Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0720

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         09           27                                       128/ШШ2023/0720

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д*******ын Х*******  /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох,

Маргааны төрөл:Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгах” тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгах.

Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд:                                                                     

2.1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар зохион байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд Г.Д******* /нэхэмжлэгч Д.Х*******гийн гэр бүлийн хүн/ оролцож, Б*******т Монгол цэргийн музейн зүүн урд талд байршилтай 700 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг болон өөр нэгж талбар бүхий 700 м.кв, 900 м.кв, 1600 м.кв талбай бүхий 3 газрын хамт, нийт 4 нэгж талбарт газар эзэмших эрхийн ялагч болж, дуудлага худалдааны үнэ маргаанд хамаарах 700 м.кв үйлчилгээний зориулалттай газарт 32,500, төгрөг, нийт 4 нэгж талбарт ,, төгрөг төлсөн байдаг.

 2.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар захирамжийн 8, 9, 10, 11 дэх заалтаар дуудлага худалдааны ялагч Г.Д*******т 4 нэгж талбарт газар эзэмшүүлж, нэгж талбарын 3014/0070 дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний төвийн барилга барих зориулалтаар 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн 056095 дугаар гэрчилгээг олгосон.

2.3  Д.Х*******  2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргад “дуудлага худалдаагаар авсан газраа аваагүй” гэх өргөдөл гаргаж,   Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02-06/3336 дугаар албан бичгээр дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн талаарх баримт бичгүүдийг хуулбарлаж хүргүүлсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар:

           3.1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:  “Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болно.

Д.Х******* би Г.Д*******тэй 1991 онд гэрлэлтээ батлуулж, 3 хүүхэдтэй болсон. Гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулах захирамжийн дагуу зарлагдсан дуудлага худалдаанд оролцож, нийт 3 байршил бүхий газарт дуудлага худалдаанд оролцож нийт ,, төгрөгийг төлж, маргаан бүхий газар болох Б*******т байрлах Монгол цэргийн музей зүүн урд байрших Маахуур толгойн 700 м.кв үйлчилгээний зориулалттай газрыг техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зурагтай нь худалдаж авсан. Энэ газар нь тухайн үедээ холбогдох бүх  техникийн нөхцөл болон эскиз зураг, зам, дэд бүтэц, машины зогсоол, дагалдах бичиг баримтуудын хамт дуудлага худалдаанд оруулж худалдаж авсан.

Дуудлага худалдаагаар худалдаж авсан тус газартаа орон сууц үйлчилгээний зориулалттай барилга баръя гэтэл Маахуур толгойн дуудлага худалдаа зарласан тэр байршилд зөвшөөрөлгүй суурьшсан иргэдээс газрыг чөлөөлж өгөөгүйгээс барих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дуудлага худалдаанд шалгарсан тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот шийдвэрээр нэгж талбарын 30/140070 дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний барилга барих зориулалттай олгосон. 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.Д*******ийн нэр дээр гарснаар эрх зүйн хувьд Г.Д*******ийн газар эзэмших эрх баталгаажсан. Нийслэлийн Газрын алба, Г.Д******* нарын хооронд 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Тус актаар 2014 оныг хүртэлх хугацаанд газрын ямар нэг төлбөргүй болохыг баталгаажуулсан.

2016 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох маргаан үүсч, 2017 оны 214 дүгээр шийдвэрээр гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн. Гэрлэлт цуцлуулах маргааны явцад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дундын эд хөрөнгийн хувьд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт Г.Д******* нь Б*******т байрлах газар эзэмших эрхийн 30/140070 дугаартай 700 м.кв газрыг Д.Х*******д шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн. Энэ үедээ газрын эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр 2018 онд тус газрыг газар эзэмшигч бидэнд огт мэдэгдэлгүй өөр хүний нэр дээр захирамж гаргаж эзэмшүүлсэн, улмаар шилжүүлсэн болохыг мэдсэн. 2018 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын хувийн хэргийг авахад “Марч констракшн” ХХК-д тухайн газрыг шилжүүлсэн байсан. Нийслэлийн Засаг даргаас дуудлага худалдаагаар авсан газар эзэмших эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаа дуусаагүй байхад уг газрыг газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөр иргэнд эзэмшүүлж, улмаар хуулийн этгээдэд шилжүүлсэн талаар лавлахад Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан н.Буянд******* гэх хүн “өөр байршилд газар олгоё” гээд Хан-Уул дүүрэгт Яармагт нүүрний эгнээнд 5 га газраар солих болж газрын гэрчилгээ, гэрээгээ Нийслэлийн Газрын албанд хураалгаж, хурлаар орж шинэ захирамж гаргаж өгөхөөр болсон газрын байршил сольсон захирамж гараагүй, өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй.

Гэрлэлт цуцлуулах маргааны хувьд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байна гэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Д******* нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хариуцагчаар оролцож байсан Д.Х******* би сөрөг нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд мөн эвлэрсэн. Эвлэрлийн гэрээг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар баталсан. Тус эвлэрлийн гэрээнд “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 тоот захирамжаар Г.Д*******т олгосон газрын эзэмших эрхийг Д.Х*******д шилжүүлэх үүргийг Г.Д******* хүлээж, Д.Х*******гийн хүссэн баримтад гарын үсэг зурж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хугацаагаар хязгаарлагдахгүй” гэсэн нөхцөлөөр эвлэрсэн. Эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Газрын зохион байгуулалтын албанд “газрын байршлыг өөрчилж дүйцүүлэх газар олгосон захирамж гаргаж өгнө үү” гэж хандсан.

Хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 19-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандахад Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 02-06/3336 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг газрын эрхийг дуудлага худалдаанд тавигдсан нөхцөл /техникийн нөхцөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гэх мэт/-тэй ижил газрын эрхээр дүйцүүлэн сольж авах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд удаа дараа бичгээр хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй чирэгдүүлсээр байна.

Тухайн газрын байршил зориулалтын хувь анх 2006 онд дуудлага худалдаагаар авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, техникийн нөхцөл /цахилгаан, дулаан, ус/, авто зогсоол, зам, дэд бүтцэд бүрэн холбогдсон газраар сольж авах хүсэлтэй бөгөөд дуудлага худалдааны үнийг 2005 онд бүрэн төлсөн тул дахин дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүйгээр дүйцүүлэх газраар сольж өгөхийг шийдвэрт тусгаж өгнө үү.

Иймд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

  3.1.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Анх авсан газар нь одоогийн Жуковын музейн хажууд байршилтай барилгын бүх зөвшөөрөл, техникийн нөхцөлтэй, дэд бүтэцтэй үйлчилгээний барилгын зориулалттай газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарласан албан ёсны дуудлага худалдаагаар ялагч болж 32,500, төгрөг төлж авсан. Гэтэл өнөөдрийн авсан газар нь дүйцэхүйц газар гэж хэлэхэд хэцүү Налайх дүүрэг буюу Улаанбаатар хотоос 30 км зайд байрлах газрыг авч байгаа болно. Үргэлжлүүлээд дуудлага худалдаагаар авсан газраа авья гэж нэхэмжлэл гаргая гэхээр цаана нь олон хүнийг хохироох асуудал үүснэ. Нэгдүгээрт, тухайн үед дуудлага худалдаагаар авсан газрыг хууль бусаар өөр этгээдэд шилжүүлсэн мэргэжилтэн эсхүл хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал яригдана. Хоёрдугаарт, дуудлага худалдаагаар авсан газраа буцааж авахаар нэхэмжлэл гаргавал тухайн газарт баригдсан хүний хувийн хөрөнгө буюу барилга нураагдах асуудал яригдах учраас би хүлээцтэй хандаж, хохирч байгаа ч гэсэн Нийслэлийн Газрын албанаас санал болгосон газрыг хүлээн зөвшөөрч, өөрийн хувийн хөрөнгөөр хоёр, гурван удаа кадастрын зураг хийлгэж, Нийслэлийн Газрын албанаас тавьсан бүх саналыг миний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Г.Д*******ээс тус газрыг шилжүүлж авахын тулд 100,, төгрөгийг төлсөн баримт хавсгаргасан. Газрын алба санал болгоод ярилцаж тохиролцоод энэ байршлыг дүйцүүлэн авахаар сонгож, уг газарт кадастрын зураг хийлгэсэн. Засгийн газрын газар олголтыг зогсоосон тогтоолын үйлчлэл дуусахыг хүлээж байна гэсэн. Дүйцүүлэх газрыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж тодорхойлоод нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2 жилийн өмнө байгаа.” гэжээ.

3.1.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 27-29 дэх талд авагдсан Г.Д*******ээс Д.Х*******д олгогдсон итгэмжлэлээр газрын эрхийг Д.Х*******д шилжүүлсэн. Газрын эрхийг шилжүүлэхтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд дүйцүүлэх газар хүсэх, байршил өөрчлөх агуулга бүхий хүсэлт гаргах Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулах итгэмжлэлийг Г.Д*******ээс олгогдсон тул Д.Х******* нь Г.Д*******ийн дуудлага худалдаагаар авсан газартай дүйцүүлэх газар хүсэх, байршил өөрчлүүлэх хүсэлт гаргах, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх залгамжлан авах талаар зохицуулсан. Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчид аль нэг нь маргаанаас гарч, шаардах эрхээ бусдад шилжүүлсэн бол эрх залгамжлах гэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь хэсэгт эрх залгамжлах гэх ойлголт байгаа.

Эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Газрын зохион байгуулалтын албанд “газрын байршлыг өөрчилж дүйцүүлэх газар олгосон захирамж гаргаж өгнө үү” гэж хандсан. Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас газрын зарим хэсгийн хувийн хэргийг хүргүүллээ гэсэн хариу ирсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт дуудлага худалдаагаар авсан  газартай дүйцэхүйц газар олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч байгууллагын хувьд газар эзэмшүүлэх, байршил өөрчлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдоогүй ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас байршил санал болгосон, байршлыг  нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч Налайх дүүрэгт 2.3 га газрын кадастрын зураг хийлгэж, эргэлтийн цэгийг тодорхойлуулсан. Улмаар хүсэлт гаргаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж “дэмжигдсэн” учраас хариуцагч байгууллага зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны  даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр “Налайх дүүргийн 1-р хороонд байрлах хариуцагчаас санал болгосон 2.3 га газартай холбоотой асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцэж “дэмжсэн” шийдвэр гарсан, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянагдаж байгаа” гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчээс гаргасан газрын байршлыг өөрчлүүлэх агуулгатай асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б*******т байрлах дуудлага худалдаагаар авсан газартай байршил, хэмжээ, дэд бүтцийн хувьд дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлж байгаа гэж ойлгож байна. Дүйцүүлэн байршил өөрчлөх талаар хариуцагч тодорхой үйлдэл хийсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн санал болгож байгаа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.3 га газрыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа.

Нэхэмжлэгч Д.Х*******гийн газрын байршлыг өөрчлүүлэх, эвлэрлийн гэрээний төсөл хүргэгдэж байсан эсэх, Газрын албаны дарга н.Батзориг, Кадастрын хэлтсийн дарга н.Гал, Газрын албаны кадастрын мэргэжилтэн н.Жавзмаа гэх хүнтэй уулзаж байсан нөхцөл байдлыг хариуцагчийн төлөөлөгч мэдэж байгаа. Сүүлд 2023 оны 7 дугаар сард наадмын өмнө Нийслэлийн Засаг даргад уг асуудал танилцуулагдсан боловч тодорхой шийдвэрт хүрээгүй гэхдээ эвлэрлийн гэрээ хийгдээгүй учраас эвлэрлийн гэрээний талаар тодруулъя гээд хойшлуулсан. Улмаар Газрын албаны дарга н.Батзориг дарга дээр очиж уулзахад хуулийн хэлтсийн мэргэжилтэн З.*******д эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдоогүй учраас эвлэрлийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан. Дахин Нийслэлийн Засаг даргатай уулзахад захирамжийг гаргах үе шатандаа явж байгаа гэсэн. Гэтэл Засгийн газрын тогтоолоор шинээр газар олгох ажиллагааг түр зогсоосон тул санал болгосон Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.3 га газарт Нийслэлийн Засаг даргаас захирамж гаргах боломжгүй болсон байгаа. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг харуулж байна.

 3.2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “иргэн Д.Х******* нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтэд Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 02-06/3336 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг иргэн Г.Д*******т үйлчилгээний барилгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2021 оны 1 дүгээр сард газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тул Газрын тухай хуульд зааснаар нөхөх олговортойгоор газрын байршлыг солих боломжгүй. Газрын тухай хуульд зааснаар газрын нөхөх олговортойгоор солих үйл ажиллагааг газар эзэмших эрхтэй этгээд иргэн Г.Д*******тэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр газрын байршлыг солих боломжтой юм. тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

3.2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас надад одоо болтол эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдоогүй. Нэхэмжлэгч нь харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэе гэх асуудлыг шүүхэд хэлж байсан. Уг саналыг би дээд албан тушаалтнуудад танилцуулж, боломжит газрын байршлыг сонгож өгье гэж хэлээд тухай бүрд нь болсон зүйлийн талаар дамжуулж байсан. Нэгэнт байршил шилжүүлээд дүйцүүлэх газар эзэмшүүлэх асуудлыг шийдье гэх асуудал яригдаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар “дэмжсэн” энэ тохиолдолд газар олголт нь баталгаатай болж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах нөхцөл бий болно. Тиймээс  уг асуудлыг шийдвэрлэе гэж харилцан тохиролцож ярилцсан. Нэхэмжлэгч тал эвлэрэх саналыг тавьж байгаа ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад эвлэрэх эрх олгогдоогүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсээс буцаасан гэх нөхцөл байдал нь үнэн. Гэхдээ дахин Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж ямар нөхцөл байдалтай байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэс захирамжийн төсөл гаргая гэсэн боловч газар олголтыг түр зогсоосон Засгийн газрын шийдвэр хэзээ хүртэл үйлчлэхийг мэдэхгүй, шийдвэрлэх боломжгүй байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт дурьдаж буй Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 2.3 га газар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн тохиолдолд давхцалыг шалгасан, дэмжсэн тул бусад этгээдийн газартай давхцалгүй гэж ойлгож болно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичигт дурдагдсан Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж дэмжсэн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй субъект нь Нийслэлийн Засаг дарга мөн. Дуудлага худалдаагаар зарсан газрын кадастр мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан учраас дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон, тэр газар нь бүртгэгдсэн.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал тогтоогдож байна гэх агуулгаар бичгээр хариу тайлбар өгсөн. Түүнийгээ дэмжиж оролцож байгаа болно. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш иргэн Д.Х*******гийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсан.  Нэхэмжлэлийн шаардлага нь байршлыг өөрчилж дүйцүүлэх газар олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, байршлыг шилжүүлж дүйцэхүйц газар олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа дүйцүүлэх газрыг байршлыг өөрчилж олгохыг даалгана гэдэг нь эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргад байхгүй. Газрын тухай хуульд байршил солино гэх ойлголт байхгүй тул Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид зааснаар байршлыг өөрчилж, өөр газар баталгаажуулж олгох эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад олгогдоогүй. Нийслэлийн Засаг дарга иргэн Д.Х*******гийн байршлыг шилжүүлж өөр газарт олголт хийсэн тохиолдолд энэ нь хууль зөрчсөн захиргааны акт буюу бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйтэй холбоотой тайлбарын тухайд эс үйлдэхүй гэж хүсэлтийг шийдвэрлэхгүй буюу албан ёсны хариу өгсөн, өгөөгүй гэх асуудал яригддаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тухайн хүсэлтийг авч шийдвэрлэх боломжтой, боломжгүй эсэх талаар 1, 2 удаагийн хариу бичиг, аман хэлбэрээр өгсөн байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хүрээнд эс үйлдэхүй байхгүй. Тодорхой хэмжээнд ажиллагаа хийгдэж хариуг иргэн Д.Х*******д өгсөн. Ямар нөхцөл байдлын улмаас шийдвэрлэгдээгүй вэ гэхээр тухайн үед газар олголтыг зогсоосон Засгийн газрын шийдвэр гарч хүсэлтийг шийдвэрлэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнийг эс үйлдэхүй гэж тайлбарлахгүй. Тодорхой хэмжээгээр асуудлыг шийдвэрлэе гэж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж үйлдэл хийсэн. Боломжтой хэмээх байдлаар иргэн Д.Х*******д хариуг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч кадастрын зураг хийлгэсэн гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу дүйцэхүйц газрыг байршил шилжүүлж даалгах гэдэг нь яг аль газрыг, хаана дүйцүүлж олгохыг даалгах нь тодорхойгүй. Шугам сүлжээ бүхий газар, төвийн бүсэд газар олголт хийх талбай байхгүй. Шүүх тэгж шийдвэрлэх тохиолдолд хэн нэгний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх газар олголтыг Нийслэлийн Засаг дарга хийх магадлалтай. Яагаад гэхээр хотын төвийн шугам сүлжээ бүхий газарт, газрын нөөц байхгүй, газар шинээр олгох ямар ч боломж байхгүй. Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар шилжүүлж олгох эрх олгогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн  Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Газар эзэмших эрх хуульд зааснаар үүссэн тухайд.

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулахаар тодорхой байршлуудыг зарласан, үүнд уг захирамжийн 17, 18, 19, 20 дахь хэсэгт заасан Б*******т Монгол цэргийн музейн зүүн урд талд байршилтай үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалттай 900 м.кв, 1600 м.кв, 700 м.кв газар болон үйлчилгээний барилгын зориулалттай 700 м.кв газрыг эзэмших дуудлага худалдаанд нэхэмжлэгч Д.Х*******гийн гэр бүлийн хүн Г.Д******* оролцож ялагч болсон, улмаар 4 нэгж талбарт дуудлага худалдааны үнэ болох ,, төгрөг төлснөөр дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээг Нийслэлийн Газрын албатай байгуулсан, гэрээнд эрх бүхий Засаг даргын гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн Газрын алба дуудлага худалдаагаар худалдсан газарт төлөв байдал, чанарын хянан баталгаа, кадастрын зураг хийж, хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж,  газрыг акт үйлдэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн[1] байдаг.

 2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар захирамжийн 8, 9, 10, 11 дэх заалтаар дуудлага худалдааны ялагч Г.Д*******т 4 нэгж талбарт газар эзэмшүүлсэн, маргаанд хамаарах нэгж талбарын 3014/0070 дугаартай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний төвийн барилга барих зориулалтаар 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн 056095 дугаар гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан[2].

3. Газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 7 дугаар сард дүгнэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэгж талбарын 3014/0070 дугаартай 700 м.кв газрын төлбөрт 2,887,500 төгрөг төлсөн тооцоо нийлсэн акт үйлджээ.

4. Дуудлага худалдаагаар авсан Монгол цэргийн музейн зүүн урд талд байршилтай үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалттай 900 м.кв, 1600 м.кв, 700 м.кв газар болон үйлчилгээний барилгын зориулалттай 700 м.кв газарт орон сууц үйлчилгээний цогцолбор барилгын 61мХ15м, 12.8мХ75м, 61мХ15м хэмжээтэй суурьтай 3-9 давхар төмөр бетон каркасан барилгын БЗД/15-06 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг[3] 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас олгож, байршлын схем зургийг[4] баталсан байдаг.

Ийнхүү Г.Д******* нь дуудлага худалдаагаар эрх бүхий Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх авч, газар эзэмших эрхийн 056095 дугаартай хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн Б*******т Монгол цэргийн музейн зүүн урд талд байршилтай үйлчилгээний барилгын зориулалттай нэгж талбарын 3014/0070 дугаартай маргаанд хамаарах 700 м.кв газрын эзэмшигч болжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Д.Х*******д нэхэмжлэл гаргах, маргах эрх үүссэн тухайд.

1. Г.Д*******ээс газар эзэмших эрхийн 056095 дугаартай гэрчилгээ бүхий, нэгж талбарын 3014/0070 дугаартай, 700 м.кв үйлчилгээний барилгын зориулалттай газрыг эзэмших эрхийг эхнэр Д.Х*******д шилжүүлэх гэрээг[5] 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, мөн өдөр нотариатаар гэрчлүүлсэн,

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэрэгт Г.Д*******, Д.Х******* нар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ гэрээний 2.6 дахь заалтаар Г.Д******* нь Б*******т байрлах нэгж талбарын 3014/0070 дугаартай 700 м.кв газар эзэмших эрхийг Д.Х*******д 2017 оны 1 дүгээр сарын 10-ны дотор эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч шилжүүлэхээр тохиролцож[6], эвлэрлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, 

3. Г.Д*******ээс газар эзэмших эрхийн 056095 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 3014/0070 дугаартай, үйлчилгээний зориулалттай, 700 м.кв газрын эзэмших эрхийг Д.Х*******д шилжүүлж, тус газрыг өөр газраар нөхөж олгох тухай Нийслэлийн Газрын албанаас гаргасан шийдвэртэй холбоотой бүхий л хэлцэл хийх, хүсэлт гаргах, холбогдох үйлдэлд төлөөлөх, гарын үсэг зурах эрхийг олгож, Нийслэлийн Газрын албанаас нөхөж олгогдох газрын захирамж, гэрчилгээг Д.Х*******гийн нэр дээр гаргу******* авах, гэрээ байгуулах эрхийг Д.Х*******д олгосон итгэмжлэлийг[7] 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн,

4. Мөн Г.Д******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-нд Нийслэлийн Газрын албанд хандан  “нэгж талбарын 3014/0070 дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийг Д.Х*******д шилжүүлж байгаа тул тус газрыг өөр газраар нөхөж олгох санал, шийдвэртэй холбоотой бүхий л хэлцэл хийх, гарын үсэг зурах эрхийг Д.Х*******д олгож байна, Нийслэлийн Газрын албанаас нөхөж олгогдох газрын захирамж, гэрчилгээ, холбогдох бүхий л бичиг баримтыг Д.Х*******гийн нэр дээр гаргаж өгнө үү” хэмээн дуудлага худалдаагаар эзэмшсэн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж аваагүйтэй холбоотой үр дагаврыг шаардах эрхийг Д.Х*******д шилжүүлсэн хүсэл зоригоо бичгээр[8] илэрхийлсэн байна.

5. Г.Д*******ээс Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монгол цэргийн музейн зүүн урд талд байрлах 700 м.кв газрыг өөр газраар нөхөж олгохтой холбоотой асуудлаар захиргааны хэрэгт шүүхэд Нийслэлийн Газрын албанд холбогду******* нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг Д.Х*******д олгосон итгэмжлэлийг[9] 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 3 жилээр олгосон.

6. Г.Д*******ийн нэхэмжлэлтэй Д.Х*******д холбогдох, Д.Х*******гийн “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээний 2.6-д заасныг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд тохиролцож 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “хариуцагч Д.Х******* нь “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээний 2.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, нэхэмжлэгч Г.Д******* нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээний 2.6-д заасан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 13 дугаар захирамжаар олгосон газрын эрхийг Д.Х*******д шилжүүлэх үүргээ Д.Х*******гийн хүссэн баримтанд гарын үсэг зурж хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хугацаагаар хязгаарлагдахгүй” хэмээн эвлэрлийн гэрээ байгуулж[10],  улмаар  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2531 дүгээр захирамжаар хариуцагч Д.Х******* “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний 2.6 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талууд эвлэрснийг” баталжээ. 

7. Д.Х*******  2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргад “дуудлага худалдаагаар авсан газраа аваагүй” гэх өргөдөл гаргаж,   Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02-06/3336 дугаар албан бичгээр дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн талаарх баримт бичгүүдийг хуулбарлаж хүргүүлсэн.

Ийнхүү Г.Д*******ээс дуудлага худалдаагаар авсан, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газар эзэмших эрхийг шилжүүлэх, уг газрыг дүйцүүлэн нөхөх олговортойгоор сольж эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд маргах шаардах эрхийг Д.Х*******д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Д.Х******* “дуудлага худалдаагаар авсан газраа аваагүй” гэх өргөдөл захиргааны байгууллагад гаргаж, улмаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогду******* “газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй шүүхэд маргах, цаашлаад дуудлага худалдаагаар эзэмшсэн, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлээгүй, хүлээж аваагүй газрыг дүйцэхүйц газраар нөхөх олговортойгоор сольж эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

 Гурав. Дуудлага худалдаагаар эзэмших эрх авсан газрыг хүлээлгэж өгөөгүй тухайд.

1. Дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээгээр болон Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгээр Газрын алба тухайн газарт төлөв байдал, чанарын хянан баталгаа, кадастрын зураг хийж, хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, мэдээллийн санд бүртгэж, газрыг акт үйлдэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ч Нийслэлийн Засаг даргын 2006 оны 13 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газарт кадастрын зураг үйлдээгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй, эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлээгүй, газрыг акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй.

2. 35 өрхийн иргэд зөвшөөрөлгүй, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудыг зөрчиж хашаа, гэр барьж суурьшсанаас дуудлага худалдаагаар газар авсан Г.Д******* нарын иргэдэд газрыг чөлөөлж өгөөгүй болох нь Газрын албаны танилцуулга, зөрчлийн жагсаалтаар[11] тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

3. Улмаар маргаанд хамаарах газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/349 дүгээр захирамжаар нэгж талбарын 18646311034558 дугаараар 700 м.кв-аар иргэн Д.Буриадад эзэмшүүлж,  мөн оны А/584 дүгээр захирамжаар Ж.Нурбект шилжүүлсэн, 2018 оны А/23 дугаар захирамжаар Ж.Нурбекээс Д.Буриадад 463 м.кв-аар, Р.Галзагдад 237 м.кв-аар хувааж  шилжүүлж, 2018 оны А/568 дугаар захирамжаар нэгж талбарын 18646311023550 дугаараар 463 м.кв-аар Марч констракшн ХХК-д шилжүүлсэн[12] байна.

Ийнхүү 2005 онд дуудлага худалдаагаар 32,500, төгрөг төлж худалдаж авсан 700 м.кв үйлчилгээний барилгын зориулалттай, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигчид  бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хүлээлгэж өгөх үүргээ хариуцагч захиргааны байгууллага зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс, мэдээллийн санд бүртгээгүйгээс бусад этгээдэд давхцу******* олгож газар эзэмших эрхийг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчжээ.

Дөрөв. Захиргааны байгууллагаас газрыг нөхөх олговортойгоор дүйцүүлэх газраар сольж олгохоор тодорхой ажиллагаа хийсэн талаар.

1. Тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын дуудлага худалдааны үнийг төлсөн газартай дүйцэхүйц газар олгох боломж байгаа эсэхийг тодруулах санал гаргаж, улмаар шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хойшлуулсан,

2. Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар Д.Х*******д дуудлага худалдааны үнийн дүнд дүйцэхүйц газар шилжүүлэн байршил солих асуудлыг хэлэлцээд “дуудлага худалдаагаар олгосон газрыг мэдээллийн санд бүртгээгүй байснаас дүүрэг давхцу******* өөр этгээдэд олгосон, Д.Х*******тай уулзалт товлож, дуудлага худалдааны үнэд дүйцүүлж байршил тогтоож олгох”-оор шийдвэрлэж[13]

3. Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 2.3 га газрыг дүйцүүлэн олгохоор газрын байршлын хувьд талууд тохиролцож, Вектор мэп ХХК-иар 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр кадастрын зураг хийлгүүлж, эргэлтийн цэгийг тодорхойлуулж[14], уг газрыг эзэмших хүсэлтийг Д.Х******* хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаж, эвлэрлийн гэрээний төслийг хүргүүлсэн,

4. Улмаар  Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хурлаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршил шилжүүлэх Д.Х*******гийн хүсэлтийг хэлэлцээд “дэмжигдсэн” шийдвэр гарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянагдаж буйг тус албаны 2023 оны 5  дугаар сарын 23-ны өдрийн 01-08/2345 тоот албан бичгээр[15] Д.Х*******д мэдэгджээ.

5. Дүйцүүлэн байршил шилжүүлэх Д.Х*******гийн хүсэлтэд хамаарах Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.3 га газрын хувьд бусад этгээдийн эзэмшил, ашиглалтын болон хүсэлт гаргасан газартай давхцалгүй нь, газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах байршилд болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хурлаар хэлэлцээд дэмжигдсэн, нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянагдаж байгаа гэх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5  дугаар сарын 23-ны өдрийн 01-08/2345 тоот албан бичгээр тогтоогдож байна.

6. Д.Х*******гийн  Нийслэлийн Засаг даргад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан “дуудлага худалдаагаар авсан газраа аваагүй” гэх өргөдөлд   Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02-06/3336 дугаар албан бичгээр дуудлага худалдаагаар газар эзэмшүүлсэн талаарх баримт бичгүүдийг хуулбарлаж хүргүүлснийг уг өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн гэж үзэхгүй, түүнчлэн газрыг дүйцүүлэн байршил сольж эзэмшүүлэхээр Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар хурлаар хэлэлцээд дэмжигдсэн ч нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянагдаж байгаа хэмээн шийдвэрлээгүй хэвээр байх тул Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж, уг эс үйлдэхүйг хууль бус гэж шүүх үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хуульчилсан, энэ маргаан үүссэн нөхцөл байдалд хариуцагч захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа эдгээр зарчмуудад нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

 Иймээс дуудлага худалдаагаар 2006 онд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээгээр эзэмшүүлсэн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлээгүйгээс газар эзэмшигчийн, түүнээс гэрээгээр эрх шилжүүлэн авсан этгээдийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, шилжүүлэн авах эрх зөрчигдсөн, улмаар дүйцүүлэх газраар байршил солих хүсэлтийг 2021 оноос хойш шийдвэрлээгүй байх тул Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмшүүлэх, байршил өөрчилсөн шийдвэр гаргуулах утга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Х*******д Б*******т байрлаж байсан газартай дүйцэхүйц хэмжээ, нөхцөлтэй (цахилгаан, дулаан, ус гэх мэт техникийн нөхцөлд хамаарах авто зогсоол, зам, дэд бүтэц бүрэн холбогдсон) газар эзэмшүүлэх байршил өөрчилсөн захиргааны акт гаргахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөг гаргу******* нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 11-15, 27, 113-145 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 16-19

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 249 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 24-25, 250, 2 дугаар хавтсын 2 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 27 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 66 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 29 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 28 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 30 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 34 дүгээр хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 20, 21 дүгээр хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 16-25 дугаар хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 135-138 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 209-213 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 247 дугаар хуудас