Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 93

 

2017         07           05                                                      93

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч Б.Янжмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батцэцэг

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201611000489 дугаартай хэргийг 2017 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч Суваргачин овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1979 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖБ79110479/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чадангууд” ХХК-нд малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Улаан үнээний ферм”-д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 2007 оны 12 сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 11 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Улаан үнээний ферм” гэх газарт оршин суух иргэн Б.Янжмаагийн малын хашаанд байсан 5 тооны хонь, 18 тооны ямаа, 3 тооны тугалыг санаатайгаар хутгаар хатган алж устган, 2 тооны хонь, 1 тооны ямаа, 5 тооны тугалыг санаатайгаар хутгаар хатгаж гэмтээн бусдад нийт 4910000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 сарын 19-ний өглөө 9 цагийн орчимд ажлаа дуусгачихаад ажлаас баруун тийш байдаг Мөнхбат /Мөөнөө гэх/ гэх айлынд хурга өгнө гэснийг сануулахаар очиход Мөөнөөгийн аав, ээж нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, Мөөнөө гэртээ байсан. Мөөнөө надад “тал шил архи байна, ганц хоёр татуул тат” гэж хэлэхээр нь 2 удаа стаканаар уусан. Ууж байхдаа Мөөнөөд “манайхаар яагаад хэсэхгүй байгаа юм бэ” гэж асуухад “танайхаар очих гэхээр би Анхмаагаас хэдэн жилийн өмнө 70000 төгрөг авч байсан, тэрийгээ өгөхгүй удаж байгаа болохоор очиж чадахгүй байна” гэж хэлсэн. Би Мөөнөөд “Анхмаагийн ээж Янжмаа чамаас 70000 төгрөг авахгүй хургатай хонь авна гэж байна лээ” гэж хэлэхэд, Мөөнөө “тэгвэл хургатай хонийг өгчихье” гэж хэлсэн. Тэгээд сууцгааж байхад 12 цагийн орчимд Анхмаа над руу залгаад “дарга нар ажил дээр ирчихээд байна, чи ажилдаа ирэхгүй юм уу” гэж хэлэхэд, би “удахгүй очье” гэж хэлсэн. Би Мөөнөөгийнхөөс ажил руу очиход 13 цаг өнгөрч байсан. Би Анхмаад “Мөөнөө чамд хавар хургатай хонь өгнө гэж байсан” гэж хэлэхэд, Анхмаа Мөөнөөтэй утсаар ярьсан хавар авахаар болсон гэж хэлсэн. Би Анхмааг “Мөөнөөгийн гэр рүү явъя” гэж хэлэхэд, Анхмаа “амжихгүй” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Би ажил дээрээ нүүрс түлээгээ хагалчихаад байж байхад Мөөнөө над руу залгаад “Анхмааг дагуулаад ир, чадвал ганц шил архи аваад ирээрэй, би Анхмаад хэлчихсэн байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Анхмаагийн гэр рүү морьтойгоо 14 цаг өнгөрч байхад очсон. Намайг очиход хашаанынх нь хаалга онгорхой 2-3 тугал нь хашаанаасаа гарчихсан байсан. Тэгээд Анхмаа, Янжмаа эгч хоёрыг хашааных нь гаднаас дуудаад хүн гарч ирэхгүй байхаар нь хашааных нь урд байдаг хаалгыг нь хаачихаад нойлд нь бие засчихаад хойшоогоо байдаг өөрийнхөө аав Гантөмөрийн гэр рүү явсан. Тэнд байж байгаад 16 цагийн орчимд ажил дээрээ очсон...”  гэв.

 

Хохирогч Б.Янжмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 сарын 19-ний өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч сумын  клубт юм үзэд 16 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгсэн чинь малын хашаан дотор байсан тугал хашаанаасаа гараад гэрийн хашаанд сул явж байсан. Тэр тугал хавиргандаа шархтай болчихсон цусаа гоожуулаад явж байсан. Мөн тугалын хашааны хаалга эвдэрсэн байсан. Би эр тугал нь мөргөөд гэмтээсэн юм байх гэж бодоод тугалаа хашаандаа оруулаад байж байхад үхрүүд маань бэлчээрээсээ ирсэн байхаар нь би 3 үхрээ саасны дараа тугалнуудаа хашаанаас гаргаад үхэрнүүдийнхээ сүүг нь тугалнууддаа хөхүүлэх гэхэд хөхөхгүй байхаар нь шалгаж үзэхэд 9 тугалнаас 7 тугал нь бүгд хавиргандаа шархтэй байсан...Сумын эмч Ганболд, Болороо гэх хүмүүс ирээд тугалуудыг маань үзээд “хутга мэсээр хатгасан байж магадгүй, энэ шарх бол төмөрт өлгөгдсөн юм уу, эсвэл тугалд мөргөгдсөн шарх биш байна” гэж хэлсэн... Ямаа бахираад байхаар нь манай охин Анхмаа хонь ямааныхаа хашаанд очоод гэрэл тусгаж үзэхэд бас тугалтай адилхан хавиргандаа шархтай байсан. Тэгээд өөр шархтай хонь ямаа байна уу гээд шалгахад 10 гаруй тооны хонь, ямаа шархтай байсан...Маргааш өглөө нь буюу 2016 оны 11 сарын 20-ны өглөө эрт сумын хэсгийн төлөөлөгч ирээд шархтай болон үхсэн тугал, хонь, ямааг тоолж үзэхэд 5 хонь, 18 ямаа, 3 тугал иртэй зүйлээр хатгагдсан бололтой үхсэн, 2 хонь, 1 ямаа, 5 тугалыг хатгаж гэмтээсэн шархтай байсан. Буруутай хүнээс үнэлгээгээр тогтоогдсон 4910000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 10421 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар саарал өнгийн куртик, цайвар саарал өнгийн өмдөн дээр цус илрээгүй. 2.Иргэн Г.Бат-Эрдэнийн эсгий гуталд наалдсан цус мэт зүйлийн толбо гэсэн хаягтай улаан хүрэн өнгийн толботой эсгийний хэсэг дээр цус илэрсэн. 3.Уг илэрсэн цус нь хүний цус биш” гэжээ. /хх 78/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 2509 тоот дүгнэлтэд: “1.Нэмэлт шинжилгээнд 3 хэсэг арьсыг биетээр ирүүлээгүй тул арьсан дээрх гэмтлийг шинэ хуучин алин нь болохыг тодорхойлох боломжгүй байна. 2.Хавтаст хэргийн “00021” гэж дугаарласан, 21 дэх хуудсанд байх “ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗҮҮЛЭЛТ” гэсэн гарчигтай, “2016.11.21” гэсэн он сартай 10 кадр зурагтай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн арын нүүрэнд бэхжүүлсэн шинжээчийн 2509 дугаар дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэд 1, 3, 4 гэж дугаарласан зүссэн гэмтэл нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. 3.Дээр дурдсан 3 ширхэг зүссэн гэмтлийн өргөн, гүний хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах загварт ирүүлсэн хутганы ирний хэмжээс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ ойролцоо байна” гэжээ. /хх 148-151/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 2510 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хутганд алх болон хатуу гадаргуутай зүйлээр цохисон гэх ул мөр илрэхгүй байна. Харин хатуу мохоо гадаргуутай харилцан үйлчлэлээр хөшиж, гөжих, татах зэрэг үйлдлээр хутганы ажлын хэсэг баруун тийшээ гулзайж бариулын зүүн хэсэг хагарсан байж болно. 2.Бариулын 2-р хадаасны урд талд хурц ир үзүүртэй зүйлээр гарсан 29мм хэмжээтэй хуучин зүссэн гэмтэл байна” гэжээ. /хх 154-155/

 

     Хохирогч Б.Янжмаа /хх 53-54, 137/, гэрч Т.Алтаннавч /хх 55-56/, М.Одон /хх 57/, Г.Эрдэнэцогт /хх 58, 144-145/, Г.Анхмаа /хх 59-61, 142/, Г.Энхбаяр /хх 62/, Б.Эрдэнэтулга /хх 63/, С.Оюунбилэг /хх 64/, Н.Гантөмөр /хх 65, 138/, Т.Шинэтуяа /хх 66/, Б.Болормаа /хх 139/, Ш.Ганболд /хх 140-141/, Ц.Цэндпүрэв /хх 143/, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ /хх 95-102, 128/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 22-23, 28-29, 37-38, 43-44, 47/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25, 30-31, 39-42, 45-46, 48-49/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 26-27, 32/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 50/, эд зүйлийн үнэлгээ /хх 17, 36, 159-160/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 33-34/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 295 тоот дүгнэлт /хх 73-74/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /81-83/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 106/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2016 оны 11 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үнээний ферм” гэх газарт хохирогч Б.Янжмаагийн малын хашаанд байсан 5 хонь, 18 ямаа, 3 тугалыг хутгаар хатган устгасан, 2 хонь, 1 ямаа, 5 тугалыг хутгаар хатган гэмтээж бусдад нийт 4910000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     2016 оны 11 сарын 19-ний өдөр Баянтүмэн сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан үнээний ферм” гэх газарт хохирогч Б.Янжмаагийн малын хашаанд байсан 7 хонь, 19 ямаа 8 тугал, нийт 34 толгой малыг 14-16 цагийн хооронд хутгаар хатгаж устгасан, гэмтээсэн үйл баримт /факт/ нь хавтаст хуульд заасан аргаар цуглуулж, бэхжүүлж авсан хэрэгт цугларсан хатгаж устгасан, гэмтээсэн малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21/, хохирогч Б.Янжмаагаас малын арьсыг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 37-38/, Хураан авсан арьсанд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 39-40/, Эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх 41/, хохирогч Б.Янжмаа /хх 53-54, 137/, гэрч Л.Анхмаа /хх 59-61/, Б.Болормаа /хх 139/, Ш.Ганболд /хх 140-041/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 295 тоот дүгнэлт /хх 73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

     Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар “...өөрийн...эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй боловч дээрх үйл баримт /факт/ нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдлээр бий болгож, түүний үйлдлээс өмчлөгч Б.Янжмаад 4910000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Гэрийн эзэн Б.Янжмаа гэртээ байхгүй байсан цаг хугацаа буюу мөн өдрийн 14-16 цагийн хооронд шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс өөр хүн Б.Янжмаагийн гэрийн орчимд байгаагүй талаар Баянтүмэн суман дахь “Улаан үнээний ферм”-ийн туслах аж ахуйн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн “...2016 оны 11 сарын 19-ний өдрийн 14 цаг 10 минутад...Янжмаа гэх айлын хашааны баруун урд талд 14 цаг 13 минутад очоод мориноосоо бууж байгаа харагдаж байна. Уг камерийн бичлэг цааш үргэлжлэхгүй зогсов...” гэх бичлэг /хх 45/, гэрч Л.Анхмаагийн “...Бат-Эрдэнэтэй тухайн өдөр л хургатай хонины тал дээр бага зэрэг муудалцсан.../хх 59-60/...Улаан үнээний фермийн хяналтын камерыг үзэхэд...14 цаг 10 минутын орчимд Бат-Эрдэнэ нь өөрийнхөө унадаг хүрэн зүсмийн морио унаад ажлаас гараад Энхбаяр ахын гэрийн урдуур 14 цаг 12 минутын орчимд гараад манай гэрийн хашааны баруун урд буланд зогсоод мориноосоо буугаад морио уяж байсан. Тэгээд камерт юм харагдахгүй байж байгаад 7-8 минут орчим байж байгаад хашааны баруун урд буланд гарч ирээд морио унаад хойшоо эцэг Гантөмөрийнхөө гэр рүү явж байх шиг байсан. Би тухайн үед утсан дээрээ Бат-Эрдэнийг манай хашааны тэнд очиж байхыг бичиж авсан юм. Харин Бат-Эрдэнийг гарч байгааг нь бичих гэхэд утасны маань багтаамж тухайн үед хүрээгүй юм ...” гэх /хх 61/, Г.Энхбаярын “...2016 оны 11 сарын 19-ний  өдөр 14 цагийн орчимд...манай гэрийн урдуур нэг морьтой хүн Янжмаагийн гэрийн зүг явж байсан. Бат-Эрдэнэ юм уу, түүний эцэг Гантөмөр хоёрын аль нэг нь юм шиг байсан...Янжмаагийн гэр рүү өөр хүн очиж байгааг хараагүй, ямар нэгэн зүйл сонсогдоогүй...” гэх /хх 62/, гэмт хэрэг үйлдсэн гэх хутгыг тухайн өдөр Бат-Эрдэнийн эзэмшилд байсан талаар гэрчилсэн гэрч Т.Алтаннавчийн “...Манай нөхөр Бат-Эрдэнэ...цэнхэр иштэй хутга авч гарсан. Урьд нь гэрээсээ гарахдаа хутга авч гардаггүй байсан. Тэр өдөр л хутгаа авч гарсан...” гэх /хх 55-56/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 10421 тоот ДНХ-ийн шинжилгээний  “...Иргэн Г.Бат-Эрдэнийн эсгий гуталд...цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүнийх биш...” гэх /хх 78/, мөн газрын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн нэмэлт 2509 тоот шинжээчийн  “...Зүссэн гэмтэл нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. Дээрх дурдсан 3 ширхэг зүссэн гэмтлийн өргөн, гүний хэмжээ зэрэг нь ерөнхий шинж тэмдгээрээ харьцуулах загварт ирүүлсэн хутганы ирний хэмжээс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ ойролцоо байна...” гэх /хх 149/ дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэв.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хохирогч Б.Янжмаагийн эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зөв боловч 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

     Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Тус хэрэгт гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн малыг устгасан, гэмтээсэн үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас 4910000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын үнэлгээ /хх 159/-гээр тогтоогдож байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

 

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн DVD диск 1 ширхэгийг хэрэгт хадгалах, цэнхэр иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн эзэмшлээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн 1-04 тоотод байршилтай 1920000 төгрөгийн үнэ бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж зохих байгууллагад шилжүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Суврагачин овогт Гантөмөрийн Бат-Эрдэнэд холбогдох хэргийг Монгол Улсын  2002 оны 01 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж,  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч Суврагачин овогт Гантөмөрийн Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Бат-Эрдэнэд мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Г.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ялтан Г.Бат-Эрдэнээс 4910000 /дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Улаан үнээний ферм” гэх газарт оршин суух, хохирогч Шарайд овогт Балбарын Янжмаа /РД:ЖБ59100865/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн DVD диск 1 ширхэгийг хэрэгт хадгалах, цэнхэр иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, ялтан Г.Бат-Эрдэнийн эзэмшлээс Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн 1-04 тоотод байршилтай 1920000 төгрөгийн үнэ бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж зохих байгууллагад шилжүүлсүэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Г.Бат-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Г.Бат-Эрдэнийн ЖБ79110479 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ