Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2024/00097/И |
Дугаар | 129/ШШ2024/00207 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00207
129/ШШ2024/00207 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, У хот, С дүүрэг, ... хороо,.... тоот хаягт оршин суух Б овогт А.Цийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч А.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ “...А.Ц миний бие 1962 онд төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хэтэрсэн байна. Би 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл А аймгийн Т сумын Барилга угсралтын конторт тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлынг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Баярын бичиг, үйлдвэрчний эвлэлийн шагнал зэрэг нотлох баримтыг үндэслэн А аймгийн Барилга, угсралтын конторт 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хүсэлт гаргагч нь өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор шүүхэд ажиллаж байсан байлаа тогтоолгох хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч нь Т-ийн сангийн аж ахуйн барилгын салбарт 1983 оноос 1990 он хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна..., Хөдөлмөрийн дэвтэр нь алга болсон. Сангийн аж ахуй татан буугдахад хөдөлмөрийн дэвтрээ аваагүй..., Манай аав өвөөгөөрөө овоглодог байсан юм байна лээ. Сүүлд иргэний үнэмлэхдээ шинэчилж авахдаа ээжээрээ овоглосон..., С гэдэг хүн нь өвөө нь, А гэдэг хүн нь төрсөн ээж нь...” гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаартай тодорхойлолтод “...Тийн сангийн аж ажуйн барилгын материал шилжиж ирээгүй, А аймгийн Барилга угсралтын конторын 1983-1990 онуудын баримтыг шүүн үзэхэд А.Ц-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх,
-1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичгийн хуулбарт “...А.Ц даргатай мужааны бригадын хамт олонд Ардын хувьсгалын 66 жилийн ой угтсан социалист уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн тул баярын бичиг 250 төгрөгөөр шагнав...” гэх,
-1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баярын бичгийн хуулбарт “...Хүндэт нөхөр А.Ц танд 1988 оны Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өндөр амжилт гаргасанд чинь талархан баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав...” гэх,
-Итгэмжлэл
- Хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар,
-383917 дугаартай цэргийн батлахын хуулбар,
- А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 440 дугаартай тодорхойлолтод “...Барилга угсралтын конторын 1983-1990 оны материалыг шүүн үзэхэд А.Ц-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гарах боломжгүй байна...” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Л.М-ын шүүхэд өгсөн “...Би 1970 оноос 1990 он хүртэл А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт засалчин хийж байсан..., А.Ц нь А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1980 оноос мужаанаар ажиллаж эхэлсэн. Би 1990 онд тэтгэвэрт гарсан. Сангийн аж ахуй нь 1990 онд тарсан. Тэгэхээр А.Ц нь 1990 он хүртэл ажилласан байх, намайг тэтгэвэрт гарахад лав ажиллаж байсан. Сангийн аж ахуйн барилгын салбарын дарга Б гэж хүн байсан. Сангийн аж ахуйн барилгын салбар нь 100 гаруй ажилтантай байсан. Сангийн аж ахуйн барилгын салбарт А.Ц нэртэй өөр ажилтан байгаагүй байх. А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарын ажилчид Цэнхэр сумын хүн эмнэлгийн барилга, Т суманд Хорголжин тэжээлийн үйлдвэр, Т сумын төвд 4 айлын орон сууц зэрэг олон барилга барьж байсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Б-ын шүүхэд өгсөн “...Би 1979 оноос 1990 он хүртэл А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт мужаан, туслах ажилтнаар ажиллаж байсан..., А.Ц нь 1981 оноос А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт бригадад мужаанаар ажиллаж эхэлсэн. Намайг 1990 онд ажлаасаа гарахад А.Ц нь ажиллаж байсан. Би мал маллах гэж ажлаасаа гарсан. Бид 2 хамт мужаан хийж байсан. Сангийн аж ахуйн дарга Д, түүний дараа Т гэх хүмүүс ажиллаж байсан. Сангийн аж ахуйн барилгын салбарын дарга Б, түүний дараа М гэх хүн ажиллаж байгаад Сангийн аж ахуй тарсан. Сангийн аж ахуй хэдэн онд тарсныг сайн мэдэхгүй байна. Сангийн аж ахуйн барилгын салбар 200-аад ажилтантай байсан. А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбар нь 2 бригад, сантехникч, цахилгаан монтажчин гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн б арилгын салбар А аймгийн Цаг уурын барилга, Драмын театрын дотор талын 2 давхрын үзэгчдийн суудал, Хотонт суманд 4 айлын орон сууц, Т сумын 4 айлын орон сууц зэрэг барилгуудыг барьж байсан..., Эхлээд А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн салбар байж байгаад сүүлд нь А аймгийн Барилга угсралтын контортой нэгдсэн. Хэдэн онд нэгдсэнийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг,
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03-05/819 дугаартай лавлагаанд “...1989 он, А аймаг, Т сум, Байршил сумын төв, өрхийн тэргүүлэгч А.Ц, 26 настай, эрэгтэй...” гэх,
-Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого, өрхийн хуудас баримтад “...А аймаг, Т сум, Өрхийн тэргүүлэгч А.Ц, Сангийн аж ахуйн барилгын мужаан ажилтай, хуудас бичсэн 1989.01.17...” гэх
-А.Цийн ХААТР-1 магтын хуулбарт “... А.Ц, Сангийн аж ахуйн барилгад мужаан ажилтай, 1983 онд ажилд орсон, бүртгүүлсэн 1988.11.15...” гэх,
-Гэрлэлтийг бүртгэх анкет №10 баримтад “...А аймаг, Т сум, нөхөр А.Ц, бүртгэсэн 1986.03.22, барилгад мужаан ажилтай...” гэх
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Боржигон овогт А.Цийн А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
-1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичгийн хуулбар,
-1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баярын бичгийн хуулбар,
-383917 дугаартай цэргийн батлахын хуулбар,
- Хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар,
-Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03-05/819 дугаартай лавлагаа,
-Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого, өрхийн хуудас баримт
-А.Цийн ХААТР-1 магтын хуулбар,
-Гэрлэлтийг бүртгэх анкет №10 баримт
-Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Л.М, Д.Б нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч А.Ц нь А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Харин хүсэлт гаргагч А.Ц 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хүсэлт гаргагчийн 383917 дугаартай цэргийн батлахын хуулбарт 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдсан гэсэн байх тул 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.
2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт А.Цийн А аймгийн Т сумын Сангийн аж ахуйн барилгын салбарт 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
|