Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

 

 

                                   

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр                                2022/ДШМ/05                          Хэрлэн сум

 

З.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0005/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Нарангэрэл /цахимаар/,

Шүүгдэгч З.Д- /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор З.Д-д холбогдох эрүүгийн 2139000000157 дугаартай 3 хавтас 517 хуудас бүхий хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 1994 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Х овогт З-н З.Д нь

2021 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” 1 дүгээр багын “Өвгөний өвөлжөө” гэх газар Г.Ч-тай “эхнэр Э-ыг өдөөн хоргоосон, өөрийг нь зуугуул Г-гийн хүүхэд гэж доромжилсон...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний цээж, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархины суурийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан бүлэн, хоёр талын чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн аалзан бүрхүүлийн голомтот цус харвалт, дух хамрын нуруу, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, дагзны зүүн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хийчин овогт Зандангийн З.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-ийг  8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 3.З.Д-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-ийн цагдан хоригдсон 179 /нэг зуун далан ес/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхээс З.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн.

Шүүгдэгч З.Д-ийн хувьд эхнэр, бага насны гурван хүүхэд, хөдөлмөрийн чадвар алдсан төрсөн ээж нарын хамт оршин суудаг. Гэр бүлээсээ ганцаараа идэвхтэй хөдөлмөр хийж мал ахуй эрхэлж Цэнхэрмандал суманд аж төрдөг. Зан байдлын хувьд төлөв даруу, адуу малд эрэмгий, хурдан моринд сонирхолтой 27 настай залуу хүн юм.

Өмгөөлөгчийн хувьд З.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг багасгах боломжтой байсан гэж үзэж байна.

Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд бидний зүгээс маш их харамсаж байгаа, хүний амь насыг нөхөж баршгүй гэдгийг ойлгож ухамсарлаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээг ялынх нь санкцаар зааж өгсөн байдаг ба хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг гэж заасан. Эдгээр гэмт хэргүүд нь хүнд гэмт хэрэгт багтдаг. З.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийнхээ ангиллаар энэ зүйл хэсэгт багтаж байгаа учир давж заалдах гомдол гаргасан. Гэм хэргийн хохирлыг бүрэн арилгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө, гэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг барагдуулсан.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад З.Д- нь Г.Ч-гийн амь насыг аврахын тулд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг тул залуу хүнийг цаашид нийгэмд хөлөө олж амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийг та бүхнээс хүсч байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч З.Д-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүхээс З.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор хохирол зэргийг харгалзан ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж заасан хэдий ч энэ гэмт хэргийн улмаас Г.Ч-гийн амь нас хохирсон тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т 1”....гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...” гэж заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгчээс 11.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргасан. Анхан шатны шүүхээс З.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн бага хэмжээний буюу 8 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, саналыг дэмжиж оролцож байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид хохирогчийн ар гэрт тусалж байна. Би бага насны гурван хүүхэд, хөдөлмөрийн чадвараа алдсан ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдардаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч З.Д- нь 2021 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтуугаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” 1 дүгээр баг “Өвгөний өвөлжөө” гэх газар Г.Ч-тай “эхнэр Э-ыг өдөөн хоргоосон, өөрийг нь зуугуул Г-гийн хүүхэд гэж доромжилсон” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний цээж, толгой хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд тархины суурийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан бүлэн, хоёр талын чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн аалзан бүрхүүлийн голомтот цус харвалт, дух хамрын нуруу, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, дагзны зүүн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан болох нь:

Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 22-ны орой ....З.Д- зүүн гараараа талийгаач Г.Ч-гийн цээж хэсэг буюу аймхайруу нь цохисон. З.Д- дахин талийгаач руу дайрахаар нь би “боль” гээд араас нь тэврэхэд хөлөөрөө талийгаачийг нэг удаа өшиглөх шиг болсон. Тэр үед талийгаач шууд урагшаа нүүрээрээ ямар ч үйлдэл үзүүлэхгүй газар унасан...” гэх мэдүүлэг /1хх 42-47х/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.Д- талийгаачийн цээж хэсэг рүү нь гараараа цохисон. З.Д- нь талийгаачийг хөлөөрөө савж өшиглөхөд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй шууд урагшаа газар нүүрээрээ унасан...” гэх мэдүүлэг /1хх 52-56/,

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг 20 минутын үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р багийн иргэн Ц манай ажил дээр орж ирж  "Нэг согтуу залуу мотоциклоос унаад ухаангүй байна, тэр хүнийг аваад ирлээ, үзүүлэх гэсэн юм" гэж хэлсэн. ....Нөгөө хүн нь амьсгалахгүй, ухаангүй, гар нүүр хоёрт нь хөхрөлт өгсөн байсан, амин үзүүлэлтийг нь үзэхэд ямар ч амин үзүүлэлт гарч ирэхгүй, гар, гэдэс нь хүйтэн, нас барсан байсан... гэх мэдүүлэг /1хх 67х/

Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд З.Д-ийн эхнэр манай гэрийн хаалгыг тогшиж "Н ах аа гараад ирээч" гэж хэлэхэд нь би гараад хартал нэг залуу ухаан алдсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Газар хэвтэж байсан залуугаас өөр З.Д-, Д.Э-, танихгүй 1 залуу зогсож байсан. Тухайн үед тэр залуу амьсгалж байсан. Д.Э- "бид нар эмнэлэг явж үзүүллээ" гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг/ 1хх 70-71/,

Яллагдагч З.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн орой ...талийгаач жоохон согтоод надад хандан ‘’Би чиний аавыг мэднэ ш дээ, чиний аав чинь хулгайч зуугуул ш дээ’’ гэж хэлэхээр нь би талийгаачид хандан ‘’Аан тийм үү би ч аавыгаа мэднэ, бага байхад маань намайг орхиод явсан гэдэг учраас би нээх сүйд болдоггүй юм, зүгээр мэндийн зөрүүтэй л байдаг юм’’ гэж хэлсэн. Г.У машинаас буугаад тамхи байж байтал талийгаач машины арын суудлаас манай  эхнэр  Д.Э-ын хүзүү мөр хэсгийг илээд байсан. Тэгэхээр нь би машин руу орж суугаад “яагаад байна ах, миний эхнэрийг барагтай л хүн оролддоггүй юм даа” гэж хэлсэн чинь талийгаач “би танай эхнэрийг оролдоогүй” гэж хэлсэн. ...Тэгээд талийгаач бид 2 машинаас гарч хэрэлдээд талийгаач надад хандан ‘’Чи намайг тэгээд зодох уу, муу зуугуулын бэлтрэг минь” гэж хэлээд намайг бариад авахаар нь миний уур хүрч тэвчээр алдагдаж талийгаачийн нүүрнээс базаж аваад түлхсэн чинь талийгаач газар унасан. Тэр үед Г.У машинаас бууж ирээд миний араас намайг бариад авахаар нь би талийгаачийн хаана нь өшиглөснөө сайн мэдэхгүй байна өшиглөхийн хувьд 1 удаа өшиглөсөн чинь талийгаач шууд үг дуугүй газар унасан...”  гэх мэдүүлэг /1хх 194-197х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай: “Амь хохирогч Г.Ч-гийн цогцост тархины суурийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан бүлэн, хоёр талын чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн аалзан бүрхүүлийн голомтот цус харвалт, дух хамрын нуруу, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, дагзны зүүн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....

....Амь хохирогч нь гэмтлийн зэргийн гаралтай тархины суурийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын чамархай, дух, дагз, бага тархины суурийн хатуу хальсан доторх бүрхүүлийн голомтлог цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 166-174/,

Шинжээч  эмч Б.Ө-н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тархины  суурийн хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа /110 грамм/ гэмтэл авсан тохиолдолд түргэн  хугацаанд  үхэлд  хүргэх  боломжтой ба дээрх суурийн хэсгийн цусан хураа нь тархины суурийн хэсэг рүү шаантаглаж орсноор тархины үйл  ажиллагааг алдагдуулан шууд  үхэлд  хүргэх  боломжтой...” гэх мэдүүлэг /2хх 138-139/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч З.Д-ийн хохирогч Г.Ч-гийн эрүүл мэндэд тархины суурийн хатуу хальсан доорх цусан хураа, цусан бүлэн, хоёр талын чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн аалзан бүрхүүлийн голомтот цус харвалт, дух хамрын нуруу, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, дагзны зүүн хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Д-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь З.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-ийн цагдан хоригдсон 97 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Г.БОЛОРМАА

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА