Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0699

 

2023          09          19                                   128/ШШ2023/0699

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Юни сервис тотал” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Уранбилэг

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сарангэрэл

Маргааны төрөл: Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаас татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уранбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 258.96 м.кв агуулахын зориулалттай барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/449 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг нөхөж ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “Юни сервис тотал” ХХК нь иргэн Н.Наранцогтоос Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, төмөр зам 88А хаягт байрлах 1104 м.кв газрыг 258.96 м.кв агуулахын зориулалттай барилгын хамт худалдан авсан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/581 захирамжаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах, нэгж талбарын 1331502166 дугаар бүхий 1104 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхий улсын бүртгэлийн бүртгэлийн Э-2204002551 дугаарт бүртгэж гэрчилгээ олгож 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01110-2022/04355 дугаар бүхий газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3. Тус 1104 м.кв талбай бүхий газар дээр 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ДТ16/112 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, агуулахын барилга барин ашиглалтад оруулсан бөгөөд уг агуулах дээр дээр улсын комисс ажиллуулах талаар нэхэмжлэгч “Юни сервис тотал” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар албан бичгээр “...уг агуулах дээр улсын комисс ажилуулаагүй тул нөхөн ажиллаж өгнө үү” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн.

Тус албан бичгийн хариуг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/449 дүгээр “Хүсэлт буцаах” албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтын шүүхийн шийдвэр гаргуулахыг мэдэгдсэн байна.

Дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 258.96 м.кв агуулахын зориулалттай барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүсэлт буцаах тухай 01/449 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг нөхөж ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Юни сервис тотал” ХХК нь 2022 оны 4 дүгээр сард иргэн Н.Наранцогтоос Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 1104 м.кв газрыг 258.96 м.кв хэмжээтэй агуулахын зориулалттай барилгын хамт худалдаж авсан.

Дээрх агуулахын барилга нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ДТ16/112 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан боловч бидний зүгээс уг барилгыг анх худалдаж авах үедээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, тэр тусмаа тухайн барилгыг иргэн Н.Наранцогт улсын комисст хүлээлгэж өгч байсан эсэх талаар огт мэдээгүй.

Улмаар 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар албан бичгээр Хотын стандарт, хяналтын газарт барилгыг ашиглалтад оруулах комисс ажилуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан боловч мөн сарын 10-ны өдрийн 01/449 дүгээр хариу албан бичгээр “нэгэнт ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглодог тул энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” хэмээн ирүүлсэн тул бидний хувьд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэж үзсэн.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар “гэрчилгээ олгогдоогүй барилгыг ашиглахыг хориглох; зохицуулалттай, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон шаардлага, нөхцөл, дүрэм журмыг сахин биелүүлэх үүргийг гагцхүү барилгын ажлыг гүйцэтгэсэн, эсхүл захиалсан этгээд л хангах үүрэгтэй гэж ойлгогдоно.

Иймд тухайн барилга дээр ашиглалтад оруулах комиссыг ажилуулахгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь манай компанийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байх тул нөхөж улсын комисс ажилуулыг даалгаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь уг газрыг иргэн Н.Наранцогтоос 2022 оны 04 сард шилжүүлэн авсан. Шилжүүлэн авахдаа дээрх үл хөдлөх хөрөнгөтэй цуг шилжүүлэн авсан. Уг газрыг шилжүүлж аваад дээрх агуулгын барилгыг нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй шууд худалдан авсан. Өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авсныхаа дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах ажлыг эхлүүлсэн. Тухайн үед манайд өгсөн бичиг баримтаар архитектур төлөвлөлтийн даалгавраас өөр зүйл өгөөгүй. Бид нар хаягжуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах бүх процессыг хийх шаардлагатай болсон. Энэ процессыг эхлүүлээд явахад манайд татгалзсан хариугаар шүүхэд хандана уу гэсэн учраас шүүхэд хандаад явж байна. Улсын комисс ажиллуулахыг даалгаж өгнө үү. Улсын комисс ажиллуулахгүй байгаа үндсэн шалтгаан нь ашигласан байгаа учраас гэдэг үндэслэлээр улсын комисс ажиллуулах боломжгүй гэсэн. Бид нар газартайгаа цуг эрхээ шилжүүлж авсан учраас үүнийг мэдээгүй.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “1. Юни сервис тотал ХХК нь нэхэмжлэлдээ дурдсанаар, “2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар албан бичгээр барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан боловч мөн сарьш 10-ны өдрийн 01/449 дүгээр хариу албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус. Учир нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан “гэрчилгээ олгогдоогүй барилгыг ашиглахыг хориглох” зохицуулалт буюу хуулиар тогтоосон шаардлага, дүрэм, журмыг гагцхүү барилгын ажлыг гүйцэтгэсэн эсхүл захиалсан этгээд л хангах үүрэгтэй гэж ойлгогдоно” гэжээ.

Тайлбар: Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сард иргэн Н.Наранцогтоос Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, төмөр зам 88А хаягт байрлах 1104 м.кв 258.96 м.кв хэмжээтэй агуулахын зориулалттай барилгын хамт худалдаж авсан бөгөөд ингэснээр захиалагчийн үүрэг нь Юни сервис тотал ХХК-д шилжжээ. Иймд Барилгын тухай хуулинд заасан нөхцөл, шаардлагыг тус компани нь биелүүлэх үүргийг хүлээж байгаа бөгөөд тус тайлбар нь үндэслэлгүй болно.

2. Нэхэмжлэгч нь “Дээрх агуулахын барилга нь 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн ДТ16/112 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан боловч ... улсын комисст хүлээлгэж өгч байсан эсэх талаар огт мэдээгүй” гэжээ. Үүнээс үзэхэд, тус агуулахын барилга нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр баригдсан гэдэг нь харагдаж байгаа болно. Гэтэл тус барилга нь Засгийн газрын 2021 оны 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-д зааснаар барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга, байгууламжид хамаарахгүй барилга байна. Иймд “Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж зааснаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй бол барилга, байгууламжийг ашиглалтад оруулах боломжгүй гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгч компанийн хууль, ёсны эрх, ашиг нь зөрчигдөөгүй гэж үзэж болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ, 17 дугаар зүйлийн 17.3. “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу Юни сервис тотал ХХК нь барилгын ажлын зөвшөөрөл аваагүй нь түүний хууль ёсны эрх, ашиг, сонирхлоо хамгаалуулах боломжгүй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хуулиар хамгаалуулах эрхгүй байна.

3. Нэхэмжлэгч шаардлагаа “Захиргааны байгууллагын татгалзал хууль бус болохыг тогтоолгож, комисс ажиллуулахыг даалгах шийдвэр гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Татгалзал хууль бус байхын тулд холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байхыг шаардана. Гэвч 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/449 дүгээр албан бичгээр хүргүүлсэн захиргааны байгууллагын татгалзал нь хууль, тогтоомжийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, мөн Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасны дагуу комисс ажиллуулахаас татгалзаж, шийдвэрлэсэн.

Иймд “Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01/449 дүгээр албан бичгээр барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, улсьш комисс ажиллуулахаас татгалзсан шийдвэр” нь хууль, эрх зүйн хэм хэмжээний актад нийцүүлж гаргасан шийдвэр тул Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Зөвшөөрөлтэй бүх бичиг баримт нь байвал, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөрчлийн арга хэмжээгээ авхуулсан, торгуулийн хуудсаа авсан байвал манайхаас маргаад байхгүй бараг хүлээн зөвшөөрч байгаа. Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т зааснаас бусад баримтууд нь байвал хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөлгүй, бусад бүх бичиг баримт нь дутуу учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад барилг байгууламжийн ангилалд нийт 5 төрлийн ангилалыг заахдаа “Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, Бага төлөвшилтэй барилга байгууламж, Дунд төлөвшилтэй барилга байгууламж, Өндөр төвөгшилтэй барилга байгууламж, Онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус ангилжээ.

Нэхэмжлэгчийн худалдан авсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 258.96 м.кв агуулахын зориулалттай барилга нь Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралт 2.7.“24 м хүртэл алгаслалтай агуулахын барилга байгууламж” гэж зааснаар бага төлөвшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

Тус агуулахын зориулалттай барилгад Хот байгуулалт, хөгжлийн газраас 2016 онд ДТ16/112 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан боловч загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

  1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1.”Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 32.1.7.”барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах;”, 37 дугаар зүйлийн 37.6.”Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”, 48 дугаар зүйлийн 48.1.”Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.”, 48.3.”Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.”, 48.5.“Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.1.”Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангилалаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна.”, 10.3.”Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь ашиглалтад оруулаагүй, гэрчилгээ олгогдоогүй агуулахын зориулалттай барилгыг ашигласан бөгөөд тус ашигласан барилгадаа улсын комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа хуульд заасан баримт бичгийг хавсаргаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч улсын комисс ажиллуулахаас татгалзсан нь хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т зааснаар шүүх комисс ажиллуулахыг даалгасан ч нэхэмжлэгч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу тул мөн зүйлийн 48.6.”Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж зааснаар баримт бичгийг хянаж комисс ажиллуулах боломжгүй юм.

Иймд “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 258.96 м.кв агуулахын зориулалттай барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүсэлт буцаах тухай 01/449 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг нөхөж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан барилгын ажлын зөвшөөрлөө нөхөн авах зэрэг баримт бичгийн бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд хандахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.5, 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Юни сервис тотал” ХХК-иас Хотын стандарт, хяналтын газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 88А хаягт байрлах 258.96 м.кв агуулахын зориулалттай барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, улсын комисс ажиллуулахаас татгалзсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хүсэлт буцаах тухай 01/449 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, дээрх барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссыг нөхөж ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Юни сервис тотал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН