Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2024/00352

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******т холбогдох,

61 300 000 төгрөгийн үнэ бүхий малыг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 42 настай. 17 наснаасаа мал маллан амьдарсан. Эхнэр тай амьдраад 20 гаруй жил болсон. Бидний дундаас ганц охин төрсөн. Хадам ах Г.*******ынхтай айл бууж малаа хамтарч малладаг байсан. Би 30-аад адуу, 7, 8 үхэр, 30 гаруй хонь, ямаатай эхнэртэйгээ суусан. Эхнэрийн талаас нийлэхдээ хувь хөрөнгө гэж авч ирсэн мал байгаагүй. Эхнэртэйгээ сууснаас хойш төсөлд хамрагдан 50 толгой хонь авч өсгөж байсан. Малаа голдуу Г.******* ах дээр тоолуулдаг, заримдаа надад тоолуулдаг байсан. Би бичиг үсэг мэдэхгүй учир малын тоо бичиг баримт юу болж байгааг анзаардаггүй байсан. Сүүлдээ Г.******* ах хот хооронд тээвэр хийнэ гээд том ачааны тэрэг авах гэж малаа үгүй хийсэн. Уг машинаа онхолдуулж явахгүй болгоод бүр үгүй хийсэн. Зээл хийж малаа ийш тийш нь их сандаасан. Тэгээд гадаад гарч ажил хийнэ гээд малаа зарсан. Хойтон жил нь эхнэр нь араас нь явахдаа бүх малаа зараад малгүй болсон. Г.******* ах 2016 онд 2 000 000 төгрөг өгч хонь ав гэсэн. Түүгээр нь 40 төлөг авч, түүнийг нь бид өсгөж овоо хэдэн юм болгосон. Цалин урамшуулал гэж өгч байгаагүй. Тэдний малыг 7, 8 жил үнэ хөлсгүй харсан. Г.******* ах “чи малаа маллаж бай. Очиж байгаад тооцоо хийж хувааж авна” гэдэг байсан. Эхнэр бөөрний дутагдалд ордог өвчтэй болоод 7, 8 жил болж байна. Аппратад ордог учир голдуу аймагт байр сав түрээслээд, би ганцаараа мал дээрээ байдаг болсон. Охин аймагт ээжийгээ хараад ажилгүй, ээжийгээ эмнэлэг, гэр хооронд зөөх шаардлагатай болж 709 толгой малаа барьцаалж банкнаас 15 000 000 төгрөгийн зээл авч, зээлээ ээжийн тэтгэвэр энэ тэрээр төлж байна. Гэтэл Г.******* ахынх малыг минь бүгдийг нь аваад нүүгээд явчихсан. Үүнээс болж эхнэр бид хоёр маргалдсан. Ингээд ерөнхийдөө салчихаад байна. Зээл хийж авсан машиныг эхнэр, охин хоёр авсан. Одоо надад ганц ч мал байхгүй. Гэтэл банкны зээл нэхэгдээд шүүхээс шийдвэрлэхдээ бид хоёрыг хувааж төл гэсэн шийдвэр гаргасан. “би өвчтэй, чи төл” гээд байгаа. Иймд Г.*******аас өөрийн малаа авах хүсэлтэй байна. Г.*******ыг Туркээс ирсний дараа бид хамт малаа тоолоход 650 орчим бог, 40-өөд үхэр, 22 адуу байсан. Иймд манайх ядаж 356 толгой мал авах ёстой учир 325 бог, 20 үхэр, 11 адууг нэхэмжилж байна. Бог 325 х 100 000 = 3 250 000 төгрөг, үхэр 20 х 1 000 000 = 20 000 000 төгрөг, адуу 11 х 800 000 = 8 800 000 төгрөг, нийт 61 300 000 төгрөгийн үнэ бүхий малаа бусдын хууль бус эзэмшлээс гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.******* нь миний төрсөн дүү тай 2004 оноос гэр бүл болсон. Гэр бүл болоход нь манай аав Г.******* орон гэрийг нь зэхэж өгч айл болгосон. Ц.******* нь цөөхөн адуу, үхэр, ямаатай манай дүүтэй нийлж байсан. Малаа 2, 3-хан жилийн дотор ээж, дүү нар луугаа зөөж дуусгаад унааны 2 морь, 1 гүүтэй л үлдэж байсан. Аавыгаа нас барснаас хойш би малаа өсгөж 2000 гаруй болгосон бөгөөд эмээ , ээж , Ц.******* болон өөр дээрээ байнга хувааж тоолуулдаг байсан. 2012, 2013 оны үед том машин худалдан авч тээвэр хийж байсан. Энэ үед хүний тээвэрлүүлж байсан вакум цонхыг хагалж өрөнд орсон төдийгүй дараа нь машин онхолдож өр ширэнд орж мал хуйгаа хямдхан өгч өрнөөс салж байсан минь үнэн. Үлдсэн малаа Ц.*******, хоёрт үлдээгээд намайг иртэл маллаж, амьдралаа залгуулаад байж бай, ирээд малаа авна гээд Турк улс руу ажил хийхээр явсан. Яваад 2, 3 жилийн дараа хоёр дүүтэй утсаар ярихад “хонь, ямаа 50 хүрэхгүй болсон, 1 үнээ тугаллана, 1 гүү унагалана” гэж мал цөөрсөн талаар хэлсэн. Тэгэхээр нь эхнэртэйгээ гадаадад илүү цагаар хүртэл ажиллаж мөнгө олж дүү ын данс руу 3 жил дараалан мөнгө шилжүүлж адуу, үхэр, хонь авахуулсан. 2022 онд Монголдоо ирээд Ц.*******тэй цуг малаа маллаж байхад тэрээр гэр бүлээс гадуур харилцаанаас 2 хүүхэдтэй болчихсон төдийгүй миний малыг орхиод хамтран амьдрагч руугаа явсан юм. Би өөрийн үлдээсэн болон худалдаж авсан малаа маллаж байгаа. Намайг гадаад явснаас хойш Ц.******* нь миний үлдээсэн өчнөөн эд хөрөнгө, малыг үгүй хийсэн байдаг. Би энэ эд хөрөнгөө нэхэмжлэх байтал Ц.******* нь надаас үндэслэлгүйгээр эд хөрөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.******* нар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас хариуцагч Г.******* бид нөхцөл байдлыг үнэлж ярилцлаа. Нэхэмжлэгч Ц.*******г байлцуулан ярилцаж, тохиролцов.

Нийт 365 толгой мал буюу 61 300 000 төгрөг нэхэмжилснийг эхнэр , охин нарт ногдох хувийг үлдээж, зөвхөн нэхэмжлэгчид ногдох хувь болох 108 бог, 7 үхэр, 7 адуугаа нэхэмжилж, үлдэх хэсгээс татгалзсан ба үүнийг зөвшөөрч ойлголцсон. Мөн цас зуданд мал үхэж үрэгдсэн нөхцөл бадйлыг харгалзан хэн хэнээсээ сөргүүлж мөнгө, бусад зүйлийг нэхэхгүйгээр тохиролцсон ногдох хэсгээ  дахин 50 хувиар багасгаж 61 /54 бог, 3 үхэр, 4 адуу/ мал өгөхөөр тохиров. Байгаа малаасаа тохиролцож өгөөд, зөрүү гарвал хугацаа тогтоож өгөлцөж, авалцахаа тохирч болно.

54 бог х 100 000 төгрөг = 5 400 000 төгрөг

3 үхэр х 1 000 000 төгрөг = 3 000 000 төгрөг

4 адуу х 800 000 төгрөг = 3 200 000 төгрөг, нийт 11 600 000 төгрөгөөр үнэлэгдэх малыг өгөхөөр тохиролцсон болно гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан 61 300 000 төгрөгийн үнэ бүхий малыг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 49 700 000 төгрөгийн үнэ бүхий 271 бог, 17 үхэр, 7 адууг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 54 бог, 3 үхэр, 4 адууг хариуцагч Г.*******аас гаргуулах, хариуцагч Г.******* нь нийт 11 600 000 төгрөгийн үнэ бүхий 54 бог, 3 үхэр, 4 адууг нэхэмжлэгч Ц.*******д өгөхөөр тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь 61 300 000 төгрөгийн үнэ бүхий малыг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 49 700 000 төгрөгийн үнэ бүхий 271 бог, 17 үхэр, 7 адууг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 11 600 000 төгрөгийн үнэ бүхий 54 бог, 3 үхэр, 4 адууг хариуцагчаас гаргуулах, хариуцагч Г.******* нь 11 600 000 төгрөгийн үнэ бүхий 54 бог, 3 үхэр, 4 адууг нэхэмжлэгч Ц.*******д өгөхөөр тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 450 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 232 225 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 232 225 төгрөгийг, хариуцагч Г.*******аас 100 275 төгрөг /11 600 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 200 550 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА