Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0667

 

     2023          09          07                                   128/ШШ2023/0667

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Банзрагчийн О*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х 

Хариуцагч: А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М

Маргааны төрөл: Б.О*******д мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Ад холбогдуулан “Архивийн ерөнхий газрын даргын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.О*******ыг Архивийн ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Архивийн ерөнхий газрын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвд сэлбэн засагчаар 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилж, даргын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар дээрх ажлаас 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс Архивын ерөнхий газрын даргын туслахаар томилсон байна.

Архивын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгжийн орон тоо, цалинг шинэчлэн баталсантай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/45 дугаар тушаалаар Үндэсний төв архивын Түүхийн баримтын төвд архивчаар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан тул 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Б.О*******ын хүүхэд асрах чөлөө дуусах хүртэлх хугацаанд Д.М******* архивчаар томилжээ.

Б.О*******д Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/56 дугаар тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байна.

3. Харин Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар Д.М******* Түүхийн баримтын төвийн архивчийн ажлаас чөлөөлж, Лавлагаа, үйлчилгээний төвийн архивчаар томилсон байна.

Б.О*******аас гаргасан хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа эргэж орохыг хүссэн өргөдлийг үндэслэн даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Түүхийн баримтын архивд архивч Т.Н*******н жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөний дуусах хүртэлх хугацаанд архивчаар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилсон. 

Б.О*******д даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгож, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө олгожээ

4. Б.О*******аас гаргасан хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа эргэж орохыг хүссэн өргөдлийг үндэслэн даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвийн сэлбэн засагч Э.Дүүрэнбаярын хүүхэд асрах чөлөөний хугацаанд сэлбэн засагчаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс түр томилсон ба 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар дээрх ажлаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Лавлагаа, үйлчилгээний төвийн архивч В.Э*******ийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Харин В.Э*******ийн хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгавар болгож, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/160 дугаар тушаалаар Б.О*******ыг мөн өдрөөр тасалбар болгон Лавлагаа, үйлчилгээний төвийн архивчийн ажлаас чөлөөлсөн байна.

Үүний дараа даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/211 дүгээр тушаалаар *******,******* төвийн архивч О.М******* хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон архивчийн ажлаас чөлөөлж, Зураг төслийн баримтын архивын архивчаар шилжүүлэн томилжээ. 

5. Архивын ерөнхий газраас Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан тул түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад Архивын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 01/251 дүгээр албан бичгээр эрх бүхий байгууллага хүчингүй болгох эрхтэй гэх хариуг хүргүүлжээ.

Б.О*******аас дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2023/4329 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн гомдлоор шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буцаан хүргүүлжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2023/5484 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон, нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Архивын ерөнхий газрын даргын Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан мөнгөн урамшуулал олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архивын ерөнхий газрын даргын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан мөнгөн урамшуулал олгохыг даалгах шаардлага гаргасан. Миний бие 2011 онд Үндэсний төв архивын газар ажиллаж эхэлсэн. 2012 онд үндсэн ажилтнаар томилогдсон бөгөөд Сэлбэн засагч, архивч гэсэн хоёр мэргэжлээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би 2014 онд гурав дахь хүүхдээ төрүүлж жирэмсний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох хүсэлтээ гаргахад орон тоо байхгүй тул үндсэн ажилтнаар авах боломжгүй, орон тоо гартал түр хүлээ гэсэн хариу өгсөн. Мөн Архивын ерөнхий газар тухайн үед бүтцийн өөрчлөлт хийхдээ намайг орхигдуулсан байсан. Миний хувьд цалингийн зээлтэй нялх хүүхэдтэй учраас түр орлон гүйцэтгэгчээр орох саналыг хүлээж авсан. Ингээд 2014 оноос 2022 оны хооронд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа боловч үндсэн орон тоо дээрээ үндсэн ажилтны ажлыг хийж гүйцэтгэж байсан. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасны дагуу 2020 онд 10 жил ажилласан албан хаагчид олгох мөнгөн урамшууллыг авахаар хүсэлтээ гаргахад хүний нөөцөөс ажилд томилсон тушаал асуудалтай, ажилласан жил тооцох боломжгүй байна. Иймд мөнгөн урамшуулал олгох боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Үүний дагуу би Ад гомдол гаргахад удирдлагууд надад мөнгөн урамшуулал олгох хүсэлтэй байгаа боловч таны ажилд томилсон тушаал болон хуульд зааснаар урамшууллыг олгох боломжгүй байгаа тул шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлнэ үү гэдэг.

Би архивын байгууллагад Архивч, Сэлбэн засагч гэсэн хоёр албан тушаалаар тасралтгүй 12 жил ажиллаж байхдаа архивын баримтыг цэвэрлэдэг, архивч нь цаасан баримтыг цэгцлэн данс бүртгэл үйлддэг. Дандаа тоос шороотой хүнд нөхцөлд ажилладаг. Төрийн архивд тасралтгүй 12 жил ажилласан учраас тус мөнгөн урамшууллыг авна гэж бодсон. Миний хувьд одоогоор нөхөр гурван охины хамт эгчийнхээ хашаанд амьдардаг. Том хүү маань Япон улсад сурдаг бөгөөд хүүгийнхээ дэмжлэгтэйгээр орон сууцны зээлд хамрагдсан. Төрийн архивд 10 жил ажилласны мөнгөн тэтгэмж болох 8,023,000 төгрөгийг надтай хамт ажиллаж байсан ажилчид авсан. Энэ мөнгөн урамшуулал нь орон сууцны зээлд маш хэрэгтэй байсан. Гэтэл тус урамшууллыг олгох боломжгүй байгаа нь санхүүгийн хувьд хүнд туссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуульд зааснаар архивын ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаардаг. Төрийн үйлчилгээний албан тушаалтантай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж заасан. Нэхэмжлэгчийг өмнөх үндсэн албан тушаалд нь ажиллуулах ёстой байтал түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Архивын ерөнхий газрын бүтэц орон тоог баталсан Архивын ерөнхий газрын даргын тушаал нь Б.О*******ыг ажиллаж байсан гэдгийг нотлох тушаал учраас уг тушаалтай маргаагүй, харин мөнгөн урамшуулал олгохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1 дэх хэсэгт “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж заасан. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн урамшуулал олгох хуульд заасан шаардлагыг хангаж байгаа учраас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Зураг төслийн баримтын архивын архивч Б.О******* нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно." гэх заалтын хүрээнд мөнгөн урамшуулал авах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахгүй байгаа талаар гомдлыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ад хандан гаргасан.

Архивч Б.О*******ын гаргасан гомдлыг судлан үзэхэд түүний ажилласан жил ******* 2020 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн архивын ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д "Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчийн албан тушаалд орон тооны үндсэн ажилтнаар томилогдон 10 жил, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтан нь мөнгөн урамшуулал авах эрхтэй" гэх заалтыг хангахгүй байдаг.

Архивч Б.О******* нь Үндэсний төв архивт 2011 оны 11 дүгээр сард гэрээт операторчоор анх ажилд орсон бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвд сэлбэн засагчаар үндсэн ажилтан болсон. Тэрээр 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 тоот тушаалаар жирэмсний амралтыг авсан бөгөөд түүний жирэмсний амралтыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусган Түүхийн баримтын архивын архивч Н.Н*******н оронд түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. 

Үүнээс хойш Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвд сэлбэн засагч, Мэдээлэл******* төвийн архивч зэрэг албан тушаалуудад түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Зураг төслийн баримтын архивт архивчаар үндсэн орон тоонд жинхлэн томилогдсон. Архивч Б.О******* нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 2 жил 4 сар, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 6 сар буюу нийт 3 жил 10 сар үндсэн орон тоонд үндсэн ажилтнаар ажилласан, 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээт ажилтан, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 7 жил 3 сарын хугацаанд тодорхой албан тушаалуудад түр орлон гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд журамд заагдсан "...орон тооны үндсэн ажилтнаар томилогдон 10 жил, түүнээс дээш хугацаагаар ажилласан..." гэх шалгуурыг хангадаггүй. Өөрөөр хэлбэл, архивч Б.О******* нь Архивын ерөнхий газарт нийт 11 жил 9 сар ажилласан бөгөөд үүнээс 7 жил 11 сарыг гэрээт ажилтан болон түр орлон гүйцэтгэгчээр 3 жил 10 сарыг үндсэн ажилтнаар ажилласан.

Иймд ******* 2020 оны 174 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн архивын ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2.1-д "Төрийн архивт архивч, архивч- судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчийн албан тушаалд орон тооны үндсэн ажилтнаар томилогдон 10 жил, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтан нь мөнгөн урамшуулал авах эрхтэй" гэх заалтыг хангахгүй тул мөнгөн урамшуулал олгох боломжгүй юм” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.О******* нь 2011 онд гэрээт ажилтнаар ажиллаж, 2012 онд сэлбэн засагч албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2014 онд жирэмсний болон амаржсаны амралт авсан. Нэхэмжлэгчийг жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд Архивын ерөнхий газрын даргын бүтэц орон тоо баталсан тушаал гарсан. Тус тушаалаар тухайн үед Б.О*******ын ажиллаж байсан архивчийн зургаан орон тоог хасаж баталсан. Иймд нэхэмжлэгчийн ажилдаа орох хүсэлтийн дагуу өмнө ажиллаж байсан албан тушаалд томилох боломжгүй болсон учраас Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвд сэлбэн засагч, Мэдээлэл******* төвийн архивч албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Архивын ерөнхий газрын зүгээс Б.О*******д 10 жил ажилласан албан хаагчийн мөнгөн урамшууллыг олгох эсэхийг тодруулахаар ажилласан жилийг судлан үзэхэд нийт 11 жил 9 сар ажилласан. Үүнээс үндсэн орон тоонд ажилласан жил нь 3 жил 10 сар, гэрээт болон түр орлон гүйцэтгэгчээр ажилласан жил нь 7 жил ажилласан байгаа тул шалгуур хангахгүй байгаа юм.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49.1 дэх хэсэгт үндсэн орон тоо гэж байхгүй. Төрийн архивт тасралтгүй 10 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. ******* тогтоолоор баталсан журамд төрийн архивт тасралтгүй 10 болон түүнээс дээш жил орон тооны үндсэн ажилтнаар томилогдон ажилласан байх шаардлага тавьж байгаа. Тухайн үед бид журмын төсөлд төрийн архивт тасралтгүй 10 жил үндсэн болон түр томилогдон ажилласан албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор санал оруулсан боловч журамд үндсэн ажилтан гэж шаардлага тавьсан. Б.О*******ын хувьд Архивын ерөнхий газарт тасралтгүй 12 жил ажилласан нь үнэн боловч удирдлагуудын гаргасан алдаатай шийдвэрийн улмаас энэ асуудал үүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“”төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;”, 14 дүгээр зүйлийн 14.1.”Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:”, 14.1.1.”төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;”, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.”Төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.” гэж заажээ. 

  1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байгууллагад зарим ажил албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул хууль тогтоомжид заасан 10 жил ажиллах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан талаар Б.О*******д амаар мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.”Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан бөгөөд дээр дурдсанаар нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан амаар гаргасан шийдвэр хуульд заасан захиргааны актад хамаарч байх тул хариуцагчийн мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэж хэргийг шийдвэрлэв.

2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Архивийн ерөнхий газрын Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвд сэлбэн засагчаар, 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргын туслахаар, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс Үндэсний төв архивын Түүхийн баримтын төвд архивчаар, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Түүхийн баримтын архивд архивч Т.Н*******н жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөний дуусах хүртэлх хугацаанд архивчаар, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Сэлбэн засах сэргээн шинэтгэх төвийн сэлбэн засагч Э.Дүүрэнбаярын хүүхэд асрах чөлөөний хугацаанд сэлбэн засагчаар, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Лавлагаа, үйлчилгээний төвийн архивч В.Э*******ийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *******,******* төвийн архивч О.М******* хүүхэд асрах чөлөөний хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон архивчийн ажлаас чөлөөлж, зураг төслийн баримтын архивын архивчаар шилжүүлэн томилогдон ажиллаж байснаас үзвэл хуульд заасан шаардлага хангасан төрийн үйлчилгээний албан хаагч буюу мөнгөн урамшуулал авах хуулийн шаардлага хангасан болох нь тогтоогдож байна.

Учир нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал нь хариуцагч байгууллагын үндсэн орон тооны албан тушаал байх ба хариуцагч үүнийг эсэргүүцэн мэтгэлцээгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч тус ажлын байрууд нь үндсэн орон тоо болохыг зөвшөөрсөн болно. 

3.Мөн нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгаад ажилдаа ороход түр орлон гүйцэтгэгчээр эсвэл бусдын хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусах хүртэл гэж ажиллуулсан нь нэхэмжлэгчид хуульд заасан мөнгөн урамшуулал олгохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь тус байгууллагын үндсэн орон тоонд төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байсан тул Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар мөнгөн урамшуулал авах эрхтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагыг хангаж, Архивийн ерөнхий газрын даргын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.О*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архивийн ерөнхий газрын даргын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН