Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25-ны өдөр                                2022/ДШМ/06                    Хэрлэн сум

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0006

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Нарангэрэл /цахимаар/,

Шүүгдэгч Б.М- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мөнтулгын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000211 дугаартай 1 хавтас 166 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батноров суманд 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 4-1 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-н Б.М нь

2021 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Тээвэрчдийн гудамж, Соёлын төвийн хойно байрлах “М” гэх хаягтай дэлгүүрийн хашааны гаднаас Н.Б-ийн эзэмшлийн блокын хэв засагч машины хоёр ширхэг моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Б-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-н Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ас 300.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Б-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн Б.М- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхээс намайг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгч Ч.Б учруулсан 300.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 02 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед иргэний нэхэмжлэгч Ч.Б-д хохирол төлбөрийг барагдуулаагүй байсан. Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх үед иргэний нэхэмжлэгчид 300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Иймд Б.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Шүүхээс Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байна.

 Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.М-д иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөх боломж олгож шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д 300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна. Давж заалдах шатны шүүхээс хохирогч Н.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн” гэсэн хариу өгсөн байна. Харин иргэний нэхэмжлэгч Ч.Б нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн талаар баримтыг үйлдэж хавтаст хэрэгт хавсаргуулсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагдагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Тээвэрчдийн гудамж, Соёлын төвийн хойно байрлах “М” гэх хаягтай дэлгүүрийн хашааны гаднаас Н.Б-ийн эзэмшлийн блокын хэв засагч машины хоёр ширхэг моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Н.Б-д 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Соёлын төвийн хойд талд байрлах “М” гэх хаягтай дэлгүүрийн хашааны гадна талд байсан блокын хэв засагч машины хоёр ширхэг мотор хулгайд алдагдсан. ...Би блокын хэв засагч машины моторыг 1 ширхэгийг нь 300.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 600.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянмөнх сумаас Хэнтий аймаг ирж 17 цагийн үед сангийн аж ахуйн байранд байдаг блок хэвлэдэг газар ажилладаг Б.М- гэх залуутай уулзаад блокны машины мотор 2 ширхгийг 300.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах 2021 оны 07 сарын 13-ны өдөр “зарах мотор сураглаарай” гэж утсаар ярьсан болохоор Хэрлэн сумын 5 дугаар баг “Ж” ШТС-ын ард байрлах блок цохидог газарт очиж Б.М- гэх залуутай танилцаад зарах мотор сураглахад “байгаа, маргааш өглөө ирээд хоёрыг 300.000 төгрөгөөр аваарай” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2021 оны  07 сарын 24-ний өдрийн 21-19 дугаартай “...2 ширхэг блок хэвлэгчийн  моторыг 576.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /хх 38-40/,  

Яллагдагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 120-121/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М-ын иргэн Н.Б-ийн эзэмшлийн блокын хэв засагч машины хоёр ширхэг моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-ыг  бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА