Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01648

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

            Дугаар 102/ШШ2024/01648

Улаанбаатар хот

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1010 тоотод оршин байх,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 80а байр, 38 тоотод оршин суух хаягтай, Боржигин ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,064,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Давагням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

/Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Иргэн Ч 2023 оны 4 дүгээр сараас манай “Хүчит Шонхор” зах дээр гэрээт борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрээр нэхэмжлэгчээс бүтээгдэхүүн худалдаж аваад сүүлд нь мөнгийг нь буцаан төлдөг байсан. Ийнхүү 10 гаруй сарын хугацаанд ажиллахдаа нийт 5,064,600 төгрөгийн өр үүсгэсэн. Хариуцагчтай утсаар ярьж, уулзаж тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 5,064,600 төгрөгийг иргэн Чаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч миний бие Ш5,064,600 төгрөгийн өр үүсгэсэн нь үнэн болно. Энэ өрийг сар сард нь бага багаар төлж барагдуулна. Одоогийн байдлаар биеийн байдал муу байгаа учраас ажил хийх боломжгүй байна. Иймд эхний ээлжид сард 100,000 төгрөгөөр төлж байгаад ажилтай болоод орлоготой болохоороо аажмаар сард өгөх мөнгөө өгөөд явна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, итгэмжлэл /хх4/, зарлагын падааны хуулбар /хх5-11/, тооцоо нийлсэн актын хуулбар /хх12/.

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Нэхэмжлэгч Ш нь хариуцагч холбогдуулж 5,064,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...манай хоршооны бүтээгдэхүүнийг худалдан авч зараад дараа нь мөнгийг нь өгдөг байсан. Одоо 5,064,600 төгрөгийн үлдэгдэлтэй, уг мөнгийг нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарлав.

 

2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 5,064,600 төгрөгийн өр төлбөртэй талаар маргаагүй. Харин “...биеийн байдал муу байгаа учраас ажил хийх боломжгүй байна, ...ажилтай, орлоготой болохоор төлбөрийг аажмаар сар сардаа төлнө” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан. 

Хоёр.

 

1. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс зарлагын падаанууд, тооцоо нийлсэн акт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн “...манай хоршооны бүтээгдэхүүнийг худалдан авч зараад дараа нь мөнгийг нь өгдөг байсан. Одоо 5,064,600 төгрөгийн үлдэгдэлтэй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

4. Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.

 

5. Тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн учир хариуцагчаас 5,064,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.  

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чаас 95,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шолгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Чаас 5,064,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чаас 95,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шолгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ