Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/192

 

 

 

 

        2022           2            22                                   2022/ДШМ/192

 

Б.О, Д.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,  

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Баярням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.О, Д.М нарт холбогдох 2105009051333 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Д.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Икс Си Эс” ХХК-ний мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 2.147.800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.М нь Б.Отай урьдчилан үгсэн тохиролцож 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Икс Си Эс” ХХК-ний мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 2.147.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.М, Б.О нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М, Б.О нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.М, Б.О нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 867 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Дээрх шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.

Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаангүй, өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болчимгүй зүйл хийсэндээ гэмшиж байгаа гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэн юм. Гэвч анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах  нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд эерэгээр нөлөөлнө гэж үзсэнийг ойлгохгүй байна. Учир нь, улсын яллагчаас надад 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон ч шүүхээс эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нэрээр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна.

Мөн шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа миний өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн саналыг үгүйсгэхдээ хуульд заагаагүй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл зааж татгалзсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй нөхцөл байдлыг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн гэж үзэж байна.

Миний бие эрүүл мэндийн салбарт ажилладаг бөгөөд өдөр бүр хүний эрүүл мэндийг анагаах, эмчлэх ажил хийж олон хүнтэй харьцаж ажилладаг. Эмнэлгийн ажилчид бөгж, цаг гэх мэт зүйлсийг хэрэглэх нь хориотой байдаг.

Байнгын ажил хийх үйл явцад цахим бугуйвчийг 4 цаг тутамд цэнэглэх боломжгүй байдаг. Энэ цахим бугуйвчийг зүүснээр байгууллагын ажилчид, удирдлагын зүгээс сөрөг хандлага гарч цаашилбал ажил хийх боломжгүй болох магадлалтай байна.

Манай гэр бүл лизингийн байранд амьдардаг, хүүхдүүд оюутан тул миний бие гэр бүлээ авч явдаг учраас үүнийг харгалзан үзнэ үү.

Мөн нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр Э нь сахар ихсэх өвчтэй, элэгний архаг өөрчлөлттэй, уушгины бронхиттэй, миний асрамжид байдаг. Түүнчлэн миний бие уушгины шохойжилттой, ковидын үлдэц ихтэй, зүрхний хэм алдагдалтай, сахар ихэсдэг, төмрийн харшилтай /төмөр эдлэл хэрэглэхээр улаан яр, шарх гардаг/ тул агаар салхинд явах, рашаан сувилалд /аварга тосон, хужирт гэх мэт/ жил бүр сувилуулж орон нутаг руу явдаг тул энэ байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Баярням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О нь эрх зүйн мэдлэг дутуу бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд Н.Э гэх өмгөөлөгчтэй хамт оролцсон. Тухайн үед хоорондын байр сууриа ойлголцохгүйгээр шууд шүүх хуралдаанд оролцсон байсан. Шүүгдэгч нь гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл, сэдэлтээ ярих гэхэд өмгөөлөгч нь гэм буруу дээр маргахгүйгээр хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. Улмаар шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзаж, хувийн хууль зүйн зөвлөгөө өгдөг товчоонд хандаж, нөхцөл байдлаа тайлбарлаж давж заалдах гомдлоо гаргасан. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудлаар маргаагүй нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, уг гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүрээнээс өмнө үйлдэгдсэн. Шүүх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн хэрнээ шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 2 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Өршөөлийн хууль хэрэглэсэнгүй” гэж дүгнээд Өршөөлийн хуульд хамруулаагүй. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг яаж дордуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй талаараа дурдаагүй. Иймд Б.Оын үйлдлийг өршөөлд хамруулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялаар солих гэдгийг хорих ял оногдуулсан этгээдийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж сольж байгааг, харин өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэхээр хуульчилсан. Үүнийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаж, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгоо ойлгодоггүй. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын талаар тодорхой тайлбарлаж, Д.Мтэй үйлдлийн аргаараа нэгдсэн гэсэн ч хулгайлах гэмт хэргийг гардан үйлдээгүй гэж маргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин шүүхээс түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангасан, тохирсон ял гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэгдэхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.“ гэж заасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт шүүхээс хорих ял оногдуулсан ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан. Гэтэл Б.О нь ялтан биш. Хэрэв түүний үйлдэлд өршөөл хэрэглэх бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино. Иймд түүнд Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжгүй, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Б.О нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан Д.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Икс Си Эс” ХХК-ний мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 2.147.800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.М нь Б.Отай урьдчилан үгсэн тохиролцож 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жэй Икс Си Эс” ХХК-ний мах боловсруулах үйлдвэрийн байрнаас 75 кг хонины мах, 175 кг ямааны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 2.147.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-37/, хохирлын үнэлгээний тайлан /хх 70-72/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Г.Хгийн “...Д.Мгийн авч гарсан мах нь хонь, ямааны 10 шуудай мах байсан. ...Тухайн үед манай компани үйл ажиллагаа явуулаагүй түр зогссон байсан. Манаач Д.М болон түүний гэр бүлийнхэнээс өөр хүн байгаагүй. ...Манай компанийн зүгээс ямар нэгэн хохирол, гомдол байхгүй. Манайхаас алдагдсан махыг бүрэн бүтэн хүлээж авсан. Д.М нь манай байгууллагад сайн ажилладаг учир ажлаас нь халаагүй, сануулга өгөөд өнгөрөөсөн байгаа. ...Д.М нь манай үйлдвэрээс мах болон ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дур мэдэж авч гарах хүн биш, зүгээр хашаа хардаг манаач юм. ...” /хх 42-43, 45-46/,

гэрч Э.Пгийн “...Дулааны 4 дүгээр цахилгаан станцын баруун урд хаалганаас баруун тийш зам дагуу дулааны шугам дээр цагаан шуудайтай зүйл тавьсан хэдэн хүн байсан. Тэгэхээр нь шалгаж үзтэл уг шуудайнд мах байсан. Хүмүүсийг нь шалгаж үзтэл Д.М, Б.О нар байсан. Юу хийж байгаа талаар тодруулахад юм ярихгүй байсан. ...” /хх 56-57/,

гэрч Ч.Дгийн “...Би 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байрлан ажиллаж байсан юм. Тэгээд орой 00 цагийн үед ажлаа дуусаад амарч байсан чинь шөнийн 03 цагийн үед манаач Д.М дуудаад, би босоод очтол үйлдвэрийн давхар хаалганы гадаа шуудайтай мах гаргаад тавьчихсан байхаар нь “хүүе ахаа та юу хийж байгаа юм бэ” гэхэд “зүгээр ээ, ямар ч асуудал байхгүй, хүнд өгөх гэж байгаа юм. Хүн нь одоо ирж байгаа, чи зөөгөөд урагшаа зам дагуу гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд би Д.М ахтай хамт зөөгөөд замын хажуу талын дулааны шугам дээр аваачиж өгсөн. Тэгээд би буцаад амрах гээд байр руугаа орж амарч байтал 5 цагийн үед цагдаа нар ирсэн. ...” /хх 65-66/,

яллагдагч Д.Мгийн “...Би 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нийг шилжих шөнө ажил дээрээ байж байхдаа ажлын мах бэлтгэлийн өрөөнд шуудайлж ангилсан мах байхаар нь уг махыг 03 цагийн үед авахаар болж Дадааг дуудаж гаргаж ирээд хоосон хогны складны хаалгаар 10 шуудай мах гаргаж замын хажууд талын дулааны шугам дээр тавиад өөрийн танил Б.Оыг дуудаж өгөх гэж байхдаа цагдаа нарт баригдсан юм. ...” /хх 107-108/,

яллагдагч Б.Оын “...Би тухайн үед хулгай хийх гэж очоогүй, Д.М ахаас зүгээр идэх, хүнсний хэрэглээний махаа л гуйсан юм. Тэгтэл Д.М ах дуудахаар нь махаа авах гэж очсон чинь ийм асуудал болсон байсан. Би ямар тус үйлдвэрийн хашаа руу орж мах хулгай хийж авсан биш гэж бодож байна. ...” /хх 118-119/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.О, Д.М нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Б.О, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Оаас “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч нь Б.О нь “Батнам” ХХК-д эмч ажилтай буюу байнгын тогтвортой ажил эрхэлдэг болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөргүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн давж заалдах гомдолд “...надад холбогдсон хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй. ...” гэсэн агуулгыг дурджээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэх хуулийн зохицуулалттай.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж. ...” гэж хуульчилсан боловч энэ хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулвал өршөөлд хамруулах заалт тусгагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хууль нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжиж буй болохоос бүх хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах зохицуулалт биш юм.

Иймд шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/867 шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/867 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 1 /нэг/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар. ...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 6 /зургаа/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ялаар. ...” гэж өөрчилж, шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ