Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/193

 

 

 

 

       2022           2           22                                   2022/ДШМ/193

 

Ш.Рд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч Ш.Ргийн өмгөөлөгч Л.Батжаргал,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1270 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ш.Рд холбогдох 2108010051472 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш.Р нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хорооллын 50б байрны 48 /45 эсэх “хх 5,14, 24”/ тоот болох иргэн Ч.Чын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар Ч.Чыг согтсон байхад нь түүний LG Q51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Р нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Ш.Р нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хорооллын 50б байрны 48 тоот болох иргэн Ч.Чын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар Ч.Чыг согтсон байхад нь түүний LG Q51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад хамаарч байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно”,

12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн хариуцлагын талаар:

“...шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Ш.Рд тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэн түүнийг нийгэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад... заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.”гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Рд тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хоёр жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгов.

Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан буюу “Хууль хэрэглэх журам” зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 1270 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Рд холбогдох хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хамаарч байгаа бөгөөд уг зүйлд хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар заасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах эрх бүхий хуудас зэргээр тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ш.Рд холбогдох хэргийн шийтгэх тогтоол нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан тул цаг хугацааны хувьд дээрх хуулийн заалттай нийцүүлэн тайлбарлах боломжгүй гэж дээд Шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...”  гэв.

Шүүгдэгч Ш.Ргийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг шүүх хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос биш үүрэг болгосон заалт биш. Тийм учраас анхан шатны шүүхийн миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасны дагуу тэнссэн хугацааг өршөөн хэлтрүүлсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэглэх журмыг зөрчсөн асуудал огт байхгүй. Хугацааны асуудлаар прокурорын яриад байгаа 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх шийтгэх тогтоол, прокурорын тогтоол, бусад эрх бүхий шийдвэрүүдээр тогтоогдсон байх гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хугацааг ойлгоно гэж үзэж байна. түүнээс биш заавал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үүнд яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ш.Р нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хорооллын 50б байрны 45 тоот болох иргэн Ч.Чын гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар Ч.Чыг согтсон байхад нь түүний LG Q51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 8-10/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 17/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 25/ зэрэг нотлох баримтууд болон,

            хохирогч Ч.Чын “...Даваасүрэн, Дуламсүрэн нар гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Гэрт би Ш.Ргийн хамт үлдсэн. Тэгээд хэвтэж байгаад нам унтсан. Хэсэг хугацааны дараа буюу тухайн өдрийн 14 цагт сэрэхэд Ш.Р явчихсан байсан. Би утсаараа хүнтэй ярих гэтэл миний эзэмшлийн LG Q51 загварын гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хүний утсаар Ш.Р рүү залгаад “утсаа авъя” гэж хэлтэл “би аваагүй” гэж хэлээд утсаа тасалсан. ...Би өөрийн хулгайд алдсан гар утсаа буцааж авсан болохоор надад Ш.Ргээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 22-24, 71/,

гэрч Б.Шын “...Миний хүү надад энэ талаараа огт ярьж байгаагүй. Миний ойлгож байгаагаар Ч.Ч, Ш.Р нар хоорондоо яриад “Чи миний гар утсыг буцаагаад өгчихвөл би өргөдлөө авъя” гээд ярьсан юм шиг байгаа юм. Ингээд эхнэр Наранчимэг хүү Ш.Ргийн ажлын хувцастай цүнхнээс нь үзэхэд хар өнгийн ЛЖ загварын гар утас гарч ирсэн. Одоо тухайн гар утас надад байгаа. ...” /хх 16/,

яллагдагч Ш.Ргийн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. ...Би Ч.Чын гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. ...” /хх 54/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Рг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн Ш.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхээс Ш.Ргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын “тэнсэх” буюу найрийвчлан зохицуулсан зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалт учир анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээний асуудлыг шийдвэрлэх ёстой байсан.

Түүнчлэн, дээд шатны прокурор Д.Отгонбаяраас “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ. ...”, 12 дугаар зүйлд “...хууль хэрэглэх журам. ...” зэргийг тус тусад нь зохицуулсан тусдаа ойлголт тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. 

Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. ...” гэж өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ