Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/113

 

 

 

 

 

          2026          05           05                                    2026/ШЦТ/113

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Гансүх,   

Шүүгдэгч О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт О.-ын Г /РД:.../-д холбогдох эрүүгийн 2612001180092 тоот хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., аав, ээжийн хамт А аймаг, И сум, Э баг, Туулайн булаг гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт О.-ын Г /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Г нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд А аймгийн И сумын Э багийн Т  булаг гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн унанги 8 ширхэг модыг цахилгаан хөрөөгөөр огтолж, 15 хэсэгт хуваан 3,6212мЗ мод ойд бэлтгэн ойн санд 715,431 төгрөгийн хохирол учруулан  гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Г-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г  яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч О.Г: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж оролцсон. 

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Г нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь

       -     Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан “...А.аймгийн И сумын Т багийн Т гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэсэн байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

       -    Хэргийн газрын үзлэг хийсэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Т гэх нэртэй N 47°31' 60.0", "Е 101° 16' 5.0" солбицлын цэгтэй газар байв. Сэжигтэн О.Г оор тухайн байршлын цэг, газарт бэлтгэсэн гэх унанги моднуудыг заалгаж хэмжилт хийж гэрэл зургаар бэхжүүлэв.Үүнд: 1. диаметр 30 см, үндсээрээ унасан байдалтай мод байв. 2. диаметр 36* см, үндсээрээ унасан байдалтай мод байв. 3. диаметр 35 см, үндсээрээ унасан байдалтай мод байв. 4. диаметр 29 см, үндэснээс тайрсан хэсэг хүртэл 142 см, үндсээрээ унасан мод байв. 5. диаметр 26 см, үндсээрээ унасан, үндэснээс тайрсан хэсэг хүртэл урт 120 см мод байв. 6. диаметр 25 см, үндсээрээ унасан, үндэснээс тайрсан хэсэг хүртэл урт нь 110 см мод байв. 7.диаметр 33 см үндсээрээ унасан, үндэснээс тайрсан хэсэг хүртэл нийт урт нь 116 см мод байв. 8. диаметр 25 см, үндсээрээ унасан, үндэснээс тайрсан хэсэг хүртэл нийт 183 см мод байв. Нийт 8 ширхэг шинэс төрлийн модны унанги хожуул үндэстэйгээ байв. Үзлэг хийсэн газрын байршлыг Шүүх шинжилгээний хэлтсийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Бямбасүрэн байршил тогтоогч ӨР5 төхөөрөмжөөр шалгахад N 47°31' 60.0", "Е 101° 16' 5.0" солбицлын цэгийг заасныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-13 дугаар хуудас/,

            - Модонд үзлэг хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...үзлэг хийх ажиллагаанд А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Т гэх газарт бэлтгэсэн урт болон богино хэмжээтэй нийт 15 ширхэг мод байв. ...Дээрх 1-15 хүртэлх тоогоор дугаарласан моднуудын урт болон диаметрийг хэмжихэд: 1. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 12 см, 2. Нийт урт 4.6 метр, диаметр нарийн үзүүр 20 см, 3. Нийт урт 4.6 метр, диаметр нарийн үзүүр 23 см, 4. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 15 см, 5. Нийт урт 4.6 метр, диаметр нарийн үзүүр 21 см, 6. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 18 см, 7. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 15 см, 8. Нийт урт 4.7 метр, диаметр нарийн үзүүр 24 см, 9. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 22 см!, 10. Нийт урт 4.7 метр, диаметр нарийн үзүүр 10 см, 11. Нийт урт 4.7 метр, диаметр нарийн үзүүр 10 см, 12. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 14 см, 13. Нийт урт 9.7 метр, диаметр нарийн үзүүр 17 см, 14. Нийт урт9.7 метр, диаметр нарийн үзүүр 13 см, 15. Нийт урт 4.7 метр, диаметр нарийн үзүүр 24 см гэсэн хэмжээтэй 15 ширхэг мод байхыг үзлэг хийж тэмдэглэл үйлдэв. Үзлэг хийх ажиллагааны явцад модны шинжилгээнд хүргүүлж чийгшил тогтоолгохоор 4 гэсэн дугаарласан модноос дээж авав.” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1/1-18 дугаар хуудас/,

            - Хөрөөнд үзлэг хийсэн “...үзлэг хийх ажиллагааг сэжигтэн О.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөнд явуулахад хар өнгийн бариултай, цагаан өнгийн шатахууны савтай, цагаан өнгийн төмөр бариултай, ягаан өнгийн тагтай цахилгаан хөрөө байв. Уг хөрөөний моторын тал улаан өнгийн тагтай, хар өнгийн маниултай хөрөө байхыг гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэлд тусгав...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,        

            - Гэрч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би А аймгийн Цагдаагийн газарт И сумын хэв журмын цагдаа ажил эрхэлдэг. ...Намайг 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд А аймгийн И сумын төв дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад манай цагдаагийн газрын жижүүрийн шуурхай утаснаас над руу залгаад утасны дугаараа нууцалсан иргэн манай цагдаагийн газар луу залгаад “А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Т гэх газарт хүн хууль бусаар мод бэлтгээд байна” гэж ярьсан. Тухайн мэдээллийг газар дээр нь очиж шалга гэсэн чиглэл өгсөн. Тэгээд би өөрийнхөө машинтай А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Т газарт 17 цаг 30 минутын орчимд очиход тус багт оршин суух иргэн О-ын Г нь урт, богино нийлсэн нийт 15 ширхэг шинэс төрлийн модыг үзүүр, уг хэсгийг хоёр талаас нь тайрч бэлтгэн модны зах руу бага оврын пад трактораар зөөж гаргасан байдалтай байсан. Намайг очиж шалгахад иргэн О.Г нь надад мод бэлдэх эрхийн бичиг үзүүлсэн. Тухайн үед эрхийн бичгийнх нь мод бэлтгэх болон тээвэрлэх хугацаа дууссан байсан. Тэгээд би тухайн иргэнийг мод бэлтгэх эрхийн бичиггүй, талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар мод бэлтгэсэн байна гэсэн мэдээллийг цагдаагийн газрын жижүүр рүү мэдэгдэж холбогдох мэдээллийг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,

            - Сэжигтэн О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэрт байрлах Т гэх газарт амьдардаг юм. Тухайн үед би гэрийнхээ ойролцоо Т гэх газарт 2025 оны 12 дугаар сарын 26-аас 27-ны өдрийн хооронд ганцаараа цахилгаан хөрөө ашиглаж 14-15 ширхэг шинэс төрлийн унанги модыг тайрч бэлтгээд модны зах руу жижиг бага оврын пад трактораар тороос ашиглан чирч гаргаж ирээд тэнд нь үлдээсэн юм. Тэгээд оны дараа буюу 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тухайн бэлтгэсэн галын түлээний модоо гэр лүүгээ татаж авахаар тухайн бэлтгэсэн модоо үлдээсэн газар дээр очоод байж байх үед тухайн өдрийн 15 цагийн орчимд И сумын цагдаа хүрч ирсэн. Тэгээд миний бэлтгэсэн модыг шалгах шаардлагатай талаар надад хэлсэн....Би тухайн үед мод бэлтгэхээс өмнө өөрөө И сумын төв орж сумын Байгаль хамгаалагч Э гэдэг хүнээс мод бэлтгэх эрхийн бичгийг өөрийн аав Т.О-ын нэр дээр авсан. Тухайн эрхийн бичгийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авсан гэж санаж байна. Тухайн эрхийн бичгийн мод бэлтгэх хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийн хооронд, тээвэрлэх хугацаа нь 2025 оны 12 дугаар сарын 23-аас 31-ний өдрийн хооронд байсан. Тухайн мод бэлтгэсэн газрыг талбайн тусгаарлалт хийгдсэн үгүйг би сайн мэдэхгүй байна....2024 онд 2 удаа сумаасаа мод бэлтгэх эрхийн бичиг авч талбайн тусгаарлалт хийсэн газраас модоо бэлтгэж байсан. ...Мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө нь миний өөрийн эзэмшлийнх. Харин бага оврын пад трактор нь И сумын төвд байдаг Б /../ гэдэг хүний эзэмшлийнх байгаа ом...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас/,

            - Эд зүйлийг хүлээн авсан тухай 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн сэжигтэн О.Г-оос сайн дураар хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн .. дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг 1 хуудсыг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 42 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

            - А аймгийн И сум дахь сум дундын ойн ангийн 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай “И сумын Э багийн Т гэх газарт 2025, 2026 одуудад мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажил хийж гүйцэтгээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

            - А аймгийн И сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/86 дугаартай “Танай эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж :айгаа хэрэг бүртгэлийн 261200118 дугаартай гомдол мэдээлэлд "М-47°ЗТ60"0 "Е- '01°16'5"0 солбилцолтой газар нь И сумын Э багийн Туулайн булаг гэдэг газар байдаг” гэх албан бичиг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

            - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хангайн нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2026 оны 03 дугаар сарын Э5-ны өдрийн 37 дугаартай “А аймгийн И сумын Э багийн N 47°31'60.0", "Е 101° 16' 5.0" солбицлын цэгтэй Туулайн булаг гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно” гэх албан бичиг/хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

            - А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн АРХ/0326/021 дугаартай “...,1.Шинжлэгдэж буй модны 1-15 гэж дугаарласан 15 ширхэг мод нь 3,6212м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 715,431 төгрөг байна. 2. Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. REED R6015 маркийн модны чийг тодорхойлох багажаар шинжлэхэд "4" гэж дугаарласан дээжний чийг 16,3%, байгаа нь хуурай мод байна. 3. Хэргийн газрын үзлэг хийхэд унанги модноос бэлдсэн байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас/,

            - “Хас үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3187 дугаартай “...цахилгаан хөрөө 1 ширхэг 60.000 төгрөг, З,6212м3 398.332 төгрөг, пад трактор 1 ширхэг 1,000,000 төгрөг, ...нийт 1,458,332 төгрөг...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 101-104 дүгээр хуудас/,

            - Яллагдагч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна маргах зүйлгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

 

Хууль бусаар мод бэлтгэсэн гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос шинэс төрлийн унанги мод тайрч бэлтгэж болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Г-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч О.Гийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Г-ийг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.

Иймд шүүгдэгч О.Г нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч О.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 715,431 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /715,431*3=2,146,293 /хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 2,146,293 /хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/  төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Г-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /мянга/  нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г-ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.  

Шүүгдэгч О.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Пад трактор, 398,332 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 2,146,293 /хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж,   Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан хохирлын үлдэгдэл 687,961 /зургаан зуун наян долоон мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч О.Г-оос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О.-ын Г /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/  нэгжээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан 1,000 /нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч О.Г-оос 2,146,293 /хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Пад трактор, 398,332 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 1,146,293 /хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж,   Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан хохирлын үлдэгдэл 687,961 /зургаан зуун наян долоон мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг шүүгдэгч О.Г-оос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулсугай.

 

6. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Г-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР