Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0707

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б /РД:/,                                           

Хариуцагч: Ү*******ийн Тамгын газрын даргад холбогдох захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, Г.Д, гэрч Л.Б*******э, гэрч Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Монгол Улсын иргэн Б.Б нь тус шүүхэд хандан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Б нь анх 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ү*******ийн Тамгын газрын даргын 04 дугаартай захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтны албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.

2.2. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ү*******ийн Тамгын газрын ТГ-1/165 тоот Сул орон тоог нөөцөөс нөхөх тухай албан бичгийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс холбогдох ажиллагааг хийн Б.Быг Ү*******ийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

2.3. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын 45 дугаартай захирамжаар Ү*******ийн Тамгын газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон.

2.4. Ийнхүү 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын 20 дугаартай захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан референтээр дэвшин томилогдож ажиллаж байсан.

2.5. Нэхэмжлэгч Б.Баас өөрийг нь үндэс, угсаагаар ялгаварлаж, албан тушаал бууруулахаар дарамталсан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ү*******ийн даргад хандаж гомдол гаргасан нь Үндсэн хуулийн тамгын газрын Бүртгэл, хайлт, хяналтын программ-ын 311 дугаарт бүртгэгдсэн байх боловч тус гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байна

2.6. Дээрх асуудалтай холбоотойгоор 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Бын аав Л.Б*******ээс Ү*******ийн Тамгын газрын дарга Д.Бт хандаж захиа явуулж байжээ.

2.7. Ү*******ийн даргын тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тушаалаар Ёслол, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Б.Бд дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэв, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тушаалаар дэс түшмэлийн гутгаар зэрэг дэв, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тушаалаар дэс түшмэлийн дэд зэрэг дэв, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тушаалаар ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг дэвийг тус тус олгож байжээ.

2.8. Ү*******, түүний Тамгын газрын удирдлагын хуульд нийцсэн шийдвэр, төрийн эрх бүхий байгууллага, комисс, албан тушаалтнаас коронавируст (COVID-19) халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах зөвлөмж, шаардлагыг эсэргүүцэж, Ү*******ийн гишүүн, Тамгын газрын албан хаагчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэсэн гэх үндэслэлээр Б.Бд сануулах сахилгын шийтгэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын 27 дугаар захирамжаар ногдуулсан ба тус сахилгын шийтгэлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын 65 дугаар захирамжаар дуусгавар болгосон.

2.9. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Ү*******ийн тамгын даргын 10 дугаар тушаалаар Олон улсын арга хэмжээнд төлөөлөгч оролцуулах тухай тушаалаар Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам, Үээс 2023 оны 05 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Санкт-Петербург хотноо зохион байгуулах Санкт-Петербургийн олон улсын хууль зүйн форум, Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хяналт: онолыг хөгжүүлэн практикийг сайжруулах нь олон улсын бага хуралд Ү*******ийн гишүүн Г.Бг оролцуулахаар шийдвэрлэж, төлөөлөгчийн олон улсын нислэгийн тийз, аяллын даатгал, бэлэг дурсгалын зардал, албан томилолтоор явсан зам хоногийн нөхөн төлбөрийн төсвийн холбогдох зардлаас гаргахыг Ү*******ийн тамгын газрын дарга Д.Бт зөвшөөрч шийдвэрлэжээ.

2.10. Дээрх төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ү*******ийн Тамгын газрын референт Б.Б, Б.Э нарыг оролцуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Ү*******ийн Тамгын газрын даргын 13 дугаар захирамжаар шийдвэрлэжээ.

2.11. Ийнхүү тухайн албан томилолттой холбогдуулан тус газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэг болгосны дагуу нэхэмжлэгч Б.Б Оросын Холбооны улс руу явах билетийн судалгааг хийж хэлтсийн даргад танилцуулан, билетийг захиалжээ.

2.12. Нэхэмжлэгчийн аав иргэн Л.Б*******ээс Ү*******ийн дарга Н.Ч, Тамгын газрын дарга Д.Б нарт холбогдуулан А*******арт гаргасан гомдол гаргасан байх ба тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг авахаар Ү*******ийн тамгын газраас А*******арт 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ТГ-2/322 тоот албан бичиг хүргүүлжээ.

2.13. А*******раас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/11676 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авч, хянан үзээд гомдол тавьсан асуудалд авлига, ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй тул 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/11409 дугаартай албан бичгээр иргэнд хариуг өгч, шийдвэрлэсэн болно гэсэн хариу өгчээ.

2.14. Ү*******ийн Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсээс дээрх албан бичигт хийсэн цохолт болон Тамгын газрын ажилтан Б.Бын ажлын хариуцлагын хүрээнд сахилга хариуцлагын талаарх шалгалтыг хийсэн байх ба 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ү*******ийн Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Хариуцлагын асуудлыг шалгасан дүгнэлт-ээр албан хаагч Б.Быг цаашид төрийн албанд ажиллуулах боломжгүй байна гэж дүгнэсэн.

2.15. Ийнхүү Ү*******ийн Тамгын газрын даргаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Быг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан дугаар захирамжийг гаргасан байна.

2.16. Нэхэмжлэгч Б.Б дээрх захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А*******арт гомдол гаргасныг тус газраас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/12100 тоот албан бичигт гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн тухай хариу өгчээ.

2.17. Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/1690 тоот албан бичигт Иймд та гомдолд дурдсан асуудлаар шүүхийн байгууллагад хандана уу гэсэн хариу өгчээ.

2.18. Нэхэмжлэгчийн зүгээс ... 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжид Ү*******ийн Тамгын газрын референт Б.Б нь өөрийн эцэг Л.Б-ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан тул түүнийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай хэмээсэн нь бүхэлдээ гүтгэлэг, миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл бөгөөд 2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд төрийн албан хаагч намайг үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхаж байсны илрэл гэж үзэж байна... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.19. Хариуцагчийн зүгээс ... Монгол Улсын Ү*******ийн Тамгын газрын дарга өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах явцад түүнд хуульд нийцсэн шаардлага тавьж сануулга өгөхөд үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, албан тушаал ахиулсангүй, зэрэг дэвийг олгосонгүй гэх байдлаар хандаж ирсэн нь төрийн албанаас халагдах үндэслэлд хүргэсэн. Б.Б 2018 оноос хойш сахилгын болон бусад зөрчлийг удаа дараа гаргасан. 2023 оны 4, 5, 6 дугаар сард гурван удаагийн зөрчил гаргасан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 47.1.1 дэх үндэслэлд хамаарна. Оросын холбооны Улсын Санкт-Петербург хотноо зохион байгуулах олон улсын бага хуралд оролцох ажлыг зохион байгуулахдаа "Улаанбаатар-Станбул-Санкт-Петербург-Станбул-Улаанбаатар" чиглэлийн онгоцны тийзийг хоёр дахин үнэтэй захиалсан. Мөн хуралд оролцох үеэр хүлээн авагч талын удирдлагад өгөх бэлгийг сонгож авахдаа онгоцны тийзийн үнэтэй холбоотой сануулгыг мартаж, батлагдсан төсвийг хэтрүүлсэн зардал гаргуулсан. Л.Б*******э 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А*******арт "Монгол Улсын Ү*******ийн дарга Н.Ч, Тамгын газрын дарга Д.Б нарын хууль бус үйлдлийг шалгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргаж, энэ нь үндэслэлгүй болох талаар хариу ирсэн. Ийм байдлаар Б.Б өөрийн эцэг Л.Б*******эд төрийн албаны харилцааны явцад байгууллагад болж өнгөрсөн үйл явдлуудын талаар буруу ташаа, худал мэдээлэл өгч байсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.3, 37.1.7, 39.1.4, Авлигын эсрэг хуулийн 7.1.1, Монгол Улсын Ү*******ийн Тамгын газрын дотоод журмын 10.4-т заасныг зөрчсөн... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжид Ү*******ийн Тамгын газрын референт Б.Б нь өөрийн эцэг Л.Б-ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан тул түүнийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай хэмээсэн нь бүхэлдээ гүтгэлэг, миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл бөгөөд 2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд төрийн албан хаагч намайг үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхаж байсны илрэл гэж үзэж байна. Намайг халсан тухай үндэслэлийг бие сая уншсан. Аавтайгаа нийлэн заналхийлсэн, байгууллагын соёл журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр халсан гэж байгаа. Тэгээд Тамгын газрын дарга Д.Бээс ирүүлсэн тайлбарыг уншихаар, энэ нь хэргийн материалын 27 дугаар хуудсан дээр байгаа. 2.6.1-д заасан 1, 2 3 гэсэн заалтуудыг бичиж байна гэж би ойлгосон. Энэ гурвын эхнийх нь намайг Оросын Холбооны Улс руу тийз захиалахад үнэтэй захиалсан, хоёрт нь бэлгийг үнэ хэтрүүлж авсан, ажлаа дутуу хийсэн, гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр халсан гэж байгаа юм. Гурав дахь нь Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д заасан 37, 39 дүгээр зүйлүүдийг зөрчсөн гэдэг. Энэ нь нэгдүгээрт намайг ажлаас халах тухай захирамжид заасан үндэслэлээс зөрж байна. Би энэ хэсгүүдийг бүгдийг нь няцаах нотлох баримтуудыг өгсөн байгаа. Жишээлбэл, 2.6.1.1-д заасан билетийн асуудлыг товчхондоо ярья гэвэл, эрхэм шүүгч танд би өнөөдөр тайлбар өгсөн байгаа. Хэлтсийн дарга Б.Стой хамтран хийж гэсэн гарчигтай тайлбар дээр би тодорхой бичсэн. Мөн дээрээс нь хэргийн материалын 231-ээс эхэлж байгаа материал дээр бас бичсэн байгаа. Үүн дээр яаж тодруулах вэ гэвэл 2023 онд 05 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан олон улсын хууль зүйн форумд намайг төлөөлөгчдийн тийзийг судлахыг Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Б.С үүрэг болгосны дагуу судлаад Оросын Холбооны Улсын Эрхүү хотоор дамжих, Бүгд Найрамдах Сс Улсын Сөүл хотоор дамжих, Турк Улсын Истанбул хотоор дамжих болоод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоор дамжих 4 маршрут байсан. Сөүл болон Бээжин хотуудаар дамжихаар энэ нь газар зүйн байршлын хувьд тойруу, нисэхээр 3, 4 дамжлагатай, үүнээс болж үнэ нь маш өндөр байсан учраас энэ 2 хувилбарыг хасаад зөвхөн Туркээр, Эрхүүгээр дамжъя гэсэн хувилбаруудыг хэлэлцэж эхэлсэн. Үүнийг Б.С дарга бид 2 ярьж байхдаа (өрөөндөө бид 2 хамт суудаг юм) Эрхүүгээр дамжихаар нэг хүний тийз нь 3,586,000 гээд хариуцагчаас ирүүлсэн тайлбар дээр байна лээ. Энэ нь худал мэдээлэл юм. Яагаад гэвэл 3,586,000 төгрөг зөвхөн тийзийн үнэ. Үүн дээрээ зам хоногийн мөнгө оруулаагүй байгаа юм. Яагаад гэвэл Аэро Монголиагийн онгоц 1 дэх болон 5 дахь өдөр нисдэг. Оросын Холбооны Улсад болж байсан арга хэмжээ нь 4 дэх өдөр эхлэх байсан учраас явахдаа ч, буцахдаа ч Эрхүүд 2 хонох болсон. Үүнээсээ хамаараад ирж, явах нийт зам хоногийн зардал нь нэг хүнээс 4 хоногийн зардал гарах байсан. Энийг хэргийн материалын 235 дугаартай хуудаст задаргааг нь өгсөн байгаа. 3,586,000 төгрөг дээр нэмэх нь 4 хоногийн зам хоногийн зардал гараад, нэг хүний нийт зардал нь 6,537,532 гарсан. Тэгээд 3 хүний бүх нийт зардал нь 19,612,596 төгрөг гарахаар байсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн бичсэн 10 саяын төгрөг буюу 2 дахин хямд гэсэн нь худлаа. Энэ нь Туркийн билетээс илүү үнэтэй байна гэдгийг би тухайн үед нь хэлтсийн даргад танилцуулсан. Туркийн билетийг тухайн үед нь би асуухад 5,153,900 төгрөгөөс эхэлж байсан. 3 хүний нийт зардал нь 15,1,700 төгрөг болж байсан. Өөрөөр хэлбэл энэ нь Эрхүүгээр дамжсанаас нийт зардал нь 4,150,896 төгрөгөөр хямд байсан. Үүн дээр үндэслээд надад хэлтсийн дарга, тэгвэл Эрхүүгийн хувилбараа больё. Туркийн бүх хувилбарууд дээр ажиллаад эхэл, Туркийн боломжит хувилбарууд хямд байна гэсэн. Үүний дагуу би 04 дүгээр сарын 03-аас Туркийн бүх хувилбаруудыг судалсан. Энэ нь сүүлд өнөөдөр өгсөн баримт дээр байгаа. Турк дээр нийт 6 хувилбар гарч ирсэн. 5,153,900-аас эхлээд хамгийн өндөр нь 5,814,600 төгрөг байсан. Үүний хамгийн үнэтэй билет нь нийт 3 хүний зардал нь 17,443,800 нь Эрхүүгээс хямд хэвээрээ л байсан. Энэ хувилбаруудыг тухайн үед нь ямар хувилбар дээр вэ гээд Б.С дарга, Г.Б гишүүнд танилцуулж байсан. Энэ дунд Б.С дарга надад зөвлөж байсан юм. Эрхүүгээр биш зөвхөн Туркийн талд нь ярьж байгаа юм. Оросын Холбооны Улсаас буцаж ирэхэд Станбулд байх транзит хугацаа нь 1 цаг 10 минут гэсэн хувилбар энэ дунд байсан. Энэ хувилбарыг эрсдэлтэй учраас өөр тийз захиалаарай гэж Б.С дарга тухайн үед зөвлөж, анхааруулж байсан юм. Б.С дарга өөрөө Туркт Элчин сайдын яаманд ажиллаж байсан, тухайн улсыг маш сайн мэдэх туршлагатай учраас нисэх онгоцны буудалд та нар амжихгүй шүү, нэг цаг амжихгүй, хоцрох юм бол үүнээс илүү зардал гарна гээд бид Станбулд байх транзитын хугацааг илүүгээр сонгоод, үүний үндсэн дээр 5,452,700 төгрөгийн тийзийн захиалгыг үүсгэсэн. Үүний задаргаа нь хэргийн материалын 244 дүгээр хуудсан дээр байгаа. Ийнхүү энэ билетийн захиалгыг нь үүсгээд, тухайн үед нь би бүх явцыг хэлтсийн даргад, Г.Б гишүүнд бас танилцуулж байсан. Гэхдээ удирдлагаас тийзийг худалдаж авах тухай шийдвэр гарахгүй, 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 12-ны хооронд би нийт 3 удаа захиалга үүсгэсэн. Үүнийг Эйртрансын оператор н.Адьяасүрэнтэй ярилцсан чатаар бүгдийг нь хавсаргасан байгаа. Тухайн үед хамгийн ихдээ 3 удаа захиалж болдог, түүнээсээ илүү цуцлах юм бол дахиад шинэ хүн рүү ордог гэж байсан. Тэгээд бүх боломжоор нь би тухайн өдөр болгон сануулаад дахин дахин үүсгүүлээд байсан. Удирдлагаас шийд гарахгүй байсаар байгаад 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу анх судалж эхэлснээс 13 хоногийн дараа билетийн үнэ 7,092,300 төгрөг болсон байсан. 3 хүний нийт тийзийн үнэ нь 21,276,900 төгрөг болж байсан. 04 дүгээр сарын 15-нд үүсгээд 04 дүгээр сарын 17-нд энэ билетийг худалдан авах шийдвэр гарсан. Энэ нь өнөөдрийн өгсөн Б.С даргатай харилцсан нотлох баримтууд дээр ард нь байгаа. Б.С даргатай тухайн үед 04 дүгээр сарын 17-нд бичсэн. Билетийг гишүүнд танилцуулсан гэсэн. Хавсралт дээр нь ингээд бичсэн байгаа. Б.С дарга бид хоёрын viber-аар чаталсан 3 дахь багана дээр Ээнээд билетийн үнийн судалгааг оруулж өгөөрэй, хамгийн хямдыг нь сонгосон гээд өгөөрэй гэсэн байгаа. Тухайн үед Б.С дарга энэ хамгийн боломжит хувилбар юм байна гэдгийг мэдэж байсан. Тэгээд өөрөө зөвшөөрөл өгөөд судалгаагаа хийж надад өгөөрэй гэсэн. Тухайн үед би энэ судалгааг нь Б.Эрдэнэбатад 13 цагийн үед оруулж өгсөн. Өмнө нь би тийзийн шилжүүлэг хийсэн мэдээллийг бас авч өгөөч ээ гэж хүссэн. Энэ хэргийн материалын 259 дүгээр хуудас дээр байгаа. Үүний дагуу энэ дээр 04 дүгээр сарын 17-ны 12 цаг 39 минутад Б.Эрдэнэбат гүйлгээ хийгээд, Тамгын дарга 13 цаг 02 минутад баталгаажсан. Энэ бүх явцыг би ярьж байгаа нь анх захиалснаасаа эхлээд бүх үе шат, ажлыг хэлтсийн даргад танилцуулж байсан. Г.Б гишүүнд мөн танилцуулж байсан. Тухайн үед бид Эрхүүгийн билет ийм хямд биш, зам хоногийн зардлыг тооцохоор ингэж гарч байна гээд зөвхөн Туркийн хувилбар дээр зогсохоор шийдсэн. Хэргийн материалын 27 дээр байгаа 2.6.1.2-т ингэж бичсэн байгаа. Мөнхүү хуралд оролцох үеэр хүлээн авагч талын удирдлагад өгөх бэлгийг сонгож авахдаа онгоцны тийзийн үнэтэй холбоотой сануулгыг мартаж, батлагдсан төсвийг хэтрүүлсэн зардал гаргуулсан гэсэн нь мөн худлаа. Яагаад гэвэл тухайн үед тийзийн, билетийн үнэ гэсэн асуудал гарч байгаагүй. Өмнөх судалгаагаа хийчихсэн байсан учраас. Тэгэхээр ямар ч сануулга өгөөгүй. Бэлгийн төсвийг хэтрүүлсэн гэсэн байна. Үүн дээр хэтрүүлсэн зүйл байхгүй. Үүний тайлбаруудыг хэргийн материалын 235 дугаар хуудас дээр би бэлгийг судлах, сонгох, худалдан авах тухай тайлбаруудыг өгсөн. Тус бэлгийг судлахад Ү*******ийн гишүүн Г.Б, хэлтсийн дарга Б.С нарын өгсөн чиглэлийн дагуу бэлгийн судалгааг хийсэн. Тодруулбал Оросын Холбооны Улсын Үийн дарга В.Д.Зд гардуулах Алтангадас одонг бид нар авч явсан учраас тус одонг гардуулах үеэр Монгол Улсын Ү*******ийн дарга Н.Чын бэлгийг өгнө гэж Г.Б гишүүн тухайд үед хэлж байсан. Ийм учраас цэцийн даргын түвшний бэлгийг судлаарай гэж Г.Б гишүүн надад үүрэг болгосон. Цэцийн даргын бэлгийн түвшний тухайд гэвэл Ү*******ийн дарга Н.Ч гадаадад томилолтоор явахдаа гадаадын байгууллагын удирдлагад Х компанийн 800 мянган төгрөгийн шатар бэлэглэдэг. Энэ удаад шатраас өөр бэлэг судлаарай гээд Б.С даргын надад хэлж байсны дагуу Г.Б гишүүний туслах Б.Э бид 2 судалгаагаа хамт хийгээд, У, Т, Х******* их дэлгүүрээс бэлэг судлаад боломжит хувилбаруудыг үнийн дүнгийн хамт зургийг нь утсаараа авсан. Хамгийн бага нь 143,990 төгрөгөөс эхлээд 2,798,000 гэсэн үнийн дүнтэй байсан. Энэ судалгаагаа 05 дугаар сарын 04-ний өдрийн оройд нь бид хоёр буцаж ирээд хэлтсийн дарга Б.Сд өгсөн. Тухайн үед бүгдийг нь хэвлээд, дээр нь үнийг нь бичээд бэлдсэн байсан. Үүнийг Б.С даргад танилцуулаад, Г.Б гишүүнд 05 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан. Г.Б гишүүнд танилцуулсан явцыг өнөөдөр эрхэм шүүгч танд өгсөн нотлох баримтуудын Б.Этай харилцсан гэсэн нотлох баримтад байгаа. Үүн дээр би Б.Этай тухайн үед гишүүн хэзээ ирсэн бэ, гишүүнд хоёулаа хамт танилцуулах уу гээд тухай тухайн үед нь бичээд байсан. Энэ чат дээр 05 дугаар сарын 05-ны өдрийн 3 дахь багана дээр 12:02 цагт Б.Э гишүүн ирсэн гэж бичсэн байгаа. Тэгэхээр нь би орох уу, хоёулаа өчигдрийн явсан судалгаагаа танилцуулах уу гэж асуусан байгаа. Тэгээд бид 2 ороод гишүүн тухайн үед Хас Гоёлын эмээлийг сонгоод энийг авъя гэж хэлсэн. Зураг дээрээс үнийг нь 743,000 гэдгийг хараад гишүүн өөрөө эмээлийг сонгосон. Б.Этай бичсэн чат дээр 05 дугаар сарын 05-ны өдрийн 12:53 цагт асуултын тэмдэг явуулсан байгаа. Энэ нь хоёулаа гарч бэлгээ авах уу гэсэн үг. Тухайн үед манай давхар учраас манай өрөөнд орж ирээд бид 2 бэлэгтээ гараад Их дэлгүүр рүү очсон. Их дэлгүүрт очоод тухайн эмээлийг газар дээр нь гишүүний өгсөн даалгавраар нь Б.Э өөрийнхөө гартай харьцуулаад зургийг нь аваад гишүүн рүү явуулсан. Тухайн үед утсаар 3, 4 удаа ярьсан. Хайрцаг нь ямар байна вэ? Бэлэг нь ямар хэмжээтэй байна вэ гэдгийг бүгдийг нь үзээд, дахиад гишүүн баталгаажуулсан. Үүнийх нь дараа бид 2 Номингийн 6 давхарт байдаг санхүү дээр нь очоод и-баримт үүсгүүлсэн. Үүний дагуу би өмнө нь Номин их дэлгүүрт хийсэн гүйлгээний баримтыг авъя гэж байсан. Энэ нь хэргийн материалын 260 дугаар хуудсан дээрээс харагдаж байгаа. Бид 2 Их дэлгүүр рүү 13 цагийн үед гарсан. 14:30 цагийн үед Б.Эрдэнэбат руу залгаад, гишүүн сонголтоо хийсэн, ийм бэлэг байна гэж хэлээд 14:37 цагт Б.Эрдэнэбат гүйлгээ хийсэн. Тамгын газрын дарга 15:10 цагт баталгаажуулсан зүйл байгаа. Эндээс үзэхэд тухайн бэлгийн судалгааг бид нар анх хийж үзээд, гишүүн мэдэж байсан, хэлтсийн дарга Б.С мэдэж байсан. Тухайн бүх зургуудыг нь үзүүлээд, ийм ийм юм байна. Үнийг нь тухайн үед бас мэдэж байсан. Үүн дээр би өөрөө мэдэж энэ бэлгийг авсан, үнэ хэтрүүлсэн зүйл байхгүй. Надад тийм эрх мэдэл байхгүй. 2:6.1.3 дээр намайг халах үндэслэлийг бичсэн байгаа. Өөрийн аав Л.Б*******этэй 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А*******арт Монгол Улсын Ү*******ийн дарга Н.Ч, Тамгын газрын дарга Д.Б нарын хууль бус үйлдлийг шалгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргаж, энэ нь үндэслэлгүй болох талаар хариу ирсэн гэсэн байна. Үүн дээр тайлбар хэлэхэд хэргийн материалын 237 дугаар хуудаст би ингэж бичсэн байгаа. Манай аав Л.Б*******э нь А*******арт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан ч өнөөг хүртэл хуулийн дагуу хариу аваагүй байгаа гэж надад хэлж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Тиймээс манай аав Л.Б*******э төрсөн охиныхоо эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан нь манай аавд Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд энэ эрхээ эдэлснийх нь төлөө төрсөн охин болох надад шийтгэл оногдуулах нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний зүгээс байгууллагын дотоод асуудалтай холбоотой аливаа асуудлаар аавтайгаа хэзээ ч ярилцаж байгаагүй. Тийм мэдээлэл өгч байгаагүй. Харин миний эрх ингэж зөрчигдөөд байна, намайг ингэж Тамгын газрын даргын зүгээс үндэс угсаагаар ялгаварлаад байна гэдгийг би тухайн үед нь хэлж байсан. Энэ нь миний эрх. Миний эрх чөлөөг зөрчсөн ямар ч асуудлаар аавтайгаа ярилцах нь хууль зөрчсөн асуудал болохгүй гэж би үзэж байгаа юм. Тэр тусмаа энэ нь хэргийн материалд 27 дугаар хуудаст 47.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн заалтад огт хамаагүй. Хэргийн материалын 27 дугаар хуудасны доод хэсэгт нь бичсэн байгаа. Дээрх хуулийн заалтуудыг Дээд шүүхийн тайлбараар тухайн үед тайлбарласан байна лээ. Үүнд хариу хэлэхэд өнөөдөр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Төрийн албаны тухай хууль, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль тус тус үйлчилж байгаа учраас энэ тайлбар хэр тохиромжтой вэ?

Хэргийн материалын 27 дугаар хуудас дээр байгаа 2.6.1.3 дээр Төрийн албан тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүд, Авлигын эсрэг хуулийн 7.1.1-ийг зөрчсөн гэж бичсэн байгаа. Үүний тухай 2.1 дээр бичсэн байсан. Энийг товчхон яръя. Эхнээс нь явахад Ё.Ө*******той ажлын таарамжгүй харилцаатай байх болсон гэсэн. Нэгдүгээрт цаг хугацааны хувьд 18-60 сарын өмнө болсон үйл явдал. Энэ хүнтэй таарамжгүй харилцаатай гэх талаар би тайлбартаа бичсэн байгаа. Хэргийн материалын 244 дүгээр хуудсан дээр, энэ хүнтэй би 2 асуудлаас болж болгоомжтой харилцаж эхэлсэн. Яагаад гэвэл 2014 онд Индонез улс руу бид томилолтоор явахад миний хувьд анхны томилолтын ажил байсан. Тэр үеэр явахад би шинэ ажилтан байсан учраас бүх ажлаа Ё.Ө******* гэх хүнээс асуугаад, энэ хүний үүрэг даалгавраар ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхэд цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ж*******гийн илтгэлийг англи хэл рүү орчуулаад бэлэн болгоод Ё.Ө******* гэдэг хүнээс асуусан. Би энийг Индонезийн тал руу мэйлээр явуулах уу гэхэд хэрэггүй гэсэн. Тэгээд Индонезод очоод хурлын үеэр харахад бүх хүмүүсийн ширээн дээр бүх дарга нарын илтгэл нь байхад зөвхөн Монголын Н.Ж******* даргын илтгэл байгаагүй. Үүнээсээ болоод тухайн үед маш том асуудал үүсээд, үр дүнд нь Монголд ирсний дараа Хамтын ажиллагаа, мэдээлэл технологийн газрын дарга Н.С******* албан тушаалаасаа буурсан. Өөрөөр хэлбэл манай газрыг татан буулгаад Н.С******* даргаасаа болиод Захиргааны газарт ахлах зөвлөх болсон. Оросын Холбооны Улс руу 2018 онд бид санамж бичиг байгуулахаар явж байсан. Тухайн үед нь бүх бэлтгэл ажлыг Ё.Ө******* гэдэг хүн хариуцаж байсан. Орост очоод санамж бичиг дээр Д.О******* гарын үсэг зурчхаад Монголд ирснийхээ дараа харсан чинь санамж бичгийнх нь Монгол бичвэр дээр нь догол мөр алдсан алдаа гаргаж байсан. Энийг тухайн үед нь Д.О******* дарга яагаад ийм асуудал болчхов гээд бэлтгэл ажлыг нь хэн ахалж байсан бэ гэвэл Ё.Ө******* гэдэг хүн ахалж байсан. Үүнээсээ удахгүй энэ хүнийг тэтгэвэрт нь гаргаад, төрийн албанаас чөлөөлсөн байсан. Эдгээр зүйлээс болж би энэ хүнтэй итгэхэд жоохон хэцүү хүн юм байна гээд болгоомжтой харьцаж эхэлдэг болсон. Үүнийг яагаад намайг асуудалтай байсан, энэ хүнтэй харилцааны хувьд асуудалтай байсан юм шиг бичээд байгаа юм бэ? Хэргийн материалын 22 дугаар хуудсанд байгаа. 2, 3, 4, 5 гэсэн зүйлд бичсэн зүйл нь дандаа манай аавын гаргасан хүсэлт, гомдлууд байгаа. Хэрвээ манай аав Тамгын газрын даргад дарамт, хүчирхийлэл үзүүлж байсан бол үүнийгээ нэгдүгээрт баримтаар нотлох хэрэгтэй. Тэгээд хүн бүр эрх зүйн этгээд байна гэж манай Үндсэн хуульд заасан байдаг учраас энэ бүх асуудлуудаас болж намайг халах ёсгүй гэж би үзэж байгаа. 6, 7 дээр намайг дарамт шахалт үзүүлэх гэж хичээсэн юм шиг бичсэн. Үүн дээр жишээлбэл, Хүний эрхийн үндэсний комисст 2023 онд 07 дугаар сарын 24-нд хандсан гэж байна. Үүнийг би ажлаасаа халагдсан хойно гаргасан. А*******арт ч би ажлаасаа халагдсаны дараа гомдол гаргасан. А*******раас надад хариу ирэхдээ та ажлаас халагдсан асуудлаараа Төрийн албаны зөвлөлд ханд гээд, миний гомдлыг Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн байсан. Үндэс угсаагаар ялгаварласан тухай асуудлыг А*******раас надад албан бичигтээ та Хүний эрхийн үндэсний комисст хандаарай гэсэн чиг өгсөн байсан. Түүнийх нь дагуу би Хүний эрхийн үндэсний комисст хандаад гомдлоо гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд би нэгдүгээрт төрийн албан хаагч биш байсан. Хариуцагч тал намайг төрийн албаны нэр хүндийг гутаасан эсвэл хүмүүсийг гүтгэж бичсэн гэж авцалдаагүй юм бичсэн байна. Саяны ярьж байгаа асуудлуудыг дүгнэхэд би өмнө нь хэлж байсан 2018 оноос эхлээд намайг үндэс угсаагаар ялгаварлан гадуурхаж байсан, намайг буриад гэж хэлж байсан. Манай ээж бол Оросын иргэн, Оросын буриад хүн байдаг. 2023 онд Оросын Холбооны Улс руу яваад Оросын Холбооны Үийн даргад өгсөн бэлгийн үнийг хэтрүүллээ гээд худал бичээд, бас л Оростой холбоотой яагаад намайг ийм зүйл хийсэн гэж худлаа гүтгэж бичээд байгаа юм бэ? Би түрүүн хэлсэн. Манай ээж Оросын иргэн, Оросын Буриад гэдгийг манай ажлынхан бүгдээрээ мэдэж байгаа. Ажлаас халагдсан хойно хүртэл тайлбар дээрээ ингээд бичээд, намайг халсан 3 шалтгааны 2 нь Оростой холбоотой байхаар би бас гайхаад байна. Энэ нь яс үндсээр ялгаварлаж байгаа нь үргэлжлээд байгаа юм уу гэж надад бодох шалтгаан төрүүлж байна. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Ү*******ийн Тамгын газрын дарга Д.Бээс ирүүлсэн тайлбарыг бид бичгээр гаргаж өгсөн. Тэр тайлбар дээр байгаа зүйлүүдийг зарим нэг байдлаар тайлбарлая. Маргаан бүхий тушаал дээр ялгаварлан гадуурхсаны улмаас ийм шийдвэр гарсан байна гэдэг байдлаар нэхэмжлэл гарсан. Тийм учраас тайлбарын 1 дэх хэсэг ялгаварлан гадуурхалт байгаагүй гэдэгтэй холбоотой тайлбарууд явдаг. Энэ нь 1.7 хүртэл 7 хэсэгтэй тайлбар байгаа. Эхний 1.1 дээр нэхэмжлэгч ажилд томилогдсон талаар бичсэн. Жирэмсний амралтаа авсан хүний оронд анх түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Ингээд цаашаагаа нөхцөл байдлууд үүсэж, тухайн хүн маань ажилдаа эргэж орохгүй гэсэн учраас цаашаа жинхлээд явах процесс явагдаад, өнөөдөр халагдах хүртэлх ийм албан тушаалуудыг хашсан талаар дэлгэрэнгүй дурдсан. 1.2 дээр зэрэг дэвүүдийг хууль тогтоомжид заасан хүрээнд олгож ирсэн талаар тайлбарууд байгаа. Үүн дээр Монгол Улсын Их хурлын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай 21 дүгээр тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу зэрэг дэвүүд олгогдсон. 2021 онд Дэс түшмэлийн гутгаар зэрэг, 2022 оны 3 дугаар тушаалаар Дэс түшмэлийн дэд зэрэг, 2023 оны 1 дүгээр тушаалаар Ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг гээд жилд дараалуулж олгож ирсэн байдаг. Зэрэг дэвийг олгох эрх хэмжээ байгаа учраас олгоод, хэрвээ ангилал ахихаар тохиолдолд төрийн албаны төв байгууллагатай холбогдсон процессууд яваад, хичээл сургалтад суух, тусгай шалгалтад орох гэдэг зүйлүүд байгаа учраас энэ хэсгүүд дээр Тамгын газраас шууд шийдэх эрх хэмжээ байгаагүй гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл зэрэг дэвийг тултал нь эрх хэмжээнийхээ хүрээнд олгосон. Ангилал ахина гэдэг нь түшмэлийн ангиллууд руу орох гэхээр хуульд заасан шалгуурууд байгаа учраас болоогүй юм. Энэ нь ялгаварлан гадуурхалт байгаагүй гэсэн тайлбар байгаа. Хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах тул энэ хүртэл зэрэг дэв олгогдох бололцоотой байсан. 1.3 дээр төрийн алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг байнга, ямар нэгэн ялгамжгүйгээр олгож ирсэн талаарх тайлбарууд байгаа. 6 дахь жилдээ ажиллаж эхэлсэн учраас Тамгын газрын 2021 оны 68 дугаар захирамжаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5%, төрийн алба хаасан хугацааны журам шинэчлэгдэхэд түүний дагуу 8% болгож өсгөх зэргээр ямар нэгэн ялгаатай хандаагүй гэсэн тайлбарууд байна. 1.4 дээр мэргэшүүлэх багц сургалтад ч гэсэн хааж боож, оруулахгүй байсан зүйл байгаагүй. Тухайн үеийнхээ нөхцөл байдалтай холбоотой сургалтдаа суугаагүй нөхцөл байдлууд байсан хэдий ч хэлтсээс сургалтад хамрагдах нөхцөл байдлуудыг нь хангаж ирсэн талаар бичсэн. 2019 онд Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад, 2022 онд эрхэлсэн түшмэлийн багц сургалтад тус тус байгууллагаас нэрийг нь өгч, захиалгад оруулж байсан гэдэг тайлбар гаргасан. 1.5 дээр нэхэмжлэгчтэй холбоотой захиргаанд гаргасан хүсэлтүүдийг тухайн бүрд нь шийдэж байсан талаар бичсэн байна. Тухайлбал 2019 онд Франц улсад зорчих чөлөө хүссэн, үүний дагуу цалинтай түр чөлөө олгож байсан. Шихихутаг сургуулийн эрх зүйн ангид суралцах асуудлыг нь шийдэж өгч бас цалинтай чөлөө олгох, сургалтын төлбөрт нь 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэх зэргээр ийм зүйлүүд хийсэн. Энэ бүхнийг энэ 1 дүгээр хэсэг дээр дурддаг нь бусдын адил хандаж байсан, ялгаварлаагүй гэдгийг ийм байдлаар бид тайлбарласан байна. Хууль тогтоомжид заасан боломжийг олгоод, дэмжиж ажиллаж байхад биелүүлэх боломжгүй хүсэлтүүд тавьсан. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд бид энэ хүсэлтийг хангах боломжгүй байдал гарна. Тухайлбал албан тушаалын ангилал, дэвших тухай асуудал зэрэглэлээсээ өөр учраас энийг шийдэх нь тусгай хуульд заасан процедур байдаг. Ийм тайлбаруудыг хэлдэг байсан. Үүнийг ялгаварлаж байна, өөр хүмүүс дэвшээд, энэ тохиолдолд үлдчихээд байна гэдэг байдлаар ойлгосон юм болов уу гэж бид ойлгосон. Ийм учраас ялгаварлан гадуурхах үүднээс энэ төрийн албаны харилцаа яваагүй гэдэг талаар 1 дүгээр хэсэгт заасан. 1.5.3 дээр төрийн захиргааны ахлах референтийн албан тушаалд томилох тухай хүсэлт гаргасан гээд тайлбарууд дээр ч гэсэн байгаад байгаа. Тухайн үед нэгдүгээрт Ёслол, гадаад харилцааны хэлтэст ахлах референт гэсэн албан тушаал бүтцээрээ байхгүй, ийм орон тоо байхгүй учраас үүнийг шийдэх боломжгүй гээд, хоёрт Төрийн албаны тухай хуулийн 23, 26 дугаар зүйлд зааснаар албан тушаалын ангилал дээшлэх бол сая хэлээд байгаа сургалтад суух ч гэдэг юм уу, Төрийн албаны шалгалт өгөх зүйл байгаа учраас боломжгүй гэсэн байдлаар тайлбарласан. Харин зэрэглэл дэвших энэ асуудал байнга шийдэгдэж ирсэн. Ангилал дэвших тухай асуудал дээр ч гэсэн эрхэлсэн түшмэлийн сургалтад суух байдлаар цаашдаа магадгүй тийм орон тоо бүхий газар гэдэг юм уу, ахлах референт гэдэг нь тухайн нэгжид орон тоо байгаагүй юм гэсэн захиргааны тайлбар байгаа. Мөн шагнал урамшуулал дээр ч гэсэн ямар нэгэн ялгамжтай хандаагүй гэдэг талаар 1.6 дахь хэсэг дээр бичсэн. Манай Монголд л байдаг, шинэ оныг угтах үйл ажиллагаа ч гэдэг юм уу, ийм үеэр хүмүүсийг шагнаж урамшуулах, мөнгө төгрөг олгох ямар нэгэн байгууллагын шагнал олгох зэрэг энэ болгон дээр бусдын адил хандаж байсан. Дөчин хэдэн хүн энэ ажиллагаанд явахаар байх юм бол дотор нь оруулаад хамтатгаад явж байсан. Гадаад улсад томилолтоор Ү******* явах ажлууд нэлээдгүй байдаг. Тэгээд үүн дээр ч гэсэн бүх тохиолдолд биш ч гэсэн шаардлагатай үеүдэд нь 2016 онд Индонез руу, 2018 онд Оросын Холбооны Улс руу, Индонез руу, 2019 онд Сс руу, Индонез руу, 2023 онд Оросын Холбооны Улс руу томилолтоор явж байсан. Тэгэхээр энэ хүнийг үүн дээр ч гэсэн ялгаад, ганцааранг нь үлдээгээд, ажлыг нь хийлгэхгүй байдал гараагүй байдаг. Нэгдүгээр хэсгийн агуулга бүхэлдээ ийм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд тийм үндэслэл дурдагдсан учраас энийг бичсэн юм. Хоёрдугаар хэсэг дээр мэдээж тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах хэрэгтэй байсан. Тушаал дээр 47, 48 дугаар зүйл хамт бичигдсэн байгаа. Энэ тушаал гарахдаа аль ч тохиолдолд нь 48-аараа ч, 47-гоороо ч гэсэн төрийн албанаас халах гэдэг үндэслэл бий болсон байна гэдэг логиктойгоор 2 дугаар хэсэг явж байгаа. Эхнээс нь уншихаар баахан дэс дараалсан юм болоод, асуудал нь ойлгомжгүй болчих магадлалтай байсан. 47, 48 нь өөрөө дарааллаараа хойно гарчихсан учраас тайлбар бичихдээ 2.6 гээд, нэхэмжлэгч бас хэлж байна. Хариу тайлбарын 2 дугаар хэсгийнх нь логик бүтэц бол 47 дугаар зүйлээрээ, 48 дугаар зүйлээрээ алинаар нь ч авч үзсэн гэсэн ийм үндэслэлүүд бүрдсэн гэдэг Тамгын газрын байр суурь бичигдсэн байгаа юм. Аль болох дурдагдсан бүх заалтуудыг бид бичсэн. Хоосон зүйл байгаагүй, тушаал дээр туссан учраас, тушаалын үндэслэл дээр хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлнэ гэдэг нь өөрөөр хэлбэл Тамгын газрын даргад нөлөөлөх гэж оролдсон оролдлогууд гэдэг байдлаар тайлбарын 2 гэдэг хэсэг бичигдсэн. Үүнийг товчхон хэлээд явъя. Дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. 37.1.3, 39.1.4 гээд хүснэгт дотор хийгээд, аль хэсэг нь хамааралтай байгааг доор нь зураад явсан. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг нь хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны, ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх. 39 дүгээр зүйлийн хориглох зүйл дотор хувийн ашиг сонирхолтой нийцүүлж бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, дарамт хүчирхийлэл үйлдэх гэдэг ийм хэсгийг авч байгаа юм. Эрхшээлдээ байлгах, дарамт хүчирхийлэл үйлдэх гэдгийг хүнд гэмт хэргийн улмаас гэдэг байдлаар бид нар ойлгохгүй байгаа. Энэ үйлдлүүд нь эцсийн дүндээ өөрийнхөө хувийн хүсэлтүүдийг биелүүлэхэд чиглэгдсэн үйлдлүүд байна. Нэгдүгээрт бол үүнтэй холбоотой зарим нь нэлээн эртнээс улбаатай юмнууд байгаа. Яагаад гэвэл тухайн асуудлууд нэхэмжлэлийн шаардлага дотор ч гэсэн явж байдаг. 2018 онд Ү*******ийн даргад ялгаварлан гадуурхсан тухайн хүсэлт өгч байсан. Тэр хүсэлт Тамгын газар дээр бүртгэлтэй байгааг бид байгаа материалаа гаргаж өгсөн. Ү*******ийн дарга аваад бид нар ингэж шийдэж байна гэж бичгээр нотлох баримтын түвшинд юм хийгээгүй. Гэхдээ нотлох баримтын шаардлагатай нийцүүлэхээр төвөгтэй зүйл байгаа юм. Тамгын газрын даргын өөрийнх нь ажлын дэвтэр байгаа. Ү*******ийн даргатай уулзахаар очихдоо юмаа тэмдэглэж авдаг. Энэ дэвтэр дээр жишээлбэл, энэ талаар наад 2 хүн чинь хоёулаа болохгүй байгаа, төрийн албанд нийцэхгүй байгаа бол ажлаас нь халах юм биш үү гэдэг байдлаар тухайн үед Тамгын газрын даргад хэлж байсан зүйлүүд нь байдаг юм байна лээ. Гэхдээ энэ хүн бол ийм арга замаар явъя гэж тухайн үедээ бодоогүй. Энэ болохгүй, ийм юман дээр ингэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл төрийн албаных нь харилцаа нь яаж явагдаж ирсэн бэ гэдэг талаасаа ийм зүйл байгаа. Энэ асуудлыг нь ийм байдал Ү*******ийн дарга үүсгээд байсан учраас нэгэнт гомдол орж ирэхээр Тамгын газрын даргад наад асуудлаа шийдээд болохгүй хүмүүс байгаа бол арга хэмжээг нь аваад, ажлаас нь ч халж болно шүү дээ. Тийм юм хийж болдоггүй юм уу гэхэд хооронд нь эвлэрүүлэх байдлаар асуудлыг танилцуулах гэж хурал хийсэн. Энэ хурал дээр хаяж гарсан гээд юм яригдаад байгаа нь ийм учиртай зүйл байгаа юм. Дараа нь бид, танд нэг нотлох баримт өгөөд байгаа. Нэр холбогдоод байгаа Л.Б*******э гэдэг хүнээс ирсэн зүйл байгаа. Үүнээс эхлээд ингээд энэ хүн оролцоод байсан гэж Тамгын газрын дарга хэлдэг. Яагаад хэлдэг гэж байна гэвэл би өөрөө энэ процесст нь оролцоогүй. Энэ хүнтэй 2, 3 ч удаа уулзсан гэж тайлбарлаж бичсэн байна. Цэц дээр хүрээд ирэх үү гэхээр үгүй, би та нарт байцаагдахгүй гэж хэлдэг. Тэгэхээр нь байгаа газар чинь очиж уулзъя гэдэг. Яагаад уулзах гээд байсан бэ гэвэл Цэцийн гишүүдтэй холбоотой утасны мессеж ч гэдэг юм уу, ийм юмнууд үзүүлдэг. Тэгэхээр Тамгын газрын дарга Цэцийн гишүүдийн тодорхой эрх зүйн байдал, халдашгүй байдлыг хамгаалж байгаа утгаараа юу болоод байгааг мэдэхээр очиж уулзсан гэж өөрөө тайлбарлаж байгаа. Энэ үед уулзахаар одоог хүртэл яваад байгаа нэг л асуудлыг байнга ярьдаг гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Яг энэ асуудлаар Хүний эрхийн комисст хандаж байгаа. Яг энэ асуудлаар А*******арт хандсан байна. Энэ хүмүүс нэг л асуудлыг тавиад, 3 удаа уулзахад яригддаг. Бид албан тушаалын тухай асуудлаа хууль тогтоомжид заасан журмаараа явна гэхээр ийм дарамт үзүүлээд байгаа гэсэн байдлаар тайлбарладаг. Хуулбарлаж өгсөн мессеж зэрэг зүйлүүд байгаа юм. Гэхдээ тэрийг үзүүлэх ёстой эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Ийм байдлыг гаргасан гэж үздэг. Үндсэн хуулиараа хүн бүр хуулийн этгээд байна гэсэн заалттай. Мэдээж энийг бол ойлгож байгаа. Тэгэхээр энд байгаа агуулга тэр хүний гэм бурууг нялзаах гэдэг утгаараа биш, энэ байгууллагад болж байгаа зүйлүүдийг тэр хүнд дамжуулж байгаа нь зөрчил болоод байна гэсэн агуулгаар тайлбар бичсэн байгааг эндээс уншиж байгаа. Өөрөөр хэлбэл тэр байгууллагын дотоод асуудал хөндлөнгийн хүнд хүрээд, тэр нь хууль хяналтын байгууллагад маш олон шат дамжлагатай, дахин дахин ирж уулздаг байдалтай болоод эхлэхээр энийг эрхшээлдээ байлгах гэж оролдлоо, дарамт үзүүлж байна гэдэг категорит оруулж байгаа юм гэж тайлбарламаар байна. Захидал бичсэн бичгийг нь үзчихсэн. Гар утсан дээр ийм мессеж зэрэг байгаа. Түүний агуулга нь 2.1.4 гэдэг дээр бичсэн байгаа юм. Ийм байдлаар явагдаад байна. Тэгээд улмаар цаашаагаа А*******ар руу хууль бус үйлдлийг шалгаж өгнө үү гэж Эрүүгийн гэмт хэрэг хийсэн асуудалтай холбогдуулж байгаа учраас, энэ тушаал дотор тэгж орсон гээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамааруулж байна гэдэг утгаар явсан. А*******раас бас шалгасан. Саяны зүйлүүд бүгдээрээ А*******рын материал дотор байгаа. А*******раас 07 дугаар сарын 06-ны өдөр албан бичиг ирүүлэхэд Д.Б дарга өөрийнхөө тухай гэж ойлгоод яваад байсан. Хариу ирэхдээ Цэцийн дарга болоод Тамгын газрын даргад холбогдох асуудлыг нь шалгаад бид тийм үндэслэл байхгүй гэж үзлээ гэсэн ийм бичиг ирж байгаа юм. Ийм байдлаараа Ү*******эд нөлөөлөхүйц дарамт шахалтын шинжтэй зүйлүүд яваад байна. Зөвхөн Тамгын газрын даргатай холбоотой биш Цэцийн дарга, гишүүдтэй холбоотой зүйлүүд яваад байдаг. Иймэрхүү байдлаар мэдээлэл дотроосоо яваад, гаднаас ингэж явах нь буруу юм гэсэн байдлаар авч үзсэн. Одоо нэхэмжлэл гарчихсан байгаа гэдгийг хэлчихсэн. Үүний тайлбар нь дотоод мэдээллийг дамжуулсан нь албан үүргээ гүйцэтгэж байгаа бусдад дарамт шахалт үзүүлэхэд хүргэсэн. Ингэснээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.2-т төрийн албан хаагч нийтийн ашиг сонирхолд захирагдаж, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх гэдэгтэйгээ харшилж байгаа гэсэн байдлаар авч үзсэн байна. 2.2 дээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.7 буюу төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж дээдлэх, байгууллагын дотоод журмыг сахих, ажлын бус цагаар ч биеэ зөв авч явах, байгууллагын нэр хүндийг хамгаалах гэдэгтэй энэ үйлдлүүд нь нийцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл буруу ташаа мэдээлэл дамжуулсны улмаас Л.Б*******э гэдэг хүн ийм байдалтай үйлдэл хийх болсон байна гэсэн байдлаар тайлбарласан. 2.3 дээр Төрийн албаны тухай хуулийн 39.1.7-д заасан төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах гэдэг дээр тайлбар нь 2020 онд ковидын үеэр авсан сахилгын шийтгэлтэй холбоотой ийм зүйл яригддаг. Энэ тушаалын үндэслэхэд сахилгын шийтгэл шууд утгаараа биш ч гэсэн ерөнхийдөө 39.1.7-д хамаарах үйлдэл гэдэг утгаараа албадуулахад чиглэсэн зүйл болсон. Ковидын үед нөхцөл байдал хэцүү байсныг та бүгдээрээ мэдэж байгаа. Энэ үед зайнаас ажиллах гэдэг зөвлөмжийг эсэргүүцсэн учраас энэ сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзсэн байна. Үүн дээр гомдол гаргаж байгаа учраас хүлээн зөвшөөрч байсан гэсэн байр сууриас энэ тайлбар тавигдсан. Энэ нь өөрөө тухайн үедээ ямархуу үр дагаварт хүргэх талаар бид дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Төрийн албаны тухай хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэл учрах, эрүүл мэнд нь хохирох юм бол 59 дүгээр зүйлд зааснаар нөхөн олговрын тухай асуудал яригдана. Цаашдаа ингээд явах юм бол нэг ажилтны ар гэрт гэхэд л 72-195 сая төгрөгийн тусламж олгохуйц үр дагаварт хүргэж болохуйц нөхцөлүүд байсан учраас ковидтой холбоотой дэглэм бол тухайн үед зөв байсан гэж үздэг. Ийм байдлаар 39.1.7 зөрчигдөж байсан. 37.1.15 дээр дээд шатны албан тушаалтны асуудал шийдвэр гаргахад нь үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах гэдэг саяны яригдаад байгаа билеттэй холбоотой асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Тамгын газрын дарга өөрөө төсвийн захирагч болохын хувьд үнэн зөв мэдээлэл авч байж цаашаагаа мөнгө төгрөг шилжүүлэх асуудал явагдах ёстой байсан. Үүн дээр нэхэмжлэгч сая тайлбар хэлсэн. Энд байгаа тайлбараар 21 сая төгрөг гэдгийг 2 дахин багасгаж болох байсныг 200,000 төгрөгийн зөрүүтэй гэж ойлгуулсан учраас үүн дээр алдаатай мэдээлэл авсан байна гэж үзсэн байгаа юм. Мөн бэлгийн асуудал ч гэсэн энэ дээр хамт орж ирдэг. Төрийн албаны тухай хуулийн 36.1, 37.1.1, 37.1.2 дээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагтай холбоотой заалтууд байдаг. Эцсийн дүндээ энэ бүх үйлдлүүд төрийн албан хаагчийн тангаргийг зөрчихөд хүргээд байна. Тангаргаа зөрчөөд байгаа энэ тохиолдолд ажлаас халах захирамж гаргахаас өөр аргагүй байсан гэсэн тайлбар байгаа. 47 дугаар зүйлийг сай бид хэлсэн. 47, 48-ын аль алинаар хандаж байгаа юм. 47.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 3 болон түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг дээр сүүлийн 2023 оны 04, 05, 06 дугаар сард болсон гээд байгаа 3 үйл явдал гэж яриад байгаа зүйл хамаараад байгаа юм. Үүн дээр нэгдүгээрт тийзийн үнэ дээр буруу мэдээллээр хангасан. Хоёрт нь ийм сануулга явж байхад үүнийгээ мартаад, төсвийг хэтрүүлж бэлэг авсантай холбоотой зүйл гаргаж давтагдлаа гэж үзсэн байгаа юм. Гуравт нь А*******арт шалгуулах үйлдэл дээр төрийн албан хаагчаас буруу ташаа мэдээлэл өгч, А*******ар руу хүртэл хүмүүс хандах нөхцөл байдал үүссэн. Энэ 3 зөвхөн 47.1.1-д зааж байгаа энэ үндэслэлд хамаарна гэж бичсэн байна. Нэхэмжлэгчийн маргаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн үед тайлбарлаж байсан ийм тайлбар байдаг. Энэ нь 2007 оны Улсын Дээд шүүхийн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай зөвлөмжтэй уялддаг. Зөвлөмж дээр Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарыг баримтална гэж заасан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэн ч гэсэн энэ агуулга нь хэрэглэгдээд явж байгаа. Гомдол практикийн хувьд одоо хүртэл хэрэглэгдэж байгаа сууриараа өөрчлөгдөөгүй ойлголт гэж үзээд энэ тайлбар саяны 3 зүйлийг заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэдэг үндэслэлээр зөвтгөгдөнө гэсэн тайлбар гаргасан. 2.6 дээр Хөдөлмөрийн дотоод журмын 5.4-д ажилтанд хориглох зүйлүүд байгаа. Үүн дээр 39 дүгээр зүйлд заасныг зөрчих юм бол 48 дугаар зүйлд заасныг үндэслэж ажлаас хална гэсэн заалт байгаа. Үүгээр 39 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд 48 дугаар зүйлээр хүртэл ажлаас халах үндэслэл байгаа учраас төрийн албанаас халах тушаал захирамж үндэслэлтэй гэсэн тайлбарыг Ү*******ийн Тамгын газрын дарга өгсөн байна. Иймэрхүү үйлдэл нь байнгын шинжтэй болсон гэсэн тайлбар байдаг. Энэ утгаараа тангаргаа зөрчөөд байгаа хүн бол төрийн албанд байж болохгүй гэж үзээд төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан. 2.7 дээр төсвийн захирагчтай холбоотой төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, ажилтантай холбоотой хөдөлмөрийн харилцааг тухай бүрд нь зохицуулах заалтууд байгаа учраас үүнийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүйгээр тайлбартаа оруулсан байгаа. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Ү*******ийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай Б.Быг ажлаас халах тухай тушаалд үндэслэсэн хуулийн заалтуудаас үзэхэд энэхүү маргаан бүхий эрх зүйн харилцаанд голлох ач холбогдолтой зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт байна.

2. Мөн дээрх тушаалаар нэхэмжлэгч Б.Быг өөрийн эцэг Л.Б*******ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан тул түүнийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

3. Шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх бөгөөд дараах үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тушаалыг хуульд нийцээгүй гэж үзлээ. Тодруулахад:

4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: гээд, мөн зүйлийн 47.1.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;, 47.1.4 дэх заалтад энэ хуульд заасан бусад үндэслэл гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гээд, мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад төрийн албанаас халах гэжээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зөрчлөөс үл хамаарах буюу 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.4 дэх заалтад заасан тодорхой хууль зүйн фактууд бий болсон тохиолдолд хэрэглэх бол харин Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл нь мөн хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зөрчил байх явдал юм.

6. Гэтэл маргаж буй Ү*******ийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Бд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4 дэх заалтыг давхар үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.

7. Тиймээс шүүх хавтаст хэрэгт авагдсан хариуцагчаас гаргасан дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг, улмаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.13, 37.1.15, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.7 дахь заалтыг хэрэглэсэн нь тус захирамжийн 1 дэх заалтад дурдсан бодит үндэслэлтэй /нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдтэй/ нийцэж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.

8. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: гээд, мөн зүйлийн 37.1.1 дэх заалтад Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;, 37.1.2 дахь заалтад өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;, 37.1.3 дахь заалтад эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;, 37.1.7 дахь заалтад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;, 37.1.13 дахь заалтад албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;, 37.1.15 дахь заалтад харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; гэж тус тус заажээ.

9. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: гээд, мөн зүйлийн 39.1.4 дэх заалтад албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;, 39.1.7 дахь заалтад ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох; гэж тус тус зохицуулжээ.

10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбарт дурдсан үйл баримтуудтай уялдуулан дүгнэж үзвэл, хариуцагч Ү*******ийн Тамгын газрын даргын гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийн бодит үндэслэлд дурдагдсан Б.Б өөрийн эцэг Л.Б*******ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт тус тус заасан зөрчлийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх боломжтой, харин маргаж буй захирамжид заасан бусад хууль зүйн үндэслэл нь бодит үндэслэлд хамааралгүй байна гэж шүүх үзлээ.

11. Гэхдээ хариуцагч нь дээрх захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ..., Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж тус тус заасны дагуу зөрчил тус бүрийг холбогдох нотлох баримтуудаар нотлон нөхцөл байдлыг бодитой, зөв тогтоож, энэ талаар нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр аливаа сахилгын шийтгэл /ялангуяа төрийн албанаас халах сахилгын шийтгэл/-ийг оногдуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчимд нийцнэ.

12. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс судлан үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэх өөрийн эцэг Л.Б*******ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан зөрчлийг хариуцагч нь бодитой тогтоохгүйгээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах шийтгэл оногдуулсан нь буруу байна. Тодруулахад:

13. Нэхэмжлэгч Б.Б өөрийн эцэг Л.Б*******ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, мөн бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж удаа дараа гүтгэж, заналхийлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсонгүй.

14. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хэдийгээр нэхэмжлэгч Б.Баас тухайн үеийн Монгол Улсын Ү*******ийн дарга Д.О*******т хандан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Тамгын газрын дарга Д.Б удаа дараа өрөөндөө дуудаж загнасан, буриад гэж доромжилсон, албан тушаалын зэрэглэлийг үндэслэлгүй өөрчилсөн гэх агуулгаар гомдол гаргаж байсан, нэхэмжлэгч Б.Бын аав Л.Б*******ээс Ү*******ийн Тамгын газрын даргад хандан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн охин Б.Б буриад гэж ялгаварлан гадуурхагдсан талаар агуулга бүхий захидал бичсэн үйл баримтууд байх боловч эдгээр нь удаа дараа үйлдэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдсонгүй.

15. Мөн Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. гэж заасан бөгөөд дээрх үйл явдлууд нь 2018 оны 07 дугаар сарын 25-нд болсон, түүнээс хойш 5 жил өнгөрсөн байхад энэ үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцэхгүй байна.

16. Түүнчлэн байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсонгүй.

17. Зүй нь, хариуцагчаас нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгаж байгаа тохиолдолд байгууллагын хамт олны дунд Б.Бын зан байдал, харилцаа хандлагын талаар хаалттай санал асуулга, судалгаа авах замаар тухайн нөхцөл байдлыг тогтоох учиртай боловч хариуцагчийн зүгээс энэхүү ажиллагааг хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргасан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

18. Хэдийгээр маргаж буй захиргааны актын бодит үндэслэлд тусгагдаагүй боловч талууд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Оросын холбооны Улсын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцох ажлыг зохион байгуулахдаа "Улаанбаатар-Станбул-Санкт-Петербург-Станбул-Улаанбаатар" чиглэлийн онгоцны тийзийг хоёр дахин үнэтэй захиалсан. Мөн хуралд оролцох үеэр хүлээн авагч талын удирдлагад өгөх бэлгийг сонгож авахдаа онгоцны тийзийн үнэтэй холбоотой сануулгыг мартаж, батлагдсан төсвийг хэтрүүлсэн зардал гаргуулсан гэх үйл баримтын талаар маргасан.

19. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б нь Оросын холбооны Улсын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцох ажлыг зохион байгуулахдаа "Улаанбаатар-Станбул-Санкт-Петербург-Станбул-Улаанбаатар" чиглэлийн онгоцны тийзний үнийн судалгааг зохих ёсоор хийсэн, удирдлагын зүгээс шийдвэрийг эцсийн байдлаар гаргахгүй цаг алдсан тул онгоцны тийзний үнэд савлагаа үүссэн, маршрутыг өөрчилсөн, энэ талаар өөрийн удирдах албан тушаалтан болох Ү*******ийн Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Б.С, Ү*******ийн гишүүн Г.Б нарт тухай бүрт нь танилцуулсан байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.С үгүйсгээгүй тул хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б.Эрдэнэбатын бичгээр гаргасан тайлбар няцаагдаж байна.

20. Түүнчлэн хуралд оролцох үеэр хүлээн авагч талын удирдлагад өгөх бэлгийг сонгож авахдаа Ү*******ийн гишүүний туслах Б.Эрдэнэбаттай хамтран ажиллаж, Ү*******ийн гишүүний зөвшөөрсний дагуу бэлгийг авсан байхад нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

21. Ү*******ийн Тамгын газрын Захиргаа, удирдлагын газраас хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хариуцлагын асуудлыг шалгасан дүгнэлт үйлдсэн байх ба тус дүгнэлтийн 3 дахь талд ... Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох ажиллагааг явуулах үндэслэлгүй ... гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал, сонсох ажиллагааны зарчимд үл нийцэхээр байна.

22. Хэдийгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалтад төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол. сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсний дагуу нэхэмжлэгчээс Ү*******ийн дарга, гишүүнд холбогдуулж А*******арт гомдол гаргасан холбоотой асуудал, гишүүнтэй холбоотой мессеж зэрэг Ү*******ийн гишүүний нэр төртэй холбоотой юмнууд яваад байсан учраас сонсох ажиллагаа шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгч Б.Быг буруутгасан бусад зөрчлүүд болох өөрийн эцэг Л.Б*******ийн хамтаар Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвших, зэрэг дэв олгуулахаар дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан, байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараалан гаргаж төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаас няцсан гэх зөрчлүүдийн хувьд сонсох ажиллагаа хийхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

23. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ү*******ийн Тамгын газрын дарга Д.Бийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

24. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн шаардлагыг хангаж, маргаж буй захиргааны актыг хүчингүй болгосон тул түүний тодорхойлсон урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

25. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг гаргах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэснийг баримтлан нэхэмжлэгч Б.Быг энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн олгох үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.1, 47.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ү*******ийн Тамгын газрын дарга Д.Бийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ