Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102

 

2017         08          18                                                     102

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.Хатанбаатар нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Болдын Хатанбаатарт холбогдох эрүүгийн 1721000300017 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Бүргэд овогт Болдын Хатанбаатар, Дорнод аймгийн Булган суманд 1975 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ75010219/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн СМУ-ын 25 дугаар байрны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь согтуугаар 2017 оны 06 сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” амралтын газарт иргэн Б.Ууганбаатарын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хатанбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 сарын 29-ний орой “Ногоон төгөл” амралтын газарт байж байхад манай эхнэр Ариунгэрэлд хорхог хийх захиалга хүн өгөхөөр нь би 25000 төгрөгийн хөлстэйгөөр хорхог хийж өгсөн. Орой надаар хорхог хийлгэсэн хүмүүс хорхогоо идчихээд хорхог хийсэн төлбөрийг манай эхнэрт өгөхөөр ирэхдээ Ууганбаатар нь “хорхог давс ихтэй байна” гээд маргаан үүсгэсэн. Нөгөө хүмүүсээс нь асуусан чинь “гайгүй байсан” гэж хэлсэн. 2017 оны 06 сарын 30-ны өглөө би гадаа байж байхад Ууганбаатар нэг хүүхэнтэй “энүүгээр машин байна уу” гэж асуугаад явж байсан ба бид хоёр хорхогны ярианаас болж маргалдаж бие биенээ хэд хэд цохисон. Тэгээд бид 2 зууралдаж, би Ууганбаатарын нүүр рүү 2-3 удаа цохиж газар унагасан. Тэнд байсан хүүхэн бид хоёрыг “боль” гээд болиулсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би энэ гэмт хэргийг үйлдсэн нь үнэн гэв.

 

Хохирогч Б.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 сарын 29-ний өдөр эхнэр Сайндуйгийн ажлын хүмүүстэй хамт “Ногоон төгөл” амралтын газарт очиж амарсан. Тэгээд 6 сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад би эхнэр Сайндуй болон ажлын хүмүүстэй нь хамт Хэрлэн гол дээр сууж байгаад гэр рүүгээ харих гээд Сарнайтай хамт такси барихаар хойшоо яваад ахмадын амралтын газар очиж хүнээс утас гуйж ярих гэсэн боловч олдоогүй тул буцаад гол руу явж байхад Хатанбаатар гэх хүн амралтын газрын хойд талд тааралдаад надад хандаж “хамт явж байгаа эмэгтэй хүмүүс чинь хорхогны амт чанар дээр юм ярихгүй байхад чи олон юм ярилаа” гэж маргалдаж байгаад миний нүүр болон толгой руу гараараа цохиж газар унагаасан. Тэгэхэд хамт явж байсан Сарнай салгаж болиулсан...Хорхогноос болж маргалдаж намайг цохисон...Би тэр залууг огт цохиж зодоогүй...Намайг зодсон залуу архи нэлээд хэрэглэсэн байсан...” гэжээ. /хх 10, 11/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 377 тоот дүгнэлтэд: “1.Б.Ууганбаатарын биед хуйханд дагзны доод хэсгийн цус хуралт, баруун доод 1, 2-р шүднүүд /41, 42/ болон зүүн доод 1-р шүд /31/-ний сулрал, баруун завьжны зөөлөн эдийн няцрал, баруун завьжны дотор салстын язрал, цээжний урд, ард болон зүүн хажуу гадаргын цус хуралтууд болон зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3.Уг гэмтэл нь бүрдэл байдлаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шинэ гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 18/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Н.Сайндуй /хх 12/, Х.Мөнхсарнай /хх 14/, Г.Ариунгэрэл /хх 15/, Б.Баяраа /хх 16/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 13, 26-27/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/, Амбулаторийн карт /хх 21-22/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 06 сарын 30-ны өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” амралтын газарт “хорхогны амт чанар”-аас болж хохирогч Б.Ууганбаатартай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиж  бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хатанбаатар гэх хүн амралтын газрын хойд талд тааралдаад надад хандаж “хамт явж байгаа эмэгтэй хүмүүс чинь хорхогны амт чанар дээр юм ярихгүй байхад чи олон юм ярилаа” гэж маргалдаж байгаад миний нүүр болон толгой руу гараараа цохиж газар унагаасан. Тэгэхэд хамт явж байсан Сарнай салгаж болиулсан...” гэх /хх 10/, тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр харсан гэрч Х.Мөнхсарнайгийн “...Ууганбаатартай хорхог хийж өгсөн гэх ах ирээд маргалдаад муудалцаж байгаад Ууганбаатарын нүүр рүү гараараа цохиод газар унагаад цохиж зодоод байхаар нь би очоод “ хүүе ээ, та яаж байгаа юм бэ” гээд болиулсан. Сайндуй эгчийг дуудахад Ууганбаатарыг аваад гол руу явсан. Ууганбаатарын амнаас цус гарсан, шүд хөдөлчихлөө гэж хэлж байсан...Нөгөө залуу архи уусан байх шиг байсан...” гэх /хх 14/, гэрч Н.Сайндуйгийн “...Хатанбаатар гэх хүнээр хорхог хийлгэхэд тус хорхог шорвог давстай, түлэгдсэн, амт муутай байсан учир манай нөхөр Ууганбаатар энэ талаар хэлснээс болж манай нөхрийг цохиж зодсон...” гэх /хх 12/ мэдүүлгүүд, хохирогчийн биед “...цус хуралт, шүдний сулрал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 377 тоот дүгнэлт /хх 18/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/, Амбулаторийн карт /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Хатанбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Гэмт хэргийн сэдэлтийг “хорхогны амт чанар”-аас буюу хохирогч, шүүгдэгч нарын харилцаанаас үүссэн хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэж зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.

                                                                                                     

Иймд шүүгдэгч Б.Хатанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн бие махбодид учирсан “хуйханд дагзны доод хэсгийн цус хуралт, баруун доод 1, 2-р шүднүүд /41, 42/ болон зүүн доод 1-р шүд /31/-ний сулрал, баруун завьжны зөөлөн эдийн няцрал, баруун завьжны дотор салстын язрал, цээжний урд, ард болон зүүн хажуу гадаргын цус хуралтууд болон зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон шүүгдэгч Б.Хатанбаатарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Хохирогч Б.Ууганбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбогдуулж “...Би эмчилгээний зардал болон хөдөлсөн 3 шүдээ авахуулах, шинээр хийлгэх тул 1500000 төгрөг нэхэмжилнэ...” гэж /хх 11/ мэдүүлсэн, яллах дүгнэлтийн хавсралтын 4-рт “...Яллагдагч Б.Хатанбаатар нь хохирлыг төлж барагдуулаагүй...” гэж дурджээ.

Гэвч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын иргэний нэхэмжлэлийн нотлох баримтыг ирүүлээгүй, “гаргаж өгөх баримт байхгүй” талаар илэрхийлсэн /хх 11/ байх тул 1500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

 Хэрэгт шүүгдэгч Б.Хатанбаатарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 15, 16, 32, 28, 33/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.Хатанбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ75010219 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бүргэд овогт Болдын Хатанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Болдын Хатанбаатарыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Хатанбаатарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хатанбаатарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1721000300017 тоот хэрэгт ялтан Б.Хатанбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Б.Ууганбаатарт мэдэгдсүгэй.

                         

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ75010219 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг ялтанд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ