Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1200

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.С, Б.Ж нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02338 дугаар шийдвэртэй Б.М, Б.С, Б.Ж нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох,              1 351 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.П, түүний өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Ж, Б.С, Б.М нар нь интернет зарын дагуу “А” ХХК-тай холбогдож, Хөвсгөл далайн 4 шөнө 5 өдрийн аяллын хөтөлбөртэй танилцаад 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр аялалд явахаар хариуцагч талтай харилцан тохиролцсон. Б.М нь 2 хүүхдийн хамт явахаар хөтөлбөрт заасан үнэ болох 864 000 төгрөг, Б.Ж, Б.С нар 960 000 төгрөгийг төлсөн.

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аялалд гарахаас өмнө гэрээ хийх гэсэн боловч дотоод аялалд гэрээ байгуулдаггүй гээд гэрээ хийгээгүй. Хөтөлбөрт автобус гэж бичсэн боловч Эстима маркийн суудлын тээврийн хэрэгслээр аялалд явсан, хүмүүс нь багтаагүй тул нэг хүүхдээ өвөр дээрээ авч, нөгөө хүүхэд маань хүмүүсийн өвөр дээр сууж их тухгүй явсан. Жолооч нь Хөвсгөлийн аялалд явдаггүй байснаас баазыг олохгүй утсаар 2-3 цаг ярьж явсаар их төөрсөн.

2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагт “Далай Тур” жуулчны баазад биднийг буулгасан. Анх аяллын менежер н.С бидэнд тохилог байшинд буулгана гэсэн, бид замдаа унтсан хаана очсоноо мэдээгүй. Байрлах байр байхгүйн улмаас Б.Ж компанийн 9901-7779 дугаарт залгахад шалгаад хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй. н.Пүрэвдорж гэдэг хүнтэй утсаар ярихад элдвээр загнан чаддаг юм бол шүүхдээд аваарай гэсэн. Чанарын шаардлага хангахгүй уранхай, цоорхой гэрт 3 том хүн 2 хүүхдийн хамт хонуулсан. Маргааш өглөө гэрийг сольж байрлуулна гэсэн ч солиогүй. Бид өглөө босоод, тохиролцсон гэрээгээ зөрчсөн учраас аяллын мөнгөө буцаах тухай хэлэхэд мөнгийг өгье гээд буцаж хүргэх унааны болон гэрийн мөнгө гэж надаас 250 000 төгрөг, Б.Ж, н.Бямбаа, Б.С нараас тус тус 150 000 төгрөг суутгасныг зөвшөөрөхгүй, бүх мөнгөө авна гэж бид маргасан. Эцэст нь Б.Мад 614 000 төгрөг, Б.Ж, Б.С нарт 680 000 төгрөг шилжүүлж, утсаа авахгүй алга болсон. Хоолтой гэж тохирсон ч өглөөний хоол идсэн зүйл байхгүй. 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн өглөө сэрэхэд унаа нь биднийг орхиод явсан байсан.

Баярын өдрүүд учраас буцах унаа олдохгүй байсан тул Улаанбаатар хотоос өндөр настай аав, ээжээрээ өөрийн машиныг авчруулсан. Тэд 12 цаг тасралтгүй жолоодож ирсэн. Буусан гэрээс гарах гэтэл 140 000 төгрөг төлөхгүй бол явуулахгүй гэсэн учир төлсөн. Аав ээж маань ядарсан тул байшин олоод 1 хүний хоногийн 3 хоолтой 85 000 төгрөг, хүүхэд үнэгүй бүгд 255 000 төгрөг төлж байрлаад, замдаа Дарханд 40 000 төгрөгөөр буудалд хоносон.

Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж төлөвлөж байснаас илүү нэмэлт шатахууны төлбөр, замын хоол, зочид буудлын хөлс гарсан. Хүүхдүүд даарч ханиад хүрсэн. Гэр буудал, шатахуунд 160 000 төгрөг, байрны төлбөр 435 000 төгрөг, дутуу шилжүүлсэн гэрээний үлдэгдэл 250 000 төгрөг, бусад зардал 6 000 төгрөг, нийт 851 000 төгрөг болсон.

Хамт явсан Бямбаа эгч, н.Ж, н.С нар Мөрөнгөөс Улаанбаатар хот орох унаанд 300 000 төгрөг төлж буцсан. Б.Ж, Б.С нарын буцах унааны хөлс 200 000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 300 000 төгрөг, нийт 500 000 төгрөгийг Б.Мын 851 000 төгрөгийн хамт бүгд 1 351 000 төгрөгийг “А” ХХК-иас нэхэмжилж байна. Хоол, хүнсэнд зарцуулсан мөнгийг нэхэмжлээгүй. Бид мөнгөнөөс гадна эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалаар хохирч, огт амарч чадаагүй ажилдаа орсон. Ямар ч баримтгүй шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд нь хэргийг хэлэлцэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл далайн 3 шөнө 4 өдрийн аялал зохион байгуулж 7 хүний бүрэлдэхүүнтэй гарах байсан. Бороотой байсан учир Б.Мыг 2 хүүхэдтэй юм чинь аяллаа цуцлах уу гэхэд явна гэсэн. Аялал эхлэх цагаасаа хоцорсон шалтгаан нь бид хол замд аялагчдыг тав тухтай явуулахын тулд машины бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй тул дугуй шинээр авч тавьсан. Б.М 2 хүүхэдтэй явсан бөгөөд 7 настай хүүхдийн төлбөр 384 000 төгрөг, том хүн 480 000 төгрөг, нийт 864 000 төгрөг төлж 3 настай хүүхдийг үнэ төлбөргүй явуулж хөнгөлөлт үзүүлсэн.

Аялал 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт эхэлж, аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тайван явж 2018 оны 7 дугаар сарын 11-ний нэг цагт Хөвсгөл далайн “Далай тур” жуулчны баазад очсон. Аялал нэг гэрт орныхоо тоогоор ордог тул 2 охинтойгоо явсан н.Золзаяаг 4 ортой гэрт, дараагийн 4 ортой гэрт Б.М 2 хүүхэдтэйгээ, Б.Ж, Б.С нарын хамт орсон. Гэрийн хувьд таалагдахгүй байна гэж шөнө залгасан учир өглөө шийдэж өгье гээд өглөө нь баазтай холбогдож 12 цагаас сольж өгөхөөр болсон. Гэвч Б.М минут тутамд залгаж манай компанийг зүй бусаар хэлж орилж асуудлыг улам дэвэргэж байсан. Аялагч н.Золзаяа бол хүлээцтэй хандаж, гэрээ солиулж 2 охинтойгоо хөтөлбөрийн дагуу аялалаа дуусгасан.

Б.М удаа дараа утастаж элдвээр хэлж доромжлон гэрээ солиулахгүй төлбөрөө буцааж аваад өөрсдөө явна гэсэн учир очсон унааны хөлс, 1 хоног байрласан баазын төлбөрт 250 000 төгрөгийг суутгаад 614 000 төгрөгийг нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Мөнгөө буцааж авахдаа, “танай унаагаар буцахгүй, өөрсдөө унаа олоод явна” гэсэн тул жолооч 3 аялагчаа аваад маршрутын дагуу буцсан.

Б.Ж, Б.С нар өргөдөл гаргаагүй гарын үсэг зураагүй байна. Б.М бусдын өмнөөс сайн дураар нэхэмжлэл гаргаж хууль зөрчсөн. Манай байгууллага олон жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, аливаа асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж, аялагч нарын тав тухтай байдлыг хангаж ажиллаж ирсэн. Тухайн аялагч нарт зохих төлбөрийг хүсэлтийн дагуу олгосон, суутгасан төлбөртөө тохирсон үйлчилгээ үзүүлсэн тул хууль зөрчсөн ямар нэг асуудалгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 373 дугаар зүйлийн 373.2, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “А” ХХК-иас 1 265 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад 765 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Жт 250 000 төгрөг, Б.Сд 250 000 төгрөг тус тус олгон, нэхэмжлэлээс үлдэх 86 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 650 төгрөгөөс илүү төлсөн 6 084 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгч Б.Мад, үлдэх 36 566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34 910 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Мад 19 260 төгрөг, Б.Жт 7 825 төгрөг, Б.Сд 7 825 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.П давж заалдах гомдолдоо: Хариуцагч “А” ХХК нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Б.М нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн, “том автобус явна” гэж хэлээгүй жижиг тэрэг явах нь тодорхой байсан учир “та багтахгүй гэсэн боловч заавал явна” гээд гараад явсан. 2018 оны 7 дугаар сарын 10-ны өглөө Б.М хүүхдүүдээ дагуулж ирээд явна гээд зүтгээд байсан. Менежер Д.Доржханд, н.Сарангэрэл, жолооч С.Төмөр нар явахгүй байхыг сануулсан, цуг явсан бүх аялагч нар харж сонсож байсан учир энэ асуудлыг гэрчлэх болно.

Тухайн үед маш их бороотой байсан ба жолооч аюулгүй байдлыг хангаснаар удаан явж 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 01 цагт Хөвсгөлийн баазад очсон. Б.М өглөөний цай уусны дараа “гэр сольж өг” гэсний дагуу сольж өгсөн боловч “ер нь мөнгөө буцаагаад, өөр баазад бууна” гэсэн. Хамт явсан аялагчдыг ятгаж миний талд ор гэх мэтээр орилж баазын үйлчлэгч жирэмсэн н.Мөнхзулыг цохиж хэл амаар доромжлож, тэнд амарч байгаа амрагч нарт компанийг гутаан нэр хүндэд халдсан байдаг. 2018 оны 7 дугаар сарын 11-ний өглөөнөөс хойш мөнгөө буцааж, өөр баазад бууна гэж компанийн 9901-7779 дугаарын утас руу минут тутамд залгаж үг хэлээр доромжилсон. Янз бүрээр арга хэмжээ авсан боловч, биднийг айлган сүрдүүлж би хуульч хүн, шүүхэд хандаж танай компанийг дампууруулна гэх мэт өөрийн мэргэжил, танил талаа ашиглахаа илэрхийлж байсан.

Б.Маас очсон унааны зардал нэг хоногийн буудлын төлбөр, өглөөний хоол зэргийг хасаад үлдсэн мөнгийг буцааж олгож, “манай унаагаар буцах уу” гэхэд “үгүй өөр унаагаар явна, танай компанид миний буцах ямар ч хамаагүй гол нь мөнгө буцаж өг” гэсний дагуу мөнгийг буцааж өгсөн. Харин Б.М нь баазаа солиогүй энэ бааздаа байсан. Голсон гэрт нь манай улсын нэртэй бизнесменүүд буусныг харсан байх.

Б.Ж, Б.С нар “мөнгөө буцааж аваад өөр баазад бууна, танайхтай ямар нэгэн асуудалгүй” гэсний дагуу мөнгийг нь буцаан олгосон. Б.Мын Б.Ж, Б.С нараас авсан итгэмжлэл хууль бус гэж бодож байгаа тул шүүх хуралдаанд Б.Ж, Б.С нарыг заавал биечлэн оролцуулах шаардлагатай бөгөөд хариуцагчийг оролцуулаагүйд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт “гэрээ байгуулагдмагц том автобусаа сольсон” гэж ямар ч үндэслэлгүйгээр гүтгэсэн. Аялал жуучлалын 20 жилийн туршлагатай компани том автобус явна гэж хэлэх үү, Улаанбаатараас Хөвсгөлд нэг талдаа 1000 орчим км газар том автобус явбал зөвхөн шатахуунд 600 литр түлшийг 1980 төгрөгөөр тооцвол 1 188 000 төгрөг болох байхад Б.Мад том автобус явна гэж хэлэхгүй. Эрүүл хүний ухаанаар бодвол 45 хүний суудалтай автобус 7 хүнд явахгүй.

 Шүүх хуралдаан зөвхөн Б.Мын гүтгэсэн үгэнд төөрөлдөж үндэслэл баримтгүйгээр буруу шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрт жуулчинд хэлэлцэн тохирсон үйлчилгээ үзүүлээгүй гэсэн. Гэтэл компани бүх тохирсон үйлчилгээг үзүүлсэн нь баримтаар болон цуг явсан аялагч нар гэрчээр баталж байгаа.

Уг аяллын явцад Б.М өөрийн сайн дурын үндсэн дээр аялалаас татгалзсан, унаанаас татгалзсан гэдгийг жолооч болон цуг аялсан н.Зулаа хоёр охины хамт батлах болно. н.Зулаагын утас 8010-2889, баазын үйлчлэгч н.Мөнхзул 8961-8772, жолооч С.Төмөр 9944-2368 нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж өгнө үү.

Илт бусдыг гүтгэж дарамтлаж байгаа Б.М мэтийн хүмүүсийн үйлдлийг давж заалдах шатны шүүх шударгаар шийдвэрлэнэ байх. Компанийн нэр хүнд унагасан болон бусад хохирлыг Б.Маас нэхэмжлэх болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хяннан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М, Б.Ж, Б.С нар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан нийт 1 351 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэргийн оролцогчийн хүсэлт бүрэн шийдвэрлэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн төлөөлөгч Ц.П нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “жолооч С.Т, аялагч н.З нарыг гэрчээр оролцуулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх 181/ШЗ2018/11878 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. /хх44,52,53/ Дээрх захирамжийн агуулгаас үзвэл, нэр бүхий гэрчүүдийг асуулгах боломжийг хариуцагчид олгож, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг нь хангасан атлаа уг захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэв.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тухайн гэрчүүдийг асуулгаж нотлох талаар дурдаж байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь зөвхөн хуулийн заалт бичигдсэн баримтад гарын үсэг зуруулсан, эрх болон үүргийг тайлбарлаагүй, хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд бичгээр хүргүүлсэн байхад шүүх хуралдаанд биечлэн оролцож, маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг хангаагүй” гэж тайлбарлаж байна.    

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1. зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх, 67.1.3. хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, 67.1.4. эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг хэрэг үүсгэсэн шүүгч биечлэн тайлбарласан эсэх нь эргэлзээтэй, уг ажиллагааг зохих ёсоор явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Ц.П давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                    ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР

 

                                                                                    Т.ТУЯА