Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00213

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

                                                                                   129/ШШ2023/00213

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч А аймгийн Э сумын .......тоот хаягт оршин суух 1967 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Б овогт Г.Г-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А аймгийн Э сум, ........байрлах А аймгийн Засаг даргын Тамгын газар /..../-т холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г.Г миний бие А аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар тус газрын нийтлэг үйлчилгээний газрын Төрийн үйлчилгээ мэдээллийн төв хариуцсан ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус газарт үйлчлэгчийн ажилд томилогдон ажиллаж байсан. Ажилд орохдоо жирэмсэн, амаржсаны чөлөөтэй байсан үйлчлэгч Б.Р-ийн оронд орсон. Гэтэл Я.Р-ийн чөлөөний хугацаа дуусаагүй, тухайн хүн ажилдаа буцаж орох талаар хүсэлт гаргаж ажилдаа ороогүй байхад Ц гэдэг хүн ажилдаа орох болсон гэсэн шалтгаанаар намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь миний бие Ц-ийн оронд биш Б.Р гэдэг хүний оронд ажилд анх томилогдсон. А аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/147 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан “Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хэвээр хадгална” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь Ц гэдэг хүн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авахад нь түүний оронд өөр хүнийг авч ажлуулсан. Одоогоор тэр хүн нь ажлаа хийж байгаа. Ц-г ажилдаа эргэн ороход намайг биш тэр оронд нь орсон хүнийг ажлаас чөлөөлөх ёстой байтал танил тал, хувийн ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж шударга бус үйлдэл гаргаж миний эрх, ашиг сонирхолыг хөндөж байгаад гомдолтой байна. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болж байгаа бөгөөд 9 сарын хугацаанд ажиллаж ажилласан жилээ гүйцээчихвэл өндөр насны тэтгэвэрээ бүрэн тогтоолгон авах боломжтой юм. Мөн 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эх миний хувьд ажлаас халагдсаны улмаас амьдралын нөхцөл байдал хүндэрч байгааг анхаарч үзэлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд энэ талаар өргөдөл гаргаж өгсөн боловч миний өргөдлийг хүлээн авч хангаж шийдвэрлээгүй, харилцан тохиролцож чадаагүй болно.Иймд А аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г- болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ “...Нэхэмжлэгч Г.Г- миний бие болон хариуцагч А аймгийн ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна.

  1. Нэхэмжлэгч Г.Г- миний бие А аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, А аймгийн ЗДТГ-ын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
  2. Хариуцагч А аймгийн ЗДТГ-аас ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин хөлсийг авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр,
  3. Хариуцагч А аймгийн ЗДТГ нь нэхэмжлэгч Г.Г-д 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл буюу түүнийг ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин хөлсийг олгохоор харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж байна. Г.Г-д цалин хөлсийг олгохдоо 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед авч байсан хэмжээгээр цалин хөлс, нэмэгдлийг тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлнө. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Эвлэрэн хэлэлцсэний үр дагаврыг ойлгож мэдлээ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А аймгийн Засаг даргад холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, А аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин хөлсийг авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Г.Г-д 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл буюу түүнийг ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин хөлсийг түүний 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед авч байсан хэмжээгээр тооцон олгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ хууль зөрчөөгүй, зохигч гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1036 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/147 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, А аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны 6 сарын цалин хөлсийг авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Г.Г-д 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 сарын 01-ний өдөр хүртэл буюу түүнийг ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин хөлсийг түүний 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед авч байсан хэмжээгээр тооцон олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1036 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН