Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0148/З |
Дугаар | 128/ШШ2023/0658 |
Огноо | 2023-08-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0658
2023 08 31 128/ШШ2023/0658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Шинжиан шинфа” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхзаяа, Б.Бадрал
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Октябрь
Маргааны төрөл: “Шинжиан шинфа” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрал, Б.Энхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч А.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар Татварын албаны “Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын 2021 онд хамруулах төлөвлөгөөний нэгтгэл” болон “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”-ыг тус тус баталсан бөгөөд үүнд “Шинжиан шинфа” ХХК эрсдэлийн дунд түвшинд тогтоогджээ.
Улмаар татварын хяналт шалгалт хийх 3421601623 дугаар томилолтоор нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны эрсдэлд суурилсан татварын шалгалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 12 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бат-Өнө, Ж.Энхжаргал нар хийхээр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон байна.
Томилолтын дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Бат-Өнө, Ж.Энхжаргал нар хяналт шалгалтыг хийж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн НА-34210000107 дугаар нөхөн ногдуулалтын актаар 82,451,924.57 төгрөгийн нөхөн татвар, 32,896,511.91 төгрөгийн торгууль, 4,190,223.52 төгрөгийн алданги, нийт 119,538,660 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгээр НА-34210000107 дугаар нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийг хянуулах шаардлагатай байх тул хяналт шалгалтаар ажиллах татварын улсын байцаагч нарыг томилон ирүүлэх талаар Татварын ерөнхий газрын даргад мэдэгджээ.
Үүний дагуу татварын хяналт шалгалт хийх 3622300605 дугаар томилолтоор нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын иж бүрэн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 15 хоногийн хугацаанд татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нар хийхээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон байна.
Харин нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст хандан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 045 дугаар албан бичгээр татвар ногдох орлогоос хасагдах зардал болон тайлант хугацаанд гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцож орлогын албан татварыг тушааж, татвар ногдох орлогод холбогдох хувь хэмжээгээр орлогын татвар төлөх боломж олгуулахаар хүсэлт гаргахад Татварын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/1247 дугаар албан бичгээр боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
Улмаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нар “Шинжиан шинфа” ХХК-д 2,408,391,120.64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785.49 төгрөгийн торгууль, 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийн төлбөр төлүүлэх 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон байна.
4. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Дээрх тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“1/ Татварын байцаагч нар нь хуулиар олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийсэн талаар;
Манай компанийн 2017-2020 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд харьяа татварын алба болох Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагчид хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НА-34210000107 дугаар актаар нөхөн татвар ногдуулсан. Гэтэл Татварын хууль тогтоомжид зааснаас өөрөөр хууль хяналтын байгууллагын хүсэлтээр шалгалт хийж, нөхөн татвар ногдуулахдаа бусад этгээд хооронд хийгдсэн гүйлгээг манай компанид хамаатуулан нотлох баримтгүйгээр татвар тогтоосон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, НА-22220000070 дугаар актад хяналт шалгалтыг хийсэн талаар тэмдэглэсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.4-д "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана" гэж хуульд хяналт шалгалт хийх тохиолдлыг тодорхойлон заасан байхад хууль хяналтын байгууллагын хүсэлтээр гэж хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 76.5, 76.6, 76.7, 76.8 дахь хэсэгт заасан хуулийн хориглолтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болж байна.
Татварын ерөнхий хуулийн 32.2.2, 41.1, 41.4, 41.11.1-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж болох юм.
2/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн тухайд;
Татварын улсын байцаагчийн үндэслэл болгосон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.4-д зааснаас узвэл манайх хэн нэгэнд өртэй байсан байх, өрөө хаахын тулд тухайн этгээдэд ажил гүйцэтгэсэн эсвэл бараа борлуулсан байх нөхцөлд манайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.4 дахь хэсгээр Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэл бий болсон байх шаардлага үүснэ.
Гэтэл манай компани нь татварын улсын байцаагч нарын актад дурдсан хуулийн этгээдүүд болох "Мойл групп" ХХК, иргэн хувьцаа эзэмшигч "Си вай Си Кей" компанийн ажилтан нарт аливаа өр төлбөр байхгүй, манай компанийг тэдгээрт өртэй гэдгийг ямар ч нотолгоо баримтгүйгээр байцаагч нар гүтгэн татвар хууль бусаар ногдуулсан байна. Дээр дурдсан этгээдүүдэд өртэй, өрөө бараа борлуулан, ажил гүйцэтгэж хаасан гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.4 дэх заалтыг үндэслэн акт тогтоожээ.
Хэрэв Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.4 дэх заалтыг үндэслэн татвар ногдуулах урьдчилсан нөхцөл нь 1-рт манай компани нь дээр дурдсан этгээдүүдэд өр төлбөртэй байх, 2-рт өр төлбөрөө барагдуулахын тулд дээрх этгээдүүдэд бараа борлуулсан эсвэл ажил гүйцэтгэсэн байх, 3-рт 1 болон 2 дахь нөхцөл хангагдсан нөхцөлд өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан гэх нөхцөл хангагдана. Гэтэл өр төлбөр үүсээгүй, өр төлбөрөө хаахаар дээр дурдсан этгээдүүдэд манай компаниас бараа шилжүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байхад нотлох баримтгүйгээр, хуулийн үндэслэлгүйгээр татвар ногдуулсан нь буруу юм.
3/ Үндэслэлгүй татвар ноогдуулсан талаар;
Татварын ерөнхий хуулийн 76.8-д зааснаар манай компанийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж байж иргэд болон өөр компани хооронд хийгдсэн ажил үйлчилгээг хянаж шалгаад манай компани дээр ямар ч нотлох баримтгүйгээр танай орлого гэж үзэн хариуцлага ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь HA-22220000070 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018 онд 2,170,909,090,91 төгрөг, 2019 онд 445,681,818,18 төгрөгийг “Шинэхуалуча" ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан орлого, 2019 онд 64,651,818,18 төгрөгийг компанийн ажилтны дансаар дамжуулан хүлээн авсан орлого, 2020 онд 1,501,063,112,16 төгрөгийг "Хос мөнгөн зам" ХХК-аас авах гэрээний орлогоос авто замын хяналтын зөвлөх компанийн замын хяналтын төлбөрийг төлсөн орлого, 2020 онд 18,181,818,181,82 төгрөгийг төрийн банкны харилцах дансаар хүлээн авсан орлого, 2020 онд 45,454,545,45 төгрөгийг хувьцаа эзэмшигч "Си вай Си Кей" ХХК-ийн дансаар хүлээн авсан орлого, 2018 онд 1,413,803,548,69 төгрөгийг 2019 онд 40,418,181,82 төгрөгийг “Мойл групп" ХХК-аас шатахуун бараа материал солилцох замаар хүлээн авсан орлого, 2019 онд 129,261,818,18 төгрөгийг цалин түрээсийн төлбөр олгохоор хүлээн авсан нийт 24,083,911,206,30 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэжээ.
Татварын улсын байцаагчийн актад дурдсан дүн нь зөрүүтэй, зөрчил бүрээр нь нэмж үзэхэд нийт 23,993,002,115.39 төгрөгийн төлбөр болж байхад нийт дүнг актад 24,083,911,206.30 төгрөг гэж 90 гаруй сая төгрөгөөр зөрүүтэй тооцоолсон нь буруу байна.
Мөн "Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозамын төсөл барих, шилжүүлэх нөхцөлийн дагуу концессын гэрээний орлого, гүйцэтгэсэн ажлын өртөг, зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд гэрээт ажлын гүйцэтгэлийн хувийг үндэслэн 2021, 2022 онуудад тайлагнах үндэслэлтэй байна" гэж татварын улсын байцаагч нар дүгнэсэн.
Гэтэл Татварын тухай хуулиар 2022 оны татвар төлөлтийн тайланг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө татвар төлөгч тайлагнах ёстой байтал татварын улсын байцаагч нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн актаар 2022 оны татвар төлөлтийг зөрчилтэй гэж урьдчилсан байдлаар дүгнэлт хийсэн нь хууль бус юм.
Манай компанийн зүгээс дээрх автозамын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж өөрийн хөрөнгө болон зээлээр гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл бид ажил гүйцэтгэснийхээ төлбөрийг авч чадаагүй байгаа.
Мен хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сүр Гуанг Чен нь 2016 оноос эрүүгийн хэрэгт холбогдсонтой холбоотойгоор "Шинжиан шинфа" ХХК-ийн харилцах дансны зардлын гүйлгээг битүүмжилсэн бөгөөд энэ хугацаанд компанийн зардлаас гүйлгээ хийх боломжгүй байсан.
Тиймээс "Нөхөн ногдуулалтын акт"-аар 2018 онд 2,170,909,090,91 төгрөг, 2019 онд 445,681,818,18 төгрөгийг “Шинэхуалуча" ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан орлого, 2019 онд 64,651,818,18 төгрөгийг компанийн ажилтны дансаар дамжуулан хүлээн авсан орлого, 2020 онд 1,501,063,112,16 төгрөгийг "Хос мөнгөн зам" ХХК-иас авах гэрээний орлогоос авто замын хяналтын зөвлөх компанийн замын хяналтын төлбөрийг төлсен орлого, 2020 онд 18,181,818,181,82 төгрөгийг төрийн банкны харилцах дансаар хүлээн авсан орлоготой" гэснийг компанийн зүгээс татварын хугацаанд нь тайлагнах боломжгүй байсан.
Нөгөөтэйгүүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д зааснаас үзвэл "Хос мөнгөн зам" ХХК-иас авах гэрээний орлогоос авто замын хяналтын зөвлөх компанийн замын хяналтын төлбөрийг төлсөн орлого 2020 онд 1,501,063,112,16 төгрөгийг, 2020 онд 18,181,818,181,82 төгрөгийг төрийн банкны харилцах дансаар хүлээн авсан орлого нь манай компанийн өрийн төлбөрийг хаасан гэх боловч өр барагдуулах талаар гурвалсан гэрээ байгаа эсэхийг шалгаж үзээгүй.
Түүнчлэн "Хос мөнгөн зам" ХХК-ийн санхүү бүртгэлийн тайлан тооцооны баримтад тулгуурлаж өр төлбөрт дээрх мөнгийг шилжүүлсэн эсэхийг тогтоож шалгаагүй зэрэг үндэслэлүүд нь татварын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Татварын ерөнхий хуулийн 84.1-д заасныг үндэслэн хариуцлага ногдуулжээ. Гэтэл ямар үйлдэл эс үйлдэхүйгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөрчсөн нь ойлгомжгүй, угаасаа бид нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого олоогүй, ажил үйлчилгээгээ өөрийн хөрөнгө болон зээл аваад хийчихсэн, орлого орж ирээгүй байна, орж ирэхээр нь бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10.2.1-д заасны дагуу татвараа тайлагнаад төлөөд төлөх хуультай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 84.1.1-84.1.5 дэх хэсэгт заасны аль үндэслэлээр нь хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, хуульд зааснаас бусдаар татвар төлөгчийн эрхэд халдах хуулийн үндэслэл татварын улсын байцаагчид байхгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр татварын улсын байцаагчид нь хуулийг ноцтой зөрчсөн, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, нотлох баримтгүйгээр хамааралгүй этгээдүүдийн орлогыг манай компанид хамаатуулан хариуцлага хүлээлгэсэн зэрэг нь хууль тогтоомжид нийцэхгүй байх тул татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн HA-22220000070 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалтын томилолтыг үзэхэд иж бүрэн шалгалт гэж дурдсан байна. Иж бүрэн хяналт шалгалт гэдэг бол хэсэгчилсэн бус бүх талаас хянаж шалгаж үзэхийг хэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шалгаагүй. Зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын шалгалтыг хийсэн байдаг. Тиймээс бид шинжээчийн асуудлыг хөндөж байсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах журамд орлого хүлээн зөвшөөрөх гэдэг нь 2 янз байдаг. Хэзээ ямар тохиолдолд орлого гэж хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал хүртэл байдаг. 2016, 2017 оны тайлан хөөн хэлэлцэх хугацаагаар дууссан. 2020 оны тайланд зарим зүйлийг ногдуулаагүй орхигдсон байсан. 2022 онд акт тавьсанд. Уг нь жилийн эцэст буюу нэг, нэг жилээр ногдуулах ёстой. Эдгээр нь ойлгомжгүй байдал үүсгэсэн гэдгийг хэлмээр байна. Компанийн орлого давхацсан гэдэг асуудал яригддаг. Практикт ийм асуудал гарахгүй. Дансаар гүйлгээ хийсэн бол шууд тулгаж үздэг. Магадгүй өөр компани манай орлого биш гээд шүүхэд хандсаныг үгүйсгэхгүй.” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1-т энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно гэж заасан байдаг. 2020 оноос хойш энэ хууль үйлчилнэ гэж үзэж байна. 2020 онд батлагдсан хуулийг 2019 оны журмаар хяналт шалгалтын ажлыг хийх нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж тайлбарлах нь боломжгүй гэж үзэж байна. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтаар хяналт шалгалтын ажиллагааг явуулах үндэслэлгүй байсан. Үндэслэлгүй байсан бол тухайн хяналт шалгалт бүхэлдээ хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Шалгалтын ажиллагаа анхнаасаа хууль бус байсан. Иж бүрэн шалгалт хийсэн бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгах байсан. Татварын хяналт шалгалт тооцооллын болон агуулгын хувьд буруу хийгдсэн гэдгийг тал татвар нь байхгүй гэдгээс харж болно. Үндэслэлтэй эсэхийг шүүхийн болон өмгөөлөгчийн хувьд тусгай мэдлэг шаардаж байна. Тиймээс акт үндэслэлтэй эсэхийг тодруулахын тулд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Шинжээч томилуулж шалгуулахыг хүсэж байсан гэдгээ илэрхийлж байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд акт нь хууль бус буюу оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул актыг хүчингүй болгож өгнө үү. Татварын ерөнхий хуульд шинжээчээр оролцохыг хориглосон байдаг. Хууль сануулаагүй боловч шинжээчээр оролцсон байдал харагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарын акт хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шалгах байтал тусдаа өөр актаар шалгасан гэж тайлбарлаж байгаа нь тухайн акт хууль зүйн хэр үндэслэлтэй гарсан бэ гэдгийг тодорхойлж байна. Энэ акт нь хууль зөрчсөн, үндэслэл бүхий акт биш. Нэхэмжлэгч компани татварын хяналт шалгалтаас татгалзаагүй. Хуульд заасан журмын дагуу шалгах хэрэгтэй татвар төлөхгүй гэж маргаагүй. Холбогдох татварыг төлнө гэдгийг үүгээр илэрхийлж байна.” гэв.
8. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “1/ Татварын байцаагч нар нь хуулиар олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийсэн гэх хэсэгт;
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.10, 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн. Монгол улсын Сангийн сайдын баталсан 2019 оны 305 дугаар тушаалаар батлагдсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6 дугаар зүйлд "Эрсдэлийг удирдах ба хяналтын арга хэмжээг тодорхойл”, 6.8-д “Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно” гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгээр эрүүгийн 210200545 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй татвар төлөгчид эрсдэлийн үнэлгээг тооцож, эрсдэл бүхий татвар төлөгч гэж тодорхойлсон.
Иймд Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.5, 76.6, 76.7, 76.8-д заасан заалтуудыг зөрчөөгүй болно.
2/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай зарим зүйл заалтыг зөрчсөн гэх хэсэгт;
1. “Шинжиан шинфа” ХХК-ийн хөрөнгө оруулагч Сун Гуанг Чен нь 2016 оноос эрүүгийн хэрэгт холбогдсонтой холбоотойгоор компанийн банкны харилцах дансыг битүүмжилсэн гэдэг шалтгаанаар 2020 онд 90,909,090.91 төгрөгийн, 45,454,545.45 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл барих, шилжүүлэх гэрээний орлогыг “Хосмөнгөн зам” ХХК-ийн тээвэр хөгжлийн банкны 9000007802 тоот данснаас хувьцаа эзэмшигч “Си Вай Си Кэй” ХХК /ГХО/-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 19925750 тоот дансаар “Шинжиан шинфа” ХХК-ийн тооцооноос гэсэн гүйлгээний утгатай/ хүлээн авсан орлогыг тайлагнаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй.
2. “Шинжиан шинфа” ХХК нь “М ойл” ХХК-иас шатахуун зээлээр авч замын ажил гүйцэтгэдэг байсан бөгөөд 2018 онд 1,413,803,548.69 төгрөгийн, 2019 онд 40,418,181.82 төгрөгийн шатахууны төлбөрийг гэрээний орлогоос суутган тооцоолуулсан нь бараа, ажил, үйлчилгээ солилцсон байна. Дээрх ажил гүйлгээ нь өөрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх замаар хаасан байх тул хуульд зааснаар гэрээний орлогыг борлуулалтын орлогоор бүртгэж, бараа материалыг холбогдох дансанд бүртгэж тайлагнах үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний орлогыг бүртгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилтэй байна.
Дээрх орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.3, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан заалтаар хариуцлага ногдуулсан.
3/ Yндэслэлгүй татвар ногдуулсан гэх хэсэгт;
1.Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 6.6-д “Татварын акт, илтгэх хуудсанд дараах баталгаажуулсан маягтыг хавсаргана" гэсний дагуу тус журмын 6.6.4-т “Татварын хяналт шалгалтаар илрүүлсэнг зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо" МАЯГТ-ХШ-06/01/, МАЯГТ-ХШ-06/02/ маягтыг нөхөн ногдуулалтын актад хавсарган татвар төлөгчид гардуулсан хавсралт маягтад нийт 24,083,911,206.30 төгрөгийн зөрчилтэй байна. Үүнд:
2018 онд 2,170,909,090.91 төгрөг, 2019 онд 445,681,818.18 төгрөг, нийт 2,616,590,909.09 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл барих, шилжүүлэх гэрээний орлогыг “Шинжиан шинфа” ХХК-ийн 49 хувийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сүн Гуанг Чен (Sun Guang Chen/-ны төрсөн хүүгийн нэр дээр бүртгэлтэй “Шинэхуалучо” ХХК-ийн харилцах дансаар дамжуулан хүлээн авсныг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил, “Шинжиан шинфа” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сүн Гуанг Чен /Sun Guang Chen/-н нь “Шинэхуалчо” ХХК-ийн ажил гүйлгээг удирдан хийж байсан,
2019 онд 36,363,636.36 төгрөгийг компанийн ажилтан Lu.Jian-ны Хаан банкин дахь 5847254832 тоот харилцах дансаар, 28,228,181.82 төгрөгийг гадаадын иргэн харьяатын төлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төлбөр, нийт 64,591,818.18 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл барих, шилжүүлэх гэрээний орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй,
2020 онд 1,501,063,112.16 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл барих, шилжүүлэх гэрээний орлогыг “Хосмөнгөн зам” ХХК-ийн Тээвэр хөгжлийн банкны 9000007802 тоот данснаас “Шинжиан шинфа” ХХК-ийн хүсэлтээр тус компанийн дараагийн гэрээт ажил болох “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсел”-ийн барих, шилжүүлэх концессын гэрээний ажил болох авто замын хяналтын зөвлөх компанийн замын хяналтын төлбөрийг Үндэсний хөгжлийн газар, Концесс Техник, хяналтын төрийн банкин дахь 100900008371 тоот харилцах дансанд хүлээн авсан орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй,
2020 онд 18,181,818,181.82 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсел барих, шилжүүлэх гэрээний орлогыг “Шинжиан шинфа” ХХК-ийн нэр дээрх төрийн банкны 340004259890 тоот харилцах дансаар хүлээн авсныг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй,
2020 онд 90,909,090.91 төгрөгийн, 45,454,545.45 төгрөгийн Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл барих, шилжүүлэх гэрээний орлогыг “Хосмөнгөн зам” ХХК-ийн тээвэр хөгжлийн банкны 9000007802 тоот данснаас хувьцаа эзэмшигч “Си Вай Си Кэй” ХХК /ГХО/-ын Худалдаа хөгжлийн банкин дахь 49925750 тоот дансаар /Шинжиан шинфа ХХК-ийн тооцооноос гэсэн гүйлгээний утгатай/ тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй,
2018 онд 1,413,803,548.69 төгрөгийг, 2019 онд 40,418,181.82 төгрөгийн гэрээний орлогоос бараа материал солилцох замаар суутган тооцоолоор “М-ойл групп” ХХК-иас шатахуун хүлээн авсан байна. Дээрх ажил гүйлгээ нь өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх замаар хаасан байх тул хуульд зааснаар гэрээний орлогыг борлуулалтын орлогоор бүртгэж, бараа материалыг холбогдох дансанд бүртгэж, тайлагнах үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээний орлогыг бүртгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилтэй байна
2019 онд 72,727 272.73 төгрөгийн авто замын аспалтны механизмын түрээсийн төлбөр, 56,534,545.45 төгрөгийн манаач болон туслах ажилчдын төлбөрт, нийт 129,261,818,18 төгрөгийн гэрээний орлогоос өөрийн ажилчдад цалин, түрээсийн төлбөр олгохоор өөрийн хүсэлтээр хүлээн авсан орлогыг тайлагнаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зуун хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсел барих, шилжүүлэх гэрээний орлогыг тайлагнаагүй, тус орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил илэрч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.3, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан заалтыг зөрчсөн болохыг тогтоож, нийт 24,083,911,206.30 төгрөгийн зөрчилд 2,408,391,120.64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785.49 төгрөгийн торгууль 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт тогтоосон болно.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагч А.Болормаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нарын шалгасантай давхцуулахгүйгээр актад дурдсан зөрчлүүдийг илрүүлсэн. Бид борлуулалтын орлогод, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар зарлагад акт ногдуулсан. “Шинжиан шинфа” ХХК нь 2 төрлийн концессын гэрээтэй компани. Бид Завхан аймгийн Сонгино сум, Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төслийн хүрээн дэх орлогыг шалгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу орлогыг хүлээж байсан. Шатахууны зарцуулалтын хувьд орлогын журналаар нотлогддог. Шатахуун зээлээр авч ажил гүйцэтгэсэн мөнгөнөөс шилжүүлсэн гэж тайлагнасан нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоно. “Хос мөнгөн зам” ХХК нь улсын төсвийн концессын ерөнхий гүйцэтгэгч, “Шинжиан шинфа” ХХК нь түүний туслан гүйцэтгэгч компани юм. Зардлын гүйцэтгэлийн хувиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайлагнах ёстой. Тиймээс дараагийн онуудыг тайлагнах, цаашид анхаарах нь зүйтэй гэж тэмдэглэсэн тэмдэглэл болохоос дүгнэлт биш. Улсад учруулсан хохиролд гомдол гаргасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох дансны хуулга, төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтыг хавсаргасан. Эдгээр баримтуудад үндэслэн акт ногдуулсан.” гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын багц хууль 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор 50 гаруй дүрэм журмыг баталж, мөн огноогоор хэрэгжүүлэхээр хууль зүйн яаманд бүртгүүлсэн. 2020 оноос хэрэгжих хуулийг 2019 онд баримталсан нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2019 оны А/264 дүгээр тушаал нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар журам батлах эрх олгосон. Шинэ хуультай зэрэгцэн мөрдөгдөж байгаа. 2022 оны хяналт шалгалт хийхэд мөрдөгдөж байсан. Татварын алба эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийнэ. Хуулийн этгээдийн хүсэлтээр хяналт шалгалт хийх зохицуулалт нь татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам болон эрсдэлийн хорооны журмуудад тодорхой тусгагдсан. Тиймээс энэхүү шалгалтыг хийсэн.
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нөхөн ногдуулалтын акттай маргаагүй, маргах эрх олгогдсон боловч зөрчлөө хүлээн зөвшөөрч акт хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч талын хэлсэн татварын албаны байцаагч шинжээчээр ажиллахыг хуулиар хориглосон. Хуулиар хориглосон заалтыг зөрчиж шинжээчээр томилогдсон асуудал байхгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаанд хяналт шалгалт хийх бүрэн эрхийнхээ хувьд хууль тогтоомжоо үнэн зөв хяналтаа хэрэгжүүлсэн. Хяналт шалгалт хийсэн байцаагч маш тодорхой хэлсэн. Нэхэмжлэгчийн гэрээт компаниудтай хийсэн ажил гүйлгээний орлого нь данс хаалттай байсан шалтгаанаар гүйлгээг хийсэн ба гүйлгээний утгаар орлогыг хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.”Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.”, 41.2.”Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.”, 41.4.”Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.”, 41.11.”Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно:”, 41.11.1.”энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх;” гэж заажээ.
Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06/3420 дугаар албан бичгээр НА-34210000107 дугаар нөхөн ногдуулалтын актын хууль зүйн үндэслэлийг хянуулах шаардлагатай байх тул хяналт шалгалтаар ажиллах татварын улсын байцаагч нарыг томилон ирүүлэх талаар Татварын ерөнхий газрын даргад мэдэгдсний дагуу татварын хяналт шалгалт хийх 3622300605 дугаар томилолтын дагуу хариуцагч татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нар хийхээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр томилогдон нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын иж бүрэн шалгалтыг хийж, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь татварын алба эрсдэлд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгах хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
2.Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ;”, 18.1.1.”татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;”, Татварын ерөнхий /2019 оны/ хуулийн 28.10.”Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.”, 7.1.1.”Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;”, 7.2.”Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна.”, 7.2.4.”өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;”, 10 дугаар зүйлийн 10.2.Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно., 10.2.1.”борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан”, 10.2.3.”бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр;”, 11 дүгээр зүйлийн 11.1.”Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Монгол улсын Засгийн газар, "Хос мөнгөн зам" ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн "Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто зам төсөл"-ийн барих-шилжүүлэх /ВТ/ концессын гэрээ байгуулж, уг авто замын ажилд "Шинжиан шинфа" ХХК нь “Хос мөнгөн зам” ХХК-тай "Завхан аймгийн Сонгино сум-Увс аймгийн Хяргас нуурын зуун хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөл" дээр туслан гүйцэтгэгчээр ажиллах 62,000,000.00 долларын санхүүжилтийн, 1,818,225.00 долларын магадалшгүй ажлын хөлс төлөх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр гэрээгээр туслан гүйцэтгэгч ажилласан ба зам барих ажлын гэрээний орлогыг шатахуун болон өөр хуулийн этгээдийн харилцах дансаар хүлээн авсан нь “Хос мөнгөн зам” ХХК, “Шинжиан шинфа” ХХК хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”, авлага өглөгийн тооцоо гэх баримт, цахим гүйлгээний баримт, төлбөрийн даалгавар, “Шинэхуалучо” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, “Шинэхуалучо” ХХК болон нэхэмжлэгч компанийн ажилтны дансаар орсон орлого нь тухайн этгээдүүдэд хамааралтай орлого бус нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн данс битүүмжлэгдсэн байсны улмаас хүлээн авах ёстой орлогыг дамжуулан авсан болох нь нотлогджээ.
Иймд хариуцагч нар “Шинжиан шинфа” ХХК-ийг гэрээний орлогыг тайлагнаагүй, тус орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр хариуцагч татварын улсын байцаагч нар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2,408,391,120,64 төгрөгийн нөхөн татвар, 920,709,785,49 төгрөгийн торгууль, 481,678,232.15 төгрөгийн алданги, нийт 3,810,779,138.28 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус баримтлан “Шинжиан шинфа” ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч А.Мөнхгэрэл, А.Болормаа нарын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн НА-22220000070 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Шинжиан шинфа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН