| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2010019781123 |
| Дугаар | 2022/ДШМ/185 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ДШМ/185
С.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхбуян,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр С.С-д холбогдох эрүүгийн 2010 01978 1123 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
С.С, 1974 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух
- Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3018 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 3 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
- Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль байнгын, ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсэн,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 264 дугаартай шүүгчийн захирамжаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,
С.С нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 5 дугаар хороо, *** тоотод Б.Н-ийн гэрт Ж.У-ыг бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод П.Б-ийн гэрт Ж.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: С.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан С.С-д холбогдуулан Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэн” гэж өөрчилж, шүүгдэгч С.С-г 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажпын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутга, ногоон өнгийн хагархай аягьг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.А нь шүүгдэгч С.С-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршгийн зардал болох 234.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Ж.У нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Энхтуяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
Шүүхээс С.С- нь нэгдмэл санаа зорилгоор, нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бус, тус тусдаа үйлдлээр, өөр өөр санаа зорилгоор, өөр өөр цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа буюу Ж.У, Ж.А нарын бие эрхтэнд тус бүр хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч С.С- нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 5 дугаар хороо *** тоотод Б.Н-ийн гэрт Ж.У-ыг бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн хохирогч Ж.У, гэрч Б.Н нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08/шэ/203 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.С нь 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод П.Б-ийн гэрт Ж.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг дахин үйлдсэн ба прокуророос уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэсэн. Шүүгдэгч С.С нь дээрх хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэм буруугийн санаа нь сэдэлтийн хувьд тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд үүссэнээс гадна гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, үндэслэл нь өөр байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Н.Энхбуян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хоёрдмол санаа зорилгогүйгээр хэд хэдэн удаагийн үйлдлээр хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад энэхүү хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн буюу Ж.У, Ж.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хууль ёсны зарчмыг баримтлан ял оногдуулах ёстой. Тусгайлан сонгон оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистойгоор нийцэж тохирсон байх учиртай. Гэтэл шүүх шударга ёсны зарчмыг баримтлахгүйгээр мөн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос С.С-г “2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 5 дугаар хороо *** тоотод Б.Н-ийн гэрт Ж.У-ыг бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 12 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод П.Б-ийн гэрт Ж.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...С.С нь нэгдмэл санаа зорилгоор, нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бус тус тусдаа үйлдлээр, өөр өөр санаа зорилгоор, өөр өөр цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 удаа оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Учир нь, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь хэрэг, маргаантай холбоотойгоор шүүх хуулийг зөв хэрэглэсэн байх явдал юм.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулиар тогтоосон үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим, шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор тодорхой заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгодог.
Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч С.С- нь хохирогч Ж.У, Ж.А нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан нэг төрлийн үйлдлээ өөр өөр цаг хугацаа, орон зайд харилцан адилгүй хувийн сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ тохиолдлыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тусгайлан, нарийвчлан зохицуулсан.
Давтан болон үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан бол энэхүү шинжийг харгалзан хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохируулан шударга ёсны зарчимд нийцүүлж нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ялгамжтай байдлаар ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ нь тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүний агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан хуулийг буруу хэрэглэсэнд хамааруулан үздэг.
Иймээс шүүгдэгч С.С-гийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй гэх асуудлаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, С.С-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн болон зүйлчлэлийн хүрээнд шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Дээд шатны прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН