| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/05588/И |
| Дугаар | 102/ШШ2024/01654 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/01654
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/01654 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 22 дугаар гудамж, 895 тоотод оршин суух хаягтай, Боргочин ургийн овогтой
Хариуцагч: Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, Замчдын гудамж, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд оршин байх, Баянгол дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалинд 20,567,969 төгрөг, цалингийн зөрүү 1,760,471 төгрөг, нийт 22,328,440 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Цби Баянгол дүүргийн 89 цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2013 оноос хойш гүйцэтгэж байсан. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0476 тоот шийдвэрээр “Б.Цог Баянгол дүүргийн 89 цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8,373,941 төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0670 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 тоот тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа НШШГГ-т шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/167 тоот захирамжаар Цнамайг Нийслэлийн Баянгол дүүргийн 89 цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0476 тоот шийдвэрт дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 8,373,941 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч би 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр буюу намайг ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэл 1 жилийн хугацаанд цалин, хөлсгүй хохирч байна.
Иймд би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0476 тоот шийдвэр гарсан өдрөөс эхлэн хариуцагч байгууллага намайг ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 12 сарын буюу сарын үндсэн цалин 1,182,508 төгрөг, төрийн алба хаасны нэмэгдэл 25 хувь буюу 295,627 төгрөг, зэргийн нэмэгдэл 10 хувь буюу 118,251 төгрөг, нийт сарын цалин хөлс 1,596,386 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт нийт 20,567,969 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулна.
Өмнө нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед сарын үндсэн цалин 964,899 төгрөг байсан бөгөөд уг дүнгээр тооцож анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэтэл тухайн үед сарын үндсэн цалин нэмэгдэж 1,182,508 төгрөг болсон тул анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн цалингийн зөрүү болох 1,760,471 төгрөгийг мөн хариуцагчаас нэхэмжилж байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 20,567,969 төгрөг, цалингийн зөрүү 1,760,471 төгрөг, нийт 22,328,440 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь төсөвт нэхэмжлэлд дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгө байхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх5-6/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/шш2022/0476 дугаар шийдвэрийн хуулбар /хх7-12/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/ма2022/0670 дугаар магадлалын хуулбар /хх13-16/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолын хуулбар /хх17-19/, Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/167 тоот захирамжийн хуулбар /хх20/, цалин олгох хүснэгт /хх21-22/.
4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
1.1. Цнь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдуулж “...захирамж хүчингүй болгуулах, ...89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ... ‘Зөрчил арилгуулах тухай акт’, …‘Албан шаардлага’-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/шш2022/0476 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу “...Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.Цг Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сар ажлын 9 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8,373,941 төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
1.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/ма2022/0670 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
1.4. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/167 тоот захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49, 50 дугаар зүйлийн 50.1, 61.1.2 дахь хэсэг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 382, 2022 оны 107 дугаар тогтоол, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/122 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны Б/34 дүгээр захирамжийг тус тус үндэслэж Б.Цг Нийслэлийн Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн Эрхлэгчийн албан тушаалд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон.
Хоёр.
1. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Цнь хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдох тушаал гарсан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 20,567,969 төгрөг, цалингийн зөрүү 1,760,471 төгрөг, нийт 22,328,440 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд ханджээ.
2. Хариуцагч дээрх шаардлагыг “...төсөвт мөнгө байхгүй” гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрсөн.
Гурав.
1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох ёстойг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааж өгчээ.
Иймд нэхэмжлэгч Цнь хариуцагч байгууллагаас 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 22,328,440 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй учир нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүний тооцооллын талаар маргаагүй, энэ талаар хүсэлт, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй.
Дөрөв.
1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 22,328,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б. олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цд олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ