Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 104

 

2017         08           21                                                     104                                                 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

                                           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч С.Ариунболд нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гозуул овогт Сүхбаатарын Ариунболдод холбогдох эрүүгийн 1721000000007 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Гозуул овогт Сүхбаатарын Ариунболд, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЭ80073078/, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ДБЭХС” ТӨК-д ээлжийн монтёр ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 78 дугаар байрны 48 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч С.Ариунболд нь 2017 оны 07 сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78-48 тоот гэртээ өөрийн хүү 12 настай А.Ирээдүйг “гадуур хэссэн” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Би өөрөө ээлжийн ажилтай болохоор байнга гэртээ байгаад байж чаддагүй. Манай том хүү дүүгээ орхиод гадуур хэсээд байдаг. Бага хүү маань 7 хоногт хэд хэдэн удаа ажил дээр такси бариад ирдэг, яасан гэхээр ах орхиод явсан, түлхүүр ахад байгаа гэдэг.

2017 оны 07 сарын 10-ны өглөө би ажилтай байсан болохоор хоёр хүүдээ мөнгө өгөөд “Та хоёр наадмын талбай яваад, зургаа даруулаад юм үзэж байгаад аавыгаа ажлаас бууж ирэх үеэр гэртээ ирээрэй” гэж хэлээд явсан. Гэтэл ажлаа тараад гэртээ ирэхэд хоёр хүү ирээгүй байхаар нь эмээ рүү нь ярихад “манайд ирж хоноогүй” гэж хэлсэн. Маргааш нь би ажилдаа гарах гэж байхад бага хүү утасдаад “намайг төв номын сангаас ирээд авчих” гэхээр нь “аав нь ажилдаа явж байна, миний хүү такси бариад эмээ рүүгээ оч” гэж хэлсэн. Тэгээд би 13-ны өглөө хөдөө яваад орой нь гэртээ ирэхэд хоёр хүү гэртээ ирчихсэн байхаар нь том хүүдээ “Чи дүүгээ орхиж яваад байна, нэг удаа биш, хэд хэдэн удаа давтагдлаа. Аавынхаа эзгүйд аав болж дүүгээ харах ёстой” гэж загнаад уурандаа шүүрний ишээр гар руу цохисон. Гэтэл Ирээдүй гараад зугтсан. Би араас нь дуудсан боловч ирээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

                      

Өсвөр насны хохирогч А.Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би аав, дүү нарын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 07 сарын 13-ны орой 23 цагийн орчимд гэртээ байж байхад аав орж ирээд “чи яагаад архи уугаад гадуур хэсээд байгаа юм бэ” гэж хэлээд гараараа нүүр рүү, шүүрний ишээр гар руу цохисон юм. Тэгээд би аавыг зодоод эхлэхээр нь гэрээсээ гараад явсан. Гадуур явж байтал цагдаа ирээд 103-т хүргэж өгсөн...Миний биед одоо ямар нэгэн гэмтэл байхгүй, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 7-8/

 

Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү Ариунболд нь Энхмөнх гэдэг хүнтэй суугаад 10 гаран жил болж байгаа бөгөөд хоорондоо таарамж муутай байдлаас болж 2 жилийн өмнөөс тусдаа амьдарч байна. Манай хүү Ариунболд 2 хүүгийнхээ хамтаар амьдардаг бөгөөд эхнэр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. 2017 оны 07 сарын 12-ны өглөө би Хэрлэн голын эрэг рүү очиход голын тэнд манай ач Ирээдүй юм идээд сууж байхаар нь би гайхаад “чи юу хийж яваа юм, энд хоносон юм уу” гэж асуухад “тиймээ, би энд хоносон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “юу хийгээд яваад байгаа юм, алив явья” гэж хэлэхэд “би жоохон байж байгаад очьё” гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь пивоны сав байхаар нь би Ирээдүйд “пиво уугаад яваад байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ очоод байж байхад үд орчимд Ирээдүй араас орж ирэхээр нь би Ирээдүйд “чи одоо болтол гэр рүүгээ хариагүй байгаа юм уу, хоёр гэрийн хооронд худал яриад хэсээд байгаа юм биш биз дээ харь” гэж хэлсэн. Тэгээд Ирээдүйг явсны дараа манай хүү Ариунболд залгаад “манай хүү байна уу” гэхээр нь “Ирээдүй гэртээ очоогүй юм уу, голын эрэг дээр хоносон гэж байсан, манайд хоноогүй” гэж хэлсэн. Дараа нь Ариунболд уурлаад Ирээдүйг зодсон гэж сонссон...” гэжээ. /хх 10-11/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 427 тоот дүгнэлтэд: “1.А.Ирээдүйн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салсьын доорхи цус харвалт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь шинэ гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 18/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Ё.Зоригтбаатар /хх 14/, Ө.Өлзийсүрэн /хх 15/, Г.Ариунгэрэл /хх 15/ нарын болон шүүгдэгч С.Ариунболдын гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 12, 22-23/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 26/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч С.Ариунболд нь 2017 оны 07 сарын 13-ны өдрийн орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 78-48 тоот гэртээ өөрийн хүү 12 настай А.Ирээдүйг “гадуур хэссэн” гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь цохих, шалны модоор гар руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон, өсвар насны хохирогч А.Ирээдүй, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Алтанчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 427 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Ариунболдын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

                                                                                                     

Иймд шүүгдэгч С.Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн бие махбодид учирсан “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын доорхи цус харвалт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүр, гар руу нь гараар болон шүүрний модоор цохисон шүүгдэгч С.Ариунболдын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

      

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Хэрэгт шүүгдэгч С.Ариунболдод хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч С.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЭ80073078 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гозуул овогт Сүхбаатарын Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатарын Ариунболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Ариунболдод оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Ариунболдод анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000000007 тоот хэрэгт ялтан С.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан С.Ариунболдын ЖЭ80073078 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

                  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

  

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ