Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00884

 

Ц.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалтай,

Ц.Туяагийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ

Дуудлага худалдааг түр хойшлуулах, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Туяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 903 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Билгүүнтэй уулзаж төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүй шууд миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн хууль бусаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаагаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй бөгөөд албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тооцох эрхийг хуулиар олгосон байхад миний өмчлөлийн эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа надаас үнийн санал аваагүй нь хууль бус бөгөөд миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Төлбөр төлөгч А.Билгүүн нь төлбөр авагч “Ориент инвест” ББСБ-д 81 525 665 төгрөг төлөхөөс А.Билгүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 470А байрны 03 тоот 93 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 62 950 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр 18 575 665 төгрөгийг хэдий би төлөх үүрэггүй ч төлж барагдуулах боломжтой. Учир нь 700 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцыг үлдэгдэл төлбөрт тооцон суутгаж “Ориент инвест” ББСБ-д шилжүүлэх гэж байгаа нь шударга бус. Орон сууц 82 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд орж байгаа. Дэлгүүрийн барилгаа өрөндөө өгөөд 20 000 000 төгрөг өгөөд байраа авмаар байна. Ядаж 89 000 000 үнэлбэл бодитой байх байсан. Манай байрыг 84 000 000 төгрөгөөр, дэлгүүрийг 125 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 209 000 000 төгрөг болж байна. Анхны албадан дуудлага худалдаанд зарагдаагүй гээд 50 хувь буулгасан. Хоёр дахь дуудлага худалдаагаар бас зарагдаагүй гээд 82 000 000 төгрөгөөр байр дэлгүүр хоёрыг хурааж авах шийдвэр гарснаар манай байрыг 40 000 000 төгрөгөөр авч байна гэсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ үнэлгээ буруу гарсан. Зах зээлийн ханшийг судлахад манай орон сууц 100 000 000 төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгийн саналыг авахад нэхэмжлэгчид тайлбарлаж өгөөгүй, энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т заасны дагуу дуудлага худалдаа явуулах ажиллагааг түр хойшлуулж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 903 дугаартай шүүгчийн захирамжаар А.Билгүүнээс 81 525 665 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Билгүүний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 470А байрны 03 тоот 93 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42.5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Билгүүн зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилж үнэ тогтоолгосон. Өмчлөгч Ц.Туяа 34 тоот орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэ 125 000 000 төгрөгийн 70 хувь буюу 88 130 000 төгрөгөөр, Ц.Туяагийн өмчлөлийн 34 тоот 42.5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84 000 000 төгрөгийн 70 хувь буюу 58 800 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй байна. Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “Ориент Инвест” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүрэг гүйцэтгэгч Ц.Туяа болон төлбөр төлөгч А.Билгүүн нар нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 84 000 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулж өгсөн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг нь асууж тэмдэглэлд тусгасан. Гэтэл үнэлгээний талаар мэргэжээ. Иргэний хуульд “анхны дуудлага худалдааг 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааг 50 хувиар тооцно.” Гэж заасны дагуу дуудлага худалдааг явуулсан ч борлогдоогүй тул хөрөнгийн үнийн зөрүүг олгоно гэсний дагуу шийдвэр гарсан. Одоогийн байдлаар манайд шилжсэн барьцаа хөрөнгө байхгүй. Барьцаалагчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн учир үнэлгээнд гомдол гаргах эрхгүй гэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох дуудлага худалдаа явуулах ажиллагааг түр хойшлуулах, үнэлгээг хүчингүй болгуулах Ц.Туяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40598 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг энэ өдрөөс дуусгавар болсонд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...7.2...” гэснийг “...7.1.4...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагч нь миний өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй. Гэтэл шүүхээс зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баримтыг үнэлэн нь хуулийн дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэх үндэслэлийг бий болгож байна. 100 000 000 төгрөгийн үнэ бүхий иргэний хөрөнгийг үнэгүйдүүлэн 40 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Туяа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан дуудлага худалдааг түр хойшлуулах, үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эсэргүүцэж, маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжийн дагуу А.Билгүүн нь “Ориент инвест” ББСБ-д 81 525 665 төгрөг төлөх үүрэгтэй байх ба барьцааны зүйл болох А.Билгүүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а байрны 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 байрны 34 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд 2 удаа оруулсан, улмаар дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаа хийгджээ. Дуудлага худалдааг явуулахаас өмнө барьцааны зүйл болох А.Билгүүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө 125 000 000 төгрөгөөр, Ц.Туяагийн өмчлөлийн орон сууц 84 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т зааснаар албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгүүдийн доод үнэ тогтоогдсон, дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүд борлогдоогүй байв.

Дуудлага худалдаа явагдсан байхад дуудлага худалдааг түр хойшлуулах Ц.Туяагийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүйгээс гадна “...зээлийн үүргийн хэмжээ 81 000 000 төгрөг байхад нийтдээ 209 000 000 төгрөгийн үнэтэй барьцааны зүйлийг дуудлага худалдаанд оруулсан, төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр төлүүлэх арга хэмжээг авалгүй шууд миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн, төлбөр төлөгч А.Билгүүний  өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө 125 000 000 төгрөгийн үнэтэй, 50 хувиар доод үнийг бодоход би 20 000 000 төгрөг нэмж өгөөд байраа авмаар байна” гэсэн үндэслэл гаргаснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо зөрчилтэй байна.

Ийм тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүрийг тодруулах  замаар аль ажиллагаанд ямар шаардлага гаргаж байгааг тодорхой болгох нь зүйтэй байжээ.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр төлүүлэх арга хэмжээг авалгүй шууд миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан “ Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих” эрхээ хэрэгжүүлсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай эсэхийг тодруулж, дүгнэх нь зүйтэй байна.

Мөн барьцааны зүйлийн өмчлөгч Ц.Туяад хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрийг хэрхэн мэдэгдсэн, эрхийг нь хангасан эсэх, дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуульд нийцэх эсэх ач холбогдол бүхий байдлыг тодруулж, дүгнэх нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Ц.Туяагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685  дугаар шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Туяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцааж олгосугай.        

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА