Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101

 

2017         08          18                                                       101

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч М.Отгонбаяр

Шүүгдэгч-хохирогч Н.Оюунбаяр

Шүүгдэгч Б.Азжаргал нарыг оролцуулан

                                                                

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саруул гүн овогт Баярсайханы Азжаргал, Хатгин овогт Намсрайн Оюунбаяр нарт холбогдох эрүүгийн 1721000000006 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Саруул гүн овогт Баярсайханы Азжаргал, Дорнод аймгийн Булган суманд 1989 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ89012211/, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний туслан гүйцэтгэгч “Пампус” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Төв”-ийн 3 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Хатгин овогт Намсрайн Оюунбаяр, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ84100314/, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Дорнын гэгээ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тээвэрчид”-ийн 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Н.Оюунбаяр нь согтуугаар 2017 оны 07 сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний 19 дүгээр талбайд байрлах “Цемен тал” гэх газрын манаач М.Төмөрбатын гэрт хамт ажилладаг М.Отгонбаяртай маргалдан улмаар нүүр хэсэгт цохиж М.Отгонбаярын биед “зүүн нүдний гадна булангийн шарх...” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Азжаргал нь согтуугаар 2017 оны 07 сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний 19 дүгээр талбайд байрлах “Цемен тал” гэх газрын манаач М.Төмөрбатын гэрт хамт ажилладаг Н.Оюунбаяртай маргалдан улмаар нүүр хэсэгт цохиж Н.Оюунбаярын биед “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод зовхины зүсэгдсэн шарх” гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 05-ны өдрийн өглөө амралтын байрнаасаа гараад ажил руугаа очиход Оюунбаяр, Төмөрбат хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд кранчин залуу согтуу унтаж байхаар нь ажлаа яаж хийхэв дээ гэж бодоод эргээд амралтын байр руугаа явсан. Тэгсэн чинь Төмөрбат “ирэхдээ хоол аваад ирээрэй” гэж хэлэхээр нь гэртээ ирээд хоол хийчихээд эргээд ажил руу явсан. Оюунбаярын архи сайн гараагүй байхаар нь эргээд амралтын байр руугаа явсан. 14 цагийн орчимд Оюунбаяр утсаар яриад “архи гарчихлаа, ирж ажлаа хий” гэхээр нь Цолмон, Отгонбаяр бид гурав очиж цементээ нэг удаа шахахад Оюунбаяр кранаараа өргөж байсан цементээ унагаах гээд байхаар нь ажлаа хийхээ болиод Цолмон, Оюунбаяр нартай хамт манаач Төмөрбатын гэр рүү ороход хоёр хүнтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгэхэд араас Оюунбаяр орж ирсэн. Удалгүй Төмөрбат найзтайгаа хамт гараад 0.75 граммын “Улаанбаатар” нэртэй архи авч ирсэн. Тэгээд “архи уу” гэхээр нь би, “уухгүй” гээд байж байтал манай эхнэр залгаад “хаана байгаа юм” гэхээр нь “ажил дээрээ байна” гэсэн чинь “цаана чинь эмэгтэй хүн  дуугараад байна” гэж маргаад байхаар нь утсаа тасалсан чинь Оюунбаяр “чи наад янханаасаа сал л даа” гэхээр нь би “юу гэж дээ, 10 жил ханилсан, юу гэж салдаг юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгсэн Оюунбаяр, Цолмон нар намайг салгасан. Тэгээд Оюунбаяр, Отгонбаяр хоёр гадаа гарснаа удалгүй Отгонбаяр “намайг цохичихлоо” гээд ороод ирэхээр нь би гараад Оюунбаярын гарыг барихад миний гарыг чулуугаар цохихоор нь унахдаа Оюунбаярын нүд рүү өвдөглөсөн юм шиг байна лээ. Отгонбаяр ах цаасны хутга бариад явж байсан гэсэн. Би хараагүй. Тэгсэн чинь Оюунбаяр цаасны хутгаар хөхөрсөн нүдээ зүссэн. Тэгэхээр цус нь гараад зүгээр болдог гэж байсан. Тэгээд үлдэгдэл архиа уугаад байж байтал Оюунбаяр “найзуудаа дуудна” гэхээр нь бид гурав байр руугаа яваад байж байтал найзуудтайгаа ирээд бид нарыг “ална” гээд байхаар нь бид гурав ажлын машинд дайгдаад аймагт ирсэн” гэв.

 

Шүүгдэгч-хохирогч Н.Оюунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд ярьсан зүйл бүгд үнэн учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч М.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 05-ны өдөр бид нар өдөр цементээ нэг шахаад Төмөрбатын гэрт ирсэн. Тэгэхэд хоёр найз нь гэрт нь байсан ба тэр хоёр архинд явж ирсэн...Удалгүй Азжаргал, Оюунбаяр хоёр муудалцаад зууралдаад газар унаад байхад нь би Оюунбаярыг салгаж гэрээс гарах гэхэд миний нүүр рүү нэг удаа гараараа Оюунбаяр цохисон гэв.

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 409 тоот дүгнэлтэд: “1.Н.Оюунбаярын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод зовхины зүсэгдсэн шарх, цээжинд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод зовхины зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна”  гэжээ. /хх 36/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 418 тоот дүгнэлтэд: “1.М.Отгонбаярын биед зүүн нүдний гадна булангийн шарх, баруун бугалганы цус хуралт, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3.Дээрх гэмтлийн зүүн нүдний гадна булангийн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалганы цус хуралт, баруун гуяны зулгаралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Уг гэмтэл нь хуучин гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 40/

 

Хохирогч М.Отгонбаяр /хх 12-14/, Н.Оюунбаяр /хх 15-17/, Гэрч М.Отгонбаяр /хх 18-19/, Б.Азжаргал /хх 20-21/, М.Төмөрбат /хх 22-24/, Н.Алтан-Од /хх 25/, Э.Эрдэнэцоож /хх 26/, Б.Эрдэнэцэцэг /хх 27/, Б.Болдбаатар /хх 28/, Т.Цолмон /хх 29/, шүүгдэгч Н.Оюунбаяр /хх 46/, Б.Азжаргал /хх 47/ нарын мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Фото зураг /хх 7,9/, Яаралтай тусламжийн хуудас /хх 39, 50/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх 51-53/, “MED TRAUMA” эмнэлгийн шинжилгээ /хх 54/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 20-ний өдрийн 419 тоот дүгнэлт /хх 34/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 59, 62/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63-64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Н.Оюунбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 07 сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний 19 дүгээр талбайд байрлах “Цемен тал” гэх газрын манаач М.Төмөрбатын гэрт хамт ажилладаг М.Отгонбаяртай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цохиж биед махбодид “зүүн нүдний гадна булангийн шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Азжаргал нь согтуурсан үедээ 2017 оны 07 сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний 19 дүгээр талбайд байрлах “Цемен тал” гэх газрын манаач М.Төмөрбатын гэрт хамт ажилладаг Н.Оюунбаяртай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт цохиж биед “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод зовхины зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон хохирогч М.Отгонбаяр, гэрч М.Төмөрбат, Н.Алтан-Од, Э.Эрдэнэцоож, Б.Эрдэнэцэцэг, Б.Болдбаатар, Т.Цолмон, Н.Батдорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Фото зураг, Яаралтай тусламжийн хуудас, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, “MED TRAUMA” эмнэлгийн шинжилгээ, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 409, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 418 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Азжаргал, Н.Оюунбаяр нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

                                                                                                                                       

Иймд шүүгдэгч Б.Азжаргал, Н.Оюунбаяр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч М.Отгонбаярын эрүүл мэндэд “нүдний гадна булангийн шарх, баруун бугалганы цус хуралт, баруун гуяны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан нь түүнийг гараар цохисон шүүгдэгч Н.Оюунбаярын үйлдэлтэй, хохирогч Н.Оюунбаярын эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод зовхины зүсэгдсэн шарх, цээжинд өнгөц зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учирсан нь түүний нүүр хэсэгт гараар цохисон шүүгдэгч Б.Азжаргалын үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Хохирогч М.Отгонбаяр, Н.Оюунбаяр нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйлгүй...” /хх 12-13, 17/ гэснийг дурдах нь зүйтэй.

 

 Хэрэгт шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Азжаргалын ЖЮ89012211, шүүгдэгч Н.Оюунбаярын ЖЮ84100314 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг өөрт нь тус тус буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Саруулгүн овогт Баярсайханы Азжаргал, Хатгин овогт Намсрайн Оюунбаяр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баярсайханы Азжаргал, Намсрайн Оюунбаяр нарыг тус бүр 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Азжаргал, Н.Оюунбаяр нарт оногдуулсан тус бүрийн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүн тус бүрт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Азжаргал, Н.Оюунбаяр нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1721000000006 тоот хэрэгт ялтан Б.Азжаргал, Н.Оюунбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.Азжаргалын ЖЮ89012211, ялтан Н.Оюунбаярын ЖЮ84100314 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан нарт тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ялтан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ