| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00324/и |
| Дугаар | 135/ШШ2024/00581 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/00581
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00324/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, Нэгдсэн үндэсний гудамж, ******* байранд байрлах ******* ******* ХХК /РД:*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ******* плаза ****** давхарт байрлах ******* ХХК /РД:, хариуцагчийн төлөөлөгч , утас: , /-д холбогдох,
“5,370,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д тус тус зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* миний бие оролцож байгаа болно. “*******” ХХК-аас нийт 5,370,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч өнөөдрийн байдлаар 4,580,000 төлсөн бөгөөд үлдэх 790,000 төгрөгөөс манай компани татгалзаж байгаа болно” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн алдангийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 03-ны өдөр төлсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “*******” ХХК холбогдуулан 5,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,580,000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэх 790,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, зохигч эвлэрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 88,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох 5,370,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 88,230 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН