Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1786

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэртэй, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК оролцсон, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар 4 478 804 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Ү-2205005543 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон 69 592 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үнэлгээний 70 хувь буюу 48 744 400 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлэх талаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл хүлээн авсан. Үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна.

Төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлнө. Гэхдээ байрыг маань дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоохдоо Шийдвэр гүйцэтгэлийн газарт “миний өгсөн мөнгийг тооцох ёстой гэж гомдол гаргасан боловч” хүлээн аваагүй. 25 000 000 төгрөг төлөөд байраа авмаар байна гэж хэлсэн. Гуравдагч этгээдийн тухайд өөр банкинд орон сууцаа барьцаалах эсхүл танайхаас зээл аваад төлөх боломжтой гэдгээ хэлсэн ч хүлээн аваагүй, зарчихсан байсан. Үүнтэй холбоотой бас шүүх хурал болоод байрыг надад буцаасан. Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, байраа буцаан авмаар байна. Тухайн байр 70 000 000 төгрөгөөс илүү үнэлэгдэх баримт цуглуулсан. Шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнээс доогуур байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар Д.Ц-ээс 44 978 986 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Ц-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул “Б” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 69 592 000 төгрөгийн 70 хувь 48 714 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/100143 тоотоор талуудад мэдэгдсэн. Мөн анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт оруулахыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13278 тоот мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн үеэс хойш нэхэмжлэгч Д.Ц нь нэг ч удаа төлбөр төлөөгүй, өөрөө ирж уулзаж байгаагүй. Хэрэв төлбөрийн үлдэгдэл бага үлдсэн, сар бүр төлөлт хийж байсан бол манайхаас заавал байрыг дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй. Гэтэл төлбөр төлөгч нь төлбөр төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргадаггүй, энэ байдлыг төлбөр авагч хүлээн зөвшөөрдөггүй учраас хуульд заасан дарааллын дагуу ажиллагаа хийж байгаа. Ямар ч төлбөр хийгээгүйг төлбөр төлөхгүй санаатай зугтаж байна гэж үзэж байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4839 дугаар захирамжаар хариуцагч Д.Ц нь “Э” ХХК-ийн нэхэмжилсэн 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Д.Ц нь өнөөдрийг хүртэл энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй, элдэв янзын маргаан үүсгэсээр байгаа нь төлбөр авагч “Э” ХХК /одоо оноосон нэрээ “В” ХХК болгон өөрчилсөн/-д ихээхэн хэмжээний хохирол, хүндрэл үүсгэж байгаа тул төлбөр авагч нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Ингээд ч Д.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас түүний барьцааны гэрээгээр барьцаалсан Баянгол дүүрэг 12 дугаар хороо 24 дүгээр байрны 23 тоот орон сууцыг албадан худалдан борлуулж шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон. Энэ үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй бол тухайн хөрөнгийг шинжээчээр үнэлүүлдэг. Д.Ц нь өөрийн хөрөнгөө 250 000 000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд харин ч энэхүү үнэлгээ нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. Төлбөр авагч банк бус санхүүгийн байгууллагын зүгээс дээрх хөрөнгийг үнэлгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж үзэж шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шинжээч томилж, 69 592 000 төгрөгөөр “Б” ХХК орон сууцыг үнэлсэн нь бодит үнэлгээ. Тухайлбал, орон сууцны насжилт, давуу болон сул тал, зах зээлийн үнэлгээний тооцоо зэргийг шинжээч харьцуулан шинжилж үнэлгээг гаргасан нь хуульд нийцсэн. Гэтэл Д.Ц нь шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ огт тайлбарлаагүй, тухайн орон сууцны үнэ ямар учраас шинжээчийн дүгнэлтээс өндөр үнэлгээтэй байх талаар нотолсон зүйлгүй, түүний нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Миний өмчлөлийн эрхийн Ү-2205005543 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12-р хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байрлах орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон  69 592 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.  

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Ц нь “Э” ХХК-д нийт 44 978 986 төгрөгийн төлбөр төлөх, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх ажиллагаа явагдах талаар заасан байна. /хх 6, 7/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/15706 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 144/02 дугаар тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэсэн байна. /хх21-30/

 

Төлбөр төлөгч Д.Ц нь хариуцагч талд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээг 250 000 000 төгрөгөөр үнэлэх тухай санал /хх31/ гаргаж, төлбөр авагч нь үнэлгээг шинжээчээр тодорхойлуулах хүсэлт /хх32/ гаргажээ. Энэ тохиолдолд талууд үнэлгээний талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 123 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шинжээчээр томилогдсон “Б” ХХК нь барьцааны орон сууцыг 69 592 000 төгрөгөөр үнэлсэн. /хх30-40/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж зохицуулсан.

 

Хариуцагч байгууллагын хувьд, хуулийн дээрх заалтын дагуу төлбөр төлөгчид 2019 оны  5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13278 дугаар Мэдэгдлээр /хх43/ шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 69 592 000 төгрөгийн 70 хувь буюу 48 714 400 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн нь хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна шүүх ямар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй талаарх давж заалдах гомдлын үндэслэл тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Т.ТУЯА