Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 105

 

2017         08           22                                                     105

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ц.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Доржпаламын Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 1721000000004 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хатгин овогт Доржпаламын Пүрэвдорж, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ86122510/, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дугаар багийн 75 дугаар байрны 22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтггүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 2017 оны 07 сарын 05-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 75-22 тоотод өөрийн эхнэр Ц.Сувд-Эрдэнэтэй “мөнгө асуусан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний дансанд нэг сая төгрөг байсан. Өмнө нь би Сувдаагийн найзуудтай явж байгаад нэг найз нь машин барих гэхээр нь сайн хүн болох гээд би өөрөө согтуугаар машин барьж яваад цагдаад баригдаж жолооны эрхээ хасуулж 480000 төгрөгөөр торгуульсан байсныг төлсөн. Үлдсэн 520000 төгрөгөөр нь гэр орондоо ойр зуурын юм аваад үлдэгдэл 300000 төгрөгөөр нь өөртөө уураг /fitnes-т явдаг/ авсан. Тэгээд би мөнгөө хэрхэн зарцуулсан талаар хэлэхэд манай хүн ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй “янхнууддаа өгсөн” гэх мэтээр уурлаад байсан. Миний санхүүгийн хувьд би гэр бүлийнхнээсээ гадуур хүн тэжээхээр хэмжээний биш, тэгээд ч би өөрөө тэгж явдаг ч хүн биш. Тэгээд бид 2 муудалцсан. Би хэрүүл болоход л гараад явахыг боддог учраас хэрүүл хийж байхаас таксинд явсан нь дээр гэж үзээд гарах гэтэл шөнийн 10 цагт 2 настай охиноо авч яв гэж албадсан. Тэгэхээр нь би “юу гэж хүүхдээ авч явах юм бэ” гэж тайлбарлаж хэлэхэд, “чи муу янхнуудтайгаа уулзах” гэлээ гээд намайг маажсан. Би Сувд-Эрдэнээс биеэ хамгаалахын тулд гарыг нь барьсан. Манай хүний арьс их эмзэг, би 7-8 жил хамт амьдарсных биеийн онцлогийг нь мэднэ. Гар бөмбөг тоглоход хөл гар нь хөхөрчихдөг. Би гарыг нь барьснаас болж хөхрүүлсэндээ харамсаж байна. Сувд-Эрдэнэ шоронд явуулах санаатай 2-3 удаа согтуу орж ирээд намайг багалзуурдаж байсан. Мөн нэг удаа шөнийн 12 цагт гэртээ орохоор хаалгаа тогштол хаалгаа тавихгүй 30-аад минут зогсоосон. Би нялх хүүхдүүдтэй болохоор аяархан тогшсон. Гэтэл гэртээ ороход Сувд-Эрдэнэ ээжтэйгээ зурагт үзээд сууж байсан. Эдгээр үйлдлүүдээс нь харахад энэ хүн намайг санаатайгаар хохироох гэсэн арга юм байна, салах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тухайн үед би уурлаад элдэв үгээр хэлсэн байх. Ууртай хүнээс ухаантай үг яаж гарахав дээ. Намайг уучлаарай, миний биеэр дүүрэн хумсны сорви байгаа. Хүний дэргэд хувцсаа тайлах аргагүй л болчихоод байна” гэв.

 

Хохирогч Ц.Сувд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 05-ны өдөр Пүрэвдорж өглөө эрт гэрээсээ гараад 22 цагийн үед ирсэн. Тэрний өмнө жолооны эрхээ хасуулаад 480000 төгрөгөөр торгуульсан мөнгөө төлөхийн тулд машинаа ломбарданд тавьсан. Машинаа ломбардсанаас хойш яасан нь мэдэгдэхгүй, сураггүй болсон. Торгуулийн хуудсан дээр хугацаа заасан байсан болохоор “торгуулиа хугацаандаа төлсөн үү, мөн доод талын дэлгүүрийн өрийг өгнө гэсэн яасан бэ, надаас нэхээд байна” гэж хэлэхэд “чи ямар ядаргаатай юм бэ, пизда чинь. Аль дээрээс л чи мөнгө яриад шалчиганаад байгаа биз дээ. Зодуулах гээд байгаа юм уу, чамайг ер нь зодсон байхад яадаг юм” гэж хэлээд “таксинд явлаа” гээд гарах гэсэн. Яаж ч бодсон жолооны эрхээ хасуулсан хүн өдөржин таксинд яваад 30-40 мянган төгрөг олоод байна гэж байхгүй. Тэгээд “таксинд өдөржин яваад мөнгө олоод байхад ханахгүй ёрийн пизда юм аа” гэдэг. Эхлээд би таксинд яваад мөнгө олоод байна гэхэд үнэмшиж байсан. Гэтэл Өргөн гэдэг нэртэй GYM-д өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл, орой 5 цагаас 21 цаг хүртэл бэлтгэл хийдэг талаар хамт бэлтгэл хийдэг хүмүүсээс нь сонссон. Харин бэлтгэлгүй бусад цагтаа хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй маш олон сэтгэл зовоосон асуудал байсан. Тэгээд жолооны эрхгүй хэрнээ “таксинд явлаа” гэхээр нь “бага охиноо салхинд аваад гаргачих” гэж хэлтэл үүднээс нэг их зэвүүцсэн байдалтай алхаж ирснээ нүүр рүү шууд цохисон. Хэрвээ цохино гэдгийг мэдсэн бол би ядаж бултах байсан. Тэгээд нүүр маань чимчигнээд доошоо хараад байж байтал “чи ер нь их шалчиганаж байгаа, чамайг алсан байхад чи яах юм” гээд үснээс зулгаагаад намайг сэгсчээд байсан. Би хөнгөн жинтэй болохоор энэ хүний гарт хөнгөхөөн дийлдэж байсан. Тэгээд л миний гуя, нүүрэн дээр хөлөөрөө дэвсээд л байсан. Би хэдэн удаа цохиулснаа ч мэдэхгүй байна. Бүр үснээс маань өргөөд буйдан дээр тавьсан. 2 настай охин маань уйлж чарлаад надаас зүүгдээд байж байхад охиноо цааш нь түлхэж унагаагаад л намайг зодоод байсан. Тэгээд би охиноо хажуудаа аваад “би чамайг цагдаад өгнө, би хуулиар хамгаалуулна, чи хуулиа мэдэж байгаа биз дээ” гэхэд, “чамайг алсан байхад чи яах юм, чи дуугарч чадахгүй, эцэг эх чинь гомдол нэхээд Өвөрхангайгаас ирж чадахгүй, чадваргүй” гэж хэлээд миний багалзуурыг шахсан. Би эхлээд маш их эсэргүүцсэн, сүүлдээ гар хөл бадайраад эсэргүүцэх чадваргүй болдог юм байна лээ. Би ингээд л үхчихдэг юм байхдаа л гэж бодсон. Тэгсэн чинь больсон юм шиг байгаа юм. Нэг хэсэг миний хоолой аргаад, шүлсээ ч залгиж чадахгүй хахах гээд байгаа юм шиг болсон байсан. Хүзүүний хажуу талаас цус гоожоод байхаар нь арчсан, хумсаа шигтгэсэн юм байна лээ. Тэгж байтал гадаа тоглож байсан хоёр охин маань хаалга тогшоод орж ирсэн. Би охидуудаа айлгаад яахав гэж бодоод юу ч хэлээгүй нөгөө өрөөндөө ороод унтаад өгсөн. Маргааш нь надад босох ямар ч тэнхэл байгаагүй. Эм давхарлаж ууж байгаад Цагдаагийн газарт очсон гэв.

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 19-ний өдрийн 386 тоот дүгнэлтэд: “1.Ц.Сувд-Эрдэнийн биед хуйханд дагзны дээд хэсгийн цус хуралт баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний зүүн булангийн цус хуралт, хүзүүний цус хуралт болон зулгаралт, зүүн мөрний урд гадаргын цус хуралт, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, зүүн бугалганы цус хуралт, зүүн гарын 5-р хурууны цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэ, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 3. Уг гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 24/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Хохирогч Ц.Сувд-Эрдэнийн гэрч, хохирогчоор /хх 12-14, 15-16/, шүүгдэгч Д.Пүрэвсүрэнгийн гэрч, яллагдагчаар /хх 17-18, 33-35/, гэрч Э.Эрдэнэбаяр /хх 19-20/, Ч.Доржпалам /хх 21-22/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27/, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх 6-8/, Эд зүйлийн үнэлгээ /хх 10/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 39/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 2017 оны 07 сарын 05-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 75-22 тоотод өөрийн эхнэр Ц.Сувд-Эрдэнэтэй “мөнгө асуусан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараар цохих, үснээс зулгаах, хүзүүг боох зэргээр зодож эрүүл мэндэд “дагзны дээд хэсгийн цус хуралт баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний зүүн булангийн цус хуралт, хүзүүний цус хуралт болон зулгаралт, зүүн мөрний урд гадаргын цус хуралт, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, зүүн бугалганы цус хуралт, зүүн гарын 5-р хурууны цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэ, баруун өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Ц.Сувд-Эрдэнийн “...Нөхрийнхөө дансанд байсан мөнгийг байгаа эсэх талаар асуухад...нүүрэнд гараараа нэг удаа цохисон...үснээс минь дээш харуулж цохиод үснээс минь зулгаасан...миний хүзүүг боосон...” гэх мэдүүлэг /хх 12-14/, зодуулсан тухайн цаг хугацаанд хохирогч Цагдаагийн байгууллагад хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, мөн олон тооны шарх, зулгаралт нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 386 тоот дүгнэлт /хх 24/, Дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмчийг асуусан тэмдэглэл /хх 27/ мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Пүрэвдоржийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Гэмт хэргийн сэдэлтийг “мөнгө асуусан”-аас буюу гэр бүлийн харилцаанаас үүссэн хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэж зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.

                                                                                                     

Иймд шүүгдэгч Д.Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дагзны дээд хэсгийн цус хуралт баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, эрүүний зүүн булангийн цус хуралт, хүзүүний цус хуралт болон зулгаралт, зүүн мөрний урд гадаргын цус хуралт, баруун бугалга, баруун тохой, баруун бугуй, зүүн бугалганы цус хуралт, зүүн гарын 5-р хурууны цус хуралт, баруун болон зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэ, баруун өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон, үснээс зулгаасан, хоолойг боосон шүүгдэгч Д.Пүрэвдоржийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Д.Пүрэвдоржид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 36, 40/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэргийн хохирогч Ц.Сувд-Эрдэнэ нь  “гэм хорын хохиролд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж түүний эзэмшлээс 3 өрөө орон сууц битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ86122510 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатгин овогт Доржпаламын Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржпаламын Пүрэвдоржийг 540 /таван зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Пүрэвдоржид оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Пүрэвдоржид мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1721000000004 тоот хэрэгт ялтан Д.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар ялтан Д.Пүрэвдоржийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 75 дугаар байрны 22 тоотын 64,38 м/кв талбайтай 3 өрөө орон сууц битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЮ86122510 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг ялтанд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ялтанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ