Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2024/00084/И |
Дугаар | 129/ШШ2024/00177 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 129/ШШ2024/00177
129/ШШ2024/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сум, 1 дүгээр багт байрлах А аймаг дахь Ш/../-ын хүсэлттэй,
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А аймаг дахь Ш нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч А аймаг дахь Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ “...А аймгийн Э сумын ............... тоотод оршин суух хаягтай Г.А нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 79 тоот шүүгчийн захирамжаар 1 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Уг ялыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эдэлж эхэлсэн. Ялтны цахим бугуйвч ашигласны төлбөр, цахим бугуйвч болон дагалдах хэрэгсэл эвдсэний нийт төлбөр 996 000 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох Г.А нь А аймгийн Э сумын ..............тоотод байхгүй учраас А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан. Г.А-ээс төрд учруулсан хохирол болох 996,000 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох шаардлагатай байх тул Г.А-ийг эрэн сурвалжилж хаягийг олж өгнө үү...” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ялтан Г.А нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, цахим бугуйвч зүүж эхэлсэн. Үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цахим бугуйвчийг унтрааж, биеэсээ салгаж, оргон зайлсан. Ингэхдээ цахим бугуйвчийг бүрэн эхээр нь эвдэж хаясан байсан. Г.А нь 43 хоног цахим бугуйвч зүүсэн. Тухайн хоногийн 56,000 төгрөг, цахим бугуйвч 782,000 төгрөг, соронзон цэнэглэж 30,000 төгрөг, нөөц цэнэг хураагуур 120,000 төгрөг, нөөц цэнэг хураагуурын цэнэглэгч 8,000 төгрөг, нийт 996,000 төгрөгийн хохирол учруулсан. Одоо хаана байгаа нь тодорхойгүй. Авирмэдийн гэрийн хаяг нь А аймгийн Э сумын .......тоот, А аймгийн Ц сумын Б багт оршин суудаг гэх боловч хаягтаа байдаггүй. Иймд шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан..., ...А аймгийн ... дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт авсан. Мөн манай байгууллагаас хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авч байсан гүйцэтгэх хуудасны материал байгаа бөгөөд үүнээс нь мэдээллийг нь авсан..., Оргон зайлж зугтаах үед нь олоод хорих ял оноосон. Тухайн үед нь төлбөрөө төл гэж шаардаж байсан хэдий ч хорих ял эдлээд дууссан...” гэжээ.
2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Итгэмжлэл
-А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1628 тоот захирамж,
-А аймаг дахь Ш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ХМШЗ/79 дугаартай Өршөөлд хамруулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар,
-Цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл,
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих санал,
-Бодь Электроникс ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/3295 тоот албан бичиг, түүний хавсралт,
-Юнител ХХК-ийн албан бичиг ,
-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл,
-А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт,
-А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт
2.1 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримт:
-“Хур” төрийн мэдээлэл солилцооны системийн Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
-Цахим бугуйвч, тоног төхөөрөмж ашигласан зардлыг төлөх мэдэгдэл,
-Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих санал,
-Бодь Электроникс ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/3295 тоот албан бичиг, түүний хавсралт,
-Юнител ХХК-ийн албан бичиг ,
-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналтын тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар Г.А нь цахим бугуйвч , соронзон цэнэглэгч, нөөц цэнэг хураагуур, нөөц цэнэг хураагуурын цэнэглэгч зэрэг тоног төхөөрөмжийг хүлээн авч, улмаар эвдэж хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй, хүсэлт гаргагч А аймаг дахь Ш нь Г.А-ийн хаягийг тодруулж, учруулсан хохирлыг шаардах хүсэлтэй байгаа болох нь тогтоогдож байна. Мөн А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 129/ШЗ2023/01628 тоот шүүгчийн захирамжаар Г.А нь А аймгийн Э сум, 5 дугаар баг, Наранбулагийн 27-31 тоотод оршин суудаггүй болох нь мөн “Хур” төрийн мэдээлэл солилцооны системийн Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолтоор А аймгийн Ц сумын Б багт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болох нь тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар Г.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул Г.А-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч А аймаг дахь Ш газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Г.А /.../-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хүсэлт гаргагч А аймаг дахь Ш газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН