Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 23 өдөр                                2021/ДШМ/04                          Хэрлэн сум

 

М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0004/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Д.Чулуунпүрэв /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-/цахимаар/,

Шүүгдэгч М- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-н гаргасан давж заалдах гомдлоор М-д холбогдох эрүүгийн 2139002040253 дугаартай 1 хавтас 247 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1966 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг “Баруун манхаадай” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, И овогт С-н М нь

 Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн нутаг “Улаан эрэг” гэх газар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед согтуугаар цагаан өнгийн “Toyota Allex” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурвын долоо. Жолооч дараах зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаар зорчигч Г.Г-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4  дэх  хэсгийн 4.1 дэх заалтад  зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4  дэх  хэсгийн 4.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч И овогт С-н М-г согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4  дэх  хэсгийн 4.1 дэх заалтад  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4  дэх  хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч М- нь согтуугаар автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас миний хань Г.Г-гийн амь нас хохирсон. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдралынхаа бүх ачааг ганцаараа нуруун дээрээ үүрч яваагаас гадна сэтгэл санааны маш их хямралтай хүнд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. М-д маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 11.727.230 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч М-д оногдуулсан 2 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Хүний амь насыг зөвхөн оршуулгын зардлаар буюу мөнгөөр үнэлэх боломжгүй, бидэнд учирсан хохирол, хор уршиг арилаагүй тул түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Талийгаачийн оршуулгын үеэр хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн, хоолны махны үнэ нийт 11.047.050 төгрөг болсон. Мөн охин А-н данснаас 2021 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрийн хооронд хүнсний зүйлд 10.000.000 төгрөгийг хэрэглэсэн. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хоног хураахад хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 631.133 төгрөг болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад байцаалт өгөх, хэргийн материалтай танилцахаар ирж очсон бензиний зардал 472.800 төгрөг болсон. Ингээд нийт 23.577.003 төгрөгийг хохирогчийн ар гэрээс шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс охин А-н данснаас хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэсэн 10.000.000 төгрөгийг, мөрдөн байцаалтын үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байцаалт өгөх, хэргийн материалтай танилцахаар ирж, очихдоо машинд хийсэн бензиний үнэ 472.800 төгрөгийг, мөн хоног хураах үеэр хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 631.133 төгрөгийг баримтууд нь хавтаст хэрэгт авагдсаар байхад хангаж шийдвэрлээгүй бөгөөд шүүх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох дансны хуулга болон Е баримтуудад үндэслэн оршуулгын зардал болох 11.103.933 төгрөгийг шүүгдэгч М-гаас гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурлын зэргийг "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-д заасны дагуу ажиллагаа хийж тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1 дэх заалтад заасан хэрэг мөн эсэх дээр эргэлзэж хүсэлт, гомдлоо гаргаж байсан. Шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас өмгөөлөл явуулсан.

Шүүгдэгч М-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогчид эмнэлгийг тусламж үйлчилгээг яаралтай үзүүлсэн, мөн анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж М-д 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл гэж байдаг. Амь хохирогч М- нарын хувьд найз нөхдийн дотно харилцаатай, хоорондын таарамжгүй харилцаа байхгүй. М-г амь хохирогч мотоцикл засуулахаар дуудаж, амь хохирогчийн эхнэр архи гаргаж өгч, архи ууж, амь хохирогчийн гуйлтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедэ машин барьсны улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэвч М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн.

Иргэний нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан зарим нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уншигдахгүй баримтууд байсан. Мөн дансны хуулгад авагдсан 7.000.000 төгрөгийн баримт нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хохирлыг шүүгдэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.   

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хохирлын хэмжээг 8.141.800 төгрөгөөр тогтоож, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-ийг хохирлын баримтаа бүрэн бүрдүүлж, үлдсэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхээс хохирлыг буруу үнэлсэн, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4  дэх  хэсгийн 4.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт, тайлбарыг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-н гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг бичгээр /хх-184-185/ гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2121/ШЗ/507 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоох” тухай захирамж гарч М-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад явуулахаар товлосон байна. /хх 186-187/

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж 2021/ШЗ/18 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх 194-197/ гаргажээ.  Дээрх байдлаас дүгнэвэл  2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон анхан шатны  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн эсэх нь тодорхойгүй, шүүхийн ямар нэг шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

- Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны  тэмдэглэл хэрэгт байхгүй байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанЭнэ хуульд заасан шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасанШүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасанШүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл хөтлөхөд энэ зүйл нэгэн адил хамаарна” гэснийг тус тус зөрчсөн байна.

         Давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах зарчимтай ба М-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны  тэмдэглэл авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

Иймд шүүх М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.7, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА