Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2024/00467

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох,

“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 264 000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “...Г.******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байрлах засмал замаар улсын дугаартай, Toyota prius-11 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 12.1, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”-ы улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч нь Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг авсан байх ба үүнд зарцуулсан 1 264 000 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г.*******аас 1 264 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Г.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн *******ын газраас нэхэмжилсэн 1 264 000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар нь хариуцагч Г.*******ад холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 264 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 264 000 төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Г.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 264 000 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 17 443 төгрөг /1 264 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34 886 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Т.БАЙГАЛМАА