Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00235

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                             129/ШШ2024/00235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Д аймгийн Х  сумын ... баг, ...тоот хаягт оршин суух Б овогт А.З-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч А.З нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

1.1 Хүсэлт гаргагч А.З шүүхэд гаргасан хүсэлтдээ “...А.З миний бие 1969 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн Б сумын У нэгдэлд малчнаар тасралтгүй 5 жил 4 сар ажилласан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архиваас ажилд орсон гарсан тушаал болон бусад лавлагаа бүрэн гүйцэт гарахгүй байгаа тул ажилласан жил тооцохгүй хохироход хүрээд байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийг үнэлэхгүй лавлагаа байхгүй гээд нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр  насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Б сумын У нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ. 

1.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хүсэлт гаргагч нь миний ах, ах маань 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тасралтгүй  А аймгийн Б сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр нь байгаа хэрнээ архиваас баримтууд нь дутуу гарч ирээд байгаа. Нийгмийн даатгалын газарт очихоор шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Тэгээд шүүхэд хандсан..., ... Би энэ талаар сайн мэдэхгүй байгаа. Хүсэлт гаргагч нь эцэг эхээс хоёулаа, хоёулаа айлын өргөмөл хүүхдүүд. Өөрөө гэр нь аймгийн төвөөс хол байдаг учир намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ороод өгөөч гээд би төлөөлөгчөөр орж ирж байгаа..., З болон З.баатар гэсэн нэртэй төрсөн ах, эгч дүү байхгүй...” гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

            -Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1985 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “... А аймгийн Б сум, У нэгдэл, А.З.баатар..., ...1985 оны 09 дүгээр сараас 1990 он дуустал цалин олгосон бичилттэй,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолтод “...Б сумын У нэгдлийн 1986-1987, 1990 онуудын материалыг шүүн үзэхэд А.З.баатарт холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх,

            -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбарт “... 1985 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд нэгдлийн үйлдвэрлэлд хувиарлагдан ирсэн залуучуудыг 1985 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн 1 дүгээр хавсралтаар ажилд томилсугай..., ...6. А.З.баатар, эр, Ц бригад, хоньчин, дагалдуулан сургах хүн А...” гэх,

            -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 дугаар сарын 24-ний 07 дугаартай тогтоолын хуулбарт “...Болзол биелүүлэх малчдыг шагнах тухай ..., ...10. А.З.баатар, олгох шагнал 400 төгрөг...” гэх,

            -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 21-ний 61 дугаартай тогтоолын хуулбарт “...Хөрөнгө зарлага болгох тухай..., 1. Мал аж ахуйн бригадын малчдаас гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй хамт олон болох уриан дор хийгдсэн гэгээрлийн хуралд оролцож амжилтаа ахиулсан 10 малчинд бүгд 63 төгрөг 20 мөнгөний үнэ бүхий зүйлээр дурсгал болгон шагнасугай..., ...7.А.З.баатар...” гэх,

 

2.2 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

            -Үндэсний төвийн архивын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03-05/621 дугаартай лавлагаанд “...1989 он, А аймаг, Б сум, байршил хөдөө, хүү А.З.баатар, 18 настай, эрэгтэй...” гэх,

            -Хүн, ам орон сууцны 1989 оны тооллогын баримтад “... А аймаг, Б сум, А.З.баатар, 18 настай, эрэгтэй, хоньчин, тоолсон 1989.01.05...” гэх,

            -А.Згийн Хаягийн хуудас маягтын хуулбарт “...А.З, Ц бригадад малчин ажилтай, хуудас бичсэн 1986.06.23...” гэх,

            -А.Згийн ХААТР-15 маягтын хуулбарт “...бүртгэсэн А аймгийн Б сум, 1991.06.03..., нөхөр А.З, Х бригадад малчин ажилтай...” гэх,

            -А.Згийн ХААТР-1 маягтын хуулбарт “...А аймаг, Б сум, А.З, жолооч мэргэжилтэй, ажилгүй...” гэх,

            -Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолтод “...А.Згийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй болон “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу А аймагт хүсэлтээ гаргасан тул тус лавлагааг гаргах боломжгүй болно...” гэх,

            -А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/349 дугаартай албан бичгээр ирүүлсэн материалд “...А.З нь 1991-2000 оныг дуустал тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байна...” гэх,

            -Итгэмжлэл

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Б овогт А.Згийн А аймгийн Б сумын “У” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          -Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

          -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар,

          -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 дугаар сарын 24-ний 07 дугаартай тогтоолын хуулбар,

          -А аймгийн Б сумын У нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 12 дугаар сарын 21-ний 61 дугаартай тогтоолын хуулбар,

          -Үндэсний төвийн архивын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03-05/621 дугаартай лавлагаа,

          - Хүн, ам орон сууцны 1989 оны тооллогын баримт,

          - А.Згийн Хаягийн хуудас маягтын хуулбар,

          - А.Згийн ХААТР-15 маягтын хуулбар,

          -А.Згийн ХААТР-1 маягтын хуулбар,

          - А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/349 дугаартай албан бичгээр ирүүлсэн материал зэрэг баримтаар хүсэлт гаргагч А.З нь А аймгийн Б сумын “У” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.      

          2.Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.    

  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт А.Згийн А аймгийн Б сумын “У” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН