахаар, төлбөрт 7,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон төлбөрийн зарим хэсэг болох 5,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 18-ны өдөр хариуцагч Д.Н-д шилжүүлжээ. Хариуцагчийн өвөлжөөний орчимд 10 хоног нутаглаад цас орсноос бэлчээрийн байдал муудсан, мал тогтохгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч Ж.Б нүүсэн, төлбөрт өгсөн 5,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг буцаан авахаар шаардсаныг хариуцагч Д.Н өөрөөс нь шалтгаалаагүй нөхцөл байдлаас болж нүүсэн учир өгөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нэхэмжлэгч Ж.Б-н хамт өвөлжөөнд бууж нутаглахаар ирсэн бусад иргэн хэн нь хэдэн үхэр авч ирэх, хэн нь хэдэн төгрөг төлөх талаар Д.Н-тэй тохиролцоогүй, Д.Н-д тэдгээр иргэд төлбөр төлөөгүй, нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Д.Нтэй тохиролцсон, 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Д.Н нар хоорондоо амаар хэлцэл хийсэн, өвөлжөөнд нутаглахаар ирсэн бусад иргэд болон хариуцагч Д.Н нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч  Ж.Б, хариуцагч Д.Н нарын байгуулсан хэлцлийн зорилго нь мал хашиж болох өвөлжөөнд бууж ойр орчимд малаа бэлчээж нутаглах буюу ахуйн зориулалтаар өвөлжөөг ашиглах бөгөөд өвөлжөө нь үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдэхгүй, газраас салгаж зөөж өөр газарт барих боломжтой хашаа буюу хөдлөх эд хөрөнгөд тооцогдоно. Уг хэлцэл  нь Иргэний хуулийн 327 дугаар зүйлд заасан  хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээслэх, мөн хуулийн 318 дугаар зүйлд заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж ашиг олох зорилготой түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан.

 Хариуцагч Д.Н болон нэхэмжлэгч Ж.Б нарын амаар байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т “Гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ” гэж, мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т “ гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Б болон хариуцагч Д.Н нар гэрээ байгуулахын өмнө өвөлжөөг үзэж шалгасны үндсэн дээр Ж.Б нүүж ирсэн болох нэхэмжлэгч хариуцагч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгчийг өвөлжөөнд нүүж ирэх үед цас нэмж орж бэлчээр дарагдсан, өвөлжөөнд мал нь багтаагүй хашиж болохгүй, мал нь тогтохгүй байсан учир 10 хоног малаа өөр хашаанд хаших, манаж хонох гэх мэтээр арга хэмжээ авсан, цаашид нутаглах боломжгүй байсан тул нүүсэн болох нь гэрч Ө.Л, Б.И нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өвөлжилт хүндэрч цасны хэмжээ нэмэгдсэнээр өвөлжөөний орчмын бэлчээрийн нөхцөл муудаж малтайгаа цаашид нутаглах боломжгүй болсон нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй нөхцөл мөн гэж үзлээ. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан эрхээ хэрэгжүүлсэн тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах хугацаа тогтоох шаардлагагүй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчийн өвөлжөөнд малаа маллахаа больж байгаа тухайгаа мэдэгдэж төлбөрөө буцаан авах талаар хариуцагч Д.Нтэй утсаар ярьсан, түүний өвөлжөөндөө барьж өгсөн гэр эд хогшлыг ахынд нь хүргэж өгсөн нь тогтоогдож байх тул гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзлээ.

Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 сар гартал нутаглана гэж тохирсон гэсэн бөгөөд 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 сарын 01 дуустал хугацааг тоолоход нийт 74 өдөр байна. Энэ хугацааны төлбөр 7,000,000 төгрөгийг 74 хоногт хуваахад нэг хоногийн төлбөрт 94,594 төгрөг, 10 хоногийн төлбөр 945,940 төгрөг болно. Нэхэмжлэгчийн төлсөн 5,000,000 төгрөгөөс 945,940 төгрөгийг хасаж үлдэх 4,054,060 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч Ж.Б 10 хоног өвөлжөөнд нь нутагласан тул төлсөн 5,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээж нэхэмжлэхгүй, 4,000,000 төгрөгийг буцааж гаргуулна” гэж нэхэмжилсэн тул хариуцагч Д.Н-гээс буцаан гаргуулах төлбөрийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 220 дугаар зүйлийн 220.2, 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Н-гээс 4,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 220 дугаар зүйлийн 220.2, 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Н-гээс 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Нгээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН