Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1854

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01816 дугаар шийдвэртэй, Б.Э-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Н-д холбогдох,

44 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Б.Э-аас 2 000 000 төгрөг гаргуулах, караокены тохижилт, тоног, төхөөрөмжийг буцаан авахыг даалгах, талбай чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан тхэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д, хариуцагч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 02 сард үнэгүй.мн веб хуудаснаас “караоке зарна, машин оролцуулж болно” гэсэн зарын дагуу Г.М-тай уулзаж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “И”-ны тохижилт, тоног төхөөрөмжийг 23 000 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн Тоёота Ланд 100 маркийн автомашинаар солихоор тохиролцсон. Г.М нь 2015 оны 11 дүгээр сард н.Б гэх залуугаас тухайн караокены тохижилт, техник хэрэгслийг 16 000 000 төгрөгөөр худалдан авч, обьектын эзэн С.Н-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулсан. 2016 оны 3 дугаар сараас караокег ажиллуулж эхэлсэн бөгөөд удалгүй эзэн гэх С.Н нь өмнөх түрээсийн төлбөрөө нэхэж, караокег ашиглуулахгүй гэж цоожийг солиод Б.Э-ыг гаргаж, караокег бүхэлд нь эзэмшилдээ авсан.

Нэхэмжлэгч нь Г.М-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сард караокег хууран мэхлэх замаар худалдаж, залилсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч 2017 оны 5 дугаар сард Прокуророос эрүүгийн хэрэг биш, иргэний маргаан хэмээн шийдвэрлэсэн. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр Т.М, Б.Э нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдаж, автомашин Г.М-д шилжсэн, харин караокены тохижилт, тоног төхөөрөмжийг Б.Э-ны өмч мөн гэсэн. Шүүхийн шийдвэрийн дараа нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн караокены тохижилт, тоног төхөөрөмжийг авахаар очиход С.Н өөр этгээдэд ашиглуулж байсан. Б.Э караокег авах талаар удаа дараа шаардлага гаргасан боловч ажиллуулж буй хүмүүс нь “С.Нарантуяагаас худалдаж авсан” гэх тайлбар өгч, С.Н нь караокег нэхэмжлэгчид буцаан өгөхөөс татгалзсан тул нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч 2018 оны 11 дүгээр сард иргэний маргаан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Хариуцагч С.Н 2016 оны 4 дүгээр сард караокег эзэмшил, ашиглалтдаа авснаас хойш 2019 оны 3 дугаар сар хүртэл өөрөө болон өөр бусдад ашиглуулан ашиг, орлого олсон бөгөөд караокены тоноглол, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй тул үнийн 16 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад С.Н караокег сарын 800 000 төгрөгөөр бусдад түрээслүүлдэг нь тогтоогдсон тул маргаантай байх хугацаа буюу нийт 36 сар ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, олсон орлого 28 800 000 төгрөг, нийт 44 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: С.Н би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 13345 ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах гэрчилгээний 000246219, улсын бүртгэлийн Ү-220404936 дугаартай, нийт 130 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд нөхөр бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Г.М-тай түрээсийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 1 100 000 төгрөгөөр, караокены үйлчилгээ явуулах зориулалтаар талбай түрээслүүлсэн. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн үйл ажиллагаа явуулахдаа ашиглах хэрэглээний зардал, дулаан, халуун хүйтэн ус, цахилгааны төлбөр ороогүй бөгөөд түрээслэгч тусад нь төлөхөөр тохиролцсон. Харин Г.М нь түрээслүүлсэн талбайг караокены зориулалтаар тохижуулан “Их хотын караоке” гэж нэрлэн, ажиллуулсан.

Г.М нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд миний өмчлөлийн талбайг түрээслэн ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй ба 6 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй байгаа. Энэ төлбөрт нэхэмжлэгч Б.Э караокег нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал нийт 2 000 000 төгрөг багтсан. Г.М нь 2016 оны 3 дугаар сард “Б.Э гэх хүн ажиллуулах болсон, карокены тоног төхөөрөмжөө энэ хүнд зарсан” гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сараас эхлэн ажиллуулсан Б.Э-аас ажилласан хугацааны түрээсийн төлбөр төлөхийг шаардахад “Г.М-аас авлагатай” гээд нэг ч төгрөг төлөөгүй. Түрээсийн төлбөр төлөхгүй бол талбай чөлөөлж өг гэхэд чөлөөлөхгүй байсан тул арга буюу 2016 оны 4 дүгээр сард манай нөхөр, Б.Э бид гурав хамт байж байгаад хаалганы цоожийг солиод түлхүүрийг би авсан, үүнээс хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.

Караокены тоног төхөөрөмж нь Г.М, Б.Э нарын хэнийх нь өмч болох нь тодорхойгүй, Б.Э Г.М-аас худалдан авсан гэж тайлбарладаг. Тэдгээрийн хооронд үүссэн худалдах худалдан авах харилцааны маргаанаас болж хууль ёсны өмчлөлийн хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн. Миний бие Г.М-д холбогдуулан түрээсийн төлбөрөө шаардаж шүүхэд хандсан боловч “хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүхийн шийдвэрээр Г.М-ыг эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй байна. Миний бие Б.Э-ны өмчлөлийн тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан зүйл байхгүй тул үнэ гэх 16 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийн үнэ гэж мөнгө огт аваагүй бөгөөд түүнтэй худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй. Б.Э, Г.М нарын хоорондын худалдах худалдан авах гэрээтэй холбоотой асуудал надад хамаагүй. 

Миний бие 2016 оны 4 дүгээр сард хаалганы цоож сольсноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн талбайг бусдад түрээслүүлэн ашиг олсон зүйлгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 28 800 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн өмчлөлийн талбайд байгаа тоног төхөөрөмжийг Б.Э-д эсхүл Г.М-д өгч талбайгаа чөлөөлж авах хүсэлтэй байгаа ба тухайн тоног төхөөрөмжийн хууль ёсны өмчлөгч нь хэн болохыг сайн мэдэхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Б.Э нь надаас нэхэмжилсэн тоног төхөөрөмжийн үнэ болон ашиг орлого олсон гэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, надад 16 000 000 төгрөгийг хэзээ яаж өгсөн, бидний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсан эсэх зэргийг баримтаар нотлох ёстой. 

Түүнчлэн, маргаан бүхий караокены төхөөрөмж нь нэхэмжлэгчийн өмч мөн гэдгийг нотолж улмаар түүний өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэдэг үндэслэлээ нотлох ёстой. Мөн караокены тоног төхөөрөмжийг миний бие 36 сар ашигласан, ашиглахдаа ямар орлого олсон, энэ олсон орлого нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох эсэхийг нотлох үүрэгтэй. Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх зэргээр чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй тул яаж хууль бусаар ажиллуулсан бэ гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ... 2016 оны 3 дугаар сараас Б.Э караокег ажиллуулсан, 4 дүгээр сарын сүүлээр нэг сар ажиллуулсны түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлөхийг шаардахад Г.М-аас авлагатай гээд төлбөр төлөхөөс татгалзсан. Тухайн үед тоног төхөөрөмжөө аваад талбай суллаж өг гэсэн боловч Б.Э нь талбай суллаж өгөхгүй байсан ба хаалганы түлхүүр сольсноос хойш тус газарт үйл ажиллагаа огт явуулаагүй. Бид өөрийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгөө чөлөөлж авах хүсэлтэй байгаа бөгөөд дотор нь байгаа бусдын эд хөрөнгийг цаашид хамгаалах, харж хандах шаардлагагүй тул Б.Э-д караокены тоног төхөөрөмжийг буцаан өгч талбайгаа чөлөөлж авах хүсэлтэй. Б.Э-аас 2016 оны 3 дугаар сараас 4 дүгээр сар дуустал ашигласан хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 2 000 000 төгрөгийг гаргуулж, караокены тохижилт, тоног төхөөрөмжийг буцаан авахыг түүнд даалган талбайг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Караокены тоног төхөөрөмж хэний өмчлөлийн зүйл болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Б.Э, Г.М нарын хооронд арилжааны гэрээ хийгдсэн талаар шүүх дүгнэсэн. 2016 оны 4 дүгээр сард С.Н-ийн үл хөдлөх эд хөрөнгө цоожлогдсон тул тоног төхөөрөмжийг буцаан авч чадаагүй. Г.М-тай маргаан байсан нь нөлөөлсөн. Тоног төхөөрөмжийг буцаан авч болно. Гэхдээ түүнийг ашиглах явцад элэгдэл хорогдол үүсгэж муутгасан тул зөрүүг нь авах ёстой. Түрээсийн төлбөр, ашиглалтын зардал гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх байтал талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ тул хүчин төгөлдөр бус байна. Мөн ашиглалтын зардал төлсөн баримт байхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтыг баримтлан хариуцагч С.Н-аас 7 650 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 37 150 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.Э-аас 1 100 000 төгрөг гаргуулан хариуцагч С.Н-д олгож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ЭТӨЧ 24/6-2 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ширхэг чанга яригч, БНСУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг өсгөгч, 1 ширхэг тоглуулагч, 2 ширхэг утастай микрофон, БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг гэрэл, 1.5*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 60*110 см хэмжээтэй 1 ширхэг явган ширээ, 1.1+1.7+1.1 м урттай 3 ширхэг буйдан, 32 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 60*60*40 см хэмжээтэй 1 ширхэг шүүгээ, 1 ширхэг сэнс, 2.7+2.7+1.4 м урттай 3 ширхэг буйдан, БНХАУ-д үйлдвэрлэсэн 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг сэнс, 60*110 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 2.9+1.8+1.4 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 2 ширхэг ширээ, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1.4+1.4+1.8 м урттай 3 ширхэг буйдан, 1 ширхэг сэнс, 120*90 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.2*1.2 м хэмжээтэй 1 ширхэг толь, 40 инчийн хэмжээтэй 1 ширхэг дэлгэц, 1 ширхэг шүүгээ, 600*110 см хэмжээтэй 1 ширхэг ширээ, 1.4+1.4+1.7 м урттай 3 ширхэг буйдан, 1.6+1.5 м урттай 2 ширхэг буйдан, 2 ширхэг чанга яригч, 175 л багтаамжтай 1 ширхэг шилэн нүүртэй хөргөгч, 280 л багтаамжтай 1 ширхэг хөргөгч, 500*1200 см хэмжээтэй 1 ширхэг цагаан ширээ, 1 ширхэг печь зэргийг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч Б.Э-д даалгаж, хариуцагч С.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийн 381 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Н-аас 137 350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, хариуцагч С.Н-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас 101 150 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт үндэслэл муутай дүгнэлт хийснээр шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь, талуудын  тайлбараар “...Б.Э нь 2016 оны 02 сард үнэгүй.мн вэб хуудаснаас “Караоке зарна, машин оролцуулж болно” гэсэн зарын дагуу Г.М-тай уулзаж Их хотын караокены тохижилт тоног төхөөрөмжийг 23 000 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн Ланд 100 маркийн автомашинаар солихоор тохиролцсон. Г.М нь 2015 оны 11 дүгээр сард н.Б гэх залуугаас тухайн караокены тохижилт, техник хэрэгслийг 16 000 000 төгрөгөөр худалдан авч обьектын эзэн С.Н-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулдаг байсан...” гэх үйл баримт нотлогдсон, энэ үйл баримтын талаар хариуцагч С.Н-ийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй болно.

Нэхэмжлэгч караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнэ болох 16 000 000 төгрөг, нийт 36 сар ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж орлого олсон тул 28 800 000 төгрөг, нийт 44 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь С.Н биш бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд караокены тоног төхөөрөмж худалдах, худалдан авах талаар анхнаасаа ямар нэгэн тохиролцоогүй байгаа тул Б.Э нь С.Н-аас тоног төхөөрөмжийн үнийг шаардах эрхгүй. Шүүх Иргэний 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээ буурсан хэмжээнд буюу 7 650 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөр төлөхгүй талаар мэдэгдэж байсан бөгөөд тоног төхөөрөмжөө аваад, талбай чөлөөлж өг гэхэд чөлөөлөхгүй, Г.М-аас авлагатай гэх зэргээр асуудалд хандсан учраас түүний дэргэд хаалганы цоожийг сольж түлхүүрийг бид авсныг мэдсэн атлаа “С.Н нь миний хөрөнгийг хууль бусаар ашиглаж орлого олж байна” гэсэн нь эргэлзээтэй байгаа. Бодит байдалд караокены тоног төхөөрөмж, эд хогшил нь С.Н-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор байгаа нь үнэн, харин уг тоног төхөөрөмжийг худалдсан, худалдан авсан эрх зүйн харилцаа нь Г.М-тай үүссэн учраас үнэ төлөх нь Г.М-ын үүрэг гэж ойлгож байна. Дээрх иргэдийн хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийн зарим хэсгийг С.Н төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч С.Н-аас 7 650 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-нд олгож... ” гэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.Н-д холбогдуулан, эд хөрөнгийн үнэ 16 000 000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон орлого  28 800 000 төгрөг, нийт 44 800 000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 1 сарын түрээсийн төлбөрт 1 100 000 төгрөг, ашиглалтын зардал 900 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг гаргуулах, караокены тоног төхөөрөмжөө авч, өөрийн өмчлөлийн талбайг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэл гарган, талууд харилцан маргажээ.

 

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 3 дугаар сард хариуцагч С.Н, түүний нөхөр Б.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204049367 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 24/6 дугаар байрны 2 дугаар давхарт байрлах 130 м.кв талбайг караокены үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр хариуцагч С.Н-тай тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцааны шинжийг агуулсан талаар дүгнэж, улмаар энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/01280 дугаар шийдвэрээр /хх5-7/, Б.Э нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.М-тай харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн Тоёота Ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл, мөн 1 000 000 төгрөгөөр маргааны зүйл болох караокены тохижилт, тоног төхөөрөмжийг 16 000 000 төгрөгийн үнээр тооцон арилжиж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч С.Н-ийн хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, улмаар иргэн Б.О гэгчид караокены чиглэлээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн хамт түрээсэлсэн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан буюу эрүүгийн хэрэгт дээрх этгээдийн өгсөн гэрчийн мэдүүлэг /хх82-84/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас /хх119-120/, шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр томилсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 350 дугаар “Хөрөнгө үнэлсэн тайлан” /хх101-113/ зэргээр тогтоогдсон болно.

 

Хариуцагч нь “караокены тохижилт, тоног төхөөрөмжийг бус зөвхөн өөрийн өмчлөлийн талбайг Б.О-д түрээслэсэн” гэж тайлбарлах боловч уг тайлбарыг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудтай харьцуулан үзвэл, Б.О нь караокены зориулалтаар үйл ажиллагаа явуулахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгөд байршуулсан тоног төхөөрөмжийг ашиглаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  

Нэхэмжлэгч нь 28 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч С.Н-г бусдад буюу Б.О-д караокены тохижилт, тоног төхөөрөмжийг 36 сарын хугацаанд, сарын 800 000 төгрөгөөр түрээслүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шимийг буцаан шаардана гэж тайлбарлажээ.

 

Шүүх, тоног төхөөрөмжийг Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхтэй холбогдуулан С.Н-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр  өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого гэх ойлголтод хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг 36 сарын хугацаанд өөрийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг бусдад түрээслэн, ашиг орлого олсон гэх боловч хэргийн баримтаар тухайн хөрөнгө нь дангаар ямар үнэ ханшаар түрээслэгдэх болохыг нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн уг шаардлагыг хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. 

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, дээр дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/01280 дугаар шийдвэр, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.М болон С.Н нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн, түрээслэгч болохоор харилцан тохиролцсон нь тогтоогдсон. Уг гэрээнд 1 сарын түрээсийн төлбөр 1 100 000 төгрөг гэж заасан байх тул шүүх энэ үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал, талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй нь нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Мөн шүүх хариуцагч С.Н-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 1 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ашиглалтын зардалд 900 000 төгрөг гаргасан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнээд хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Караокены тоног төхөөрөмжийг буцаан авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч уг эд хөрөнгийн элэгдэл, хорогдолтой холбоотойгоор үнийн зөрүүг шийдвэрлэсэн тохиолдолд буцаан авахад татгалзахгүй гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ, караокены тохижилт, тоног төхөөрөмжийн үнэ 16 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хариуцагч нь С.Н биш, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, караокены тоног төхөөрөмж, эд хогшил нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дотор байгаа нь үнэн, нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсан тул түүний хөрөнгийг хууль бусаар ашиглаж орлого олж байна гэсэн нь эргэлзээтэй, Г.М, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох караокены тоног төхөөрөмжийн үнийн зарим хэсгийг С.Н төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Б.Э нь 16 000 000 төгрөг гаргуулах шаардлага, түүнийхээ үндэслэлийг худалдах, худалдан авах гэрээний үнэ гэж тодорхойлоогүй бөгөөд хариуцагч уг эд хөрөнгийг түүний үл хөдлөх эд хөрөнгөд байрлаж байх хугацаанд караокены зориулалтаар, тодорхой хугацаанд бусдад түрээслүүлсэн үйл баримт тогтоогдсон. Мөн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь уг эд хөрөнгийн зах зээлийн үнийг 8 350 000 төгрөг гэж дүгнэсэнд зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх эд хөрөнгийг Б.О-д өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн хамт түрээслэхдээ хууль ёсны өмчлөгчийнх нь хувьд нэхэмжлэгч Б.Э-аас зөвшөөрөл авсан байдал тогтоогдсонгүй. Иймд тухайн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах байдлаар захиран зарцуулсан хохиролд эд хөрөнгийн үнэлгээ буурсан хэмжээ болох 7 650 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Н давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА