Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 61

 

2017         05           05                                                       61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овог ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201711000097 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1974 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн “Ялалт”-ын 1 дүгээр гудамжны 8 тоотод бүртгэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат”-ын 17 дугаар гудамжны 4 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 12 сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат”-ын 5 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2001 оны 03 сарын 30-ны өдрийн 1 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 08 сарын 13-ны өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3, 123-р зүйлийн 3, 131-р зүйлийн 2-т зааснаар  3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 01 сарын 21-ний өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 02 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 сарын 15-ны өдрийн А/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 11 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн 2017 оны 03 сарын 01-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Зангиатын 14-15 тоот хашаанд байсан хохирогч *******гийн “Соната” маркийн 42-63 УНТ улсын дугаартай авто машины цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгон нэвтэрч эмэгтэй хүний гар цүнх, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, “Нокиа” маркийн гар утас, “Скай” маркийн гар утас, жолоочийн үнэмлэх, төрийн банкны виза карт, капитал банкны виза карт, бэлэн 180000 төгрөгийг хулгайлж, нийт шууд хохирол 303500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, шууд бус 125000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй бүлэглэн 2017 оны 03 сарын 01-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Зангиатын 14-15 тоот хашаанд байсан хохирогч *******гийн “Соната” маркийн 42-63 УНТ улсын дугаартай авто машины цонхыг хагалж хаалгыг нь онгойлгон нэвтэрч эмэгтэй хүний гар цүнх, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, “Нокиа” маркийн гар утас, “Скай” маркийн гар утас, жолоочийн үнэмлэх, төрийн банкны виза карт, капитал банкны виза карт, бэлэн 180000 төгрөгийг хулгайлж, нийт шууд хохирол 303500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, шууд бус 125000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Би 2007 оны 03

сарын 01-ний өдөр *******тай айлаар шинэлж явж байгаад “Зангиат”-ын 14 дүгээр эгнээнд айлын хашаан дотор байсан цагаан өнгийн машины цонхыг хагалж хаалгыг нь онгойлгоод дотроос нь эмэгтэй хүний гар цүнх авсан. Цүнхэн дотор “Nokio” маркийн гар утас, “Skay” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, жолоочийн үнэмлэх, төрийн болон капитал банкны виза карт, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйл байсан. Цүнхийг нь гудамжинд хаясан. Хохирогч түрийвчинд бэлэн 180000 төгрөг байсан гэж хэлдэг, байсан байхыг үгүйсгэхгүй, бид согтуу байсан учир түрийвчийг дутуу үзсэн гэж боддог.

Энэ гэмт хэргийг би санаачилсан нь үнэн. Би өөрт ногдох хохирлыг төлж барагдуулаагүй байгаа,төлнө. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бат-Эрдэнийн мэдүүлж байгаа бүгд үнэн. Машины цонх хагалж дотроос нь эмэгтэй хүний цүнх хулгай хийсэн. Цүнхэн дотор “Nokio” маркийн гар утас, “Skay” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, жолоочийн үнэмлэх, төрийн болон капитал банкны виза карт, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйл байсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчид 180000 төгрөг өгсөн гэв.

 

     Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 сарын 01-ний өдрийн орой 20 цагийн орчим Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат”-ын 14-15 тоотод оршин суудаг хүргэн ах Хүрэлбаатарынхаар шинэлээд гарч ирэхэд хашаан дотор нь тавьсан миний “Sonata-6” маркийн 42-63 УНТ улсын дугаартай машины жолооч талын урд хаалганы цонх хагарсан байсан. Дотор нь байсан миний гар цүнх алга болсон байсан. Гар цүнхэн дотор “Nokio” маркийн гар утас, “Skay” маркийн гар утас, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, жолоочийн үнэмлэх, төрийн болон капитал банкны виза карт, бэлэн 180000 төгрөг зэрэг эд зүйл байсан.

     Эдгээр зүйлээс 180000 төгрөгөөс бусдыг буцаан авсан. Бэлнээр алдагдсан 180000 төгрөг, машины цонхны шилний үнэ, засварын хөлс 125000 төгрөг, нийт 305000 төгрөг авахаас ******* 180000 төгрөг өгсөн тул *******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Харин *******эс авах ёстой 152500 төгрөгөө гаргуулахыг хүсч байна. Хохирлоо барагдуулбал би гомдох зүйл байхгүй гэв.

 

Хохирогч ******* /хх 32-34/, Гэрч /хх 35/, /хх 37/, /хх 41/, /хх37/, /хх 39/, /хх 38/, /хх 40/, шүүгдэгч ******* /хх 50-53/, шүүгдэгч ******* /хх 55-58/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, *******эс алдагдсан эд зүйлийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 21-22/, Уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/, *******эс машины цонх хагалсан тоосго хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, Тоосгонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 30/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10-11, 14, 20/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 12-13, 17-19/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 70, 74/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100-101/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ бүлэглэж, 2017 оны 03 сарын 01-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 14-15 тоот хашаанд байсан хохирогч *******гийн “Sonata-6” маркийн 42-63 УНТ улсын дугаартай автомашины цонхыг хагалж хаалгыг нь онгойлгон нэвтэрч эмэгтэй хүний гар цүнх, улаан хүрэн өнгийн арьсан түрийвч, ногоон өнгийн түрийвч, “Нокia” маркийн гар утас, “Скаy” маркийн гар утас, жолоочийн үнэмлэх, төрийн банкны болон капитал банкны виза карт, бэлэн 180000 төгрөгийг хулгайлж, нийт 312500 төгрөгийн буюу бага бус хэмжээний шууд хохирол, 125000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 50-53, 55-58, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ давхар нотолсон  хохирогч ******* /хх 32-34/, Гэрч /хх 35/, /хх 37/, /хх 41/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/, *******эс алдагдсан эд зүйлийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 21-22/, Уг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-24/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/, *******эс машины цонх хагалсан тоосго хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, Тоосгонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 30/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10-11, 14, 20/ зэрэг хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч нарыг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 25/, хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/-ээр, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100/-аар тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, харин шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч *******ын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч *******гийн эд хөрөнгийг хулгайлсны улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч ******* нь өөрт ногдох хэсгийг төлж барагдуулаагүй байх ба түүнээс 152500 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосго 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс, шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй тул *******ын эзэмшлээс 250000 төгрөгийн үнэ бүхий 3х4 хэмжээтэй амбаар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс 3500000 төгрөгийн үнэ бүхий ”Suzuki” маркийн 43-91 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Бат-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар, шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

 

4. Ялтан нар нь энэ хэрэгт нь цагдан хоригдоогүй, ялтан ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчид 180000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоосго 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******эс 152500 /нэг зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 89 дүгээр байрны 29 тоотод оршин суух, хохирогч Бүүвэй овогт Өлзийдэлгэрийн Бодисмаа /ЖВ85120203/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан *******т оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтанд мэдэгдэж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан Э.Бат-Эрдэнийн эзэмшлээс 3500000 төгрөгийн үнэ бүхий ”Suzuki” маркийн 43-91 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, ялтан *******ын эзэмшлээс 250000 төгрөгийн үнэ бүхий 3х4 хэмжээтэй амбаар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

9. Баримт бичгээр ирүүлсэн ялтан Э.Бат-Эрдэнийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, ялтан *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Э.Бат-Эрдэнийг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тус тусын эдлэх ялыг 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Ү.ОДГЭРЭЛ