Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1852

 

 

 

 

 

 

 

 

 

 “Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01413 дугаар шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

гэрээний үлдэгдэл төлбөр 36 008 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар  оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 2017/10 дугаар далангийн хайрга нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 1042 удаагийн ачилтаар 20 840 м.куб хайргыг хариуцагч “Х” ХХК-д нийлүүлсэн. Хайргын нэг м.кубын үнийг 3 500 төгрөг гэж тохиролцсон бөгөөд нийт 72 940 000 төгрөгийн үнэ бүхий хайрга нийлүүлснээс “Х” ХХК нь “Э” ХХК-д бэлнээр 30 000 000 төгрөг, шатах тослох материалаар 6 931 750 төгрөг, нийт 36 931 750 төгрөг төлж, үлдэгдэл 36 008 250 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “Х” ХХК нь 2017 оны 8 дугаар сард БНХАУ-ын хэрэгжүүлж буй Яармагийн шинэ гүүр төслийн ажилд далангийн хайрга нийлүүлэх гүйцэтгэгчээр ажилласан. Нийт 25 000 м.куб хайрга нийлүүлэх ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-тай далангийн хайрга нийлүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу 1 м.куб хайргыг 3 500 төгрөгөөр тооцоолж татаж эхэлсэн. Энэхүү ажлыг “Х” ХХК-ийн ерөнхий инженер хариуцаж байсан. Цаг агаарын байдал, ажилчдын тухайн үеийн нөхцөл байдлаас болж 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр далангийн хайрга татах ажил саатсан. Ийнхүү ажил саатсанаас хойш “Э” ХХК-иас татсан хайргандаа хэмжилт хийгээгүй. 2018 оны 4 дүгээр сард ажлаа үргэлжлүүлж нэхэмжлэгчээс татсан хайргыг хариуцагч байгууллагын албан тушаалтнууд болох н.Б, н.Ба инженерүүд сийрэгжилтийн коэффициент тооцон хэмжилт хийхэд тус компани нийт 10 551 м.куб шороо нийлүүлсэн байсан. Сийрэгжилтийн коэффициент нь өвлийн улиралд 0.17, зуны цагт 0.12-оор тооцдог.

“Э” ХХК-ийг хайргаа дутуу нийлүүлсэн талаар манай захирал холбогдоход хүлээж аваагүй тул 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Я” ХХК-тай гэрээ байгуулж, үлдсэн 15 000 м.куб шороог 1 м.кубын 3 500 төгрөгөөр тооцон хүлээн авч, ажлаа хийлгэж дуусгасан. Нэхэмжлэгчээс татсан 10 551 м.куб шорооны үнэ 36 931 750 төгрөгийг төлсөн. Илүү шороо татаагүй, үлдэгдэл шороогоо “Я” ХХК-иас авсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гэрээний хавсралтад нийлүүлсэн далангийн шороон материалын тоо хэмжээ, тээвэрлэсэн машины марк, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан өдөр тутмын рейсийн тоо, ачсан шорооны м.куб зэрэг баримтыг үйлдэх талаарх нөхцлүүд тусгагдсан бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй нь нэхэмжлэл нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Х” ХХК-иас 2 242 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 765 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 833 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо:  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “хариуцагч компанийн захирлын 99117396 дугаарын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн яриа болон зурвасын лавлагааг “М” ХХК-иас гаргуулах тухай” хүсэлтийг хүлээн аваагүй атлаа тухайн зурвас нь хайрганы төлбөр төлсөн эсэхтэй холбоотой гэдэг нь эргэлзээтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь, “М” ХХК-иас гаргуулах баримт нь эргэлзээтэй гэх үйл баримтыг тодорхойлох байсан бөгөөд талууд худалдан борлуулсан хайрганы үлдэгдэл төлбөрөөс өөр ямар нэг харилцаагүй болох нь тодорхой харагдах байсан ч шүүх түүнийг ач холбогдолтой гэж үзсэнгүй. Мөн 30 орчим сая төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зурвасыг компанийн захирлууд харилцсан талаар хариуцагч маргаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийлүүлсэн хайрганы төлбөрт 36 931 750 төгрөг төлсөн, харин 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийлүүлсэн хайрганы төлбөрийг төлөөгүйгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн үйл баримтуудыг бодитойгоор үнэлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй байж хайрга нийлүүлсэн гэдгээ бүрэн нотолж чадаагүй гэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд илтэд нөлөөлж хохироосон.

Нэхэмжлэгч хайрга нийлүүлсэн гэдгээ нотлох зорилгоор 1042 ширхэг хайрга нийлүүлсэн тухай зарлагын баримтыг гарган өгч тухайн баримтын хариуцагчид хадгалагдаж буй нэг хувийг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн ямар ч үндэслэлгүйгээр хайрга нийлүүлсэн компанийн төлөөллийг байлцуулалгүйгээр өөрсдөө хэмжилт хийж тогтоосон гэх 11 192 м.куб хайрга манай компани хүлээн авсан гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчид 2 242 700 төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Шүүх, нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу өөрөө олж авах боломжгүй, бусад этгээдэд хадгалагдаж буй тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд санаатайгаар саад учруулж хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь зөрчсөн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 36 008 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2017/10 дугаартай “Далангийн хайрга нийлүүлэх гэрээ” /хх6-9/, зохигчдын тайлбараас үзвэл, нийлүүлэгч “Э” ХХК нь захиалагч “Х” ХХК-д далангийн шороон материал болох хайргыг 1 м.кубын үнийг 3 500 төгрөгөөр тооцож нийлүүлэх, захиалагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг тухай бүр, заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч “Х” ХХК нь 36 931 750 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд нийлүүлсэн хайрганы хэмжээний хувьд харилцан маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь 20 840 м.куб хайрга нийлүүлсэн гэж, хариуцагч тал 10 551 м.куб хайрга хүлээн авсан гэж тайлбарлаж, төлбөрийн үлдэгдэлтэй эсэх үйл баримтын тухайд маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, тухайн компанийн захирлууд хоорондоо харилцсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гар утасны зурвасаар маргаж буй үйл баримт нотлогдоно гэснийг үндэслэн шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр                                    уг зурваст нь үзлэг хийсэн /хх49-50/, хариуцагч тал зурвасыг бичсэн талаар маргаагүй боловч түүний агуулга талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний үүрэг биелүүлэхтэй шууд холбоотой эсэхийг нотлохгүй гэж татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх дээрх зурвасаар хариуцагч тал гэрээний үүргийг дутуу биелүүлсэн гэж үзэхгүй талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 20 840 м.куб хайрга нийлүүлсэн гэдэг нь дээрх баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний хайрга нийлүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч тал нийт 11 192.7 м.куб хайрга хүлээн авсан тул 39 174 420 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзээд талуудын маргаагүй үнийн дүн 36 931 750 төгрөгийг хасч, үлдэгдэл 2 242 700 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар гар утасны зурвасыг хариуцагч компанийн захирлын 9911-7396 дугаараас ирсэн гэдгийг нотлох зорилгоор “М” ХХК-иас тухайн зурвасын түүхийг гаргуулах, хариуцагч “Х” ХХК-иас хайрга хүлээлгэн өгсөн 1042 ширхэг баримтын өнгөн хувийг гаргуулах хүсэлтийг тус тус гаргасан байна. /хх60/

 

Шүүх, хариуцагч талын “1042 ширхэг баримтын өнгөн хувь байхгүй” гэсэн тайлбар болон “М” ХХК-ийн “энэ төрлийн үйлчилгээ байдаггүй” гэх агуулга бүхий нэхэмжлэгч талд өгсөн баримтыг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/01413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА