Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00212

 

                          

    

 

 

 

 

 

 

                       

                 129/ШШ2024/00212   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, 62 настай, эмэгтэй, А аймаг, Э сум, .........тоот хаягт оршин суух Г овогт Д.Эийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

1.1 Хүсэлт гаргагч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Д.Э миний бие нь 1962 онд төрсөн. Би 2017 онд ажилласан жилээ оруулаагүй хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон юм. Би 1981 оны 07 дугаар сараас 1990 оны 01 дүгээр сар хүртэл А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг гэрчлэх Худалдаа бэлтгэлийн ангийн архив, хөдөлмөрийн дэвтэр байхгүй аймгийн архивын тасгаас ажиллаж байсан хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироод байна. Миний бие хувь тэнцүүлсэн тэтгэврээ бүрэн тэтгэвэр болгож тогтоолгох гээд шүүхээр орсон боловч шүүхээр орсон материалыг минь хүртэл гүйцээж оруул гээд оруулдаггүй, 1981 оны 07 дугаар сараас 1983 оны 07 дугаар сар хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Үйлдвэрчний эвлэлийн батлах алга болсон архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхээр орсон нотлох баримтыг үндэслэн А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 дугаар сараас 1983 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ. 

1.2 Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1981 оны 06 дугаар сард А аймгийн Э сумын сургуулийг төгссөн. Тэгээд 1981 оноос 1983 он хүртэл хугацаанд Худалдааны техникумд суралцаад төгссөн. 1983 оноос эхлэн худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж эхэлсэн, 1981 онд техникумд бүртгүүлсэн хэдий ч ар гэрийн гачигдлаар суралцаж чадахгүй байсан. Хичээлийн зуны амралтаараа худалдаа бэлтгэлийн ангидаа худалдагч хийдэг байсан. Тэтгэвэр тогтоолгох гэхэд жил дутсан учир уг ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна, Сардаа нэг удаа сургуульдаа очдог байсан. Ангийн багшдаа ар гэрийн байдлаа хэлээд явдаг байсан. Ээжийн маань эрүүл мэндийн байдал тааруу байдаг байсан учир суралцаж чадаагүй, Тэтгэвэрт бүрэн хамрагдахад 1,6 жил дутаад байгаа тул сурч байсан хугацаагаа ажиллаж байснаар тогтоолгох гэж байгаа...” гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

           

2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолтод “...Э сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1981-1983 онуудын баримт шилжиж ирээгүй тул Д.Эт холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх,

            -А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай шүүхийн шийдвэрт “...Д.Эийн А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчинаар 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, эдийн засагчаар 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, нягтлан бодогчоор 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 он хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай...” гэх,

            -7216 дугаартай дипломын хуулбарт “...Д.Э нь 1981 онд худалдааны эдийн засгийн ангид элсэн орж 1983 онд төгссөн тул Улсын шалгалтын комиссын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар шийдвэрээр эдийн засагч- ня-бо мэргэжил олгов...” гэх,

 

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Д.А-ын шүүхэд өгсөн “...Би 1974 онд Худалдааны техникумыг бараа судлалын мэргэжилтнээр төгсөж, А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдан, тус байгууллагад барааны мэргэжилтнээр 22 жил ажилласан. Би 1995 онд ажлаасаа гарсан..., Д.Э тус байгууллагад 1981 оны 07 сард анх ажилд орж байсан. Тэр үед Э суманд Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүр гэх нэг дэлгүүр л байсан. Тус дэлгүүр нь хүнс, бараа хоёуланг нь зардаг 2 худалдагчтай дэлгүүр байсан. Нэг худалдагч нь Д.Э юм. Худалдаа бэлтгэлийн ангийн шинэ дэлгүүр 1983 оны 8 сарын үед 6 худалдагчтай нээгдсэн. Тэгэхэд Д.Э худалдагчаар ажиллахаа болиод кассчинаар ажиллаж эхэлсэн. Д.Э нь ажиллаж байх хугацаандаа Худалдааны техникумыг худалдааны нягтлан бодогч, эдийн засагчаар 1984 онд төгссөн. Тус байгууллагад 1984 оноос эхлэн мэргэжлээрээ буюу тооцооны нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн санагдаж байна.1981-1983 онд Худалдаа бэлтгэлийн ангийн дарга Г, ерөнхий нягтлан бодогч Н гэж хүн байсан...” гэх мэдүүлэг,

            -Гэрч П.Ц шүүхэд өгсөн “...Би 1981 оны 09 дүгээр сард А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орсон. Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оноос хойш З хоршоо болсон. Би З хоршоо татан буугдтал худалдагчаар ажилласан. Хэдэн онд татан буугдсаныг санахгүй байна..., Д.Э намайг 1981 оны 09 дүгээр сард Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход худалдагч байсан. Э суманд Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүр гэж 2 дэлгүүр байсан. Д.Э хүнс, бараа холимог төв дэлгүүрт нь ажиллаж байсан.Харин би хүнсний жижиг дэлгүүрт нь ажиллаж байсан, тэр дэлгүүрийг тухайн үед Сансарын дэлгүүр гэж нэрлэдэг байсан. Д.Э 1981 оны 07 сараас эхэлж худалдагчаар ажилласан байх. Намайг 9 сард ажилд ороход л худалдагч байсан. Тэгээд Д.Э 1983 оны 08 сар хүртэл худалдагчаар ажилласан. Д.Э ажлынхаа хажуугаар Худалдааны техниккумд сурдаг байсан. Бас ээжийгээ асардаг байсан. Шалгалт өгнө гээд л яваад байдаг байсан.1983 он юмуу 1984 онд сургуулиа төгссөн санаж байна. Худалдаа бэлтгэлийн ангид 6 худалдагчтай шинэ дэлгүүр нээгдэхэд Д.Э кассчинаар ажиллаж эхэлсэн. Дараа нь сургуулиа төгсөөд нягтлангаар ажиллаж эхэлсэн. Шинэ дэлгүүр нь 1983 юм уу 1984 онд нээгдсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг,

 

2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

             -А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/53 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн тэтгэврийн хувийн хэрэгт “...1994 оны 11 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан...” гэх,

            -А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай албан бичигт “...Д.Эийн ХААТР-15 маягт иргэний баримтын архивт байхгүй байна...” гэх,

            -Д.Эийн ХААТР-1 маягтын хуулбарт “...Д.Э, Боловсролын түвшин: тусгай дунд, мэргэжил: нягтлан бодогч, мэргэжил эзэмшсэн он:1983, ажилладаг байгууллага: ХБ анги, ажилд орсон он: 1983, нягтлан бодогч, бүртгэсэн: 1988.11.15...” гэх,

            -Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/195 албан бичгээр ирүүлсэн:

            -Худалдааны техникумын захирлын 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаартай тушаалын хуулбарт “...Хичээл тасалсан зарим сурагчдад арга хэмжээ авах тухай..., ...эдийн засгийн 2к ангийн Д.Э...” гэх,

            -Худалдааны техникумын захирлын 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136 дугаар тушаалын хуулбарт “...Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай..., Үйлдвэрлэлийн дадлага хийх газар сурагчдын нэрсийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай..., Өвөрхангай аймагт нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ангиудаас дадлага хийх сурагчид ... 25. Д.Э...” гэх,

            -Худалдааны техникумын захирлын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар тушаалын хуулбарт “...Сургууль төгсөгчдөд мэргэжлийн диплом олгох тухай..., Эдийн засгийн мэргэжлийн 2к ангид олгосон диплом, ...22. Д.Э, дипломын дугаар 7216, бүртгэлийн дугаар 11194...” гэх,

            - Худалдааны техникумын захирлын 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дугаартай тушаалын хуулбарт “...Сурагчдад анги бүлэг, стипенд тогтоох тухай..., ...Худалдааны эдийн засгийн 1к анги..., 19.Д.Э...” гэх,

            -Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04/286 дугаар албан бичигт “... Худалдаа бэлтгэлийн сургууль болон Худалдааны техникумын баримт тус тус хадгалагддаггүй болно...” гэх,

            -Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 8/147 тоот албан бичиг, түүний хавсралтад “...Д.Э нь 1982-1983 оны хичээлийн жилд өдрөөр төгссөн суралцагчдад диплом олгосон жагсаалтын 4845 дугаарт 7216 тоот диплом хүлээн авч байсан байна..., 1982 он-1983 оны хичээлийн жилд өдрөөр төгсгөсөн сурагчдад диплом олгосон жагсаалт, 1983.06.30, ...4845.Д.Э, 7216, 11195 ...” гэх

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Гал овогт Д.Эийн А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 дугаар сараас 1983 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

         

           Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

            -Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/195 албан бичгээр ирүүлсэн: Худалдааны техникумын захирлын 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 387, 1982 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 113, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 174 дугаартай тушаалуудын хуулбар,

            -Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 8/147 тоот албан бичиг, түүний хавсралт,

            -Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар Д.Э нь 1981 оноос 1983 онд Худалдааны техникумын өдрийн ангид суралцаж байсан болох нь тогтоогдож байна. Мөн гэрч нарын мэдүүлэг дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байх тул гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Хүсэлт гаргагч Д.Э 1981-1983 онд Улаанбаатар хотод Худалдааны техникумд суралцаж байсан тул уг хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2. Хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г овогт Д.Эийн А аймгийн Э сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 07 дугаар сараас 1983 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН