Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 107

 

2017         08          29                                                    107                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт ******* холбогдох эрүүгийн 1721000000005 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүү, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 10 сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Адуун чулуун” ХХК-д аж ахуйн албанд туслах ажилтан ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тээвэрчид”-ийн ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ******* гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтадөгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 07 сарын 15-ны өглөө би эхнэрийнхээ хамтаар оройхон хөдөө явж ирчихээд 10 цагийн орчимд үсээ угаасан юм. Тэгтэл манай эхнэр “шингэн савангаар үсээ угааж чадахгүй, чи ганц шампунь авчихгүй арчаагүй пизда чинь” гэж хэлэхээр нь би “шампунь авч чадаагүй, мөнгөгүй байгааг чи мэдэж байгаа биз дээ” гэж хэлэхэд, “чи муу цалингийн урьдчилгаа мөнгө авчихаад ганц шампунь авчихгүй, арчаагүй юм” гээд уурлаад байхаар нь миний уур хүрээд тэгвэл “боль” гэж хэлээд түмпэнтэй усыг нь асгачихсан. Тэгэхэд Дэлгэр бүр уурлаад хашгираад, хашаагаар нэг бахираад байхаар нь би “гэр рүү ор” гэж хэлэхэд орохгүй байсан...маргалдаж байхад манай эхнэр над руу дайраад гараараа цохихоор нь би гараараа хаагаад байсан. Тэр үед эхнэрийн шуу хэсэг хөхөрсөн байх. Мөн бид 2 барьцалдсан бөгөөд тэгэж барьцалдаж байхдаа бид 2 мөргөлдсөнөөс болж эхнэрийн зүүн нүдний дээд хэсэг цохигдсон байх гэж бодож байна. Тэрнээс биш би эхнэрийгээ гараараа цохиж зодсон асуудал байхгүй, барьцалдаж, зууралдах явцад дээрх гэмтлүүд учирсан. Би дээрх гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд маргалдсаны дараа эхнэр хувцсаа аваад явсан байсан” гэжээ. /хх 16/

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр *******тэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд одоо  хүүгийн хамтаар амьдардаг. 2017 оны 07 сарын 15-ны өдөр би нөхрийнхөө хамтаар хөдөө явж ирчихээд өдөр 11 цагийн орчимд Хэрлэн сумын сумын 2-р баг Тээвэрчдийн *******од байдаг хадмынхаа гэрт ирсэн. Тэгээд би толгойгоо угаах гэтэл саван байхгүй байхаар нь нөхөртөө уурлаад “шампунь, саван байхгүй байна, тэнэг юм уу, цалингаа авчихаад хоосон царайлчих юм аа, пизда чинь” гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад түмпэнтэй усыг асгаад түмпэнгээр намайг цохисон. Мөн хоёр гар, толгой руу цохисон. Тэгээд бид 2 маргалдаад байж байхад манай хадам аав, ээж хоёр гарч ирээд болиулахаар нь Цагдаагийн газарт дуудлага өгөхөөр утсаа автал утсыг маань аваад шидсэн. Тэр орой би эгчийнхээ гэрт очиж хоносон. 2017 оны 07 сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд би хадмынхаа гэрт очоод бичиг баримтаа аваад гарах гэхэд хадам аав, ээж хоёр надад “гурван жил тэжээлгэсэн, одоо яв” гэж хэлэхээр нь би байшин руу нь орж нөхөртэйгөө маргалдаад Цагдаад дуудлага өгөхөд манай нөхөр мотоциклтой явчихсан...” гэжээ. /хх 5/ 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 422 тоот дүгнэлтэд: “1.Н.Дэлгэрийн биед духны зүүн доод хэсэг болон зүүн нүдний дээд зовхи хамарсан цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 11/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч ******* /хх 7-8/, / болон шүүгдэгч *******гийн гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 6, 16/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 21/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 19/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 15-ны өдрийн 11 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ******* өөрийн эхнэр ******* “саван, шампунь асуусан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний гар, толгойн тус газар түмпэнгээр цохиж эрүүл мэндэд “духны зүүн доод хэсэг болон зүүн нүдний дээд зовхи хамарсан цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч *******ийн “...би толгойгоо угаах гэтэл саван байхгүй байхаар нь нөхөртөө уурлаад “шампунь, саван байхгүй байна, тэнэг юм уу, цалингаа авчихаад хоосон царайлчих юм аа, пизда чинь” гэхэд нөхөр уурлаад түмпэнтэй усыг асгаад түмпэнгээр намайг цохисон. Мөн хоёр гар, толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх 5/, гэрч *******ын “...Тэр хоёр маргалдаад түмпэн булаацалдаад байсан...Манай хүү хэлэхдээ “Дэлгэр намайг элдвээр хэлээд байхаар нь би түмпэн шидсэн гэж хэлж байсан” гэх /хх 7/ мэдүүлгүүдээр, мөнзодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, мөн олон тооны цус хуралт нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 422 тоот дүгнэлт /хх 11/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Гэмт хэргийн сэдэлтийг гэр бүлийн харилцаанаас үүссэн хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “духны зүүн доод хэсэг болон зүүн нүдний дээд зовхи хамарсан цус хуралт, баруун, зүүн шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний гар, толгойн тус газар түмпэнгээр цохисон шүүгдэгч *******гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 36, 40/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чулуунбаатарын Насанхүүг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000000005 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ