Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 106

 

2017         08          29                                                     106

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Б.Билгүүн нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хаван овогт Батбаярын Билгүүнд холбогдох эрүүгийн 1721000020028 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Хаван овогт Батбаярын Билгүүн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 01 сарын 01-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЮ98012136/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн нягтлан бодогчийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 39 дүгээр байрны 34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал зам дээр "Приус-20" маркийн 78-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ж.Ундармааг мөргөж, улмаар бие махбодид нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 сарын 20-ны өдөр аавын эзэмшлийн “Приус-20” маркийн 78-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан бөгөөд дүү Тэнүүнийг эмнэлэгт ээжийн ажилд хүргэж өгчихөөд Мөрөнгийн хамтаар “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан. Тэгээд “Ольхон” зочид буудлын зүүн талд явж байхад “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд гарахаар нь би хурдаа сааруулаад явж байхад гэнэт ард талд юманд цохигдох шиг чимээ гарсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод Мөрөнгийн хамтаар машинаасаа буугаад харахад нэг охин газар суугаад уйлаад байж байсан бөгөөд хажууд нь эгч нь зогсож байсан. Тэр сууж байсан охины баруун талын хөлний шилбэ орчмоос нь цус гарч байхаар нь тэр эгч, дүү 2-ыг суулгаад эмнэлэг рүү хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн...” гэжээ.

 

Өсвөр насны хохирогч Ж.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 6 сарын 20-ны 15 цагийн орчимд эгч Жаргалмаагийн хамтаар 52-р байранд байдаг эмээгийнхээ гэрт усанд орчихоод 16 цагийн орчимд эгчийнхээ хамтаар эмээгийн гэрээс гарсан. Тэгээд бид хоёр “Ольхон” нэртэй буудлын зүүн талаар хойш явж байгаад зүүн тийшээ зам хөндлөн гарах гэж байсан юм. Тэгэхэд агаарын шаар хийсэхээр нь би зам хөндлөн ганцаараа гүйсэн, машин хойшоо явж байхаар нь би ганцаараа гүйчихсэн юм. Тэгээд би машинд дайруулсан. Миний баруун хэсгээр машин дайрсан бөгөөд би машинд дайруулаад босох гэхэд босч чадахгүй байсан. Тэгээд намайг нэг ах өргөөд машинд суулгаад эмнэлэгт аваачсан...” гэжээ. /хх 16/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 8495 тоот дүгнэлтэд: “1.Ж.Ундармаагийн баруун шаант, тахилзуур ясны ил, баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 25/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн автотехникийн шинжээчийн 2017 оны 07 сарын 22-ны өдрийн дүгнэлтэд: “Хариулт-1 Жолооч Б.Билгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Хариулт-3 ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖЮ98012136/ регистрийн дугаартай Батбаяр овогтой Билгүүн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Хариулт-4 Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Тоёота Приус-20 маркийн 78-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв” гэжээ. /хх 29/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Өсвөр насны гэрч Ж.Жаргалмаа /хх 20/, гэрч С.Мөрөн /хх 21-22/, Г.Батбаяр /хх 23-24/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан /хх 18-19/, шүүгдэгч Б.Билгүүн /хх 34-35/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14/, Хохирол төлсөн баримт /хх 37/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

 

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ольхон” зочид буудлын зүүн талын засмал зам дээр "Prius-20" маркийн 78-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 настай Ж.Ундармааг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч С.Мөрөнгийн “...Билгүүн хурдаа хасаад хажуугаар өнгөрсөн машины араас явж байхад хойт талд гэнэт юм цохигдох шиг чимээ гарсан. Билгүүн бид хоёр бууж харахад машинаас 6-7 орчим метрийн зайд нэг охин хойд зүгт хараад сууж байсан...Охины баруун талын хөлнөөс цус гарчихсан байсан бөгөөд бид хоёр охиныг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан...Тэр охиныг хаанаас хашаа явж байсныг би хараагүй, яаж мөргүүлснийг нь мэдэхгүй байна...” гэх /хх 21-22/, өсвөр насны гэрч Ж.Жаргалмаагийн “...Дүүгийнхээ хамтаар хоёул “Ольхон” буудлын зүүн талд зогсоод зам хөндлөн гарах гэж байхад агаарын шаар зүүн урагш хийссэн. Дүү тэр шаарны хойноос зам хөндлөн гарч гүйж байхад урд зүгээс хойд зүгт явж байсан “Prius” маркийн машин манай дүүг мөргөсөн бөгөөд дүү баруун тийш унасан. Тэгэхэд тэр машин 10 гаруй метр газар яваад зогссон...Машин нэлээд хурдтай явж байсан. Тэр машин хамар хэсгээрээ мөргөсөн...” гэх /хх 20/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан /хх 18-19/, гэрч Г.Батбаяр /хх 23-24/ нарын мэдүүлгүүд, уг ослын улмаас хохирогч өсвөр насны хохирогч Ж.Ундармаагийн эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны ил, баруун эгэм ясны далд хугарал, зүүн чихний зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8495 тоот дүгнэлт /хх 25/, мөн түүний “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй”-н улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх 36/-үүд болон хэрэгт цугларсан Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Билгүүний үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Энэхүү гэмт хэрэг нь 2017 оны 06 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зөв байна.

                                                                                                                                       

Иймд шүүгдэгч Б.Билгүүнийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчиж “хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй” Б.Билгүүний гэм буруугаас осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Б.Билгүүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жавхлан болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 19/, Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх 46/ зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Б.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн Б.Билгүүний 1140249 дугаартай жолоочийн үнэмлэх, ЖЮ98012136 регистрийн дугаартай иргэний үнэмжлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 01508971 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн  өмчлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 3-79 тоотод оршин суух, Ганхуягийн Батбаярт олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Хаван овогт Батбаярын Билгүүнийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Хаван овогт Батбаярын Билгүүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Билгүүнд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн 1721000020028 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Б.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                                 

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн 01508971 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн  өмчлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 3-79 тоотод оршин суух, Ганхуягийн Батбаярт олгож, шүүгдэгч Б.Билгүүний 1140249 дугаартай жолоочийн үнэмлэх, ЖЮ98012136 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ