Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 100

 

2017          08          15                                                   100

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган,

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Д.Гансүх нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноёд овогт Думаагийн Гансүхэд холбогдох эрүүгийн 201711000218 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Баяд овогт Думаагийн Гансүх, Монгол Улсын иргэн /РД: ЛЙ71062371/, 1971 оны 6 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 46 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 15-19 насны гурван хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн “Баянцагаан” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Д.Гансүх нь 2017 оны 5 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 22-42 СҮЭ улсын дугаартай бага оврын ачааны “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт орших “Туг уул” гэх газраас баруун урагш 3 км зайд байрлах засмал зам дээр онхолдож зорчигч М.Эрхэмбаяр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 12 цаг өнгөрч байхад Мөнхнаран, түүний хүү Эрхэмбаяр, миний хүү Сүхбат нарын хамт хуриманд оролцохоор гарсан. Тэгээд Хөлөнбуйр сумаас нааш “Туг” уулын орчим замын эвдрэл таарсан. Тэр замын эвдрэлийг тойрч гарах гээд зүүн гар тал руугаа машинаа дарсан. Тэр үед машин далбилзаад, руль маань ямар ч удирдлагагүй болсон. Тэгээд машин замын далан руу онхолдсон. Цааш нь юу болсон талаар санахгүй байна.

Осол болсны дараа ухаан ороод харахад Мөнхнаран, Эрхэмбаяр хоёр газарт хэвтэж байсан, манай хүү Сүхбат босоод зогсож байсан. Ийм л зүйл болсон доо.

Би хохиролд бэлнээр 800000 төгрөг, дансаар 1000000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад маш хэцүү байна. Айлын хүүхдийг ийм болгочихсондоо харамсаж байна. Цаашид хохирогчийн ар гэрийнхэнд ямар нэгэн асуудлаар тусалж дэмжинэ гэж бодож байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэрийн нагац ах болох Гансүхийн хамт явсан юм. Түүнтэй манай талийгаач хүү М.Эрхэмбаяр, Гансүхийн хүү Сүхбат, манай эхнэр Мөнхнаран нар хамт явсан. Дорнод аймгийн Хөлөнбуйр сум өнгөрч яваад онхолдсон байсан. Манай хүү Эрхэмбаяр нь ухаангүй байдалтай Улаанбаатар хот руу хүргэгдэж 2017 оны 5 сарын 31-ний өдөр нас барсан. Яг яаж яваад онхолдсоныг нь би сайн мэдэхгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 30/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 6 сарын 14ий өдрийн 16 тоот дүгнэлтэд: “1.Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Портер маркийн 22-42 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв. 2.Жолооч Д.Гансүх нь Портер маркийн 22-42 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа онхолдож, зам тээврийн осол гаргаж тухайн үед тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. 3.Жолооч Д.Гансүх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-д ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Д.Гансүх нь замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүйн улмаас зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна гэж үзлээ гэжээ”. /хх 40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 1121 тоот дүгнэлтэд: “1.Талийгаач М.Эрхэмбаярын биед зулай ясны титэм заадас салсан хугаралтай, уг хугарлаас доош суурийн ар, дунд хонхор луу 2 салаалсан шугаман хугарал, баруун титэм заадаснаас зулай баруун нүдний ухархайн хажуу хана, чамархай ясны бага далавч дайрсан нийлмэл хугарал, зүүн талд дух, зулай титэм заадаснаас доош чамархай руу үргэлжилсэн бяцарч цөмөрсөн хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун тал бөмбөлгийн дотор капсул тархины эдийн няцрал, толгойн хуйх, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн хөмсөг, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болно. 3.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Өвчний түүхэнд талийгаач нь О /I/ бүлгийн цустай байна. 5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6.Талийгаач нь 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 14:20 минутад нас баржээ” гэжээ. /хх 58-60/  

 

 Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар: Гэрч П.Мөнхнаран /хх 31-32/, Г.Сүхбат /хх 33-35/, М.Энхжаргал /хх 36-37/, Д.Нэргүйн /хх 38/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Д.Гансүхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 66-67, 68, 69-70/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг  /хх 15-16/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Портер” маркийн 22-42 СҮЭ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, Эд зүйлийн үнэлгээ /хх 21, 25/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-20, 22-23, 24/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 26, 27/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 сарын 27-ны өдрийн 312, 310 тоот дүгнэлт /хх 44, 47/,  2017 оны 5 сарын 30-ны өдрийн 313 /хх 50/ тоот дүгнэлтүүд,  Шүүгдэгч Д.Гансүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 78/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79/, Шүүгдэгч Д.Гансүхийн өвчний түүх /хх 81-89/, Хохирогч Н.Мөнхбаярын шүүх хуралдаанд гаргасан хүсэлт /задгай 2 хуудас/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Гансүх нь 2017 оны 5 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 22-42 СҮЭ улсын дугаартай бага оврын ачааны Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт орших “Туг уул” гэх газраас баруун урагш 3 км зайд байрлах засмал зам дээр онхолдож, зорчигч М.Эрхэмбаяр нас барсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч П.Мөнхнарангийн “...Тээврийн хэрэгслийг тухайн үед Гансүх ах жолоодож явсан...Замын эвдрэлийг тойрох үед рулиэ зүүн гар тийш дарах шиг болсон, тэгээд машин шарваад онхолдсон...Милийн заалтыг харахад 60, 80 хоёрын дунд зааж байсан, тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан гэж бодож байна...” гэх /хх 31-32/, гэрч Г.Сүхбатын “...Аав замын хагархайг тойрч гарах гээд рулиэ эргүүлэхэд машин шарваад замын урд тал руу онхолдсон...Ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явж байсан байх...” гэх /хх 33-35/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, уг ослын улмаас хохирогч Н.Эрхэмбаярын биед “гавал тархины битүү гэмтэл”  учирч амь нас хохирсон талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн /хх 44/ болон жолооч Д.Гансүхийн замын нөхцөлд хөдөлгөөний “хурдыг тохируулж яваагүй”-гээс зам тээврийн осол болох шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн /хх 40/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Портер” маркийн 22-42 СҮЭ  дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 6 сарын 19-ний өдрийн 1121 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

                                                                                                                                       

Иймд шүүгдэгч Д.Гансүхийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн Д.Гансүхийн гэм буруугаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогчийн нас барсан нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Д.Гансүхэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн ар гэрт эд материал /мөнгөн дэмжлэг/-ын туслалцаа үзүүлсэн нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79/, Хохирогчийн төлөөлөгч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 29-30/ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт /задгай 2 хуудас/ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх 73/ зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн төлөөлөгч  Н.Мөнхбаярын шүүхэд ирүүлсэн “...Би Гансүх ахаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна. Мөрдөн байцаалтын явцад Гансүх ах эхнэр П.Мөнхнаран бид хоёрт 800000 төгрөг бэлнээр, 1000000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...Манай эхнэр хэлэхдээ замын эвдрэлийг тойрч гарах гээд далантай зам дээрээс унаж ийм осол болсон талаар хэлсэн. Гансүх ахын эхнэр нь 2013 онд элэгний өвчнөөр нас барж, 4 жаахан хүүхэдтэй үлдэж байсан. 2014 онд хамгийн бага хүү нь усанд живж нас барсан. Одоо 15-19 насны 3 хүүгээ тэжээн амьдардаг, өрх толгойлсон эрэгтэй юм. Гансүх нь миний эхнэр П.Мөнхнарангийн нагац ах болох хүн бөгөөд хэргийн ял шийтгэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.     

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Д.Гансүх нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс зээрд зүсмийн бүдүүн гүү, “Портер” маркийн 22-42 СҮЭ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгох, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж шүүгдэгчийн ЛЙ71062371 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь, 01425090 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ноёд овогт Думаагийн Гансүхийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Думаагийн Гансүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил тэнссүгэй.   

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гансүхэд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гансүхэд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн 201711000218 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1800000 төгрөг хохирогчийн төлөөлөгчид төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                                 

6. Шүүгдэгч Д.Гансүхийн эзэмшлээс 800000 төгрөгийн үнэ бүхий зээрд зүсмийн бүдүүн гүү, 6500000 төгрөгийн үнэлгээтэй “Портер” маркийн 22-42 СҮЭ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 6 сарын 17, 2017 оны 6 сарын 17-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Портер” маркийн 22-42 СҮЭ улсын дугаартай автомашины 01425090 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгчийн ЛЙ71062371 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ