Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1785

 

 

 

 

 

 

 

 

 

                               БНХАУ-ын иргэн В, Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01719 дугаар шийдвэртэй, БНХАУ-ын иргэн В /W/, Б/В/ нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц, Э.Э нарт холбогдох,

2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт болох 240 000 000 төгрөгийг “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах, /CDM853/ маркийн ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг Э.Э, П.Энараас гаргуулах, Хятад ажилчдад зарцуулсан 382 938 857.88 төгрөгийг “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.О, П.У, хариуцагч бөгөөд хариуцагч “Т” ХХК, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагч Г.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Бид 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч П.Э-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Гавьжийн тоосгоны үйлдвэрт тус бүр 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллахаар П.Э тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлж хөрөнгө оруулах, нэхэмжлэгч нар тус бүр 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болсон. 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр /нэмэлт/ гэрээг А тал П.Э, Г.Ц, Э тал Д буюу В, И тал Б нар дараах нөхцөлөөр байгуулсан. П.Э, Г.Ц нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч нарын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэхгүй бол /албан ёсны гар гүйцэтгэл нь нэхэмжлэгч нарын хувь оруулалтыг албан журмын дагуу жинхэнээрээ 66.6 хувийг үйлдвэр үйлчилгээний гэрчилгээнд оруулж жинхэнэ хувь эзэмшигч болгохыг зааж буй/ Э ба И хоёр талын оруулсан бүх хөрөнгийн 240 000 000 төгрөгийг өнөө жилийн борлуулалтын орлогоос буцааж өгөх, 2013 онд нэмж оруулсан төхөөрөмжийн бүх мөнгийг оруулсан өдрөөс эхлэн сар бүр 3 хувийн хүү бодож 2013 оны үйлдвэрлэлийн борлуулалтаас бодож авах, Э ба И хоёр талын өнөө жилийн нэмж оруулсан бүх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн 1 жилийн үйлдвэрийн хугацаа даруй 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болтол үйлдвэрийн үйл ажиллагааны хугацаа дууссаны дараа бүгдийг буцааж авах. Даруй энд зааж байгаа бол энэ жилийн нэмэлт хөрөнгө оруулалтаар оруулсан бүх мөнгөө үйлдвэрийн анхны хугацаанд буцааж авсны дараа тус тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэрэгслээ Э ба И хоёр тал А талын зөвшөөрлийг олох шаардлагагүйгээр өөрийн тохиромжтой цагт буцаан авах. А талын ямар ч учрал шалтгааны нөхцөл болзолтойгоор харшиж хориглож болохгүй байх. Э ба И хоёр тал энэхүү гэрээний дагуу өөрийн машин тоног төхөөрөмж энэ жилийн ашгаас тус гэрээнд авах заалттай авах жилийнхээ авахыг хоригловол А тал нь 2 дахинаар бодож Э ба И хоёр талд буцааж өгөх.

Хэрэв А тал нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Э ба И талын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэл, бичиг баримтыг бүрдүүлж чадах юм бол тус гэрээнд заалттай бүх тоног төхөөрөмж, ковш зэрэг бүгд тус компанийн тоосгоны үйлдвэрийн А, Э, И гурван талын хамтын өв хөрөнгө болж Э ба И хоёр тал нь дураараа шилжүүлэх хөдөлгөөн хийж огт болохгүй. Хэрэв Э би И хоёр тал нь дураараа авах юм бол тус үйлдвэрт хоёр дахин үнэ бодож төлнө. Төлбөрийн өртөг мөнгө нь А,Э,И гурван талын хамтын хөрөнгө болно. 2013 оны үйлдвэрийн ашгаа 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээ ёсоор өнөөдрийн тогтсон гэрээний дагуу буй бүхий хамгийн анханд буцаах мөнгийг буцааж дууссаны дараа ашигтай бол ашгаа А,Э,И гурван тал адилхан 33.3 хувиар хувааж авна. Ямар нэгэн талд харшлахгүй, хэрэв харшлах юм бол харшсан тал нь хохирсон талдаа өөрийн болох ашгаа ямар ч гомдол нөхцөлгүйгээр өгнө.

Хэрэв А, Э, И гурван талын 2012 оны 6 дугаар сарын 14-ний гэрээ ёсоор Э ба И хоёр тал А талын тоосгоны үйлдвэрт орсон хувьцааг албан ёсны гар гүйцэтгэлийг хийхгүй юм бол /даруй 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө/ тус гэрээнд тогтсон ёсоор Э ба И тал нь буцааж авна. Гэхдээ тус гэрээнд тогтсон зурвасын ёсоор ажиллана. Аль нэг тал нь харшиж болохгүй гэдгийг Монгол улсын хууль дүрмээс болж шилжиж болохгүй буюу өөр нэг дүрэм журмын албаны зарчмаас болж хувьцааг шилжүүлж чадахгүй болсныг зааж буй гэж тус тус тохиролцсон байна.

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өөрсдийн оруулах хөрөнгө оруулалтаа хэсэг хэсгээр цувуулан П.Э, түүний эхнэр Г.Ц нарт өгсөн ба нийт өгсөн мөнгөний хэмжээ 270 824 080 төгрөг болсон. Хөрөнгө оруулалт болгож өгсөн энэ мөнгөнөөс П.Э, Г.Ц нар компанид тоног төхөөрөмж худалдан авах, эдгээрийг авахын тулд БНХАУ явсан болон хоол унааны зардал гэж авдаг байсан ба хөрөнгө оруулалтыг авах бүртээ гарын үсэг зурж байсан нь нотлох баримтаар авагдсан. Тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа явагдаж байсан ч П.Э, Г.Ц нар борлуулалтын орлогоос нэхэмжлэгч нарын оруулсан хураамжийг гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд албан журмын дагуу жинхэнээрээ 66.6 хувийг үйлдвэр үйлчилгээний гэрчилгээнд оруулж жинхэнэ хувь эзэмшигч болгох үүргээ биелүүлээгүй болно.

Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, талуудын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний 1-д хөрөнгө оруулалт хийсний дараа Б, В нарт компанийн 33.3 хувийг тус бүр эзэмшүүлэхээр гэрээ, гэрчилгээнд өөрчлөлт оруулж, хувь эзэмшигч болгох, хэрэв ингэж өөрчлөлт оруулахгүй бол хөрөнгө оруулалтын 240 000 000 төгрөгийг буцаан өгнө гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нарын оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нараас гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэгч В нь 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу “Т” ХХК-д үнэ төлбөргүй ашиглуулахаар СДМ853 маркийн 2012 онд үйлдвэрлэсэн ковшийг 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Э-т хүлээлгэн өгсөн. Уг ковшийг В нь өөрийн мөнгөөр “А” ХХК-ийн нэр дээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 52 000 ам.доллараар худалдан авсан ба компанийг үүсгэн байгуулагч буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч В болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог. Ковшийн үнэ 52 000 ам.доллар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар 126 166 040 төгрөг бөгөөд хариуцагч нар ковшийг өөр хүнд шилжүүлэн өгсөн гэдэг тул дээрх төгрөгөөр тооцон П.Э, Э.Э нараас гаргуулахаар шаардаж байна.

Хамтран ажиллах гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн тоосгоны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж Хятад иргэдийг ажиллуулахаар П.Э-тай тохиролцож “Т” ХХК, БНХАУ-ын Т сумын ажилчдын төлөөлөгч Ч, Л нар хөлсөөр ажиллах гэрээг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Тэд Монгол улсын компани цалин өгөхгүй байх эрсдэлтэй, гэрээг байгуулахгүй гэсэн тул нэхэмжлэгч нар компанийн өмнөөс хөлсөөр ажиллах гэрээний дагуу батлан даагчаар  гарын үсэг зурсан. Харин ажилчдын цалин, бусад зардлыг үйлдвэрийн борлуулалтын орлогоос буцаан авахаар П.Э, нэхэмжлэгч нар харилцан тохиролцсон.

Хамтран ажиллах болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2013-2014 оны хооронд тоосго үйлдвэрлэхтэй холбоотой дараах зардлуудыг нэхэмжлэгч нар гаргасан. Үүнд, ажилчдын цалин, хөлстэй холбоотой зардал 670 564 юань буюу  25 300 960 төгрөг, тоног, төхөөрөмж, сэлбэг засварын зардал 221 925 юань буюу 3 250 000 төгрөг, компанийн удирдлагууд Эрээн хот явсан болон визний сунгалтын 127 572 юань буюу 65 350 500 төгрөг, шатахуун, цахилгаан, нүүрсний 35 054 117 төгрөг, засвар техникийн үзлэг, ковшийн түрээс 3 342 000 төгрөг, бусад зардал 17 235 юань, 26 765 150 төгрөг. Нийт 1 037 296 юань болон 159 347 727 төгрөгийг “Т” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулсан.

Талууд үйлдвэрлэсэн тоосгоноос зардлаа гаргаж авахаар П.Э-тай тохиролцсон. 2013-2014 онд үйлдвэрлэж борлуулсан тоосгосноос 91 000 000 төгрөгийг  В өөрийн гаргасан зардалдаа тооцон авсан. Төгрөгийн зардал болох 159 347 727 төгрөгийн борлуултыг орлогоос авсан тул 91 000 000 төгрөгийг хасаж 68 347 727 төгрөг, мөн 1 037 296 юань болох 314 591 130.88 төгрөг, нийт 382 938 857. 88 төгрөгийг тоосгоны үйлдвэрт худалдан авсан тоног төхөөрөмж, шатахуун, цахилгаан нүүрсний зардал, ажилчдын цалинтай холбоотой зардалд нэхэмжлэгч нарын гаргасан нийт 382 938 857.88 төгрөгийг “Т” ХХК болон П.Э, Г.Ц нараас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч нар тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нараас “Т” ХХК-ийн данс руу нэг ч төгрөг шилжүүлээгүй. Бидний хүлээж авсан 69 000 000 төгрөг нь урсгал зардалд зарцуулагдсан. 8 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын 21 иргэнийг ажиллуулсан боловч цалин өгөөгүй. Дараа жил нь БНХАУ-ын 33 иргэнийг 40 хоног ажиллуулсан боловч бас цалин өгөхгүй явуулсан. Нэхэмжлэгч нар манай тоосгоны үйлдвэрийг дампууруулах зорилготой байсан. 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу хөрөнгө оруулалтын гэрээг Д, Ван овогт Б нартай байгуулсан. Гэтэл энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг W /В/, B /Б/ нар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Ковшийг Д өөрөө хүлээж аваад өөрийн амьдарч байсан гэрийн гадаа зогсоогоод н.А, н.О гэсэн хоёр манаачид хүлээлгэж өгөөд явсан. 2014 оны 4 дүгээр сард энэ хоёр манаачаас аваад н.Н гэх өмгөөлөгчийг дагуулж ирээд авах гэхэд нь би “хохирлоо авна” гээд өгөөгүй. Ингээд н.Б гэж Багануур дүүргийн нүүрсний үйлдвэрийн эзэн Д-тэй хамтарч ажиллах гэж байгаа, ковшийг 10 дугаар сард авна, энэ зун ашигла гээд тохиролцсон. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр н.Б гэж жолоочид хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нар жолооч н.Б-т надаас цалин ав гээд цалин өгөхгүй явуулсан байсан. Одоо болтол энэ хүн цалингаа аваагүй. Д тоосгоны үйлдвэрийн ашгаас өөртөө Зайсанд байр авсан. 03-79 УНЗ улсын бүртгэлийн дугаартай Дөлгөөн нуурын нэр дээр байсан автомашиныг унаж яваад одоог хүртэл авчирч өгөөгүй. Д ашиг олсон, харин ажилласан БНХАУ-ын ажилчид хохирсон.

Хэрэгт өгсөн нотлох баримтууд бүгд худал баримтууд. 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 60 гаруй настай хоёр БНХАУ-ын иргэн тоосгоны үйлдвэрт газар тэгшлээд 100 000 төгрөг авна гэж байсан. Орчуулсан гэсэн бичиг хийсэн болохоос биш нотлох баримтуудыг батлаагүй. Анх компани байгуулах 120 000 000 төгрөг байршуулах гэсэн ч мөнгө алга гэж байсан. Ковшийг 7 хоног ажиллуулаад буцааж авчраад Д-т өөрт нь хүлээлгэж өгөөд н.Д үйлчилгээг нь хийсэн. н.Д, Д нар уг үйлчилгээтэй холбоотойгоор муудалцаж, зодолдсон.

Батжаргалыг өмнө нь таньдаг байсан. Д ирээд “бүх зардлыг даагаад, тооцоог өөрөө хийе, харин П.Э, Г.Ц хоёрыг БНХАУ-ын ажилчдыг хамгаалаад манаач хий” гэх агуулгаар 2-3 удаагийн гэрээ байгуулсан. Д-ээс авсан мөнгийг хувьдаа хэрэглээгүй. Уг мөнгийн юунд хэрэглэсэн талаар тухай бүр тооцоо нийлдэг байсан. Эрээн явах үед өөрсдөө санаачилгаараа хоолонд оруулсан атлаа одоо нэхэмжилж байна. Хятад ажилчдыг 2 сар ажиллуулахдаа хоол хүнсээр хангаагүй, бид гаргасан. Ажилчдын цалинг өгөхгүй байснаас тэд ажил хийхээ больсон. Д амалсандаа огт хүрээгүй, Б төрийн ажил хийж байна гээд ирдэггүй байсан. Ингээд Хятад ажилчид эх орондоо буцаж, үүнээс маргаан үүсч, үйлдвэрээ ажиллуулахаа больё гэсэн. 2 312 000 ширхэг тоосгыг Хятад ажилчид Г.Ц-д хүлээлгэж өгсөн. Улаан тоосго зарж үлдсэн Монгол ажилчдын цалинг өгөөд ажлыг хийж дуусгасан.

Д нь н.О гэх хүнийг тоосго ачаад авч явахаар томилсон байсан. Үүнээс болж маргалдаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Гэрээ ёсоор нэг  нэгнээсээ зөвшөөрөл авах ёстой. Гэтэл Д үүнийг зөрчөөд тоосгыг заруулаад дараа жил үргэлжлүүлж ажиллая гэсэн. Гэрээ дуусгавар болсон үед аль ч тал гомдол, санал гаргахгүй гэж заасан байхад шүүхэд хандан, гүтгээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3, 359 дүгээр зүйлийн 359.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Б, В нарын “Т” ХХК болон П.Э, Г.Ц, Э.Э нарт холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу нэхэмжлэгч нарын хөрөнгө оруулалтаар оруулсан 240 000 000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар хятад ажилчид ажиллуулахад зарцуулсан 382 938 857.88 төгрөг, ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар хариуцагч Э.А-т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 515 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй байна. Эхний шаардлагыг шийдвэрлэхдээ “хамтран ажиллах гэрээний оролцогчийн төлсөн хураамж гэрээний нийт оролцогчдын дундын өмчлөлийн зүйл болдог тул талууд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, ашиг алдагдлаа тооцохгүйгээр гэрээнээс гарч буй тал оруулсан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байна.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй. Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 01 тоот “Т” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу нэхэмжлэгч нар тус бүр 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Нэхэмжлэгч нар 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 270 824 080 төгрөгийг хөрөнгө оруулалт болгож П.Э, түүний эхнэр Г.Ц нарт өгсөн, мөнгийг авах бүртээ гарын үсэг зурж, хүлээж авч байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг бүх шатны шүүх дүгнэсэн. Уг гэрээ болон нөхвөр гэрээгээр хүлээсэн үүргээ А тал буюу П.Э, Г.Ц нар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээнээс гарч, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу анх гэрээ байгуулахад оруулсан 240 000 000 төгрөгийг хариуцагч П.Э, Г.Ц нараас шаардсан.

Шүүх нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг, ...тухайн тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч “А” ХХК-ийг өмчлөгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар тухайн эд хөрөнгийн хувьд шаардлага гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01787 дугаар тогтоолд ...нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Т” ХХК П.Э, Э.Э нарт холбогдох ковшийн үнэ 126 166 040 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүйгээс ковшийг Э.Э авсан баримт хэрэгт байх боловч буцааж өгсөн эсэх, ковшийн зах зээлийн үнэ зэрэг ач холбогдол бүхий байдал тодорхой бус үлджээ. ...Тухайн ковшийн эзэмших эрхийн бүртгэл хийгдээгүй боловч хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нарыг эзэмшигч гэж үзэж дүгнэх боломжтой байна гэж дүгнээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Тогтоолд дүгнэснээр хэрэгт ач холбогдол бүхий ковшийн зах зээлийн үнийг тодорхойлохын тулд “А” ХХК /2хх305/ болон “Ө” ХХК-иас ковшийн үнийн саналыг /2хх306-308/ нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “А” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Маргаан бүхий ковшийг В нь 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “АО” ХХК-иас 52 000 ам.доллараар худалдан авахдаа өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “А” ХХК-ийн нэрээр гэрээг байгуулсан байдаг. Тэрээр ковшийг үнэ төлбөргүй ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Э-т хүлээлгэн өгсөн.

В нь ковшийг шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан Э.Э-т ковш хүлээлгэж өгсөн баримт /1хх63/, худалдах, худалдан авахтай холбоотой зээлийн гэрээ /2хх52-56/, мөнгө төлсөн баримт, ковшийн албан ёсны борлуулагч Л компанийн гэрчилгээ, “А” ХХК-ийн ковшийн урьдчилгаа төлсөн баримт, В нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох улсын бүртгэлийн газрын лавлагаа /2хх50,51/, “А” ХХК-ийн тодорхойлолт /2хх49/, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нарисугийн гэрчийн мэдүүлэг /2хх93,94/ “АО” ХХК-ийн ковшийн төлбөр дууссан тухай тодорхойлолт /2хх158/ бүхий баримтуудаар тогтоогдож байгаа.

Шүүх, дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй атлаа “А” ХХК болон “АО” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны гэрээг үнэлсэн нь нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлан дүгнэсэн гэж үзнэ. Мөн ковшийг Э.Э буцааж өгөөгүй нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч П.Э-ын “....Цагаан даваагийн тоосгоны үйлдвэрт ковшоор хөрөнгө оруулах гэж байсан ба ковшийг авах гээд н.Н гэдэг өмгөөлөгчтэй хамт надтай уулзахаар ирсэн. Тэгэхээр нь би ковшийг өгөхгүй, энэ хүн надад хохирол учруулсан тул хохирлоо барагдуулж байж өгнө гэсэн. Тэгж байтал 9 сар гарсан байх үеэр одоо нүүрсний ажил эхэллээ, ковшийг авна гээд Амгалангийн тоосгоны үйлдвэрийн н.Б аваад явсан гэсэн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан ковшийн жолооч н.Б-ын ковшийг өөр хүнд хүргэж өгсөн талаарх тодорхойлолтод дурдсан байдаг.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан байна. Ковшийг үнэ төлбөргүй ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Э-т хүлээлгэн өгсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч В болон хариуцагч Э.Э нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.2-т эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхгүй байх, мөн зүйлийн 340.1.4-т гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан.

Гэтэл эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байсан этгээд нь дээрх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний нэг тал болох В нь ковшийн үнэ болох 126 166 040 төгрөгийг Э.Э-аас гаргуулахаар шаардаж байна.

Нэхэмжлэлийн 3 дах шаардлагыг шүүх, ...хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Т” ХХК болон БНХАУ-ын иргэн Ч, Л нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээнд нэхэмжлэгч нар нь гэрээний нэг тал болж үүрэг хүлээгээгүй атлаа тус гэрээг үндэслэн зардал гаргасан гэж бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн орчуулгын баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нар тоосгоны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хөрөнгөөр санхүүжүүлсэн гэх боловч талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн болон 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр тоосгоны үйлдвэрийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой бусад зардлыг хэрхэн хувиарлах талаар харилцан тохиролцсон зүйлгүй, нэмэлт зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн.

Дээр дурдсан хамтран ажиллах гэрээний дагуу тоосгоны үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулж БНХАУ-ын иргэдийг хөлсөөр ажиллуулах талаар П.Э-тай тохиролцож “Т” ХХК, БНХАУ-ын Т сумын ажилчдын төлөөлөгч Ч, Л нар хөлсөөр ажиллах гэрээг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. БНХАУ-ын ажилчдын төлөөлөгч Монгол улсын компани цалин өгөхгүй байх эрсдэлтэй учир бид гэрээ байгуулахгүй, харин БНХАУ-ын иргэн В, Б нар компанийн өмнөөс бидний хөлсөөр ажиллах гэрээний дагуу цалинг өгнө гэж батлан даавал гэрээ байгуулна гэж шаардлага тавьсны дагуу батлан даагчаар нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан. Тэдний цалин, бусад зардал, үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг борлуулалтын орлогоос буцаан авахаар П.Э, нэхэмжлэгч нар харилцан тохиролцсон. 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээний II дугаар зүйлд үйлдвэрийн үйл ажиллагаа, газар шороо, эд хөрөнгө өмчлөх хугацаанаас богино байж болохгүй, тус үйлдвэрийн үйл ажиллагаа ямар нэгэн эрсдэлтэй байдалд орвол хариуцлагыг хамтран хүлээнэ. Нөхөн төлбөр авах бол адилхан хувааж авна, нөхөж төлөх бол адилхан хувааж төлнө гэж заасан.

Хамтран ажиллах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2013-2014 оны хооронд тоосго үйлдвэрлэхтэй холбоотой 1 037 296 юань мөн 159 347 727 төгрөгийг нэхэмжлэгч нар “Т” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зарцуулсан. Талууд үйлдвэрлэсэн тоосгоноос зардлаа гаргаж авахаар П.Э-тай тохиролцсон байдаг. 2013-2014 он хүртэл үйлдвэрлэж борлуулсан тоосгоноос 91 000 000 төгрөгийг В өөрийн гаргасан зардалдаа тооцон авсныг 159 347 727 төгрөгөөс хасаад 68 347 727 төгрөг мөн 1 037 296 юань буюу 314 591 130.88 төгрөг, нийт 382 938 857.88 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 11-д заасны дагуу “Т” ХХК, Э.Э, Г.Ц нараас шаардаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В, Б нар нь хариуцагч “Т” ХХК, П.Э, Г.Ц нарт холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нөхвөр гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалт болох 240 000 000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний батлан даагчийн хувиар Хятад иргэдэд зарцуулсан 382 938 857.88 төгрөг, хариуцагч Э.Э, П.Э нарт холбогдуулан СДМ853 /CDM853/ маркийн ковшийн үнэ 126 166 040 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Т” ХХК-ийн Гавьжийн тоосгоны үйлдвэр дээр нэмэлт хувь оруулж хамтран ажиллах гурван талт гэрээг А талаас П.Э, И талаас В, Э талаас Б нар байгуулж, “Т” ХХК-ийн тамгаар баталгаажсан байна. /1хх13-15/ Уг гэрээгээр А тал өөрийн тоосгоны хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлж, Э болон И талууд тус бүр 120 000 000 төгрөг гаргаж нэмэлт хөрөнгө оруулах, Э болон И талын оруулсан бүх хөрөнгө нь шинэ тоног төхөөрөмж, гэр, байшин тохижуулалтад хэрэглэх агуулгыг тохиролцжээ.

 

Мөн “Т” ХХК, В Б нарын хоорондох 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тогтсон гэрээний нөхвөр гэрээ бичиг-ийг 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А талаас П.Э, Ц /Г.Ц/, Э талаас Д, И талаас Б нар байгуулж, талууд гарын үсэг зурж, “Т” ХХК-ийн тамгаар баталгаажуулжээ. /1хх16-18/

 

Нэхэмжлэгч нар нь 240 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт заасныг үндэслэн дээрх хоёр гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаана авна гэжээ. 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гэрээнд зааснаар А тал буюу П.Э, Г.Ц нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Э ба И талын хувь оруулалтын албан ёсны гар гүйцэтгэлийг хуулийн дагуу гүйцэтгэхгүй бол Э ба И талын оруулсан бүх хөрөнгийн 240 000 000 төгрөгийг өнөө жилийн борлуулалтын орлогоос буцааж авах үндэслэл болно гэж заасан.

 

Дээрх шаардлагын хүрээнд талууд хангалттай мэтгэлцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ ёсоор А тал нь хувь оруулалтын гар гүйцэтгэл хийх үүрэг хүлээсэн атал уг үүргээ биелүүлсэн эсэх, Э ба И тал нь Гавьжийн тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаанд  зарцуулах мөнгөн хөрөнгөө оруулсан эсэх, улмаар талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнээс үр дүн гарсан эсэх зэрэг нөхцөл байдал хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдоогүй. Үүний улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч тал СДМ853 маркийн ковшийг “АО” ХХК-иас худалдан авсан “А” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасныг, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасныг үндэслэн тухайн этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж хүсэлтийг нь хангаагүй. /2хх177,178, 3хх68, 70, 71/

 

Анхан шатны шүүх тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлээ, “А” ХХК-ийг уг ковшийн өмчлөгч тул тус хуулийн этгээд шаардлага гаргах эрхтэй гэж хэргийн оролцогч бус этгээдэд холбогдуулж эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5. дах хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэнтэй нийцэхгүй. 

 

Түүнчлэн, иргэн Л.Б-ын шүүхэд гаргасан тодорхойлолт хэрэгт авагдсан  бөгөөд уг баримтад маргаан бүхий ковшийг н.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн талаар агуулга тусгагдсан байна. /1хх 147/ Нэхэмжлэгч нар тухайн ковшийг хариуцагч Э.Э-т хүлээлгэн өгсөн байхад хариуцагч нар нь гуравдагч этгээдэд шилжүүлсэн учраас ковшийн үнийг шаардах эрхтэй гэжээ. Харин, хариуцагч талын хувьд Д буюу В, н.Б нарын тохиролцооны дагуу ковшийг н.Б-д шилжүүлсэн гэж тус тусын тайлбарыг гаргасан. /3хх 81/ Хэргийн баримтаар тухайн эд хөрөнгө хэний эзэмшил ашиглалтад байгаа үйл баримт тогтоогдоогүй буюу хэрэгт ач холбогдолтой, нөхцөл байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй.  

 

Үүнээс гадна нэхэмжлэгч тал нь ковшийн үнийг 126 166 040 төгрөг гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан “А” ХХК болон “АО” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авахтай холбоотой зээлийн гэрээ,  “АЭ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн үнийн санал зэрэг баримтуудад 2012 онд үйлдвэрлэгдсэн ковшийн үнэ 52 000 ам.доллар, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөр 365 000 юанийн үнэтэй гэжээ. Гэтэл талуудын тайлбар, “Ковш авч явсан тухай бичиг” /1хх63/ зэрэг баримтаас үзвэл тухайн ковшийн элэгдэл, хорогдол, ажилласан цагийн тооцоолол тодорхойгүй байхад үнийг үйлдвэрлэгдсэн үеийн 52 000 ам.доллар буюу 126 166 040 төгрөг гэж үзэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийн үнэ бодитой эсэхийг шүүх анхаарах шаардлагатай.

 

Дээрх үйл баримт бүрэн тогтоогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01719 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-с төлсөн 3 903 480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

         ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

Т.ТУЯА