Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/02138 дугаар шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б-/, хариуцагч Д.О-д холбогдох,

орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О- нь  2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 53 дугаар байр, 4 тоот 48 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042767 дугаар гэрчилгээтэй,  2 өрөө орон сууцыг эгч С.Цэрэннадмидаар дамжуулан 72 000 000 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч Т.А- нь С.Цэрэннадмидад 72 200 000 төгрөг зээлүүлсэн гэж хуурамчаар буюу дүр үзүүлэн зээлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нь орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй.

Хариуцагч нь орон сууцны баримт бичгийг ашиглаж бусдаас зээл авах зорилгоор зээлийн гэрээгээр халхавчилж орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, орон сууцны өмчлөлийг шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь хариуцагч Д.О-д 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөгийг зээлүүлэхээр харилцан тохиролцож, мөнгийг бэлнээр өгсөн. Улмаар Д.О- нь уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй тул түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 53 дугаар байр, 4 тоот орон сууцны өмчлөгч болсон. Иймд Б.Б- миний бие уг орон сууцны шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Т.А- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 53 дугаар байр, 4 тоот орон сууцыг Д.О-д 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, С.Цэрэннадмидад 72 000 000 төгрөгөөр худалдахаар аман хэлцэл хийсэн нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч орон сууцаа С.Цэрэннадмид, Д.О- нарын хэнд нь худалдаж байгаа нь тодорхойгүй, ямар нотлох баримтыг үндэслэн Д.О-д худалдсан гэж дүгнэсэн талаарх хууль зүйн дүгнэлтээ хийгээгүй, хэрэгт авагдсан Т.А- 5 000 000 төгрөгөөр дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.О-тай худалдах, худалдан авах гэрээ хийснийг шүүх ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байгаа, Т.А- нь С.Цэрэннадмидад байраа 72 000 000 төгрөгөөр худалдана гэж тохиролцсон аман гэрээ үндэслэлгүй гэж үзсэн, хэрэгт авагдсан хоорондоо эргэлзээтэй нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг үнэлж байгаа үндэслэлүүдээ гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн уг хэргийн оролцогч, одоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч, гуравдагч этгээд Б.Б-гийн тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурьдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч гуравдагч этгээд Б.Б-гийн 3 настай төрөлхийн нүдний согогтой, уйлуулж, уурлуулж болохгүй, тийм тохиолдолд хараа нь шууд хаах аюултай тул ээж нь байнга асран хамгаалж дэргэд нь байдаг, хүү нь Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн оноштой, гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул Б.Б-гийн нөхөр н.Ганзориг “Нарантуул” худалдааны төвд гадаа худалдаа хийж 4 жил цуглуулсан 30 000 000 төгрөгийг Д.О- дээрх байрны хамтран өмчлөгчөөр оруулна, мөнгийг чинь хүсвэл хүүтэй нь гаргаад өгнө гэж итгэл үнэмшил төрүүлэн хамтран өмчлөгчөөр оруулж 30 000 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг.

Б.Б- нь уг байрны шударга хамтран өмчлөгч байхад шүүх энэ тухай огт дүгнэлт хийхгүйгээр шударга өмчлөгчийг хохироож байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч нь уг байрыг нэхэмжлэгчээс хэдэн төгрөгөөр худалдан авсан, хэдэн төгрөгийг төлсөн, хэд дутуу байгаа тухай нэхэмжлэгч, хариуцагч нар огт тайлбарладаггүй, яг ижил хүсэл сонирхолтой, зөвхөн гуравдагч этгээдээс байрны өмчлөлийг буцаан авахад хоёулангийх нь хүсэл сонирхол нэгддэг. Мөн нэхэмжпэгч шүүхэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ зээлийн гэрээг халхавчилж хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж хууль зүйн үндэслэлээ тайлбарладаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн туршид дүр үзүүлсэн гэрээ, халхавчилсан гэрээ гэж хуулийн үндэслэлээ буруу тайлбарласаар байхад шүүх зөв болгон өөрөө тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь илт нэг талын эрх ашгийг хамгаалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдаг. Хэргийн оролцогч нарын маргалдаж буй дээрх байрны өмчлөгч гэх Т.А-, Д.О-, С.Цэрэннадмид нар хоорондоо холбоотой залилан мэхлэгч нар байх магадлалтай. Учир нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар бусдын үл хөдлөх хөрөнгө залилсан асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан гэх мэдээлэл байдаг.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.А- нь уг байрыг Ч.Гантулга гэдэг хүнээс 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ердөө 15 хоногийн дараа Д.О-ы нэр дээр шилжүүлж, Д.О- нь өөрийн нэр дээр болсон үл хөдлөх хөрөнгийг Б.Б-д үзүүлж итгэл үнэмшил төрүүлж, байрны хамтран өмчлөгчөөр оруулж 30 000 000 төгрөгийг бэлнээр авангуут Т.А- нь Б.Б-гийн нэр дээр шилжүүлж, Б.Б-гийн нэр дээр шилжингүүт Т.А- нь шүүхэд үл хөдлөх хөрөнгөө буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргаж, Д.О- нь худалдаж авсан гэх байраа ямар ч эсэргүүцэлгүй зөвшөөрсөн тайлбар шүүхэд өгсөн, мөн уг байрны өмчлөгч байсан н.Гантулгад нэхэмжлэгч нь мөнгийг өгөхгүй өөрийн нэр дээр шилжүүлсэн. н.Гантулга нь мөнгөө аваагүй гэж Б.Б-тай уулзаж байраа буцааж авна гэсэн шаардлага гаргасан байдаг. Эдгээр үйл баримтаас харахад нэхэмжлэгч, хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байрыг ямарч мөнгө төлөхгүй мэхэлж өөрийн нэр дээр болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан, барьцаалах эсвэл хамтран өмчлөгчөөр бүртгүүлсний дараа бусдаас зориуд санаатай мөнгө залилж авах үйлдэл гаргаад байгаа нь илт харагдаж байна.

Гэтэл шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон, гуравдагч этгээд энэ байрны хамтран өмчлөгч байхад шүүхийн шийдвэрт ч огт тусгахгүй, хамаагүй мэт шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гуравдагч этгээд шүүхэд бие даасан шаардлага гаргасан боловч шүүх хүлээн авахгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Б-г оролцуулж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Д.О-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр   сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042767 дугаартай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 53 дугаар байр, 4 тоот хаягт байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1, 72-76/

 

Хариуцагч дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр оролцож, маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гарган маргасан байна. /хх28, 33, 61, 72-76/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч Д.О-д холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцлөөр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн үр дагавар нь тодорхой бус шаардлага гаргасан байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн нэхэмжлэлийн шаардлагаар талуудад ямар эрх зүйн үр дагавар үүсэх буюу хууль зүйн үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.         

 

Үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч Д.О-д холбогдуулан өмчлөх эрхээ сэргээлгэх агуулгаар шаардлагаа тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүхэд энэ шаардлагаа бичгээр гаргаагүй тул хэргийн оролцогч нар энэхүү шаардлагын хүрээнд мэтгэлцээгүй болно. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсноор зөвхөн хариуцагч Д.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргах, уг нэхэмжлэл нь хангагдах эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй боловч нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг зайлшгүй хийх, улмаар маргааны үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй эсэх, тухайн маргаанд хуулийн ямар зохицуулалт хамаарч хэрэглэгдэх талаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай.

  

Үүнээс гадна, хариуцагч тал хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаагүй боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь өмчлөлийн  маргаантай гээд, бие даасан шаардлага гаргасан боловч шүүх хүлээж аваагүй гэж гомдож буй тохиолдолд түүний эрх зүйн байдлыг зөв тодорхойлсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд нь уг хэлцэлтэй холбоотой өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж байгаа бол үүнийгээ тодорхой шаардлагын хүрээнд шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

 

Түүнчлэн, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх нэг мөр шийдвэрлэх шаардлагатайг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 56.6. “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус зохицуулсан байна. Гэтэл шүүх дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулаагүйн улмаас орон сууц худалдах, худалдан авах хэлцлийн үр дагавар шийдвэрлэгдээгүй гэж үзэхээр байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/02138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

    Т.ТУЯА